Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 211/МА2022/00015

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          ТАЗийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2022/00162 дугаартай шийдвэртэй

ТАЗийн нэхэмжлэлтэй

Ц.М-д холбогдох

4.105.512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,  хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийн төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Иргэн Ц.М нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Ц.Ныг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас халсан байх бөгөөд Ц.Н шүүхэд гомдол гаргасан байна. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0005 дугаар шүүгчийн захирамжаар “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 3.494.418 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3.162.991 төгрөгийг Ц.Нт олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 942.521 төгрөгийг төлсөн байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 4.105.512 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900051501/ буруутай шийдвэр гаргасан Ц.Мгаас гаргуулж өгнө үү.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.М нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Ц.Ныг ажлаас нь хууль бусаар халсан байдаг. Энэ нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар тогтоогддог. Тус шүүгчийн захирамжид Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хариуцагч Ц.М нь хууль бусаар ажлаас нь халсан гэдгээ хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалинг нь эргэж олгосон байдаг. Тухайн шийдвэрийн дагуу Биеийн тамир, спортын газраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3.162.991 төгрөгийг Ц.Н гэдэг хүнд олгосон байдаг. Мөн 942.521 төгрөгийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлсөн байдаг. Ц.Н гэдэг хүн ажлаасаа хууль бусаар халагдаж, төрд ажил хийгээгүй байж байгаад төрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргасан байдаг. Энд хэн буруутай вэ гэхээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М гэдэг хүн хууль бус шийдвэр гаргасан. Үүнийг Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлд “Төрийн албанаас хууль бусаар ажлаас нь халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсний улмаас ажилгүй байсан хугацааны цалин олгогдсон асуудлыг төрийн өмнөөс ТАЗ нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд төрд учирсан хохирол болох 4.105.512 төгрөгийг хариуцагч Ц.Мгаас гаргуулж өгнө үү.”  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.”  гэжээ.

 

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын ТАЗийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/2256 дугаартай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Би Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар Ц.Ныг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажлаас халсан шийдвэрийг эрх бүхий албан тушаалтны хувьд гаргасан. Шүүхийн шийдвэрээр хэдийгээр Ц.Нт 3.162.991 төгрөгийг олгосон, мөн нийгмийн даатгалын шимтгэлд 942.521 төгрөгийг төлсөн боловч 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар Ц.Ныг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажлаас халж, аймгийн Биеийн тамир, спортын газрын албан үүргийг тухайн байгууллагад ажиллаж байсан Р.Батболдоор түр хавсран гүйцэтгүүлж байсан учраас Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын цалингийн санд Ц.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлс бусдад олгогдоогүй, өөрөөр хэлбэл Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын цалингийн санд тусгагдаж зарцуулагдаагүй хадгалагдаж байсан. Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт ямар нэгэн хохирол учраагүй. Өөрөөр хэлбэл миний аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд гаргасан шийдвэртэй холбоотойгоор төрд хохирол учраагүй юм. Энэ нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын санхүүгийн тайлан болон холбогдох баримтуудаас тодорхой харагдана. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ... бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зэргээс харахад хохирол учраагүй, мөн түүнчлэн аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн, иргэн Ц.М миний бие 4.105.512 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.  Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай албан бичгийг хавсаргав.  Иймд ТАЗөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хэргийг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж байна. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд  хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн гаргасан тайлбарыг үнэлэх боломжтой. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хариуцагч гарын үсгээ зураагүй нөхцөл байдал харагдаж байгаа. Тийм учраас хариуцагчийг тайлбар гаргасан гэж үзэх нөхцөл боломж байхгүй байх. Хариуцагч хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбараа гаргаагүй тохиолдолд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй эсэхийг мэдэхгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн тохиолдолд ТАЗөөс нэхэмжлэл гаргаж буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар Биеийн тамир спортын газрын дарга нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах зохицуулалт харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг төсвөөр санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад гүйцэтгэх албан тушаалтан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахаар заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас  Биеийн тамир, спортын газрын дарга нь төрийн үйлчилгээний албан хаагч юм уу, захиргааны албан хаагч юм уу гэдгийг нотолсон талаар баримт хэрэгт хавсаргаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой маргааныг ТАЗөөс нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх хуулиар олгогдсон. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч хамаарч байгаа учраас ТАЗөөс Ц.Мд холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хариуцагч талаас үзэж байна. Ц.Ныг ажлаас чөлөөлсөн тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон бэ гэхээр тухайн хүнийг ажлаас халах нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, харин процесс ажиллагаатай холбоотой тухайн тушаал нь хууль зөрчиж байсан учраас тухайн тушаалыг хүчингүй болгосон нөхцөл байдал харагдаж байгаа. Тушаал, процессын үйл ажиллагаагаа засаж 05 дугаар сард дахин ажлаас халах тушаал гаргасан. Гаргасан тушаал нь үндэслэлтэй гэж үзээд түрүүн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Улсын дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож, ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож, ажилд нь эргүүлэн тогтоосон нөхцөл байдал харагдаж байгаа. Тийм учраас ТАЗ нь Ц.Мд холбогдуулж төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн үү, эсхүл үгүй юу гэдэг нөхцөл байдал байна. Биеийн тамир, спортын газрын дарга нь төрийн үйлчилгээний албан хаагч бол Иргэний хуулийн дагуу тухайн байгууллага нь төрд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой. Хэрвээ төрийн жинхэнэ албан хаагч байгаа тохиолдолд ТАЗөөс нэхэмжлэл гаргах нь зүйн хэрэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Биеийн тамир, спортын газрын дарга нь үйлчилгээний албан хаагч уу, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч уу гэснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах нөхцөл байдал харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2022/00162 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗийн хариуцагч Ц.Мд холбогдуулан гаргасан 4.105.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “ТАЗийн нэхэмжлэлтэй иргэн Ц.Мд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2022/00162 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Ц.М нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Ц.Ныг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас халсан бөгөөд Ц.Н шүүхэд гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0005 дугаар шүүгчийн захирамжаар “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3.494.418 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3.162.991 төгрөгийг Ц.Нт олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 942.521 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Мөн уг асуудлыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг болно.

ТАЗ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албан төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг үндэслэн төрд учирсан хохирол 4.105.512 төгрөгийг Ц.Мгаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч тал төр хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх боловч ажилдаа эгүүлэн тогтоогдсон Ц.Нын ажилгүй байсан хугацааны цалин төсөвт байсныг шүүгчийн захирамжийн дагуу олгосон бөгөөд төсөвт хохирол учраагүй нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Ц.Мгийн үйлдлийн улмаас төрд хохирол учирсан, уг хохирлыг арилгасан гэх үйл баримт тогтоогдсонгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь төрийн албан хаагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах ёстой. Гэтэл Ц.Нын албан тушаалаасаа халагдсан байх үеийн буюу төрд ажил хийгээгүй байх хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн хөрөнгөөс төлсөн.

Тухайлбал ажлаас хууль бусаар халсан шийдвэр гаргасан этгээд нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М юм.

Харин Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Батболд нь төрд хохирол учирсан эсэхийг тодорхойлох эрхгүй этгээд бөгөөд тэрээр өөрийг нь тухайн албан тушаалд томилсон Ц.Мд төрд хохирол учраагүй гэсэн агуулгатай тодорхойлолтыг албан бичгээр гаргаж өгсөн үйлдэл нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй үндэслэлээр ТАЗөөс Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан болно.

Тодруулбал төр өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхдээ аль нэг хуулийн этгээдээр төлөөлүүлж нэхэмжлэх бөгөөд төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, төрийг төлөөлөх эрхийг хуулиар ТАЗд олгосон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь заалтад зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч ТАЗ хариуцагч Ц.Мд холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 4.105.512 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ц.М шүүхийн шийдвэрээр Ц.Нт 3.162.991 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 942.521 төгрөг төлсөн боловч Ц.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлс бусдад олгогдоогүй, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын цалингийн санд тусгагдаж зарцуулагдаагүй хадгалагдаж байсан учраас төрд хохирол учраагүй гэсэн үндэслэлээр маргажээ.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Ныг үүрэгт ажлаас нь халсан /хх-ийн 3/, Ц.Н Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан, Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0005 дугаарын захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 5/, энэ шийдвэрийн дагуу Ц.Нт ажилгүй байсан хугацааны цалин 3.162.991 төгрөг олгосон /хх-ийн 12/ нотлох  баримтууд хэрэгт авагдсан, талууд эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Мгийн үйлдлийн улмаас төрд хохирол учирсан, уг хохирлыг арилгасан гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 122 дугаар албан бичгийг нотлох баримтаар үнэлэн, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Нын ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд тухайн албан тушаалд гаднаас хүн авч ажиллуулаагүй,  Биеийн тамир спортын газарт үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажилладаг Р.Батболд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд Ц.Нын ажилгүй байсан хугацааны цалин төсөвт байсныг шүүгчийн захирамжийн дагуу олгосон тул төсөвт хохирол учраагүй гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 122 дугаар албан бичигт “Үндэсний бөхийн дасгалжуулагч ажилтай Р.Батболдыг аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/03 тоот захирамжаар БТСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон, Ц.Ныг ажлаас чөлөөлж, оронд нь гаднаас хэн нэгэн хүнийг томилон ажиллуулаагүй, албан байгууллага дотроос нь дэвшүүлэн үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Энэ нь БТСГ-ын цалингийн санд Ц.Нын ажил үүргээ гүйцэтгэх хугацааны цалин мөнгө нь хэвээр хадгалагдаж байгаа учраас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгдсэн мөнгийг олгосон нь БТСГ-ын төрийн байгууллага хохироогүй болно” гэсэн байх ба БТСГ-ын цалингийн санд Ц.Нын ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалин мөнгө нь хадгалагдаж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн албан бичгийг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан.

Хэдийгээр Ц.Нын оронд өөр хүн томилон ажиллуулж, цалин хөлс олгоогүй ч Ц.Ныг хууль бусаар халаагүй бол түүнд олгогдох байсан цалин хөлс төрд үлдэнэ.

Төр Ц.Нт хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө бус, хууль бусаар ажлаас халагдсаны улмаас  ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосноор төрд хохирол учирч буй юм.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас халсан нь тогтоогдсон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан. 

 

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байна.

 

Энэ дагуу ТАЗ төрд учирсан хохирол 4.105.512 төгрөгийг Ц.Мгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол  үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

         

Нэхэмжлэгч ТАЗ давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2022/00162 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗийн хариуцагч Ц.Мд холбогдуулан гаргасан 4.105.512 /дөрвөн сая нэг зуун таван мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-аас төрд учирсан хохирол 4.105.512 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны 1009000021501 дугаартай дансанд оруулсугай” гэж, 2 дахь заалтыг  “ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Ц.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 80.638 /наян мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Нэхэмжлэгч ТАЗийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                    Л.НЯМДОРЖ