Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00063

 

*******ын хүсэлттэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00646/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 28-ны өдрийн 671 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай,

Иргэний хэргийг хүсэлт гаргагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* ******* нэгдлийн ******* бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Ажилд орсон, гарсан тушаалаа шүүлгэхэд холбогдох баримт олдохгүй байна.

Иймд ******* ******* нэгдлийн ******* бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 жил 6 сарын хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие анхан шатны шүүхэд ******* ******* нэгдлийн ******* бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргасан.

Анхан шатны шүүх миний ажилласан жил болох 1986-1988 оныг хүртэлх хугацааг хасаж, ямар шалтгааны улмаас хассан тухайгаа шүүхийн шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч ******* ******* ******* нэгдлийн ******* бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхэд гаргасан хүсэлтээ нотлохоор тухайн үеийн “Нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/436 дугаартай лавлагаа зэргийг хүсэлтдээ хавсаргаж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчаас ирүүлсэн Завхан аймгийн Архивын тасгийн лавлагааг тодруулахын тулд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2364 дугаартай захирамжаар нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэжээ.

Тус захирамжийн дагуу Завхан аймгийн Архивын тасаг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/689 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч *******, түүний аав ******* нарын 1986-аас 1990 оныг дуусталх хугацааны хөдөлмөрийн хөлс олгож байсан баримтыг ирүүлжээ.

Тэрхүү баримтаар 1986-аас 1987 онуудад *******, 1988 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд *******ын нэр дээр хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл олгож байжээ.

Хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл олгож байсан 1986-1990 оны тухайн баримтыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа хүсэлт гаргагч ******* нь 1970 онд төрсөн, 11 настайгаасаа аав, ээжийн хамт мал маллаж байсан бөгөөд 16 наснаас эхэлж авсан хөдөлмөрийн хөлс нь түүний аав *******гийн нэр дээр бичигдэж, 18 насанд хүрмэгц хөдөлмөрийн хөлс нь өөрийн нэрээр бичигдэж байсныг нотолно гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хөдөлмөрийн хөлс олгож байсан 1986-1990 оныг дуусталх хугацааны баримтаас үзвэл 1986 оны 01 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны баримтад *******ын нэр бичигдээгүй, 1988 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны баримтад *******ад хөдөлмөрийн хөлс олгосон байх бөгөөд *******гийн нэр зэрэгцэн бичигдсэн боловч хөдөлмөрийн хөлс олгосон хүснэгт хоосон байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхгүй гэж үзнэ. 

Мөн хэрэгт *******ад 1981 онд олгосон Нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт түүний ажилсан байдал авч байсан цалингийн тухай тэмдэглэлүүд байх ба тухай тэмдэглэлийг үйлдэн нэгдлийн тамга дарж баталгаажуулсан байгаа нь түүнийг тухайн он жилүүдэд ажиллаж байсан гэдгийг нотолж байгаа баримт гэж үзнэ. 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэлийг огт тодруулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ *******ыг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсад ажиллаж байсан байдлыг тогтоосон тухай бичигдсэн боловч шүүхийн шийдвэр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс улсад ажиллаж байсныг тогтоосноор бичигдэж, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр зөрүүтэй бичигдсэнийг дурдаж байна.

 Иймд хүсэлт гаргагч *******ын шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 28-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“...1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөх хүртэлх хугацаанд ...” гэснийг,

“...1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                         

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                                        ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                   Л.АМАРСАНАА