Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

 

 

2026         02           28                                         2026/ДШМ/14                         

 

 

 

 

О.Э, Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор   Н.М,

шүүгдэгч: О.Э, түүний өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч: П.З,

нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.М-ны    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.З, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Т.Б нарын  давж заалдах гомдлоор,  шүүгдэгч О.Э, Д.А  нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            2.1 Монгол улсын иргэн,

 

2.2 Монгол Улсын иргэн,

 

3. Шүүгдэгч О.Э, Д.А  нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Х  аймгийн Ц сумын ... дүгээр баг Х-ын ... тоот болох Д.О-н эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, LG Led маркийн 65 инчийн зурагт, эмэгтэй мөнгөн бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Э, Д.А  нарт холбогдох эрүүгийн ...  дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Э, Д.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Э-г 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А-г 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.З  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Д.А  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, энэ хэрэгт маргахгүй оролцсон байдаг. Түүний үйлдлийг үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.6-д "нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн" гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байдаг. Шүүгдэгч Д.А-т анх үүссэн ойлголт нь шүүгдэгч О.Э-тай Х  аймгийн Ц  суманд байх төрөл садангийн ахынхаар нь дайраад гарах ажилтай талаар ойлгосон боловч тухайн үед гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас хулгайн гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн нь өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруу төсөөлж уг хэрэгт хамтран оролцож үйлдсэн байна. Уг хэрэгт хохирогч Д.О  "LG Led" маркийн 65 инчийн зурагт авч явалгүй хохирогчийн байшингийн цонхны доор үлдээсэн/, эмэгтэй мөнгөн бус 1 ширхэг зэргийг биет байдлаар буцаан авсан бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн дүгнэсэн байдаг. Шүүгдэгч Д.А  3 сартай хоёр ихэр нярай хүүхэдтэй бөгөөд хамтран амьдрагч нь тэднийг орхиж явсан /энэ хэрэгт хоригдсоны дараа хүүхдүүдээ авч явсан бөгөөд  сэтгэлзүйн хувьд туйлын хүнд байдалд байна. Миний үйлчлүүлэгч Д.А  холбогдсон хэрэгтээ маргахгүй, өөрийн гэм бурууг бүрэн ухамсарлаж, чин санаанаас гэмшдэг бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүй хэмээн шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;" гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ 2 жил хорих ялын хоёрны нэг буюу 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү... ” гэв.

 

7. Шүүгдэгч О.Э-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Хэнтий аймгийн анхан шатны шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хаалттай хорих ангид ял авсан. Иймд миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Төв аймаг дахь хэргийг маань Хэнтий аймаг дахь хэрэгтээ маань нэмж нэгтгэж шийдэж өгнө үү...” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...О.Э нь тус шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал маш хүнд байдалтай үлдсэн байгаа. О.Э эхнэр Д.А-тай 2024 онд танилцаж нэг гэрт орж 2025 оны 10 сарын 28-ны өдөр хүү Г  төрсөн. Шүүхээр орох хүртэл хугацаанд тэд У  хотын Ч  дүүргийн ... дугаар хороо Г-ын хувьсгалчдын ... тоотод ам бүл 3 уулаа оршин сууж байсан. Хүү Г  одоо 1 сар 11 хоногтой монгол гэрт амьдарч байгаа. Сарын орлогогүй маш хүнд байдалтай амьдарч байна. О.Э-н хувьд бичиг баримтын зөрчилтэй байсан учраас гэр бүлээ батлуулж, хүүхдээ өрийн нэр дээр бүртгүүлж чадаагүй байсан юм. Бид ар гэрээс нь Х  аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байгаа. О.Э-н 2025 оны 9 сарын 19-ний хулгайн үйлдэл Т аймгийн А сумын иргэн Б.Л-н гомдлоор Т аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа учраас /энэ талаар шүүх хуралдаан дээр өөрөө хэлсэн/. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хулгайн нэг төрлийн гэмт хэрэгт холбогдсон байгаа нөхцөл байдлыг харгалзан үйлчлүүлэгчийн минь эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Т  аймгийн цагдаагийн газарт шилжүүлж өгнө үү... ” гэв.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.З  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч П.З  би, Д.А-н хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, давж заалдах шатны шүүхээс түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа. Д.А-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв өгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ шалгуулсан. Анхан шатны шүүхээс Д.А-т хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Д.А-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж харж байгаа. Хохирогч Д.О  бол О.Э-н садангийн хүн. Шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг харахад О.Э-н хувьд хамаатныдаа очъё гэдэг байдлаар Д.О-н гэрт очсон байдаг. Д.А-н хувьд хамаатан садангийнхаа айлд очиж байна гэж нөхцөл байдлыг андуурч буруу төсөөлөлтэй хамт очдог. Тухайн үед төлөвлөөгүй ч гэсэн үйлдлээрээ нэгдээд гэмт хэрэг үйлдсэн. Зурагтыг гаргаж тавиад ачиж авч яваагүй байтал хохирогч ирдэг. Нөхцөл байдлыг бодитоор андуураад төсөөллийг буруугаар хэрэгжүүлээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 2 үндэслэл байна гэж үзэж байгаа. Д.А-н хувьд эхнэр 2 хүүхэдтэй. 5 сарын өмнө 2 ихэр охин хүүхэд төрсөн. Эхнэр нь нялх биетэй, ажилгүй. Ар гэр нь хүнд байгаа. Д.А ар гэрээ ганцаараа тэжээж байсан. Энэ хэрэгт холбогдсоноос хойш хүүхдүүдтэйгээ уулзаж чадаагүй байгаа. Хуульд эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ял эрүүгийн хариуцлагыг оногдуулах, нийгэмд  шударга ёсыг тогтооно. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг нийгэмд зөв төлөвшилтэй иргэн болгож гаргахад чиглэдэг. Анхан шатны шүүхээс Д.А-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирол төлбөр байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 2 үндэслэлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа. 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа гэхэд Д.А-н хувьд зөв төлөвшилтэй хүн болж гарна гэхээсээ илүү богино хугацаанд хорих ял оногдуулах юм бол эрүүгийн хариуцлагын зорилго оршино гэж харж байгаа. Зан төлөвийн хувьд итгэмтгий, эвдрээгүй зан төлөвтэй хүн байгаа. Гомдлоо дэмжиж байна...” гэв.

 

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “ ... О.Э-н зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаад Т аймагт үйлдэгдсэн хэргийн тухай яриад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч тухайн үед яллагдагчаар татагдаагүй байсан учраас нотлох баримтгүй үндэслэлээр шүүх хуралдаан болсон. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн. Хувийн байдалтай холбоотой баримт гаргаж өгөх гэсэн боловч иргэний бүртгэлийн лавлагаа байхгүй, иргэний үнэмлэх байхгүй шалтгаанаар О.Э-н хувийн мэдээллийн талаар ямар нэгэн баримт гаргаж ирээгүй. О.Э-н хувьд өөрийнхөө буруутай үйлдлийн улмаас ял аваад нөхцөл байдал ойлгомжтой. Хэрэг шийдвэрлэгдээд О.Э-г цагдан хорих байранд орсноос хойш эхнэр нь надтай холбогдоод давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байгаа. О.Э-н эхнэр нь  надад “дөнгөж бид хоёр суугаад хүү маань 1 сартай. Нөхцөл байдал хүнд байна. Миний хувьд ямар ч орлого байхгүй” гэж хэлсэн.  Энэ талаарх нотлох баримт бүрдүүлэхээр иргэний үнэмлэхийн лавлагааг авахын тулд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ар гэрээс нь хүсэлт гаргаад улсын бүртгэлээс цагдан хорих байр луу орж байж иргэний үнэмлэхтэй болсон. Гэрлэлт батлуулах асуудлын хувьд цагдан хорих байранд тийм журам байхгүй. Гэрлэлт батлуулах, хүүхдийг өөрөөрөө овоглох ажиллагааг хорих байранд хийнэ гэсэн учраас хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгч чадсангүй. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн хохирол төлөгдсөн нөхцөл байдал байгаа. Нотлох баримт байхгүй ч гэсэн бодит байдал ийм байгаа. Ар гэр нь адилхан цээрлэл, хариуцлага хүлээгээд эхнэр нь “О.Э-тэй сүүлд суугаад одоо нэг хүн шиг амьдаръя гэж бодоод явж байсан юм” гэж хэлсэн. Иймд О.Э-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Дэглэмийг нээлттэй болгож өөрчилж өгнө үү...” гэв.

 

11. Прокурор Н.М  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, оногдуулсан ял нь шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б, П.З, шүүгдэгч О.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Э, Д.А  нарт  холбогдох эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

13. Хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй .

 

14. Шүүгдэгч О.Э, Д.А  нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Х  аймгийн Ц  сумын ... дүгээр баг,  ... тоот амьдрах Д.О-н эзэмшлийн байшингийн арын цонхоор орж,  “LG led” загварын 65 инчийн зурагт, эмэгтэй мөнгөн бүс зэргийг хулгайлж, 3,420,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь  хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.О, гэрч Э.Г, шүүгдэгч нарын мэдүүлэг, “Б” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 434 дүгээр дүгнэлт дүгнэлт зэрэг  нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн. /хх-7-8, 11-12, 19-21, 24-25, 30-32, 48-49, 53-54х/

 

15. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 3-нд шилжих шөнө  хохирогчийн нөхөр Э.Г-н  хойд эхийнх нь зээ хүү шүүгдэгч О.Э нь  Х  аймгийн төвөөс  У  орохоор Д.А-н эзэмшлийн саарал өнгийн ... улсын дугаартай, приүс-30   загварын машиныг жолоодон хажууд нь Д.А суун явахдаа Ц сумын ... дүгээр баг,  ... тоот амьдрах  хохирогч Д.О-н байшингийн хойд талд очиж,  гэрлээ асаан тээврийн хэрэгслээ зогсоож, арын гурван цонхны дундах  вакум цонхыг гараар цохиж онгойлгон орж,  зочны өрөөний хананд өлгөөтэй байсан 65 инчийн зурагтыг цонхоор Д. А-т өгөөд дараа нь авдранд байсан эмэгтэй хүний бүсийг  авч, цонхоор гарах үед буюу 00 цаг 30 минутын үед гэрийн эзэд нь ирэн   хашааныхаа  хаалгыг  онгойлгох үед гадна цонхны  дор тавьсан  зурагтаа орхин зугтаж явсан боловч,  хохирогч цагдаад мэдэгдсэнээр шүүгдэгч нар Ц  сумын цагдаагийн постон дээр баригдаж, жолоочийн эсрэг талын суудлын дороос мөнгөн бүсээ олсон гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.

 

16. Хулгайлах гэмт хэрэг нь  бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц  далд аргаар хууль бусаар авч,  үнэ төлбөргүй бүр мөсөн , өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн эсхүл захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг  ойлгоно.

 

17. Прокуророос  шүүгдэгч нарыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах   үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилсэн нь эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

18. Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа өөрсдийн үйлдэл нь  хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч  үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

19. Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй бүр мөсөн авч, өөрсдөдөө ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэлтийн улмаас  шөнийн цагт бусдад мэдэгдэхгүйгээр авах, том овортой 65 инчийн зурагтыг машин дотроо хийн  объект буюу байшингаас хурдан зугтаж гарах боломжтой гэж тооцоолох зэрэг аргаар  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн.

 

20. Шүүгдэгч О.Э нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Би Т  аймагт нэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул тэр хэрэгтэйгээ нэгтгэж шийдвэрлүүлэх тухай”  хүсэлтийг гаргасан ба шүүхээс 690 дүгээр захирамжаар   шүүгдэгч нь тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татагдсан,  яллах дүгнэлт үйлдэгдсэн, шүүхэд хэрэг шилжсэн гэх ямар нэгэн нотлох баримтгүй байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. /1хх-210-211х

 

21. Анхан шатны шүүхээс шүүгдэгч  О.Э, Д.А  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Э-д 3 жилийн хорих ял оногдуулан түүнийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, хулгайлах  гэмт хэргийг санаачилсан, энэ төрлийн гэмт хэргийг байнга үйлдсэн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэрэгт  тохирчээ.

 

22. Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал,  хохирол төлбөргүй  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар тогтов.

 

23. Шүүгдэгч О.Э, түүний  өмгөөлөгч Т.Б нарын “өөр гэмт хэрэгт нэгтгүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч П.З-н “Д.А-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөх тухай” гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Э, Д.А нарын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 107  /нэг зуун долоо/ хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч О.Э, түүний  өмгөөлөгч Т.Б  нарын “өөр гэмт хэрэгт нэгтгүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч П.З-н “Д.А-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөх тухай” гомдлыг хангаж,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлт  оруулсугай. Үүнд:

 

1.1 Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Э-г 3 (гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А-г 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

 

 ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Э-г 3 (гурав) жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А-г 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тус тус  хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

1.2 Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Д.А нарын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  107 /нэг зуун долоо/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.