Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/285

 

2026            03            12                                                                           2026/ДШМ/285        

 

Ж.Б-ид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306 05537 2689 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б- овгийн Ж-ы Б-, ....., урьд ял шийтгэлгүй, /РД: РЖ-/,

Шүүгдэгч Ж.Б- нь “би хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлэг авна эхний ээлжинд газар шорооны ажил эхэлж байна удахгүй танаас их хэмжээний зүлэг авна ... түр мөнгө зээлж байгаач” гэх зэргээр хохирогч С.О-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч С.О-ыг төөрөгдөлд оруулж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн үйлдлээр нийт 8,875,000 төгрөгийг өөрийн арилжааны банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.Б-ийг “бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдпүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-оос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8,875,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, О- байрны 28-29 тоотод оршин суух Х- овогт С-гийн О-а /РД: ЙС-5/-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2012 оноос сахар /чихрийн шижин/ нойр булчирхайн өрөвсөл өвчнөөр өвдөж биеийн байдал хүнд байгаа, энд хоригдох хугацаанд сахарын хэмжээ /37,1/ хүрч, даралт 70-40 болж буурч хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд биеийн байдал болон гэм бурууг маань харгалзан үзэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хохирогчийн эрх ашгийг хангахад чиглэгдэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хохирогч О-ад учирсан 8,500,000 төгрөгийн хохирлыг богино хугацаанд барагдуулах нь хамгийн чухал ач холбогдолтой. Шүүгдэгчийн зүгээс одоогоор 3,000,000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн. Мөн Б-ийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг худалдах, эсхүл хохирогчид шилжүүлэх замаар үлдэгдэл хохирлыг барагдуулах талаар санаачилга гаргасан. Хоёрдугаарт, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар баримтууд хэрэгт авагдсан. 2012 оноос хойш чихрийн шижин өвчтэй бөгөөд хүндрэлтэй хэлбэрт шилжсэн нь эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Тухайлбал, 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн байна. Мөн эмчлэгч эмчийн зүгээс биеийн байдал доройтож, жин ихээр буурсан талаар тайлбарласан. Өнөөдрийн байдлаар шүүгдэгчийн баруун хөл, шагайн орчимд хаван үүссэн зэрэг шинж тэмдэг илэрч байгаа боловч энэ нь эмнэлгийн бичиг баримтад бүрэн тусгагдаагүй байна. Иймд шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр солих боломжийг судалж шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Ж.Б-ид холбогдох хэргийн шүүх хуралдаанаар түүнийг залилах гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Б- нь “би хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлэг авна эхний ээлжинд газар шорооны ажил эхэлж байна удахгүй танаас их хэмжээний зүлэг авна ... түр мөнгө зээлж байгаач” гэх зэргээр хохирогч С.О-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч С.О-ыг төөрөгдөлд оруулж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн үйлдлээр нийт 8,875,000 төгрөгийг өөрийн арилжааны банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 24/,

хохирогч С.О-ын “...“Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба талбайн хиймэл зүлэг зардаг юм. 2022 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эгчийнхээ гэрт байхад Ж.Б- гэх хүн залгаад зүлэг зардаг хүний утас уу би хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлэг авах хэрэгтэй байгаа талаар ярьсан, өөрийгөө гадна талбайн тохижилт хийдэг, компанитай талаар яриад Эрдэнэт хотод хөл бөмбөгийн хиймэл зүлгийн ажил авсан юм, эхний ээлжинд газар шорооных нь ажлыг эхэлж байя, их хэмжээний зүлэг авна гэж итгүүлсэн. Дахиж уг газар шорооны ажлыг дуусгах гэсэн чинь мөнгө дутаад байна худалдан авалт хийснийхээ дараа нь мөнгөнөөсөө хасчих гээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний Хаан банкны 5С-8 тоот данснаас 2.000.000 төгрөгийг Төрийн банкны 10С-6 тоот данс руу шилжүүлэн авсан. 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 120.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1.080.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 80.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 135.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 420.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сард 370.000 төгрөгийг Хаан банкны 5С-8 тоот данснаас Ж.Б-ийн Хаан банкны 5С-0 тоот данс руу тус тус шилжүүлсэн. Удахгүй ажил дуусаж, мөнгөний хэрэг гараад байна, ийм хүнтэй уулзах гэж байна, замын зардал, бензин тосны мөнгө гэж шалтаг тоочоод л надаас мөнгө авдаг байсан. Ж.Б- нь надаас нэг ч төгрөгийн зүлэг аваагүй, харин ажил удахгүй бүтнэ гээд надад итгэл төрүүлээд намайг залилсныг нь 2023 оны 03 дугаар сард мэдсэн. Түүнээс хойш Ж.Б-оос удаа дараа мөнгөө нэхсэн боловч удахгүй өгнө, ахиад нэг ажил орж ирнэ гээд л худлаа ярих болсон Ж.Б- нь С- утасны дугаартай өөрийгөө компанийн захирал гэж танилцуулсан. Вайбераар надтай харьцсан бүх мессеж, явуулж байсан зургуудаа бүгдийг нь устгасан. Надад ашиг олж өгнө, ашигтай ажиллана гээд л байнга хэлдэг байсан. Миний хувьд нийт 8.875.000 төгрөгийг Ж.Б-ид шилжүүлсэн өгсөн. ...” /хх 29/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-2/3162 дугаар албан тоот /хх 77-78/,

хохирогч С.О-ын харилцах дансны хуулга /хх 43-52/,

хохирогч С.О-ын арилжааны банкны харилцах дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 40-41/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 916 дугаар цагаатгах тогтоол /хх 107-115/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б-ийг “...бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Шүүгдэгч Ж.Б- хохирогч С.О-аас “би хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлэг авна эхний ээлжинд газар шорооны ажил эхэлж байна удахгүй танаас их хэмжээний зүлэг авна ... түр мөнгө зээлж байгаач” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар нийт 16 удаагийн үйлдлээр нийт 8,875,000 төгрөгийг шилжүүлэн авсанаар энэхүү гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байна.

 Шүүгдэгч Ж.Б-оос “...эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.  

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж тус тус хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ж.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Б- нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                       Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Л.ГАЛБАДАР

                        ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР