Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 2026          02           27                                           2026/ДШМ/11

 

 

 

Д.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

Шүүх хуралдаанд: Прокурор Н.А,

Шүүгдэгч: Д.Б, Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ж, С.Н, Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.М нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж, С.Н, Н.Ж, нарын давж заалдах гомдлоор, шүүгдэгч Д.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Д.Б, Б.Э нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 15-аас 16-ыг шилжих шөнө Х  аймгийн Х  сумын ... дугаар баг Ч гэх газарт бэлчээрт байсан К.Э-н адуунаас 2 тооны буюу ягаан зүсмийн чойндон тамгатай хязаалан насны байдас, хөвчтэй сартай чойндон тамгатай сартай хүрэн зүсмийн даага зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б, Б.Э нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүх: Шүүгдэгч Д.Б, Б.Э нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж  шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.6, 16.11, 22.1, 10.9, 1.4, 16.1, 23.1, 28.1, 27.1, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн дүгнэлт бөгөөд дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа бөгөөд энэ нь тус хуулийн 39.5.1.1, 39.5.1.2, 39.6.1.1, 39.6.1.2, 39.6.1.3, 39.6.1.4, 39.7.1.1, 39.8.1.5 дахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргах үндэслэл болсон болно. Хэргийг шалгасан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Ө нь хохирогч К.Э-тэй үеэлүүд бөгөөд энэ нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч К.Э-н мэдүүлэг зэргээр нотлогдсон. Дээрх үндэслэлээр мөрдөгч Ц.Ө-н тус хэрэгт хийсэн ажиллагаанууд болон түүнийг оролцуулж хийсэн ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1.1.2, 10.9.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 8.1, 8.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 4, 6, 7 хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөрдөгч Ц.Ө нь дээрх хуулийг зөрчиж ажиллагаа хийсэн учраас түүний хэрэгт цуглуулж,бэхжүүлсэн нотлох баримт нь хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тооцогдоно.   Иймээс мөрдөгч Ц.Ө-н хэрэгт  хийсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-7-25/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-20, 1хх-21-24, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1хх-25/ хохирогч К.Э-н мэдүүлэг /1хх-36-38/, гэрч Д.Н-н мэдүүлэг /1хх-47-51 хуудас /, гэрч Т.Д-н мэдүүлэг /1хх-ийн 57-60/, гэрч Б.Д-н мэдүүлэг /1хх-63-64/, гэрч Э.Э-н мэдүүлэг /1-хх-65-68/ нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.4, 16.1.6, 16.1.7-д заасныг зөрчсөн нотлох баримтууд, мөн 16.11-д заасныг зөрчиж мэдүүлэг авсан, хуульд заасныг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байхад нотлох баримтаар тооцож шийдвэрлэсэн нь 39.8.1.5-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Д.Б, Б.Э нарыг мал хулгайлах гэмт хэргийг  “олон тооны малыг”,  “бүлэглэж”, “машин механизм ашиглан” үйлдсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийн 3.1.1-д Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр Д.Б, Б.Э нарыг гэмт хэргийг хамтран үйлдсэн талаар мэдүүлсэн зүйл байхгүй. Хэрэгт хийгдсэн ажиллагаагаар хамтран оролцсон гэдгийг нотолсон нотлох баримт авагдаагүй.  Б.Э  нь “Би ахдаа 2 адуу ажиллая, мөнгөний хэрэг гарчихлаа гэхэд ах маань дургүйцээд байсан...би тэр даагаа очоод ажиллая гэж бодоод дугуйтай явж байтал Ч толгой гэх газарт манай даага байсан... би хүнээс адуу аваад яахав өөрөөсөө ажилчихъя гэж бодоод адуу хашчихъя гээд К  гэх айлын өвөлжөөнд хашсан...өглөө нь аавд би С  ахынд байгаа адуугаа ажиллаад ирлээ аймаг явж борлуулъя... би өөрийнхөө адууг ажилласан шүү дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Д.Б нь “... өглөө манай хүү ааваа аймаг явъя, адуу борлуулах гэсэн юм гэж хэлсэн ...би адууг өгөхөд машинд сууж байсан... гэж мэдүүлсэн байдаг. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр Д.Б, Б.Э нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх, хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн ганц ч нотлох баримт байхгүй байхад тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл.Нотолбол зохих байдал 1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно ...гэснийг зөрчсөн дүгнэлт болсон.

Хохирогч К.Э нь 2024.10.16-ны өдрөөс хойш 1 сарын дараа ченж Э.Э-н бойны хашаанаас 2 адууныхаа арьсыг олон арьсан дундаас өөрөө олж гаргасан. Арьсыг таньж олсон үндэслэл нь тамга нь байсан, зүс нь байсан утга бүхий мэдүүлэг өгсөн. Гэтэл 1хх-13-18 хуудас дахь Хэргийн газрын нөхөн үзлэгийн зураг дээр адууны арьсан дээр ямар ч тамга байхгүй байдаг. Мөн энэхүү ажиллагааг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа бол шинжээч тамганы зургийг тод дарах, мөрдөгч арьсыг эд мөрийн баримтаар хураан авах үүрэгтэй байсан. Гэтэл уг ажиллагаануудыг хийгээгүй нь тухайн арьсан дээр тамга байхгүй байсан гэсэн үг юм.  

Мөн нөгөө талаас гэрч ченж Б.Э  нь шүүх хуралдаанд “... манайх өдөрт дунджаар 30-40 бод мал, 200-300 бог мал, мах түүний арьсыг хамт авдаг...” гэсэн мэдүүлэг өгсөн. Эндээс дүгнэлт хийвэл 2024.10.15-2024.11.15 хүртэл 1 сарын хугацаанд ченж Э.Э-н хашаанд 40/арьс/×30 /хоног/ =1200 ширхэг арьс ойролцоогоор байх боломжтой. Мөн зураг дээр бөөгнүүлээд тавьсан адууны арьс нь багцаагаар 1200 ширхэг арьс байх боломжгүй тэрнээс хамаагүй цөөхөн арьс байгаа болох нь харагдаж байгаа. Энэ арьснуудын доод талаас /хохирогч доод талаас нь гаргаж ирсэн гэж мэдүүлсэн/ нь хохирогч өөрийн гараар гаргаж ирсэн гэж мэдүүлж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байгаа. Мөн намрын дулаан цагт нойтон арьснуудыг давхарлан 1 сар хураахад үнэр орж муудна, тиймээс нойтон арьснуудыг ченжүүд 1 сар байлгаж байгаад ачуулах боломжгүй. Энэ талаар Б.Э  нь “намайг цагдаагийнхан машинд суулгаад явж байхдаа ченж Э.Э  руу утсаар ярьж 2024.10.16-ны арьс байгаа юу гэж асуухад байхгүй ачуулчихсан” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Энэ талаар гэрч ченж Э.Э  нь шүүх хуралдаан дээр 2 янзын зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч миний “танайх арьснуудыг хэд хонуулаад ачуулдаг вэ гэсэн асуултанд 10-14 хоног болоод ачуулдаг” гэсэн мөртлөө өөр оролцогчийн асуултанд 1 сар болоод ачуулдаг гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй.

Хохирогч К.Э-н бойны хашаанаас олсон гэх арьсны зурагнаас харахад нойтон шинэ арьс харагдаж байгаа бөгөөд 1 сарын туршид хашаанд агаарт байсан арьс ийм шинэ нойтон байх боломжгүй юм.  Хохирогч К.Э  нь адуунуудын зүсийг хүрэн, ягаан гэж тодорхойлдог боловч тус 1хх-13-18 хуудас дахь Хэргийн газрын нөхөн үзлэгийн зураг дээр нэг адууны арьс нь ягаан зүстэй эсэх нь эргэлзээтэй. Энэ зүсний талаар мэргэжлийн хүнээс тодруулсан, эсвэл шинжээч томилсон ажиллагаа хийгдээгүй. Хохирогч К.Э  нь адуунуудын насыг мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ хүрэн даага, ягаан хязаалан байдас гэж тодорхойлдог. Гэвч шүүх хуралдаан дээр ягаан хязаалан байдсыг шүдлэн гэж насыг зөрүүтэй мэдүүлсэн.

-Харин Б.Э  нь 2 даага ажилласан гэдэг бөгөөд гэрч ченж Э.Э-н хар дэвтэр дээр Б.Э-н өгсөн адуунуудын жинг 115 кг, 125кг гэж тэмдэглэсэн байдгаас үзэхэд энэ хоёр адууны нас нь 1 насны буюу хоёулаа даага байх боломжтой учир нь жин нь 10кг зөрүүтэй байгаа юм. Гэтэл хохирогч К.Э  нь даага түүнээс 2 насаар ах хязаалан адуугаа алдсан гэдэг бөгөөд бодит байдал дээр 2 насны зөрүүтэй адуунуудын жин нь 10 кг зөрүүтэй байх боломжгүй юм.

Гэрч ченж Э.Э  нь хэрэгт хэд хэдэн удаа мэдүүлэг өгдөг бөгөөд мэдүүлэг өгөх болгондоо үйл явдлыг өөрөөр дүрсэлдэг. Эхлээд Б.Э, Д.Б нарыг хамт махаа өгсөн юм шиг мэдүүлж байснаа сүүлд нь “аав нь бууж ирээгүй гэдэг”, мах, арьсыг авч байхад өөрөө байсан юм шигээр мэдүүлэг өгдөг хэрнээ сүүлдээ хөдөө явж байсан болдог, мөн хохирогч К.Э-н арьсыг очиж үзэх үйл явцыг хажууд нь байсан юм шигээр ярьдаг боловч сүүлдээ хажууд нь байгаагүй, ажилтан нь байсан гэдэг, арьсаа ачуулдаг хоногоо 14 хоног байдаг гэснээ 1 сар болгосон гэх мэт маш зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Эндээс тэрээр худал мэдүүлэг өгч мөрдөгч нарын нөлөөнд автсан байдал харагдаж байгаа.

Ченж Э.Э  нь “цагдаа нар нь камерын бичлэгийг шалгасан, Б.Э-н мал мах өгч буй бичлэгийг хуулаад аваад явсан” гэж мэдүүлдэг. Гэвч энэ бичлэг хэрэгт авагдаагүй. Хэрвээ энэ бичлэг хэрэгт авагдвал үйл явдлын маш олон эргэлзээтэй нөхцөл байдал тайлагдах байсан. Тухайлбал адууны арьсны зүсүүд, хэн махыг өгсөн, мах өгөхөд Б оролцсон эсэх, гэрч Э  нь тухайн цаг мөчид байсан эсэх зэрэг юм.

Иймд Д.Б, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй, нотолбол зохих байдлыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хохирогч К.Э, гэрч Э.Э  нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, Д.Б, Б.Э-н гэм буруутай эсэхийг шууд заасан нотлох баримт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл. Гэм буруугүйд тооцох 2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэж гэм буруугийн шийдвэрийг гаргасан, өмгөөлөгч нарын гаргасан санал тайлбарыг үгүйсгэсэн няцаасан үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд "Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй" гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "Тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн бол" эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж тус тус заасан  байна. Мөрдөгч ахмад Ө нь хохирогч К.Э-н үеэл буюу төрөл  садангийн холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд К.Э-н харилцаатай гэх мэдүүлэг, мөн Хэнтий аймаг дахь Иргэний бүртгэлийн газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Мөрдөгч Ө нь хохирогч К.Э-тэй төрөл садангийн холбоотой болохоо мэдсээр байж тухайн хэрэгт мөрдөн  шалгах ажиллагаа санаатай явуулсан байна. Учир нь мөрдөгч Ө  гомдол мэдээллийг хүлээн авсан даруйдаа хэргийн газарт очиж үзлэгийг явуулж, гэрч Н, Д, Д нараас гэрчийн мэдүүлэг авах дараалалтайгаар ажиллагааг явуулсан байгаа нь тухайн хэргийн хохирогч К.Э-с  мэдүүлэг авах үедээ л эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэдгээ мэдсэн атлаа үргэлжлүүлэн хэргийн газрын үзлэг явуулж, гэрч нараас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийг зөрчиж нотлох баримт цуглуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "мөрдөн шалгах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах эрхтэй" гэж хуульчилсан.

Хэнтий аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга "Э  2 адуу алдсан" гэх гомдол мэдээллийг мөрдөгч Ө-г шалгах үүргийг даалгаснаас бус тус хэрэг дээр хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан шийдвэр гараагүй байна. Гэтэл тус хэрэг дээр Г, Д  гэх мөрдөгч нар хэргийн газрын нөхөн  үзлэг, шинжээч томилох ажиллагаа, гэрч Э-с мэдүүлэг авах, камерт үзлэг хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Ө  нь Б.Э-с сэжигтнээр мэдүүлэг авахад Б.Э  нь "Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө" тухай хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад түүнээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Энэ зүйлийн 1 дэх хэсгээс бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно" гэснийг зөрчсөн байна.

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч камерт үзлэг хийсэн ажиллагаа нь хэргийг үйлдэгдээгүй байхад, өөрөөр хэлбэл цагдаагийн газарт 2 адууны гомдол мэдээлэл ирээгүй байхад мөрдөгч Долгорсүрэн камерт үзлэгийн ажиллагаа явуулж байсан байна.  

Хэргийн газрын үзлэгийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 40 минутанд эхлүүлж, 17 цаг 10 минутанд дуусгасан, 2024 оны 11 дүгээр сарын 15- өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгийг 16 цаг 30 минутанд эхлүүлж дууссан цаг байхгүй, гэрч Н, Д, Д гэх саахалт нутагладаг хүмүүсийн гэрт очиж мэдүүлэг авахдаа цаг хугацааны хувьд 1 минутын дотор 1 айлаас нөгөө айлд очиж эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авчихсан, хэргийн газрын нөхөн үзлэгт "Хохирогч К.Э  оролцож арьсыг таньж заасан" гэж бичсэн атлаа үзлэгийг гэрэл зургаар баримтжуулсан баримтан дээр К.Э-с өөр хүн адууны арьсыг заагаад зогсож байгаа зэргээр нотлох баримтыг бүрдүүлсэн байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үнэлэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй. эргэлзээгүйгээр нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж буй нотлох баримтыг шүүхээс хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж хууль эрх зүйн дүгнэлт хийнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч К.Э, гэрч Д.Н, Т.Д, Э.Х, Б.Д, Э.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйл, 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн байна.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд оролцсон байр суурь "Хэргийн үйл баримтыг нотолж буй баримтууд нь хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйл, 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нотлох баримт цуглуулсан тул Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан. Анхан шатны шүүх шийдвэртээ "Өмгөөлөгч С.Н-с Г-н ажиллагаа явуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн, Ө-н явуулсан мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийг зөрчсөн ажиллагаа байгаа тул хуульд заасан үндэслэж журмаар авагдаагүй хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэснийг дараах байдлаар няцаасан болно" гэж дурдаад зөвхөн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийг зөрчсөн гэх өмгөөлөгчийн тайлбар саналд шүүгч үгүйсгэсэн, няцаасан үндэслэлийг хийж мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасныг зөрчиж нотлох баримт цуглуулсан гэх өмгөөлөгчийн тайлбар саналыг няцааж үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт "Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийн тусгана......яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл... гэх заалтыг зөрчсөн байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой аливаа шийдвэрт тавигдах шаардлага бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүхээс Д.Б, Б.Э нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэлгүй үндэслэл муутай шийдвэр гаргажээ гэж дүгнэж байна. Мөрдөгч, прокурор хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд 1-д "Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно." гэж заасан.

Хохирогч К.Э-н алдагдсан гэх 2 адууны арьсыг хойшлуулшгүй тохиолдлоор эд мөрийн баримтаар хурааж, тооцох, бэхжүүлэх боломжтой байхад мөрдөгч прокурор энэ үүргээ биелүүлээгүй нь хуулийг зөрчсөн байна. Мөн кримналистикийн шинжээч нь шинжилгээний онцлогоос хамаарч шинжилгээний объектыг шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай шинж тэмдэг, мэдээлэл агуулсан бол тоон болон чанарын шаардлага хангахуйц бусад байдлаар ирүүлж болох журамтай. Хохирогч К.Э" хүрэн даага бүтэн сартай чандмань, ягаан буюу бор ягаан байдас гурвалжин чойндон тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн байдас сартай чойндон тамгатай" гэж мэдүүлсэн байна. Гэтэл хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан үзлэгийн тэмдэглэлд олж илрүүлсэн гэх адууны арьсанд "бүтэн сартай чандмань” тамга, "гурвалжин чойндон” гэх тамга дарагдсан байсан эсэх талаар мэдээлэл тусгагдаагүй байна. Мөн "бүтэн сартай чандмань" тамга" гурвалжин чойндон" гэх адууны тамга нь ямар шинж, хэлбэр дүрстэй тамга гэдгийг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулах шаардлагатай байхад мөрдөгч, прокурор дээрх ажиллагааг хийгээгүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тусгажээ.

Шүүгдэгч Д.Б-н мэдүүлэг: "Манай жаал хаана байна уулзъя гэхэд цагдаагийн ахмад ахаа жаал чинь юу хийсэн юм, хэргээ хүлээчих, бид нар тэнсэнгээр гаргана, анхны хэрэг юм чинь яах ч үгүй гэсэн... жаал маань уйлчихсан сууж байсан. Яасан бэ гэхэд эд нар намайг тал талаас дарамтлаад бөөр лүү нударч дарамтлаад мэдүүлэг авсан. Мөн дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь хохирогчийн үеэл буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй этгээд гэдгээ мэдсээр атал мөрдөн шалгах ажиллагаа явуулж хуулийг ноцтой зөрчсөн байтал анхан шатны шүүх мөрдөгч, прокурорын хууль бус шийдвэр үйл ажиллагаа байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Хохирогч К.Э -г: ... 2024 оны 10 сарын 15-ны өдөр хөдөөнөөс над руу танай аавын чинь өвөлжөөн дээр маш их шувуу эргэлдээд байна гээд утсаар ярьсан. Би хүргэн рүүгээ хэлсэн.... 2 адуу ажилласан байна... тэгээд шинэхэн гэдэс байна. Олон шувуу болохоор гэдэс гүзээг нь юу ч үлдээлгүй идсэн байна. ...гэхээр нь би фээсбүүкийн групп дээр манай аавын өвөлжөөн дээр 2 адуу ажиллаад явсан байна, адуу малаа бүртгээрэй хүмүүсээ гэсэн утгатай чат бичсэн. Үдээс хойш манай дүү адуунуудаа бүртгэхэд хүрэн даага, ягаан байдас хоёр байхгүй байна гэсэн. Манай адуунууд гэрээс ус уугаад гардаг, байнга тэр хавиараа байдаг адуу юм. Тэр хоёр адуу байхгүй байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэр өдөр миний утас холбогдохгүй, би аймгийн төв дээр хүүхдүүдээ дагаад байж байсан. Бүр орой 6 цагийн үед юм болов уу гэрэл тусгаж байгаад зургийг нь авсан, нэлээн харанхуй болж байхад очсон. Аймгаас 2, 3 цагдаа очсон байсан, манайд үлдсэн хэд очсон байсан.... Арьсыг Г гэх мөрдөгч дээр байхад утсаар яриад адууныхаа арьсыг таних уу гэхээр нь танина гэхэд арьс чинь байгаа гэж байна. Өөрсдөө очоод арьсан дотроос арьсаа ол гэсэн. Би ганцаараа очиход замгүй их арьстай, мөн хүйтэн байсан. Ганцаараа нааш цааш болгож дийлэхгүй нөхрийгөө ажлаас нь дуудан хоёр арьсаа олж гаргасан. ...хүрэн даага нь манай хүн өвөлжин тэжээж байгаад онд оруулсан даага юм. Мал маллаж байсан хүн өөрийнхөө адууны зүсийг мэднэ шүү дээ. Ягаан байдас нь бараандуу ягаан содон зүстэй байдас байсан. Тэрийг аав маань манай хүүд бэлэглэж байсан. Би тэр хоёрын зүсийг баттай мэдэж байсан. Зураг авсан цагдаа нь тамгыг харсан л баймаар юм. Мэдэгдэж л байна гэсэн, тэгээд зураг хөргийг нь аваад явсан. Хүрэн даага нь доороо бүтэн сартай чандмань, ягаан байдас нь гурвалжин чойндон тамгатай" гэж мэдүүлжээ.

Хохирогчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж хангалттай нотлогдоогүй, хэрэгт авагдсан бусад баримтаар хэргийн бодит байдал тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчилсан заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ж   давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь зөрүүтэй, эргэлзээтэй, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр давж заалдах гомдлынхоо агуулгыг тодорхойлсон. ...Нэгдүгээрт ...хохирогч К.Э-н алдагдсан гэх 2 адууны арьсыг эд мөрийн баримтаар хураагаагүй, хэрэгт хавсаргаагүй ноцтой алдаа гаргасан. Мөн криминалистикийн шинжээч шинжилгээний онцлогоос хамаарч шинжилгээний объектыг шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай шинж тэмдэг, мэдээлэл агуулсан бол тоон болон чанарын шаардлага хангахуйц бусад байдлаар ирүүлж болдог журамтай.

Хэргийн газрын үзлэгээр алдагдсан гэх 2 адууны арьсыг таньж олуулах ажиллагаанд криминалистикийн шинжээч оролцсон байдаг. Хохирогч К.Э-н алдсан гэх “хүрэн даага нь бүтэн сартай чандмань, ягаан буюу бор ягаан байдас нь гурвалжин чойндон тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн байдас сартай чойндон тамгатай” гэж хохирогч мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авч олж илрүүлсэн гэх адууны арьс нь бүтэн сартай чандмань тамга, гурвалжин чойндон тамга дарагдсан байсан эсэх талаарх мэдээлэл баримт хэрэгт авагдаагүй. Мөн бүтэн сартай чандмань тамга, гурвалжин чойндон тамга нь ямар шинж, хэлбэр дүрстэй тамга болохыг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий шинжээч томилон тогтоох шаардлагатай байхад мөрдөгч, прокурор дээрх ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл эдгээр тамга нь ямар шинж тэмдэгтэй, 2 адууны арьсан дээр тамга байсан эсэх, тамга байсан бол тэр нь чойндон тамга, бүтэн сартай чандмань тамга мөн эсэх, ямар шинж тэмдгээр нь чойндон тамга, бүтэн сартай чандмань тамга гэж нэрлэж байгаа эсэхийг мэргэжлийн хүнээр тодорхойлуулж хэрэгт хавсаргах ёстой байсан. Үүнийг хийгээгүй нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Ийм ажиллагааг хийгээгүйгээр хохирогч нарын заасан тамгаар алдагдсан адууны арьс мөн байна гэж таамаглал дэвшүүлэх байдлаар шийдвэрлэсэн нь мөрдөгч, прокурорын алдаа байна. Мөн анхан шатны шүүхээс дүгнэлт хийхгүй орхисон нь үндэслэл муутай болжээ гэж дүгнэж байгаа гэв.

Хоёрдугаарт, Хэрэгт авагдсан баримтаар хэргийн талаар гаргасан гомдол мэдээлэл, хохирогч К.Э-н удаа дараагийн мэдүүлгүүдийг Ө мөрдөгч авч хэрэгт нотлох баримтуудыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Ө мөрдөгч цуглуулсан байдаг. Ө мөрдөгч нь хохирогч К.Э-тэй хамаарал бүхий буюу төрөл садангийн хүн гэдгийг өмгөөлөгч нар нотолж, нотлох баримтаа хэрэгт хавсаргаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа мэдүүлсэн. Хамаарал бүхий мөрдөгчийн бүрдүүлсэн нотлох баримт нь хуульд заасны дагуу хүчингүйд тооцож, үнэлэхгүй байх үүрэгтэй байтал Ө мөрдөгчийн цуглуулсан хохирогч К.Э-н мэдүүлэгт үндэслээд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Д.Б-н мэдүүлэгт “цагдаагийн ахмадаас манай жаал хаана байна. Уулзъя гэж асуухад ахаа жаал чинь юу хийсэн юм. Хэргээ хүлээчих. Бид нар тэнсэнгээр гаргана. Анхны хэрэг юм чинь яах ч үгүй гэж хэлсэн. Жаал маань уйлчихсан сууж байсан. Яасан юм бэ? гэхэд эд нар намайг тал талаас дарамтлаад мэдүүлэг авсан гэж хэлсэн” гэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн, дарамталж шахсан байдлаар мэдүүлэг авсан байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, энэ байдлыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Гуравдугаарт, хохирогч К.Э-н мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөгч, прокурор тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, бусад нотлох баримт, эх сурвалжаар тогтоогоогүй байхад анхан шатны шүүх энэ дээр дүгнэлт хийгээгүйгээр шийдсэн нь хуулийг зөрчиж байна. 2 адуу алга болсон гэх нотлох баримтууд хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан хохирогчийн мал тооллогын  баримтаас харахад 2 адуу алга болсон гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй. 2 адууны 1-ийг бэлгэнд авсан гэж хохирогч мэдүүлсэн байдаг. Үнэхээр бэлгэнд 2 адуу авсан эсэх, бэлгэнд өгсөн этгээдийг хэрэгт асууж тодруулах ажиллагаануудыг хийх ёстой байсан. Үнэхээр ийм 2 адуу байсан эсэхийг хангалттай тогтоогоогүй эргэлзээтэй байхад эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч нар олон асуудлаар гомдол гаргадаг. Гомдол гаргасан асуудлаар прокурор өөрөө “хууль зөрчсөн зүйлээ өөрөө залруулъя. 60 хоногийн хугацаа өгөөч” гэж хүсэлт гаргаад байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж байна. Мөрдөгч, прокурор энэ хэргийг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын зүгээс улсын бүртгэлийн хэлтсээс К.Э нь Ө мөрдөгчтэй үеэлүүд гэсэн баримтаа өгөөд анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Энэ асуудлыг анхан шатны шүүх няцаахдаа Ө-н хийсэн ажиллагаа нь орвонгоор нь эргүүлсэн, байхгүй зүйлийг байгаа мэтээр бичсэн ч юм уу ийм хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт биш байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч К.Э анхнаасаа Ө-г хэрэг шалгахаар ирж байхад мэдэж байсан гэж хэлдэг. Тэгэхээр энэ мөрдөн шалгах ажиллагаа эхлэхдээ хууль зөрчиж эхэлсэн. Гомдол мэдээлэл хүлээн авахаас эхлээд бүх ажиллагааг Ө  мөрдөгч хийсэн байдаг. Үүнийг хууль бус арга хэрэгслээр цуглуулсан нотлох баримт биш гэж үгүйсгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий гараагүй байна.

 Хоёрдугаарт анхан шатны шүүх хохирогч К.Э  үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй учраас түүний мэдүүлэг үнэн зөв гэсэн утга бүхий дүгнэлт гаргасан. Хохирогч 2 адуугаа алдсан 1 үйл явдлын талаар мэдүүлдэг. Ингэж мэдүүлчхээд байхад мөрдөгч 4, 5 удаа мэдүүлэг авсан байдаг. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй юм бол тэр мэдүүлэг нь 1-2 удаа бэхжигдсэн байх ёстой. Гэтэл хэрэгт хохирогчийн мэдүүлэг 4, 5 удаа авагдсан нь хэрэгт эргэлзээтэй нотлох баримтууд гарч ирэхээр өөр нотлох зүйл байхгүй болохоор мөрдөгч хохирогч К.Э-с эргэлзээтэй зүйлээ тааруулаад нотлуулаад дахиад мэдүүлэг авчихдаг. Энэ 4, 5 удаагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Мөн алдсан 2 адуугаа эхлээд даага, шүдлэн гэж байснаа шүүх хуралдаан дээр хязаалан болдог. Ингээд нэг зүйлийг нэг  янзаар мэдүүлэг өгөх ёстой байтал олон янзаар мэдүүлэг өгдөг.

Мөн хэрэгт ченж Э  олон удаа мэдүүлэг өгсөн байдаг. Хамгийн гол нь мөрдөгч, прокурор энэ 2 хүний мэдүүлгээр хулгайн үйлдлийг нотолж байна  гэж үзэж байгаа. Гэхдээ ингэж олон удаа мэдүүлэг авч байгаа нь шалтгаантай байна гэж харагдаж байна.  10 дугаар сарын 15-ны өдөр 2 адууг аваачиж өгсөн гэсэн зүйл яригддаг. Тэгээд 1 сарын дараа шалгалтын ажиллагаагаа хийгээд Э-н утаснаас ченж Э  руу залгаад “10 дугаар сарын 15-ны өдрийн арьс байна уу гэхэд манайх 14 хоноод арьсаа явуулчихдаг. Тийм арьс байхгүй” гэж ярьсан байдаг. Ингээд 1 сарын дараа хохирогч ченжийн хашаанаас өөрөө арьсаа олсон гээд зургийг олоод бэхжүүлээд хавтаст хэрэгт хавсаргадаг. Олдсон арьс нь Э-н тушаасан махны арьс гэж маргадаг. Шүүх хуралдаан дээр “хохирогч К.Э-с ямар шинж тэмдгээр арьсыг гаргаж ирсэн юм бэ? гэхэд би тамга, зүсээр нь ялгасан” гэдэг. Тамгаар нь ялгасан юм бол тухайн үед нь мөрдөгчид хэлээд тамганы зургийг дарах ёстой байсан. Тэгээд тамга дээр нь үзлэг хийгээд дараа нь шинжээч томилох ажиллагаа хийгдэх ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр “тамга харахгүй байна гэхээр тамгатай байсан” гэдэг. Тэр нь юугаар нотлогдох юм бэ? гэхэд ченжийн хашааны бичлэгийг мөрдөгчид авсан гэж хэлсэн. Тэгээд ченж Э-с энэ бичлэгийн талаар асуухад тухайн үеийн бичлэгийг мөрдөгчид өгсөн гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт бичлэг нь бэхжигдээгүй байдаг.   

Мөн Э-н мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй. Эхлээд би байсан, махыг авсан мэтээр яриад байгаа юм шиг дараа нь хөдөө явж байсан байгаагүй гэдэг. Сүүлдээ 2 хохирогчийг арьсаа үзэж байхад хажууд нь байсан мэтээр мэдүүлэг өгчихөөд дараа нь байгаагүй өөрсдөө ирж олж авсан гэдэг. Ийм зөрүүтэй мэдүүлгүүд байхад  гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй оролцогч нар учраас мэдүүлэг нь үнэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа.

...анхан шатны шүүх Э-н мэдүүлэг зөрүүтэй ч гэсэн ноцтой зөрүү байхгүй гэж дүгнэсэн. Нотлох баримт гэдэг нь гэм бурууг зааж байгаа, хөдөлбөргүй тогтоогдсон зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр ингэж дүгнэх ямар ч үндэслэл байхгүй. Тамга, цаг хугацаа, тамга дээр шинжээч томилоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй талаар хангалттай ярьсан. Дээрээс нь жингийн асуудал байдаг. Яллах талын гол нотлох баримт гэж үзээд хохирогч К.Э-н хар дэвтрийг канондож хавсаргасан байдаг. Эх хувь нь байхгүй. Энэ дэвтэр дээр ченж Э-г 115 кг, 125 кг махыг өгсөн гэсэн байдаг. 2 малын насны зөрүү байгаа. Даага 115кг байлаа гэхэд түүнээс 2 насаар өндөр малын мах 10 кг зөрүүтэй байх боломжгүй. 50, 60 кг зөрүүтэй байх ёстой. Хохирогчийн алдсан гэх мал 2 насны зөрүүтэй гэдэг. Энэ дээр Э-н 2 даага зарсан гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй байна. Тэгэхээр 10 кг зөрүүтэй 2 даага байж болох юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжигдсэн байгаа. Д.Б, Б.Э нарыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгай хийсэн гэдгийг шууд заасан нотлох баримтууд байхгүй. Шууд заасан гэх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй. Хохирогч Э, гэрч Э хоёрын мэдүүлгийг тааруулж авсан. Нэг зөрүү гарч ирэхээр тэрийгээ тааруулахын тулд энэ хоёр хүнээс мэдүүлэг авдаг байдал харагддаг. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр процессын зөрчил байна гэдэг асуудлыг ярихаар ноцтой асуудал биш, хэргийн газрыг орвонгоор нь эргүүлээгүй байна, худлаа нотлох баримт бүрдүүлсэн гэдэг нь нотлогдоогүй байна гээд энэ хэрэг нотлогдсон гэдэг хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анх хэргийг шалгасан мөрдөгч Ө нь хохирогч К.Э-тэй үеэл. Гомдол мэдээлэл авсан даруйдаа хэргийн газрын үзлэг хийхгүйгээр К.Э-с мэдүүлэг авах ажиллагааг хийсэн. Мөрдөгч Ө  нь гомдол мэдээлэл авсан даруйдаа манай үеэл гэж ухамсарлах ёстой байтал мэдүүлэг, хэргийн газрын үзлэг гээд бүх ажиллагааг хийсэн байдаг.

Хоёрдугаарт Ө  мөрдөгчийн дараа Г  гэдэг хүн ажиллагаа хийдэг. Г  гэдэг хүнийг хэрэгт оролцох талаар чиг үүргийг өгсөн баримт байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг зөрчсөн.

Гуравдугаарт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн үйл баримт болсон байхад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр камерын үзлэг хийсэн байдаг. Хэргийн газрын үзлэгийг 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагт эхэлсэн мөртлөө 17 цагт дууссан байгаа. Цаг хугацааны баримжаа байхгүй. Хэргийн газрын нөхөн үзлэгээр арьсны тамга тэмдгийг шинжлэх ажиллагааг хийхэд эхэлсэн, дууссан цаг байхгүй.

Анхан шатны шүүх гэрч Н, Д, Д нарын мэдүүлгийг үндэслээд шийдвэр гаргасан. Энэ дээр цаг хугацаа байхгүй.  Н, Д, Д нар нь саахалт айлууд. Энэ гурван айлаас 1 минутын зайтай мэдүүлэг авсан байдаг. Энэ ажиллагаанууд анхнаасаа хуурамч байна. Хэргийн газрын үзлэгийн цаг хугацааны баримжаа, гэрч нараас мэдүүлэг авч байгаа цаг хугацаа бүх ажиллагаа хууль зөрчсөн харагддаг.

Шүүх хуралдаан дээр гэрч Э мэдүүлэг өгөхдөө Гантөмөр гэдэг байцаагч үзлэг хийхдээ Д.Б, Б.Э нар адууны арьс өгч байх үеийн манай бичлэгийг аваад явсан гэдэг. Энэ бичлэгийг яагаад хэрэгт хавсаргаагүй юм бэ?

Хохирогч К.Э-н мэдүүлэгт тулгуурлаж дүгнэлт хийсэн гэж гомдол гаргасан. Хэрэгт хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй. Яагаад гэвэл К.Э  ягаан, хүрэн байдас хулгайд алдсан гэдэг асуудал ярьдаг.  ...К.Э-с танай ойр хавьд ягаан, хүрэн байдастай айл байгаа юу? гэж асуухаар байгаа  гэдэг. Та юугаар нь таньсан бэ? гэхээр тамга тэмдгээр нь таньсан гэдэг. Тэгэхээр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн баримтаар хохирогч К.Э-н тамга тэмдэг байхгүй.

Энэ дээр криминалистикийн шинжээч оролцоод 2 арьсан дээр үзлэг хийгээд тамгыг гаргаж ирээгүй. Үүнийг криминалистикийн шинжээч орхино гэдэг ойлголт байхгүй. Санаатай үйлдэл үү, санамсаргүй үйлдэл үү энэ дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

Д.Б, Б.Э нар нь хувийн малтай. Энэ хүмүүс өөрийнхөө малыг ажилласан гэдэг үйл баримт байдаг. Үүнтэй холбоотой Д.Б, Б.Э нар малтай эсэх,  ягаан, хүрэн байдас байдаг эсэх, зэргэлдээх айлуудад ягаан, хүрэн байдас байгаа эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй.

...Шүүх хуралдаан дээр хохирогч К.Э  нь манай дүү Өлзийбат ирээд хэргийн газрын үзлэг хийсэн гэдэг. Та ямар хамааралтай юм бэ? гэхээр манай үеэл гэж хэлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа байх. Энэ нөхцөл байдал дээр анхан шатны шүүх яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм. Нэгэнт хуульд мөрдөгч, прокурор, шүүх хамаарал бүхий нөхцөл байдал үүссэн байх юм бол шууд ажиллагаа зогсох ёстой. Энэ ажиллагааг зогсоохгүйгээр санаатай нотлох баримт бүрдүүлж байгаа энэ асуудал цаашлаад маш олон асуудлыг дагуулж байгаа. Хэзээ гарсан гомдол мэдээллийг Өлзийбат оруулж ирээд шалгаад байгаа юм. Цаг хугацааг нь тааруулсан ч юм уу. Хохирогчийн хэлсэн шиг 2 тамга байсан юм уу. Үгүй юм уу. криминалистикийн шинжээч нь тухайн зургийг аваагүй юм уу. Магадгүй төрөл садангийн биш хүн байсан бол тамга дээр маргаад байгаа юм чинь тамганы зургийг ав. Байхгүй бол тэмдэглэлд тусга гээд нөхцөл байдал тодорхой болох байсан. ...Энэ асуудал дээр анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь эргэлзээ үүсгэж байна. Прокурорын байгууллагын хуулийг нэг мөр хэрэглэх зорилтыг хэрэгжүүлээгүй. Энэ асуудал дээр прокурор 60 хоногийн хугацаа авах хүсэлтийг гаргасан.  Энэ хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учраас өмгөөлөгч нараас гомдол гаргасан. Энэ гомдлыг хүлээж аваад хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэргийг дахин тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөвөөр  хэрэгт хамааралгүй этгээдээр хэргийг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Н.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Ө  гэдэг мөрдөгч хохирогч К.Э-тэй хамаарал бүхий хүн болох нь шүүх хуралдаан дээр мэдэгдсэн. Энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. Өмгөөлөгч нар төрөл садангийн баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгөхөд мэдсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би урьд нь ийм газарт орж ирж байгаагүй. Би хавтаст хэрэгтэй танилцаагүй. Шүүх хуралд орж ирээд сонсож байхад манай жаал адуугаа ажиллачихаад явъя гэсэн. Махны жин тодорхой, мөнгөн дүн нь гараад ирсэн байсан. Хязаалан адуу, даага хоёрын хооронд доод тал нь 40 кг зөрүү байх ёстой. Миний хүүгийн 2 даага дээд тал нь 35-с дээш татдаг. Махны үнэ 2 адуу 1,200,000 төгрөг болсон. Сүүлийн жилд ганц хязаалан адуу 1,200,000 төгрөгөөс дээш болж байгаа. Камерын бичлэг дээр гомдолтой байна. Би 4 сар цагдан хориход байлаа. Би ирэх жил тэтгэвэрт гарах гэж байгаа. Би улсад 20 гаруй жил ажиллаж байгаа. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э  нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд: “...Надад нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж, Н.Ж, С.Н нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Б, Б.Э нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Э нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 15-аас 16-ыг шилжих шөнө Х аймгийн Х  сумын ... дугаар баг Ч гэх газарт бэлчээрт байсан К.Э-н адуунаас 2 тооны буюу ягаан зүсмийн чойндон тамгатай хязаалан насны байдас, хөвчтэй сартай чойндон тамгатай сартай хүрэн зүсмийн даага зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т   зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүх: Шүүгдэгч Д.Б, Б.Э нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж  шийдвэрлэжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасан.

 

Өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар эргэлзээгүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан, дутуу хийсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу шалгаж хэрэгт хавсаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар санал тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий няцаалт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хууль зөрчиж бүрдүүлсэн болон дутуу нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн ба шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, ... гэмт хэргийг хэн үйлдсэн, ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ...зэргийг ...нотолно...” гэж заасан бөгөөд хэрэгт зайлшгүй шалгаж тодруулах мөрдөн шалгах дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай байна.

 

1. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан зарим нотлох баримтуудыг хохирогчийн садангийн хүн буюу мөрдөгч Ц.Ө цуглуулж бэхжүүлсэн талаар өмгөөлөгч нар тайлбарласан ба энэ үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2,  10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа тул тухайн мөрдөгч нь хохирогчтой садан төрлийн холбоотой эсэхийг шалгаж тогтоох, садан болох нь тогтоогдвол түүний цуглуулсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дахин шалгаж цуглуулах,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хаана, ямар хаяг байрлалд, хэний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөд үзлэг хийсэн, эзэмшигчийг байлцуулсан эсэх нь тодорхойгүй, тэмдэглэлийн зарим үг, үсэг нь гаргацгүй бичигдсэн, үзлэгт оролцсон хүмүүсийг бүрэн тусгаагүй, үзлэг дууссан цагийг бичээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5,  28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, гэмт хэргийн ул мөр агуулсан эд зүйл /арьс/-ийг эд мөрийн баримтаар хурааж, үзлэг хийгээгүй мөрдөн шалгах ажиллагааны алдаа гаргасан, хохирогч К.Э-н мэдүүлэгт “...Зураг авсан цагдаа нь тамгыг ...Мэдэгдэж байна л гэсэн, тэгээд зураг хөргийг нь аваад явсан...” гэж /1хх-ийн 110 хуудас/, шүүгдэгч шүүх хуралдаан дээр өөрийн ажилласан 2 адууг “...сартай шувуу тамгатай...миний 2 арьс цагаан үстэй /азотоор дарсан/ тамгатай...” гэж /2хх-ийн 169-170 хуудас/ мэдүүлсэн байна.

Иймд үзлэгт оролцсон хүмүүсийг нэг бүрчлэн гэрчээр асууж үзлэг хэрхэн явагдсан, арьсыг хэрхэн олсон, тамга тэмдэг байсан эсэх, зургийг нь авсан эсэх, зүс нь ямар байсан, өөр содон шинж тэмдэг байсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн тодруулах, тамга байсан эсэхийг харуулсан зураг нь байгаа бол хэрэгт хавсаргах,

 

3. Гэрч Э.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...цагдаагийн газраас ...тухайн үед бичлэгийг хуулбарлаж авсан...” талаар /2хх-ийн 181 хуудас/ мэдүүлсэн тул хэн гэх албан тушаалтан ямар байдлаар хуулбарлаж авсаныг тодруулж, бичлэгийг олж хэрэгт хавсаргах, бичлэгийг үзсэн харсан хүмүүсийг гэрчээр асуух,

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан И-баримтууд, сумны хайрцаг зэргийг хэн авч явж тухайн газар үлдээснийг тодруулж шалгах, мал ажиллахдаа буу, зэвсэг хэрэглэсэн эсэхийг гүйцэд шалгах,

5. Шүүгдэгч Д.Б-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...адуу ажиллаж ирээд аймаг явъя гэсэн ...Оросоогийн У, П.О  2 машинд дайгдаж ирсэн...” гэж /2хх-ийн 162 хуудас/ мэдүүлсэн, гэрч Э.Э  шүүх хуралдаанд “...камерын бичлэгийг А үзсэн ...адууны арьс, махыг А  авсан...” талаар мэдүүлсэн тул дээрх хүмүүсийг гэрчээр асуух,

6. Хохирогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн бөгөөд алдсан адуугаа гаргуулахаар шаардлага гаргасан тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хохирогч нь шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтад шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахад төлсөн 30.000 төгрөгөө гаргуулах талаар тэмдэглэсэн /1хх-ийн 88 хуудас/  байх тул иргэний нэхэмжлэгчийг асууж нэхэмжилж байгаа шаардлагыг нь тодруулах,

Мөн хохирогч алдсан адуугаа хязаалан, шүдлэн гэж зөрүүтэй мэдүүлсэн тул мэдэх гэрч нарыг асуух,

7. Хэрэгт О.Ч-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож /2хх-ийн 162 хуудас/, Тоёота Приус-30 маркийн 54-92 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжилэх тухай тогтоолоор битүүмжилсэн боловч битүүмжлэлийг хэрэгжүүлсэн эсэх баримтыг хэрэгт хавсаргаагүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хэн болох талаар зохих лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргаагүй, ямар үндэслэлээр эд хөрөнгийг нь битүүмжилж байгаагаа хөрөнгийн эзэнд нь мэдэгдээгүй, түүнээс мэдүүлэг аваагүй байх тул уг ажиллагаануудыг гүйцээж хийх  зэрэг ажиллагаа болно.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж, Н.Ж, С.Н нарын давж заалдсан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлуудыг харгалзан тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2,  14.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж, С.Н, Н.Ж  нарын давж заалдсан гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Д.Б, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.