| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1145/Э |
| Дугаар | 1183 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 1183
2018 08 17 2018/ШЦТ/1183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Хохирогч Г.Доржням,
Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Оод холбогдох эрүүгийн 1806058911343 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Ч.О нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 366 байрны гадна иргэн Г.Доржнямтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Оод холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Ч.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Доржнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах З6б байрны гадна өөрийн 33-49 УБУ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-20 маркийн автомашинтай эхнэр Дэлгэрцэцэг, эгч Ганцэнгэл, дүү Мөнхзул болон cap хүрээгүй хүүхэд нарын хамт ирсэн. Тэгээд эхнэр Дэлгэрцэцэг машинаас түрүүлээд хүүхдээ тэврээд буусан. Ганцэнгэл, Мөнхзул нар бас буусан. Эхнэр Дэлгэрцэцэг байрны үүдний сандал дээр 2 залуу, 1 эмэгтэй сууж байхаар нь архи тамхи энд уухгүй гэсэн шаардлага тавьсан. Тухайн 2 залуу, 1 эмэгтэй наашаа алхаж байгаад би машиныхаа хаалгыг хаагаад урдаас нь алхахад О гэх залуу намайг мөрлөж зөрсөн. Тэгээд би эргэж харахад үгийн зөрүүгүй нүүрэн тус газар 2 удаа цохиж ухаан алдаж унасан. Тэгээд нэг сэрэхэд нүүрнээс, амнаас цус гарчихсан. Түргэн тусламж болон цагдаа ирчихсэн тухайн хүмүүсийг зугатаасан гэж хэлж байсан. Тэгээд эхнэр машинаа асаагаад би гэмтлийн эмнэлэг рүү очсон. Гэмтлийн эмнэлэг дээр 3-4 цаг болсон. Тэгээд гэртээ 05 цагийн орчим ирсэн. Өглөө болоод цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч М.Мянгансарнайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21-22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36б байрны гадна О, Шинэбаяр нартай уулзсан. Тэгээд байрны урд талын сааданд сууж байгаад О, Шинэбаяр нар 1, 1 пиво аваад байж байсан. Тэгтэл Дэлгэрцэцэг гэх эмэгтэй ирээд энд архи пиво ууж болохгүй гэж хэлсэн. Шинэбаяр бид хоёр түрүүлээд босоод явсан ба араас О жоохон уурлаад агсам согтуу тавьсан биш дээ гэж хэлээд босоод алхсан. Урдаас Доржням алхаж байгаад Отой зөрөөд мөрлөчихлөө гэж хэлэхийг нь сонсоод эргэж хартал Доржням гэх эрэгтэй газар уначихсан байсан. Эхнэр нь болох эмэгтэй ирээд хүн алчихлаа гэж хашгирахад Шинэбаяр, О нар зугатаагаад явчихсан. Би юу болчихвоо гэж бодоод зогсож байсан. Дэлгэрцэцэг гэх эмэгтэй найзуудтайгаа ярь гэхэд О залгаж таараад би ярьсан. Эхнэр нь болох Дэлгэрцэцэг үг зааж өгөөд би тэрүүгээр нь хэлээд Сандэй худалдааны төвийн гадна уулзахаар болсон. Миний утас унтраад Дэлгэрцэцэгийн утсаар яриж байгаад очсон. Чи хоёр найзыгаа бариж өг гээд байсан. Би Отой уулзахад намайг дагуулаад явчихсан. Тэгээд маргааш нь О тухайн хүмүүстэй уулзсан гэх мэдүүлэг /хх-ийн13/
Гэрч Ц.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36б байрны гадна 33-49 УБУ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус-20 маркийн автомашинтай нөхөр Доржням, эгч Ганцэнгэл, дүү Мөнхзул болон cap хүрээгүй хүүхэд нарын хамт ирсэн. Байрны гадна ирээд хүүхдээ тэврээд машинаас буухад байрны гадна сандал дээр 2 залуу, 1 эмэгтэй пиво уугаад тамхи татаад шүлсээ хаяад сууж байсан. Тэгээд би тухайн хүмүүст хандаж энэ та нарын архи ууж заваардаг газар бишээ, архи дарсаа уудаг газраа уу, нялх хүүхдүүд энэ сандал дээр салхилдаг, та нар ингэж завааруулаад байх ямар хэрэг байна гэж хэлсэн. О гэх залуу угаасаа явчихна ш дээ, шөнө болсон байгаа биз дээ гэхээр нь би соёлтой хүн бол шөнийн 3 цагт ч замаар гарахдаа ногоон гэрэл хүлээгээд зогсож байдаг юм гэж хэлсэн. О гэх залуу за ойлголоо гэж хэлэхээр нь би ойлгосон бол явчих гэж хэлсэн. О гэх залуу сүртэй ш дээ гэж хэлээд гурвуулаа босоод явсан. Тухайн үед манай нөхөр Доржням машинаа түгжээд наашаа алхаад ирж байсан. Тэгтэл О гэх залуу нөхөр Доржнямыг нударч мөрлөсөн. Доржням эргэж харахад О гэх залуу толгойгоороо мөргөж, гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Доржням шууд чигээрээ газар унасан. Би хүүхдээ Мөнхзулд өгөөд гүйж очоод Доржнямын цээж доогуур нь гараа хийгээд авах гэтэл О гэх залуу хөлөөрөе толгой руу нь өшиглөж цемент дээр хавсарч унагаасан. Тухайн үед хамт явж байсан эрэгтэй нь зүүн талд нь эмэгтэй нь баруун талд зогсож байсан. Тэгээд Доржням ухаан алдаад ямар ч ухаангүй, амьсгалахгүй болоод цус гоожоод ирсэн. Би хүн алчихлаа ш дээ гэж орилоход О хамт явж байсан залуугийнхаа хамт шууд зугатаасан. Нөгөө эмэгтэй нь зогсож байсан. Би босоод нөгөө эмэгтэйг нь бариад авсан. Тэгтэл байрны жижүүр эгч гарч ирээд нөгөө эмэгтэйг бариад нөхөр дээрээ оч гэж хэлсэн. Би нөхөр Доржнямыг дуудаад хацар руу алгадахад сэргэсэн. Тэгээд нүд рүү нь цус урсаад ороод ирсэн. Босгох гэсэн чинь босож чадахгүй унаад байсан. Арай гэж сандал дээр суугаад дахиад ухаан алдсан. Тэгээд түргэн дуудаад цүнхнээсээ савтай ус аваад нөхрийнхөө нүүрэн дээр цацаж сэрээсэн. Түргэн дуудчихаад нөгөө эмэгтэй дээр очоод нөгөө хоёр эрэгтэйгээ дууд гэхэд би танихгүй, дөнгөж сая танилцаад юм яриад сууж байсан гэж хэлсэн. Тэгэхээр би заамдаж аваад чамайг цагдаад өгнө гэхэд би дуудая гэсэн. Тухайн эмэгтэйгийн гар утаснаас О гэх залуу руу залгатал нөгөө эмэгтэйгээ гэж бодоод гэртээ харь наанаасаа зугтаа гээд байсан. Тэгээд нөгөө эмэгтэйгийн өмнөөс яриад Сандэй худалдааны төвийн урд уулзахаар болоод нөгөө эмэгтэйгээс нь гуйгаад эмийн сангийн үүдэнд уулзая гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй за гэж хэлж Сандэй худалдааны төвийн гадна О гэх залуутайгаа нийлээд зугатаачихсан. Тэгээд Оын утас руу залгахад холбогдохгүй болохоор нь камерын бичлэг байгаа ирж уулз гэсэн. Өглөө 09 цагт О гэх залуутай манай гэрийн гадаа уулзаж цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8387 дугаартай
Г.Доржнямын биед баруун нүдний дээд, доод зовхи, уруул, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 1 шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чавдарт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/,
Шүүгдэгч Ч.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Г.Доржнямын шанаа руу 1-2 удаа цохьсон. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2/, толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 22/,
-Ч.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-42/,
-хохирогч Г.Доржнямын хохиролын талаарх баримтууд, хохирогчид учирсан гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 43-65/,
-шүүгдэгч Ч.Ооос хохирол төлсөн гэх баримтууд /хх-ийн 69-73/,
-шүүх хуралдаанд хохирогч Г.Доржнямын гаргаж өгсөн баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ч.Оын иргэн Г.Доржнямын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Ч.О нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Доржнямд учирсан эмчилгээний хохиролыг шүүгдэгч Ч.О нь нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан. Үүнтэй холбогдуулан оролцогч нарт гаргах саналгүй гэсэн болно.
Харин хохирогч Г.Доржням нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинд 2.050.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтуудаар уг хохиролын нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь ажил олгогч Юнивишн ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын тодорхойлолтод хохирогч Г.Доржням нь 626.000 төгрөгийн сарын орлоготой гэсэн байх ба 0758416 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь хоёр сая, түүнээс дээш байдлаар гэмт хэрэг болохоос өмнөх саруудад бичилт хийгдсэн байна. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, цалингаас бусад орлогыг тодорхойлох өөр хөндлөнгийн бусад нотлох баримт /ажилд томилсон тушаал, цалингийн цэст г.м/ хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогчийн уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 2.050.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Ооос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ