| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2539001330292 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
2026 02 27 2026/ДШМ/09
Х.А, Х.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор: Н.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н, О.А /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/298 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдол, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А-н бичсэн эсэргүүцлээр, шүүгдэгч Х.А, Х.А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Х аймгийн Х сумын ... дүгээр баг ...тоотод Х.А-н эзэмшлийн хашаанд түүнийг өдөөн хоргоож толгой, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.А-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.А-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс Х.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй, Х.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох" тухай байр сууриа илэрхийлж, энэ байр сууринаас мэтгэлцээнийг явуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэлд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолд огт дурдаагүй, өмгөөлөгч нар ямар байр суурьтай оролцож байгааг ч шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх буюу шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.4 дэх заалтад заасан "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;" нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийг зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний гэм буруу, хохирол, хор уршигт тохирно гэж дүгнээд уг саналыг гаргасан. Харин шүүгдэгч Х.А-н тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна, гэмт хэрэг гарахад түүний хууль бус үйлдэл ихээр нөлөөлсөн зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргасан. Гэтэл Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс яллагдагч Х.А-д улсын яллагчийн оногдуулахаар санал гаргасан эрүүгийн хариуцлагаас дээгүүр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүгдэгчид ямар төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал хэдий ч Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай. Мөн үүнээс гадна шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөлүүд байгаа эсэхийг заавал нягталж шийдвэртээ тусгах ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "Шүүгдэгч Х.А, Х.А нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон..." гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар "Х.А нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Х.А-г Х аймгийн Х сумын ... дүгээр баг, Өгөөж өргөө байрны гадна түүнийг өдөөн хоргоосон байх бөгөөд улмаар шүүгдэгч Х.А нь өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон Х аймгийн Х сумын ... дүгээр баг ... тоотод байх морь тэжээж буй хашаандаа очиход араас нь А-н хамт түүний тээврийн хэрэгсэлд сууж очсон байдаг. Улмаар тухайн хашаанд дотор Х.А, Х.А нар урьд үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсан байх бөгөөд уг үйлдэлд Х.А уурлаж хашаанд байсан төмөр авч Х.А-н зүүн гарын шуу хэсэгт нь нэг удаа цохисон" байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд Х.А-н үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэхээр байх бөгөөд харин Х.А, Х.А-г өдөөн хоргоож, араас нь дагаж очиж хэрүүл маргаан үүсгэж, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж буй үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамааруулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Гэтэл шүүхээс шүүгдэгч Х.А-н үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдэлд хамааруулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байхаас гадна Х.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн" нь хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулаагүй талаараа тусгаагүй, мөн ямар үндэслэлээр шүүгдэгч Х.А-д улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагаас дээгүүр ял оногдуулж буй талаараа шийтгэх тогтоолдоо дурдаагүй зэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан "Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана", 2 дахь хэсгийн 2.3 "Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, 3 дахь хэсгийн 3.1 "шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл" гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Х.А, Х.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхээр байх тул Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Х.А нь гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гомдол гаргасан. Үүний дагуу ажиллагаа хийгдээд гар хугарсан гэх сэжигтэн Х.А нь хэрэг үйл явдал болсны дараа Х.А-т хамраа хугалуулсан гэх баримтаа сарын дараа өгч гомдлыг гаргасан. Ингээд энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхийн шатанд ирсэн. Анхан шатны шүүх хурал дээр манай тал нь ямар байр суурьтай оролцсон бэ? гэхээр*******ийг хамар тус газар нь цохиогүй. Яагаад гэхээр хэрэг үйл явдал болсноос 1 сарын дараа Х.А нь би хамраа хугалуулсан гэх эрүүл мэндийн баримтыг гаргаж ирж шалгуулсан асуудал байна. Энэ үйлдэл нь Х.А-н үйлдэлтэй холбоогүй тухайн үйлдэл 1 сарын дараа хэлсэн. Гэтэл Х.А гараа хугалуулсан даруйдаа гомдол гаргасан байдаг. Цагдаагийн албан хаагч ирээд тухайн нөхцөл байдлыг шалгахад Х.А-н зүүн нүд нь тал улайсан байсан. Хамар талд нь ямар нэгэн байдлаар гэмтэл байгаагүй гэж гэрч нар мэдүүлэг өгсөн байдаг. Иймээс энэ үйл баримттай холбоотой Х.А-н хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч, мөрдөн шалгах ажиллагаанд ч ийм байр суурьтай байсан. Анхан шатны шүүх дээр ч ийм байр суурь илэрхийлсэн. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Х.А-г гэм буруутай байна гэж дүгнэлт хийсэн. Өмгөөлөгчийн гаргаад байгаа дүгнэлт, баримтыг няцаасан гэрч хохирогчийн мэдүүлгийг яагаад хүлээж аваагүй юм. Ямар байдлаар няцаасан гэдэг талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр өмгөөлөгчийн байр суурийг илэрхийлсэн талаар ч огт дурдаагүй байдлаар шийдсэн байгаа нь өөрөө анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй байгаа учраас хүчингүй болгох гомдлыг гаргасан...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.А, Х.А 2 нь нэлээн мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний эсэргүүцэлд байгаа асуудал анхан шатны шүүх мөн өмгөөлөгчийн ярьж байгаа шийдвэр заалтын шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Яагаад вэ? гэхээр гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт дээр Х.А гэх хүний зүй бус үйлдлээр үүссэн гэж үзсэн. Анхан шатны шүүхээс болохоор Х.А-н үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Үүнийг би бол эсэргүүцэж байгаа. Х.А-н үйлдэл тохиолдлын шинж биш, яагаад вэ? гэхээр Х.А гэдэг хүн Х.А гэдэг хүнийг байж байсан газарт нь хэрүүл маргаан үүсгээд араас нь машинтай дагаж хөөгөөд гэрийнх нь гадаа очиж хүртэл хоргоогоод хашааны гадаа зодолдсон асуудал байдаг. Араас нь хөөж байгаа. Хоргоож байгаа үйлдэл бол тохиолдлын шинжтэй үйлдэлд тооцогдохгүй гэж үзэж байгаа.
Тухайн хэрэгт ямар төрлийн шийтгэл оногдуулах нь эрх хэмжээний асуудал, би Х.А гэдэг хүний үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн дүгнэлтээ тайлбарлаад 800,000 төгрөгөөр торгох санал тавьсан. Шүүх 800,000 төгрөгөөс дээш давуулаад 1,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хэдийгээр эрх хэмжээний асуудал ч шүүх үүнийг тайлбарлах ёстой. 800,000 нэгжээр торгож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдал, гэм буруугийн байдалд нь тохирохгүй байна гэсэн тайлбарыг бичих ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрт энэ асуудлыг бичээгүй байсан. Х.А-н тухайд гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөд эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан. Гэтэл үүнийг шийтгэх тогтоол дээрээ хөнгөргүүлэх нөхцөл байдлаар оруулаагүй, тайлбарлаагүй байсан.Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолын хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Улсын яллагч болон өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан. Х.А-н тухайд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргаж оролцсон. Өмгөөлөгчийн дүгнэлтийг заавал шүүхийн шийдвэрт тайлбарлаж бичнэ гэсэн хуулийн зохицуулалт бол байхгүй. Харин гэм буруугийн байдлыг харгалзан үзээд хохирогчийн буруутай үйлдлийг анхан шатны шүүхээс торгуулийг 1.000.000 төгрөгөөр торгосон зүйл байгаа. ...Х.А, Х.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг барьсан. Ингээд үндэслэлүүдээ дурдаад эрүүгийн хариуцлага оногдуулсан байгаа. Хуулийг зөв хэрэглээгүй гэсэн үндэслэл энэ шүүхийн шийдвэрт байхгүй байгаа. ...шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Х.А-г 800.000 төгрөгөөр торгох санал тавьсан. Үндэслэлийг давуулж 1.000.000 төгрөгөөр торгосон гэх тайлбар дээр гомдол гаргасан байдаг. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Х.А хохирогчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, хохирогчийн буруутай үйлдлээс энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоогоод шүүх үндэслээд ял оногдуулсныг шүүхийн шийдвэрт дурдсан байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? гэсэн саналтай байна....” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдол, прокурор Н.А-н бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Х аймгийн Х сумын ... дүгээр баг ... тоотод Х.А-н зүүн гарын шуу хэсэгт нь өөрийг нь дарамталлаа гэх шалтгаанаар тухайн хашаанд байсан төмрөөр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Х.А-н цагдаагийн газар хандан гаргасан өргөдөл /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,
Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, /хх-ийн 103-104-р хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 97 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Т-н дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Х аймгийн Х сумын ...дүгээр баг ... тоотод Х.А-н эзэмшлийн хашаанд түүнийг өдөөн хоргоож толгой, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, /хх-ийн 103-104-р хуудас/,
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Т-н дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж Х.А-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Х.А- г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н “...шүүгдэгч Х.А ...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, ...хэргийг хэрэгсэхгүй болгох тухай байр сууриа илэрхийлж мэтгэлцээнийг явуулсан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэлд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолд огт дурдаагүй ...шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй байгаа учраас хүчингүй болгох гомдлыг гаргасан ...сэжигтэн Х.А нь хэрэг үйл явдал болсны дараа Х.А-т хамраа хугалуулсан гэх баримтаа сарын дараа өгч гомдлыг гаргасан. ...Энэ нь Х.А-н үйлдэлтэй холбоогүй ...Х.А-н зүүн нүд нь тал улайсан байсан. Хамар талд нь ямар нэгэн байдлаар гэмтэл байгаагүй гэж гэрч нар мэдүүлэг өгсөн байдаг. Иймээс Х.А-н хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч...” гэсэн,
Прокурор Н.А “...шүүхээс ...ямар үндэслэлээр ...улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагаас дээгүүр ял оногдуулж буй талаараа шийтгэх тогтоолдоо дурдаагүй ...шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол, эсэргүүцлийг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.А-г 2024 оны 12 дугаар сарын 31-нд Х.А-г өдөөн хоргоож толгой, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг:
Хохирогч Х.А-н: “...2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14-15 цагийн орчимд тус аймгийн төвд Өгөөж өргөө байрны гадна талд зүс таних А-тай таарсан. Ингээд А надад хандан автомашинаасаа буугаад ир писда минь гэж хэлэн автомашинд орж ирэх гээд байхаар нь миний бие А-т хандан уулзах ажил байхгүй, уулзахгүй гээд хөдөлсөн. Ингээд явах замд урдаас хашиж орж ирэн, надад хандан автомашинд чинь сууя гээд хаалга онгойлгох гээд байхаар нь би онгойлголгүй хөдөлсөн юм. Ингээд мөн адил араас дагаж яваад тус аймгийн ... дүгээр баг ... тоот хашаандаа орох үед дагаж ирэн, надад хандан чи муу маажийсан писдааг ална гэж хэлээд дахин маргалдсан Ингээд хашаанд орж ирэх гээд байхаар нь А-г түлхээд хашааныхаа хаалгыг хаахад араас хашааны хаалга онгойлгон орж ирээд намайг мангасдаж унаган нүүрэн тус газар баруун нүд рүү нэг удаа, зүүн чихний дээд талд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Б.О-н: “...2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 40 минутын үед ...дуудлагад очиход дуудлага өгсөн ...А, А гэх залуутай маргалдсан ...гараараа миний баруун нүдэнд цохисон гэж хэлсэн. А гэх иргэний баруун нүдний салст дотор талдаа улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Н.А-н: “...А автомашинаас буун биеэр жижигхэн 30-40 орчим насны эрэгтэй хүнтэй юм яриад зогссон. ...Удалгүй тус хашаан дотор төмөр дуугарч, чанга дуу чимээ гарахаар нь ...буугаад хартал А-г хамт явсан залуу нь төмөр турбо барьсан чамайг цохилоо шүү гээд зогсож байхаар нь юу болж байгаа юм гээд болиулах гэтэл гар луу нь 1 удаа цохиж байхыг нь бол харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, /хх-ийн 103-104-р хуудас/,
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Т-н “...Х.А-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,
-Шинжээч эмч Ц.Т-н: "...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чих хамар хоолойн эмч Э.Б-н үзлэгт зовуурь хамар битүүрнэ, бага зэрэг яс руу өвдөнө, мөн хэсэг газрын үзлэгт тэмтрэлтээр бага зэргийн эмзэглэлтэй гэх үзлэг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б.У эмчийн хамар ясны 2 байрлалын рентген зургийг үндэслэн Х.А-н эмнэл зүйн зовуурь бүрэн арилаагүй, ясны хугарлын эдгэрэх цаг хугацаа 3 долоо хоногоос дээш байдаг учир тухайн гэмтлийг хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн бөгөөд тухайн нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үйл баримтыг сэргээн дүрслэхэд хүрэлцэхүйц, эргэлзээгүй байгаа тул шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Х.А нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө А-т баруун нүдэндээ цохиулсан талаар мэдүүлсэн, шинжээч “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэж дүгнэсэн, гэрч Б.О “...А, А гэх залуутай маргалдсан ...гараараа миний баруун нүдэнд цохисон гэж хэлсэн. А-н баруун нүдний салст дотор талдаа улайсан байсан...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч А, нь Х.А-н нүүрэнд цохиж гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа ба өмгөөлөгч С.Н-н “...сэжигтэн Х.А нь баримтаа сарын дараа өгч гомдлыг гаргасан. Хамарт нь гэмтэл байгаагүй гэж гэрч нар мэдүүлэг өгсөн...” гэх тайлбар санал үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдол, прокурор Н.А-н бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/298 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдол, прокурор Н.А-н бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/298 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.