Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 211/МА2022/00017

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Г ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00182 дугаартай шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.Ч-д холбогдох

11.417.841 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Ч.Ч-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Зээлийн үндсэн төлбөр 9.377.743,05 төгрөг,

1.2. Зээлийн хүү 1.970.799,26 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 69.298.98 төгрөг, нийт 11.417.841,29 төгрөгийг гаргуулна.

 

Ч.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Гтай ЗГ6255105923 дугаарт зээлийн гэрээ байгуулж 9.558.536.71 /есөн сая таван зуун тавин найман мянга таван зуун гучин зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 30 /гучин/ сарын хугацаатай цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ6255105923 дугаар зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч 335 хоног хугацаа хэтэрч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 9.377.743,05 төгрөг, зээлийн хүү 1.970.799,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69.298,98 төгрөг, нийт 11.417.841,29 /арван нэгэн сая дөрвөн зуун арван долоон мянга найман зуун дөчин нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг Ч.Ч-аас гаргуулж өгнө үү.

 

 

Нэхэмжлэгч Г ХХК-ны Архангай салбар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах: Хариуцагч Ч.Ч-д 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Гны нэхэмжлэлд ЗГ6255105923 дугаарт цалингийн зээл гэснийг кредит карт-хэрэглээний зээл болгон залруулж байна. Мөн дараах агуулгыг нэмсэн болно. Ч.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гтай ЗГ/КР/62245******0311 дугаартай зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийн карт авсан болно. Зээлийн карт хугацаа хэтрэлт үүсэж эргэн төлөх дүн 9.558.536,71 төгрөг болсон тул 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж кредит картын өр төлбөрийг төлөх зориулалттай ЗГ6255105923 дугаарт кредит карт-хэрэглээний зээл рүү шилжүүлсэн болно.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

 

Миний бие Ч.Ч нь Архангай аймаг дахь Гнаас цалингийн зээл огт авч байгаагүй. Харин 2017, 2018 оны үед кредит картын 5 сая хүртэлх зээл авч байсан. Гэвч төлөлт хийгдээд явж байх хугацаанд орлогын эх үүсвэргүй бөгөөд төлөлт хийж чадаагүй. Тухайн үед Ганд зээлийн хүүгээ зогсоолгох гэсэн хүсэлт тавьж байсан. Үүнээс хойш би цалингийн зээл огт аваагүй бөгөөд цалингийн зээл авах тогтмол орлоготой ч хүн биш. Иймд Гны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

  3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4.817.45,09 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3.084.431,49 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн үлдэгдэл төлбөр 676.010,56 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүгийн үлдэгдэл төлбөр 980.636,57 төгрөг, нийт 9.558.536,71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ганд олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдсэн хэсэг болох 1.859.305 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 197.635,46 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чаас улсын тэмдэгтийн хураамж 167.886,58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурджээ.

 

            4. Хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

         

  Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00182 дугаар шийдвэрээр Ч.Чаас Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Сүхбаатарын гудамж Бодь цамхаг, Бодь интернэшнл ХХК-ийн байранд байрлах Гны нэхэмжлэлтэй  11.417.841 төгрөг гаргуулах тухай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж 9.558.536,71 төгрөгийг гаргуулж Ганд олгохоор шийдвэрлэсэн. Ч.Ч миний бие шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал өөрчлөөгүй, цалингийн зээл төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийгээ өөрчлөөгүй байхад шүүх цалингийн зээл биш, кредит картын зээлийн төлбөр гэж үзэж шийдсэн нь буруу. Иймээс Гны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар Ч.Ч миний бие гомдож байна. Өмгөөлөгч Г.Э-ыг давж заалдах шатны шүүх хуралд оролцуулах хүсэлтэй.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Уг гомдолд нэхэмжлэлийн шаардлагыг цалингийн зээл гэж дурдсан.  Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр кредит банкны төлбөрт үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдсэнийг буруу гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гны 10/31 тоот тодруулгаар банк нь нэхэмжлэлийн шаардлагаа засаж ЗГ62555923 дугаартай цалингийн зээл гэснийг кредит картны хэрэглээний зээл болгон залруулсан албан тоотыг анхан шатны шүүхэд хүргүүлэн хариуцагч талд танилцуулсан. ЗГ6255105923 дугаартай кредит карт хэрэглээний зээлийн гэрээгээр зээлдэгч нь давуу нөхцөлтэй зээл олгож, өмнөх ЗГ кредит карт 0311 дугаартай гэрээний өр төлбөрийг барагдуулсан. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182 тоот шийдвэрийн дагуу хариуцагч Ч.Чд 1.859.305 төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгосон давуу талыг харилцагчид үзүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

 Хариуцагчийн гаргасан Гны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж, талуудыг мэтгэлцүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн боловч нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан хэрэглээний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн үндэслэл болоогүй гэрээгээр хэргийг шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           1. Нэхэмжлэгч Г нь хариуцагч Ч.Чд холбогдуулан

1.1. Зээлийн үндсэн төлбөр 9.377.743,05 төгрөг,

1.2. Зээлийн хүү 1.970.799,26 төгрөг,

  1.3. Нэмэгдүүлсэн хүү 69.298.98 төгрөг, нийт 11.417.841,29 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  2. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн ЗГ6255105923 дугаартай гэрээ, эргэн төлөлтийн график, Гны гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, Ноломт банкны итгэмжлэл олгох тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, кредит картын тооцооллын хүснэгт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/КР/622445....0311 дугаар бүхий ямар гэрээ болох нь тодорхойгүй баримт зэрэг авагдсан байна.

 

3. Нэхэмжлэгч Г нь хариуцагч Ч.Чаас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр 9.377.743,05 төгрөг, зээлийн хүү 1.970.799,26 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 69.298.98 төгрөг, нийт 11.417.841,29 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасныг хариуцагч энэ төрлийн зээл аваагүй гэж маргасны улмаас нэхэмжлэгч тодруулга гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхтэй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх нь хуульд нийцэхээр байхад анхан шатны шүүх тодруулга гэх нэр бүхий албан тоотыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж тооцож хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.Нэхэмжлэгч Г, хариуцагч Ч.Ч нарын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдсан боловч уг гэрээний дагуу 9.558.536.71 төгрөгийг хариуцагчид олгоогүй, кредит картын өр төлбөрийг төлөх гэсэн зориулалттай дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

 

 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг хуульд заасан тул шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, хэлцлээр кредит картын өр төлөх зориулалттай шилжүүлсэн 9.558.536.71 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Харин гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон тул нэхэмжлэгчид хүү авах эрх үүсэх үндэслэлгүй тул  1.859.305 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгох нь зөв юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан Гны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.635,46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4.817.45,09 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3.084.431,49 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн үлдэгдэл төлбөр 676.010,56 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүгийн үлдэгдэл төлбөр 980.636,57 төгрөг, нийт 9.558.536,71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ганд олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдсэн хэсэг болох 1.859.305 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г, хариуцагч Ч.Ч нарын хооронд байгуулсан ЗГ6255105923 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Ч.Чаас 9.558.536,71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ганд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.859.304,58 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.635,46  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                                Л.НЯМДОРЖ