Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 218/МА2022/00015

 

 

******* ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 139/ШШ2022/00176 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын чанарт хяналт тавих лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүрэгт 27000000 төгрөг гаргуулах тухай

хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2018.05.25-ны өдөр *******тай №ДУГАОНӨГ/201812009 Барилгын материал чанарт хяналт тавих лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, нийт 46 тоо бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг 54 сая төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон болно. Манай компани нь дээрх гэрээний дагуу нийт 44 тоо бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг 2018 оны 7 дугаар сард захиалагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт нийлүүлсэн. Үлдэх хоёр төхөөрөмж буюу шмитийн алх, дулааны алдагдал тогтоогч багажуудыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Өөрөөр хэлбэл тухайн хоёр тоног төхөөрөмжийг БНХАУ-аас импортоор оруулж ирэхээр захиалсан боловч хугацаандаа ирээгүй болно. Манай компаний зүгээс үлдэгдэл хоёр төхөөрөмжийг нийлүүлэх хугацааг сунгах тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан. Үүний дагуу хамгийн сүүлд 2018.11.30-ны өдөр хүлээлгэн егөхөөр харилцан тохиролцож мөн хугацаандаа нийлүүлээгүй байсан шмитийн алх, дулааны алдагдал тогтоогч багажуудыг хүлээлгэж өгсөн. Захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний 50 хувь буюу 27000000 төгрөгийг 2018.10.05-ны өдөр манай компанийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл төлбөр болох 27000000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй байгаа болно. Иймд дээрх гэрээний дагуу бид нийлүүлэх ёстой 46 тоо бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг зохих ёсоор нийлүүлж, хүлээлгэн өгсөн учраас үлдэгдэл 27000000 төгрөгийг захиалагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг тус шүүхээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Баян-Эрдэнэ гэдэг гүйцэтгэх захирал байж байгаад Батчимэг болсон учир Батчимэг нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэсэн агуулгаар нэхэмжлэлийг буцаасан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг нь зөвтгөж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч *******тай барилгын материал чанарт хяналт тавих лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж нийт 46 тооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг 54000000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Ямар нэр бүхий тоног төхөөрөмжүүд вэ гэдэг талаар шүүхэд нотлох баримтаар өгсөн учир нэг бүрчлэн дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Манай компани дээрх гэрээний дагуу 44 ширхэг тоног төхөөрөмж багаж хэрэгслүүдийг 2018 оны 7 дугаар сард захиалагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт нийлүүлсэн. Үлдсэн 2 тоног төхөөрөмж буюу шмитийн алх, дулааны алдагдал тогтоогч багажуудыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тус 2 тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад ард улсаас импортоор оруулж ирэхээр захиалсан боловч хугацаандаа ирээгүйгээс болж захиалагчид хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Энэ талаар захиалагч талд албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан. Манай компанийн зүгээс үндсэн гэрээтэй холбоотой асуудлаар албан бичгээр болон утсан холбоогоор харилцана гэж заасны дагуу *******т үлдэгдэл 2 тоног төхөөрөмжийг нийлүүлэх хугацааг сунгах тухай албан бичгийг тухай бүрд нь хүргүүлж байсан. Үүний дагуу хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сард 2 тоног төхөөрөмж буюу шмитийн алх, дулааны алдагдал тогтоогч багажуудыг хүлээлгэж өгөхөөр гэрээний хугацааг сунгах хүсэлтийг хүргүүлж уг хугацаандаа захиалагчид хүлээлгэж өгсөн болно. Захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний 50 хувь буюу 27000000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр манай компанийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл төлбөр болох 27000000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Төлөөгүй шалтгаанаа санхүүжилт орж ирсний дараа төлнө гэж мэдэгдэж байсан. Бид 46 тооны багаж тоног төхөөрөмжийг зохих ёсоор нийлүүлсэн учир үлдэгдэл 27000000 төгрөгийг; захиалагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж бидний хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч талын тайлбар, агуулга:

Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барилгын материалын чанарт хяналт тавих лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах төсөв батлагдаж тендер зарлан ******* ХХК шалгарсан. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус гэрээний 5.3 болон 5.4-т заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 09-ний дотор нийлүүлэхээр тусгагдсан боловч 7 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр гэрээ сунгах хүсэлт ирүүлснийг харгалзан үзэж харилцан тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийлүүлэх гэрээ байгуулж нэмэлт хугацааг сунгасан. Гүйцэтгэгчээс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 8 дугаар сарын 15-ны өдөр А/355 дугаартай захирамжаар тухайн тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсэг томилж ажиллуулсан. Нийт 46 тоног төхөөрөмж нийлүүлэхээс 26 нэр төрлийн тоног төхөөрөмж нь техникийн үзүүлэлтийн дагуу, 2 тоног төхөөрөмж ирээгүй, 1 тоног төхөөрөмж ажиллахгүй, 17 тоног төхөөрөмж нь техникийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй байсан. Тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авах комиссоос ирээгүй 2 тоног төхөөрөмж, 1 ажиллахгүй тоног төхөөрөмж, техникийн үзүүлэлтийн шаардлага хангаагүй 17 тоног төхөөрөмжийг 14 хоногийн дотор дахин нийлүүлэх тухай хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тухайн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс гэрээний 13-т заасны дагуу 4536000 төгрөгийн алданги тооцсон тухай ******* ХХК-д албан бичиг хүргүүлсэн. Тухайн компани 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээгээ сунгуулах хүсэлтийг дахин ирүүлсэн. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээгээ сунгасан. Тухайн компаниас тавьсан хүсэлтийн дагуу тоног төхөөрөмжийн үнийн 50 хувь болох 27000000 төгрөгийг шилжүүлсэн. Тус компанийг техникийн үзүүлэлт хангаагүй тоног төхөөрөмж мөн дутуу тоног төхөөрөмжөө нийлүүлсний үндсэн дээр үлдэгдэл мөнгөө шилжүүлэхээр ярилцсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын материалын чанарт хяналт тавих үйл ажиллагааг одоог болтол саатуулж хохироосон үйл ажиллагаа байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээж авах комисс Засгийн газрын 221 дүгээр тогтоолын дагуу тоног төхөөрөмж хүлээн авах актыг албан ёсоор баталгаажуулаагүй учир энэ ажлыг хүлээж аваагүй. Гүйцэтгэгч компаниас 2 тоног төхөөрөмж хил хаагдсаны улмаас гэж ярилаа. Хил хаагдсан гэдэг талаар баримт байхгүй. Тухайн 2 тоног төхөөрөмжийн мөнгөн дүн нь техникийн тодорхойлолт дээр 15400000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж байгаа. Үүний санхүүжилтийг манайхаас өгөх боломжгүй. Шаардлага хангахгүй байгаа 17 тоног төхөөрөмж болон 1 тоног төхөөрөмжийг шалгахад ажиллаагүй. Эдгээр 18 тоног төхөөрөмж шаардлага хангаагүй гэдгээр санхүүжилт олгоогүй. Шаардлага хангасан 26 тоног төхөөрөмжийн санхүүжилтийг олгосон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тодорхой хэлэх тайлбаргүй гэв.

3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 27000000 /хорин долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292950 /хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 292950 /хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 /Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй./ дахь хэсэг нь эд хөрөнгийн баталгаат хугацааны талаар яригдах асуудал тул эд хөрөнгө хүлээн авах ажиллагаатай холбон үзэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т заасны дагуу гүйцэтгэгч талаас гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн тул худалдан авагч талаас уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзан 14 хоногийн дотор шаардлага хангаагүй болон дутуу тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөх талаар ажлын хэсгийн тэмдэглэлд тусгасныг шүүх дүгнэж үзээгүй. Тоног төхөөрөмж хүлээн авах комиссоос дээрх техникийн үзүүлэлт хангаагүй 17, ажиллахгүй байсан 1, огт ирээгүй 2 тоног төхөөрөмжийг тус тус 14 хоногийн дотор дахин нийлүүлэх тухай хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийг шаардсан боловч хугацаандаа нийлүүлээгүй тул аймгийн Засаг даргаас тоног төхөөрөмж хүлээн авах комиссоос өгсөн үүрэг даалгаврын хугацаа хэтэрсэн, гэрээний дагуу бараа материалаа нийлүүлээгүй тул гэрээний ерөнхий нөхцөлийн дагуу гэрээ цуцлах хүртэлх арга хэмжээ авах талаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 1/969 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй.

Аймгийн Засаг даргын тамгын газраас ******* ХХК-тай холбоотой уг асуудлаар гаргасан өргөдөлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай эвлэрүүлэн зуучлагч Д.Улаанаас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаар бичгээр хариу өгсөн.

Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32019/070453 дугаар бүхий аймгийн Засаг даргын ******* ХХК-тай холбоотой гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарган хүргүүлсэн байна. ******* ХХК-тай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад удаа дараа хандаж байсан талаар шүүхийн шийдвэр гарах үед хариуцагчийн зүгээс мэдээгүй байсан.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам-ын 4.13. / Захиалагч худалдан авсан тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа энэ журмын долоодугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу акт үйлдэж, тамга, тэмдгээр баталгаажуулна Захиалагч шаардлагатай гэж үзвэл тоног төхөөрөмж хүлээн авах комисс ажиллахаас өмнө тоног төхөөрөмжийг ажиллуулж шалгаж хүлээн авна/, 4.17./Захиалагч шинээр баригдсан барилга байгууламж, их засварыг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад хүлээн авна./-д заасны дагуу тоног төхөөрөмжийг ажлын хэсэг хүлээн авсан акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт санхүүжилтийг олгоно гэж гэрээнд заасан. Гэтэл техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй болон дутуу тоног төхөөрөмж нийлүүлсэн асуудлыг шүүх анхааралгүй нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 1. Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо "Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийг эд хөрөнгийн баталгаат хугацааны талаар яригдах асуудал тул эд хөрөнгө хүлээн авах ажиллагаатай холбон үзэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх нь үндэслэлгүй байна гэжээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд зааснаар гомдол гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа гэсэн 2 хугацааг шүүх нэг агуулгаар тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу хариуцагч ******* нь гэрээний зүйл болох 46 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авсан хэдий ч өнөөдрийг хүртэл дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу манай "******* ХХК-д шаардлага гаргаж байгаагүй болно. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийг зөв тайлбарласан, хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практик, анхаарах асуудал 02 дугаартай зөвлөмжид худалдах. худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн доголдлын талаар ... гэрээгээр тохирсон эд хөрөнгийн тоо хэмжээ дутсан, зарим хэсэг доголдолтой байх тохиолдол бүрийг биет байдлын доголдолтой гэж үздэггүй онцгой тохиолдлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т заасан байдаг. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж хуульд заажээ. Энэхүү заалтад зааснаар эд хөрөнгийн доголдол нь ноцтой биш бөгөөд уг эд хөрөнгө нь худалдан авагчийн зорилгыг бүрэн хангаж байвал эд хөрөнгийг доголдолтойд тооцохгүй гэсэн санаа байна. Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийг доголдолтой гэж үзэж, шаардлага гаргасан тохиолдолд гэрээний зүйл доголдолтой эсвэл доголдолгүй эсэх талаар шүүх зохих эрх зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой гэж худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн доголдлын талаар тусгайлан тайлбарласан байдаг.

Улсын дээд шүүхийн дээрх зөвлөмжид зааснаар хариуцагч нь худалдаж авсан эд хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хуульд заасны дагуу хүлээн авснаас хойш 6 сарын дотор гаргасан тохиолдолд шүүх зохих эрх зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой гэж заасан байна. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан эд хөрөнгө болох 46 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авч акт үйлдсэнээс хойш манай компанид гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл шаардлага гаргасан талаар нотлох баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчийг шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн болно.

Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар нь бид гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэхдээ доголдолтой байсан тул одоог хүртэл ашиглаагүй байгаа гэж тайлбарласнаас дүгнэхэд гэрээний зүйлийг бүхэлд нь хүлээн авсан тухайд маргаагүй гэж дүгнэх нь зүйтэй. Энэ тохиолдолд эд хөрөнгөө хүлээн авсан гэж үзэж, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар шаардах эрхгүй гэж үзэх үр дагавар үүсэх юм. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

2. Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т заасны дагуу гүйцэтгэгч талаас гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн тул худалдан авагч талаас уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзан 14 хоногийн дотор шаардлага хангаагүй болон дутуу тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөх талаар ажлын хэсгийн тэмдэглэлд тусгасныг шүүх дүгнэж үзээгүй гэжээ.

Дээрх үйл баримт бодит байдал дээр огт болоогүй бөгөөд тус хурлын тэмдэглэлийг хариуцагч тал татгалзлаа нотлох зорилгоор нөхөж үйлдсэн гэж үзэж байна. Тодруулбал, бид 2018 оны 8 дугаар сард гэрээний дагуу 44 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж, үлдэх 2 төхөөрөмжийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 12 сард нийлүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн үлдэх 2 төхөөрөмжийг нийлүүлэх хугацааг сунгаж байсан талаар хариуцагч маргадаггүй бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Бидний гэрээнд заасан үүргээ гүйцэтгэснийг 2018.10.04-ний өдөр манай компанид 27000000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдож байгааг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, биднийг чанарын шаардлага хангахгүй, ажилладаггүй тоног төхөөрөмж нийлүүлсэн бол бидэнд төлбөрийн 50 хувийг шилжүүлэх үндэслэлгүй юм. Түүнчлэн, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас давж заалдах шатны шүүх гэрээг цуцалсан гэж дүгнэх боломжгүй юм.

3. Хариуцагч давж заалдах гомдолдоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарган хүргүүлсэн байна, энэ тухай хариуцагч тал шүүхийн шийдвэр гарах үед мэдээгүй байсан" гэжээ.

Гэвч цаг хугацааны хувьд дээрх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гарсан байх бөгөөд энэ тухай анхан шатны шүүх шийдвэрлэх үед хариуцагч тал мэдээгүй байх боломжгүй юм.

Мөн энэ тухай хавтаст хэрэгт баримт авагдаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хариуцагч тайлбар татгалзлаа өөрөө нотлох үүргийг хүлээдэг учиртай. Түүнчлэн давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогчоос шинээр нотлох баримтыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд авсан хэдий ч тухайн баримтад тулгуурлан дүгнэлт өгөх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх асуудлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

4. Техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй болон дутуу тоног төхөөрөмж нийлүүлсэн асуудлыг шүүх анхааралгүй нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас бидний нийлүүлсэн нийт 46 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авсан тухай баримтжуулан акт үйлдсэн атлаа тухайн актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Учир нь тухайн актыг шүүхэд нотлох баримтаар өгвөл хариуцагч тал гэрээнд заасан захиалагч санхүүжилтийг тоног төхөөрөмжийг комисст хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотоо олгоно гэх зохицуулалтыг зөрчсөн тухай эргэлзээгүй байдлаар нотлогдох ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, захиалагч нь гэрээнд заасны дагуу акт үйлдэх үүргийг хүлээсэн бөгөөд шүүх хуралдааны явцад актын маягт албан ёсоор баталгаажаагүй байсан учраас бид акт үйлдээгүй, барааг хүлээж аваагүй гэж тайлбарласан нь бодит байдлыг мушгин гуйвуулж буй хэрэг юм. Тухайн маягт батлагдсан эсхүл батлагдаагүй эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу бид нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг шаардах эрхтэй юм. Дээрх маягт баталгаажаагүй байдал нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй бөгөөд тоног төхөөрөмжийг хүлээж авсан гэхдээ доголдолтой байсан учраас хадгалж байгаа хэмээн анхан шатны шүүхэд мэдүүлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Хэрэв тухайн актаа гаргаж шүүхэд нотлох баримтаар үнэлүүлсэн бол биднийг үнэхээр чанарын шаардлага хангахгүй төхөөрөмж нийлүүлсэн, мөн ажиллагаагүй, дутуу төхөөрөмж нийлүүлсэн гэдгийг ч хариуцагч талаас нотлох боломжтой байсан юм. Гэтэл дээрх актыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, мөн татгалзлын үндэслэлийг нотолсон бичгийн бусад баримтыг шүүхэд өгөөгүй учраас хариуцагчийн тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн хэрэг юм.

Дээрх байдлаар хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан 201812009 дугаартай ажлын гэрээний хэрэгжилт хангалтгүй, гүйцэтгэгч тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан гүйцэтгэгч тодорхойлолтод заасан ажлыг 07 сарын 09-ний өдрийн дотор хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Хугацааг удаа дараа сунгасан нэмэлт 2 удаагийн гэрээ байдаг. Үндсэн гэрээний 4-т зааснаар комисс байгуулагдаад 46 ширхэг тоног төхөөрөмж авах байснаас 44 ширхэг тоног төхөөрөмж ирсэн. Шалгахад 26 нь үзүүлэлтийн дагуу техник хэрэгсэл ирсэн, 1 нь огт ажилладаггүй, 2 нь ирээгүй, 17 нь шаардлага хангахгүй тоног төхөөрөмж ирүүлсэн. Шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг дахиж явуул гэсэн ажлын хэсгийн 08 сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл байгаа. Хэргийн 97 дугаар хуудсанд ******* ХХК-ийн албан тоотыг захиалагч талд ирүүлсэн. Энэ албан тоотоор шаардлага хангахгүй, үзүүлэлт өөр багаж өгсөн, солино гэдгээ илэрхийлсэн байдал харагддаг. 98-100 дугаар хуудсанд авагдсан мэдэгдлүүдээр техник хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд манайх бүрэн хариуцна, чанартай бараа нийлүүлнэ гээд байсан боловч бүрэн бус үзүүлэлт хангахгүй, зөрүүтэй тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг. Гэрээний 5-рт заасан тендерийн баримт бичиг техникийн үзүүлэлтээс зөрүүтэй тоног төхөөрөмж авчирчхаад өгөх гээд байсныг нь авахгүй гэдэг. Төсвийн хөрөнгөөр хугацаанаас өмнө 27000000 төгрөгийн урьдчилгааг нийлүүлэгч рүү олгосон байдаг. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хүлээж авсан акт гараагүй, акт гарч байж 5 хоногийн дараа хөлсөө шилжүүлэхээр заасан байгаа. Тиймээс өнөөдөр шүүхэд хандаж байгаа нь шударга ёсны шаардлагыг хангахгүй байна. Гүйцэтгэгчийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг огт ажиллуулаагүй, шинээрээ байгаа. Өөрсдөө авч явдаггүй. Эд зүйлсэд үзлэг хийж өгөөч гэж бичгээр хариуцагч хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж, хурлыг үргэлжлүүлсэн. Энэ нь үйлчлүүлэгч нарын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Техникийн шаардлага хангахгүй байна гэдгийг захиалагч тал дүгнээд, тодорхойлоод шаардлагаа тавиад байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 27000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд хооронд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр барилгын материалын чанарт хяналт тавих лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр тодорхойлолтод заагдсан тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор захиалагч талд нийлүүлэх, ажлын төсөвт өртөг нийтдээ 54000000 төгрөг байхаар талууд тохиролцсон, улмаар захиалагч санхүүжилтийг тоног төхөөрөмжийг комисст хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор олгохоор гэрээний нөхцөлд заасан байна.

Талууд ажил гүйцэтгэх хугацааг 2018 оны 08 дугаар сарын 14-нийг хүртэл сунгахаар нэмэлт гэрээгээр /хэргийн 12 дугаар хуудас/ тохиролцсон байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр захиалагч тал санхүүжилтийн 50 хувь болох 27000000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт /хэргийн 14 дүгээр хуудас/-аар тогтоогдсон байх бөгөөд гэрээг сунгасан, нийлүүлсэн барааны үнийн дүнгийн тал хувийг өгсөн авсанд, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Талуудын маргааны зүйл нь хариуцагч нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой барааг нийлүүлсэн, барааг акт үйлдэж албан ёсоор хүлээн аваагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар, харин нэхэмжлэгч хариуцагчийг барааны биет байдлын доголдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, бид тоног төхөөрөмжийг гэрээнд заасан ёсоор хүлээлгэн өгсөн учир үлдэгдэл ажлын хөлс 27000000 төгрөгийг гаргуулан авах үндэслэлтэй гэж тус тус маргасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэлтэй дүгнэжээ.

Хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан Дундговь аймгийн барилгын материалын лабораторийн тоног төхөөрөмж, бараа материал хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хурлаас ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсэгт ******* ХХК-ийг гэрээний дагуу 14 хоногийн дотор шаардлага хангахгүй болон үлдэгдэл тоног төхөөрөмжийг нийлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энэхүү хурлын тэмдэглэлийг хийгдээгүй, ажил гүйцэтгэгч компаний төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй, сүүлд нөхөж хийсэн гэрээ гэж маргасан байна.

Уг тэмдэглэлд /хэргийн 96 дугаар хуудас/ ...О.Мөнхзул эсвэл бүгдийг авахгүй гээд гэрээгээ цуцалж болно. Өөрсдийг чинь бодоод авах юмыг авъя гэж байхад гэрээг чинь сунгахгүй байж болно ш дээ гэжээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтаас дүгнэхэд гэрээг цуцлах саналыг хариуцагч тал гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй, мөн хэргийн 113-114 дүгээр хуудсанд ажил гүйцэтгэгч компаниас нийт 4 удаа хамгийн сүүлд 2018 оны 12 сарын 25-ыг дуустал гэрээг сунгаж өгнө үү? гэсэн албан тоотыг хүргүүлсэн байх бөгөөд тус аймгийн Засаг даргын тамгын газар хэрхэн шийдвэрлэж, ямар хариу өгсөн нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрээний 3-т төлбөр төлөх нөхцөл, хугацааны хувьд барилгын материалын чанарт хяналт тавих лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын 54000000 төгрөг байхаар талууд тохиролцсон, гэрээний 4-т санхүүжилтийг тоног төхөөрөмжийг комисст хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор олгохоор тохиролцсон байх бөгөөд /х-10/ гэрээгээр нийлүүлэхээр тохирсон 46 нэр төрлийн тоног төхөөрөмж одоо хариуцагч байгууллага болох Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын мэдэлд байгаа талаар зохигч тайлбарлаж байна.

Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байх бөгөөд гэрээ цуцлах саналыг талуудын хэн аль нь өнөөдрийг хүртэл гаргасан талаар нотлох баримтгүй байна.

Хариуцагч талаас бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан гэж шүүх дээр маргаж байгаа хэдий ч ямар нэр төрлийн төхөөрөмж яагаад шаардлага хангахгүй болсон нь энэ доголдлыг нь ажил гүйцэтгэгч компани хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийн чанар, техник үзүүлэлтийн талаар тухайлан тохиролцоогүй ч гэрээний 10-т гүйцэтгэгч нь техникийн нөхцөлийн дагуу шаардлага хангаагүй лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бол буцаах саналыг захиалагч тавихаар тохиролцсон байх бөгөөд гэрээг сунгаж байсан нь нотлогдсон, харин барааг буцаах саналыг тавьсан нь нотлогдоогүйгээс гадна уг тоног төхөөрөмжүүд одоо болтол хариуцагч талд байгаа нь тогтоогдож байна.

Талууд гэрээний зүйлийн чанар, иж бүрдлийн талаар гэрээнд тусгасан, уг эд хөрөнгөд баталгаат хугацаа тогтоогоогүй байна.

Иймд хариуцагч тал эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлж, нэхэмжлэгч талд шаардлага гаргаж байсан гэх үйл баримт нотлогдоогүй байх тул энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймээс техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй болон дутуу тоног төхөөрөмж нийлүүлсэн асуудлыг шүүх анхааралгүй нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагч талын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байдалд хариуцагчийн хэлсэнчлэн шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 139/ШШ2022/00176 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

Ц.ОТГОНЦЭЦЭГ