Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1182

 

 

 

 

   2018         08          17                                   2018/ШЦТ/1182

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ю.Батсүх,

нарийн бичгийн дарга С.Түвшинтөр, 

өсвөр насны шүүгдэгч Т.О, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч И.Туяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Оыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806047771204 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.О нь 2018 оны 5 сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы задгайд оршин суух иргэн Д.Алтанчимэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баянговь" нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг, 2 ширхэг гар утас хулгайлан нийт 436.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч М.Мөнхтулга нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 5 сарын 28-ны өдөр гадуур явж байгаад гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 23-р хороо хуучин автсбусны буудлын эцэс дээр буугаад гэр рүүгээ алхаж байсан чинь урд таньдаг байсан И.Туяа эгчийн хүүхэд Суумаа гэдэг О таараад "эгчээ өлсөад байна очих газар байхгүй, танайд очиж хоол унд идээд жоохон унтаж байгаад явья" гэхээр нь өрөвдөөд тэг тэг гэж хэлээд гэртээ дагуулж очоод хоол унд хийж өгсөн. Тэгсэн Суумаа жаахан унтаж байгаад явчихсан. Тэгээд хуүхдээ авахаар гэрээ цоожлоод гараад сургууль дээр явж байхад манай хажуу айлын Болороо над руу залгаж танай гэрийн хаалга эвдэрсэн, гэрээс чинь зурагт чинь алга байна гэхээр яваад очсон чинь гэрийн хойморт байсан 32 зурагт алдагдсан байсан. Тэр хүүхэд манайд ороод гарсан болохоор тэр хүүхдийг сэжиглэсэн чинь орой нь цагдаа нар тэр хүүхдийг зурагт аваад явж байхад нь барьсан гэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

Хохирогчоор Ч.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 5 сарын 25-ны орой дэлгүүр дээр сууж байгаад орой хаахын өмнө зурагтаар кино үзэж байгаад зүүрмэглэсэн байх хооронд гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд лангуун доор байсан хайрцагтай мөнгөнөөс мөнгө аваад эргэж гараад дахин орж ирээд хөргөгчийн хажууд байх залгуурт цэнэглэж байсан нөхрийн барьж байсан Самсунг нөт 1 маркийн гар утас мөн самсунг маркийн загварын мэдэхгүй миний барьж байсан утсыг аваад явсан байсан. Тухайн үед би мэдээгүй, зүүрмэглээд сэрээд цаг харахад 00 цаг жаахан өнгөрч байсан учир эд зүйл алга болсон талаар мэдээгүй бөгөөд дэлгүүрээ хаагаад орж унтсан. Тэгээд өглөө 08 цагт дэлгүүрээ нээгээд дэлгүүртээ сууж байтал 09 цагийн орчим хүн орж ирээд утсаар ярья гэхээр нь утсаа хайгаад олоогүй. Тэгээд нөхрөө аваад нуусан юм болов уу гээд асуухад аваагүй гэсэн. Тэгээд дэлгүүрийн камераа шүүж үзэхэд дээрх асуудал болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/

 

Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 183 дугаартай:

Самсунг брендийн 32 инчийн ЛСД зурагт 300.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 20-22/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн БЗ1-18-834 дугаартай:  самсунг нөт 1 маркийн гар утас 72.000 төгрөгийн, самсунг тренд маркийн гар утас 64.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 68-69/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 сарын 05-ны өдрийн 3869 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 1, 2 дугаартай гарын мөр санд MN0000СХД01580 дугаараар бүртгэгдсэн Туяагийн Оын баруун гарын долоовор хуруугаар, 3 дугаартай гарын мөр Т.Оын баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэх адилтгалын шинжилгээний дүгнэпт /хх-ийн 80-85/

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манайх Баянзүрх дүүргийн 22-р хороонд нийтийн байранд амьдарч байсан. Орой ундаа авах гээд дэлгүүрт орсон чинь худалдагч нь унтаж байхаар нь 2-3 удаа юм авъя гээд дуудсан. Худалдагч нь сэрэхгүй байсан. Мөн зурагтынх нь дуу их чанга байхад сэрэхгүй байхаар нь эхний удаа лангууны араар ороод 2 ширхэг гар утас, дараагийнх удаад мөнгө аваад гарсан.

... Манай ээж Туяагийн хуурай дүү Чимгээ /Алтанчимэг/ эгчтэй тааралдаад гэрт нь очиж цай хоол идэж уугаад унтаж байгаад 13 цагийн орчим гэрээс нь хамт гарч яваад би өөр тийшээ салж яваад буцаж гэрт нь ирээд гэрийн хаалганы хавтасыг гараараа цохиж цөмөлж ороод 32 инчийн хар өнгийн Самсунг зурагтыг аваад Hapaнтуул захын микронд суугаад 16 буудад дээр буугаад ломбарданд тавих гэж байгаад цагдаад баригдсан. Надад мөнгө хэрэгтэй болсон.  Мөнгөөр Эрдэнэт рүү зардлын мөнгө хийж ээж рүүгээ явах гэж хулгай хийсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-4/

-эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7/

-хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 40-45/

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 48/

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49х/

-Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 72-74/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Т.Оын төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-90/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.  

 

Өсвөр насны шүүгдэгч Т.О нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр болон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцалга оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар” тус тус хуулчилсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.О нь 2 тусдаа үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг өөр өөр шинж, нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх боловч өсвөр насны шүүгдэгчид тухайн хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлсэн шинжээр нь гэм буруутайд тооцож, хариуцалга оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцэнэ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Оыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэлгүүрийн камерийн бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

 

Хохирогч Д.Алтанчимэгийн гэрээс хулгайлан авсан зурагтыг биет байдлаар нь буцааж өгсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд төлөх төлбөргүй болно. Харин хохирогч Ч.Цэцгээгийн алдсан 300.000 төгрөгийг шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Т.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.От хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.От оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.От хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.От хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаас 300.000 төгрөг гаргуулж хохирогч .Цэцэгээд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

9. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Алтанчимэгт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ