Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

2026        02           27                                           2026/ДШМ/08

 

 

 

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор: Н.А ,

Шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан,

 Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ны давж заалдах гомдлоор, түүнд холбогдох  эрүүгийн ... дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Н.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 9 дүгээр сарын 23-аас 24-нийг шилжих шөнө Х  аймгийн Х  сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт  ... улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 3 сар, 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 сар, 22 хоногийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын эдлээгүй үлдсэн  3 сар, 16 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил, 3 сар, 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2-7 настай 3 хүүхэдтэй, бага 2 хүүхэд маань 2-3 насны хүүхдүүд байгаа, хоёр бага маань 1 насны зөрүүтэй, хоёр ойрхон болохоор эхнэр ажил төрөл хийх боломжгүй гэртээ хүүхдээ хараад байдаг. Миний бие ажил төрөл хийх, амьдрал ахуйгаа залгуулдаг. Манай ар гэрийн байдал хүнд байдалд байна. Маш их хэмжээний зээлтэй, эхнэр ажил байхгүй. Хүүхдүүдээсээ гарахгүй, би ажил хийхгүй болохоор ар гэр маань ямарч орлогогүй амьдрал маш хүнд байдалд байна. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг зөрчилд орохгүй, үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хичээж амьдрах тул надад нэг удаа боломж олгож  хорих ялыг хөнгөрүүлж хохироос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү...“ гэжээ.

Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмшиж байна. Би эхнэр, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Бага охин Улаан бурхан туссан. Эхнэр ажилгүй. Хорихоос өөр ял оногдуулж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хэргийн үйл баримт зүйлчлэл дээр маргаан байхгүй. Н.Б-ны хувьд өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч оролцдог. Хамгийн гол нь ар гэрийн байдал хүнд байгаа. 2-7 насны 3 хүүхэдтэй. Эхнэр нь ажилгүй. Н.Б-ны хувьд малчин. Зуд болоод хотондоо малгүй болоод аймгийн төвд эхнэр, 3 хүүхдийн хамт ирээд чаддаг ажил гээд мал нядалгааны газар мал ажиллах ажил хийдэг байсан. Бага хүүхэд нь 2 настай, улаан бурхан өвчин туссан. Холбогдох баримтыг авах гэсэн боловч бүх зүйл цахимжсан  учраас бичгийн баримт байхгүй болчихсон. Орлого байхгүй. Хоногийн хооллоо авч чадахгүй. 100 сая гаруй төгрөгийн зээлтэй. Эхнэр нь галтай байхын тулд уурын зууханд очиж нүүрсний хог гуйж хэрэглэж байгаа. Мөн ажилгүй учраас 3 хүүхдийн хоол хүнс, памперс авах боломжгүй болсон. Эдгээр ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч Н.Б  нь хувийн байдлын хувьд нийгмээс тусгаарлаад байх хүн биш. Прокурорын зүгээс ар гэрийн байдлыг харгалзаад хорихоос өөр төрлийн тэнсэх, албадлагын арга хэмжээ авахаар тохиролцсон юм байна лээ. Шүүхээс ял тохироогүй гэдэг үндэслэлээр ердийн журмаар шийдвэрлэсэн. Манай талаас сая хувийн байдалтай холбоотой тодорхой баримтуудыг гаргаж өглөө. Хүмүүнлэг нийгэмд амьдарч байгаа учраас ар гэрийн байдлыг харгалзаад энэрэнгүй ёсны зарчмаар нэг удаа хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлд заасныг журамлан урьд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Миний хувьд улсын яллагчаар оролцохдоо хорих ял оногдуулах санал гаргаж байсан. Энэ саналаа дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ны гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Н.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 9 дүгээр сарын 23-аас 24-нийг шилжих шөнө Х  аймгийн Х  сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт  ... улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:  шүүгдэгч Н.Б-г Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 3 сар, 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 11 сар, 22 хоногийн хорих ялаар тогтоож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын эдлээгүй үлдсэн  3 сар, 16 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил, 3 сар, 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Түүнчлэн эрүүгийн хэргийг шалгаж, хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б  нь “...Миний бие 2-7 настай 3 хүүхэдтэй, ...Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг зөрчилд орохгүй, үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хичээж амьдрах тул надад нэг удаа боломж олгож  хорих ялыг хөнгөрүүлж хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...“ гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Б-ны давж заалдах гомдлыг  хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “хорих ял” гэснийг “зорчих эрх хязгаарлах ял” гэж өөрчлөх, мөн хэсгийн 4 дэх заалтыг хасах, мөн хэсгийн 5 дахь заалтыг “Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрчлөх, мөн хэсгийн 6 дахь заалтын “...хорих ялыг эдэлж дуусмагц тоолж эхлүүлсүгэй...” гэснийг “...ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-ны давж заалдах гомдлыг  хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 08 (найм) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 3 (гурав) сар, 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 (арван нэг) сар, 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай...” гэж өөрчилж,

4 дэх заалтыг хасаж,  

5 дахь заалтыг “Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрчилж,

6 дахь заалтын “...хорих ялыг эдэлж дуусмагц тоолж эхлүүлсүгэй...” гэснийг “...ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ны цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.