Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 211/МА2022/00018

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Ц.Мын нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00232 дугаартай шийдвэртэй

Ц.М-ын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн ЗДд холбогдох

цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын  агуулга:

            1.1. Цалингийн нөхөн олговор гаргуулах,

            1.2. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх,

            1.3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх,

 

 Ц.М миний бие 2004-2006 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар, 2007-2008 онд Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт түшмэлээр, 2008-2012 онд Ихтамир сумын ЗДар, 2014-2016 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр  сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар, 2016 оноос Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 01 дүгээр сараас Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар тус тус ажиллаж ирсэн. Архангай аймгийн ЗД Д.З нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/14 тоот захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн тухайн албан тушаалын чиг үүрэг байсаар байтал бүтэц орон тоо өөрчлөгдсөн хэмээн хууль бусаар миний биеийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. Энэхүү захирамжийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 164 тоот тогтоолоор хүчингүй болгож, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн ЗДд даалгасныг Засаг даргын зүгээс хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот захирамжаар хууль бус захирамжаа хүчингүй болгосон боловч 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/30 тоот “Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн улмаас иргэн Ц.М миний биед учирсан хохирлыг буюу цалингийн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.  

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

 

Иргэн Ц.Мын Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоо, дүрмийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шинэчилсэнтэй холбогдуулан Ц.Мыг ажлаас чөлөөлсөн. Ц.М нь аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө хангалтгүй буюу F үнэлгээгээр үнэлэгдсэн байна. Энэхүү асуудлын үндэслэлийн талаарх маргаан одоо Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа бөгөөд хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байна. Иймээс М.Батжаргалаас хохирол шаардах нь хууль зүйн үндэслэлгүй тул Ц.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

  3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн ЗДас нэхэмжлэгч Ц.Мад 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.592.563 төгрөгийг гаргуулж олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Архангай аймгийн ЗДд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурджээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

Давж заалдах гомдлын шаардлага: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00232 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь 2020 оны аймгийн ЗДтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоо, нэршил өөрчлөгдсөн. Улмаар Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын чиг үүрэг нь өөрчлөгдөж Засгийн газрын 377 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, шинжлэх ухааны газар болж өөрчлөгдсөн байна. Мөн Соёлын яамны харьяа Архангай аймгийн Соёл, урлагийн газар шинээр үүсгэн байгуулагдаж, хоёр тусдаа чиг үүрэг бүхий агентлагууд бий болсон. Тухайн асуудлаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаж байгаа бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа болно. Иймд Ц.Мын нэхэмжлэлтэй аймгийн ЗДд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00232 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 

Ерөнхийдөө энэ маргаан нь шийдэгдсэн. Архангай аймгийн ЗД нь өөрийнхөө гаргасан  захирамжийг өөрөө хүчингүй болгосон. Тийм учраас хариуцагчийн зүгээс ийм тайлбар хэлэх болон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Нэхэмжлэгч Ц.М нь Архангай аймгийн ЗДд холбогдуулан цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

           

            Хариуцагч Архангай аймгийн ЗД нь нэхэмжлэлд “...Учир нь 2020 оны аймгийн ЗДтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоо, нэршил өөрчлөгдсөн. Улмаар Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын чиг үүрэг нь өөрчлөгдөж Засгийн газрын 377 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, шинжлэх ухааны газар болж өөрчлөгдсөн байна. Мөн Соёлын яамны харьяа Архангай аймгийн Соёл, урлагийн газар шинээр үүсгэн байгуулагдаж, хоёр тусдаа чиг үүрэг бүхий агентлагууд бий болсон. Тухайн асуудлаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаж байгаа бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа болно...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.М нь Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байгаад Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дугаартай захирамжаар ажлаас халагдсан.

 

Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дугаартай захирамжаар тус аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/14 дугаартай захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс, мөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай дугаартай тогтоолоор  Б/14 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.

 

Хариуцагч  2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэгч аваагүйтэй маргаагүй байна.

 

Иймд дээрх хугацааны олговрыг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,... олгоно” гэснийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.592.563 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. Архангай аймгийн Боловсролын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/71 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн цалингийн задаргааг хариуцагч эсэргүүцээгүй, үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар уг нотлох баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Нэхэмжлэгч Ц.Мын ажилгүй байсан хугацааны цалин 3.592.563 төгрөг гаргуулж шийдвэрлэж байгаатай холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Архангай аймгийн ЗДд даалгаж  шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалыг хуульд зааснаас илүү дүнгээр төлсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                                Л.НЯМДОРЖ