| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1159/Э |
| Дугаар | 1194 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1194
2018 08 21 2018/ШЦТ/1194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Хохирогч С.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806052991249 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн орчимд иргэн С.Түмэн-Өлзийг Тоёота Волтз маркийн тээврийн хэрэгсэл дотор нь хоолойн тус газарт нь хутга тулган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10 цаг 50 минутын орчимд би Сандай худалдааны төвийн орчим өөрийн эзэмшлийн 08-76 УНЧ улсын дугаартай тоёота волтз загварын авто машинтайгаа явж байхад зам дээр 20 орчим насны залуу гараа өргөхөөр нь би авчихсан юм. Уг залуу миний машины арын сандал дээр суусан. Улиастай орно гэж хэлсэн. Тэгээд явж байгаад цагдаагийн хангалт руу эргэчих гэж хэлсэн. Цагдаагийн хангалт руу ордог уулзвараар эргэж ороод 300 орчим метр явахад араас уг залуу зүүн гараараа миний хоолойноос татаж, баруун гартаа цаасны хутга мэт зүйл барьчихсан миний баруун гүрээний орчимд тэр зүйлээрээ дараад чимээгүй байгаарай гэж хэлэхээр нь би шууд гар болон хутгатай нь зууралдтал уг залуу шууд машинаас бууж зугтаасан. Би араас нь машинтайгаа болон явганаар хөөгөөд ч гүйцээгүй. Уг залуу хангалтын орчимд ертөнцийн зүгээр зүүн тийшээ гэр хороолол дундуур гүйгээд зугтаачихсан. Tap залуу зугтаахдаа цүнхээ унагаачихсан байсан ба цүнхэнд нь түүний бичиг баримтууд байсан. Надаас ямар нэг эд зүйл аваагүй, эд зүйл нэхээгүй. Хүзүүний баруун хэсэгт хутга мэт иртэй зүйл тулгаад л чимээгүй байгаарай гэж хэлсэн. Би тэр даруй эсэргүүцэл үзүүлж тэр зугтаасан. Миний хүзүүний баруун хэсэгт, мөн баруун гарын ядам хуруу орчимд эсгэгдэж зүсэгдсэн байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Уг хүүхдийг барьж авч хууль журмын дагуу шийдвэрлүүлмээр байна. Гомдолтой байна. Тухайн миний хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх нь гүн орсон бол үхэх байсан. Мөн миний тархи хөдөлсөн байсан. Би хувийн эмнэлэгт биеэ үзүүлж шархаа цэвэрлүүлж дотроосоо эм уусан. Тэр эмнэлгийн нэрийг нь би мэдэхгүй байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ард байдаг эмнэлэгт үзүүлж цэвэрлүүлсэн. Надад баримт яг одоогоор алга. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад эмнэлэгт үзүүлсэн баримт гэх зүйл байхгүй. Эмчилгээнд гарсан зардлын баримт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 7325 дугаартай:
С.Түмэн-Өлзийгийн биед хоолой, баруун гарын дунд, ядам хуруунд шарх, зулгаралт шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/
Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10:00 цагийн орчим Халдвартын эмнэлгийн орчмоос гap өргөн таксинд суусан. Тэгээд ботаник өнгөрөөд цагдаагийн хангалтын гудамжаар явсан. Таксины жолоочид хутга тулгаж таксины мөнгө байхгүй хөдөлбөл ална шүү гэж хэлсэн. Тэгтэл тэр таксины жолооч шууд эсэргүүцэл үзүүлж миний гарнаас барьсан. Тэгэхэд хутга унасан. Тэгээд машинаас хамт буусан. Би зугтаасан. Тэгээд л зугтчихсан. Гэртээ байхад цагдаагийн газраас манай ээж рүү залгахад би ээжийнхээ хамтаар цагдаагийн газар ирсэн. Тэр хутга тэндээ унаад үлдсэн. Иш нь машинд үлдэж ир нь газар унасан. Би тэр хутгыг гэрээсээ авсан. Махны хуванцар иштэй ахуйн зориулалт бүхий хутга байсан. Би тэр өдрөөс 3 хоногийн өмнө аавтайгаа ажилд явах гээд хутга аяга халбага авч явж байсан. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Таксины мөнгөгүй байсан. Яаралтай явах хэрэгтэй байсан учираас л ийм зүйл хийсэн. Цүнхэнд байсан хутгаа гудамж руу эргэхэд цүнхнээсээ авсан юм. Би ахынхаа гэрлүү явж байсан ба манай ахынх тэнд байдаг юм. Тухайн үед миний цүнхэнд 1.300 төгрөг байсан. Тухайн өдөр би бор өнгийн саравчтай малгай, хар өнгийн цахилгаантай цамцтай, хар өнгийн жинсэн өмд саарал өнгийн гуталтай явж байсан. Хутгаар таксины жолоочийг гэмтээснээ би мэдээгүй. Тухайн үед ямар нэгэн цус гараагүй. Хутга тулгасан. Харин эд зүйл, мөнгө нэхээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-30/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч С.Түмэн-Өлзий нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаар нотлох баримт гарган хавтаст хэрэгт хавсаргаж шүүгдэгч Б.Эоос хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна гэж байх учир түүний хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ