Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0260/З |
Дугаар | 221/МА2018/0491 |
Огноо | 2018-09-06 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0491
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Б.Г, Ж.Э, Т.М, Н.Л, Б.Г нарын давж заалдах гомдлоор, Б.Б-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Г” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-23.1.6 дахь хэсэгт заасан баримт материалуудыг үндэслэн бүртгэсэн нь хуулийн 23.1-д нийцнэ гэсэн.
Мөн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хуульд нийцээгүй гэж үзвэл харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтойг дурджээ.
Хэдийгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримт материалуудыг гуравдагч этгээд хүсэлтдээ хавсарган өгсөн боловч бүртгэлийн байгууллага нь зөвхөн дурдсан бичиг баримт байна гэж хэлбэр талаас нь хандах биш уг хавсаргасан материалууд хуульд нийцсэн эсэх бүртгэлийн болон Захиргааны ерөнхий хууль зөрчсөн эсэхийг нягталж үзсэний үндсэн дээр хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “... нотлох баримт холбогдох хуулийн заалт зөрчсөн эсэхийг хянах талаар байгаа. Мөн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “... улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох тайлбар лавлагааг гаргуулж авах ...” гэж байгаа.
“Г” ХХК-ийн дүрмийг бүртгэгч анхаарч харсан бол дүрмийн 6.3-т “... хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 дүгээр сард хуралдуулахаар байгаа, мөн Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулах, энэ хугацаанд хуралдаагүй бол ТУЗ-ийн хурал зарлахаас бусад бүх эрх нь дуусгавар болохыг заасан байтал хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулж энэ хуралдаанаар хүчингүй болсон ТУЗ-ийн асуудлаа эхлээд шийдвэрлэж гишүүдийг дахин сонгох байтал харин компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцсэн байгаа нь дүрэм болон Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 77 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн асуудал байгааг олж харж бүртгэхээс татгалзах байсан.
Мөн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/Ш32017/0307 дугаар шийдвэртэй захиргааны хэрэгт “Г” ХХК нэхэмжлэгчээр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хариуцагчаар, иргэн Б.Б гуравдагч этгээдээр оролцож дээрх шийдвэрт “... “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний хурлыг хууль бус гэсэн маргаанаа шийдвэрлэсний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар бүртгэлийн байгууллагад дахин бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрхтэй байна ... гэж “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл энэхүү маргаанаа шийдвэрлээгүй атлаа шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хууль бус үйл ажиллагаагаа дахин давтаж шүүх дээрх асуудал шийдвэрлэгдээгүй байхад /шийдвэр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарсан, “Г” ХХК-ийн ТУЗ-ын хурал 2017оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж компанийн дүрэмд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн/ зэрэг зөрчилтэй асуудлууд байгааг улсын бүртгэгч үл хэргэсч бүртгэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог, мэдэгдэх үүрэг нь захиргааны байгууллагад байдаг. Гэтэл огт мэдэгдээгүй, хэрэв мэдэгдсэн бол удаа дараа тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрх нь зөрчигдөөд байгаа миний бие уг бүртгэлийн үйл ажиллагаанд оролцож болох байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу намайг гуравдагч этгээдээр оролцуулах боломжтой атал энэ эрхээ эдэлж чадаагүй.
Дүрэмд оруулсан өөрчлөлт хуульд нийцсэн эсэх асуудлаар би ердийн шүүхэд хандах боломжтой гэдгээ ойлгож байгаа бөгөөд захиргааны шүүхэд зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн, бүртгэхээс татгалзах ёстой байсан гэдгээр хандсан юм.
Магадгүй ердийн шүүх бүртгэл хүчинтэй байна гэж үзсэнээр миний эрх ашиг дахин хөндөгдөхийг үгүйсгэхгүй байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байсан.
Иймд шийдвэрийг хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Г, Ж.Э, Т.М-О, Н.Л, Б.Г нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0413 шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно” гэж зааснаар өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж бүртгүүлэхээр байна" гээд мөн үндэслэх хэсгийн 11 дэх догол мөрөнд “Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь бүртгэхээс татгалзсан өргөдөл буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдлийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт хийн шийдвэрлэсэн. Энэ нь дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.
Упсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн дүгнэлтийн тухайд:
1. Дээр дурдсанчлан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам хугацааг компанийн дүрмээр тогтооно” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах зар хүргэх журмыг компанийн дүрэмдээ нарийвчлан тусгаж, өөрчлөлт оруулсан дүрмээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.
2 Компанийн хувьцаа эзэмшигч М.Э хувьцаагаа худалдах эрхээ хэрэгжүүлэхэд нь компанийн дүрэмд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь дүрмээр тогтоосон журмын дагуу бүх хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигч Б.Б-д дүрмээр тогтоосон журмын дагуу зохих ёсоор хурлын зар, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал зэргийг хүргүүлсэн боловч мөн л Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй.
3. Иймд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хүчинтэй байх ирц хүрсэн тул хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн өөрчлөлтийг дүрэмдээ оруулж баталсан.
4. Энэхүү дүрмийг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн тул хувьцаа эзэмшигчдийн хувьцаа шилжүүлсэн үйлдэл хүчин төгөлдөр бөгөөд түүнийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл мөн хүчин төгөлдөр.
5. Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журам”-д заасан бичиг баримтын бүрдлийг хангаж бүртгэл хийгдэх ёстой.
6 “Г” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгүүлэх бичиг баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-23.3.5-д заасан 5 төрлийн бичиг баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2 дахь хэсэг, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн http://burtgel.gov.mn/service/index.ph/les-newlist/ies-edit сайтад заасан 7 төрлийн бичиг баримтыг бүгдийг хууль, журмын дагуу бүрдүүлж өргөдөл гаргасан.
7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журмын 4.2-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд
23.3.1 баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл /XX 488/
23.3.2 эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /XX 480/
23.3.3 дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт /ХХ 433-441/
23.3.4 Иргэний хуульд заасан холбогдох гэрээ /XX 460-469/
23.3.5 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг бүрдүүлэхээр заасан бүрдлүүдийг хангаж хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлсэн тул хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно.
8. Түүнчлэн анхан шатны шүүхээс 2017 оны 07 сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон үндэслэлээ “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно” гэж зааснаар өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараагаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж бүртгүүлэхээр байна” гэсэн дүгнэлт хийсэн.
9. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “хүсэлт”, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “баталсан маягтын дагуу өргөдөл” нь ижил утга агуулгатай албан бичгүүд биш гэдгийг шүүх ялган авч үзээгүй. Өөрөөр хэлбэл 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу дахин хүсэлт гаргах ойлголт нь дахин баталсан маягтын дагуу өргөдөл гаргах бус бүртгэхээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байх, татгалзлыг үгүйсгэх нотлох баримтыг бүрдүүлж бүртгэл хийхийг хүссэн хүсэлт юм.
10 “Г” ХХК-ийн хувьд анхан шатны шүүх дээр ч энэ тайлбараа хангалттай дурдсан бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргахгүй гэдгийг хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн.
11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “хүсэлт” нь 23 дугаар зүйлд заасан “өргөдөл”-өөс ялгаатай хуульчлах болсон үндэслэл нь бүртгүүлэх өргөдөл гаргасан өргөдөл гаргагч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан бүртгүүлэх хугацаа хэтрүүлэх үйлдэлд тооцогдохгүй байх зарчмаар ийнхүү зохицуулсан
12. Өөрөөр хэлбэл өргөдөл гарагчийн бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан хариу өгсөн тохиолдолд дахин бүртгүүлэх өргөдөл гаргах нь 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан бүртгүүлэх хугацаа хэтрүүлснээс Зөрчлийн тухай 15 дугаар зүйлийн 15.23.1-д заасан үүргээ биелүүлээгүйд тооцогдож шийтгэл ногдуулахаас сэргийлж хүсэлт гэдгээр тусад нь ялгамжтайгаар хуульчилсан байдаг.
13. Үүний дагуу “Г” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/46 тоот “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-д дурдсан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй болох тайлбарыг хийж, хүсэлтээ гаргасны үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсны бүртгэлийг хийлгэсэн.
14. Гэтэл анхан шатны шүүх энэхүү ялгаа заагийг гаргахгүйгээр дахин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргана хэмээн хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.
15. Түүнчлэн улсын бүртгэгч “...Б.Б-ыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах, хуралд оролцох боломжгүй бол хурлын зарыг хүргэж бичгээр хариу авах шаардлагатай байна. ...Иймд холбогдох хуульд заасны дагуу баримт бичгийг хуульд нийцүүлэн ирүүлсэн тохиолдолд бүртгэл хийх боломжтойг мэдэгдье” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байсан.
16. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэсэн заалтыг зөрчиж, хурлын зарыг хууль болон компанийн дүрмийн дагуу хүргүүлсээр байтал санаатайгаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохгүй байгаа хүнээс бичиг авчрахыг шаардаж байгаа нь өөрөө улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл болсон. (Хувьцаа эзэмшигч Б.Б-д хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хүргүүлсэн нотлох баримтыг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөлд хавсаргасан бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс захиргааны хэргийн шүүхийн хавтаст хэрэгт бүх нотлох баримтыг хүргүүлсэн болно.)
17. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг зөрчсөн байна гэсэн буруу дүгнэлтийг хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Эцэст нь анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэг дэх нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүйгээс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэснээс Компанийн хууль, Компанийн хүчин төгөлдөр дүрмийн дагуу хийгдэж хувьцаа худалдан авсан бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзэхийг хичээнгүйлэн хүсье.
Хавтаст хэрэг дэх бүх нотлох баримт болон өнөөдрийг хүртэлх процессоос үзэхэд хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Б.Б нь “Г” ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад хийх замаар компанид хохирол учруулж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч ““Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б “...хувьцаа эзэмшигчийн эрхийг илтэд боогдуулсан хууль зөрчсөн дүрмийн заалт шинээр оруулсан компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэсэн нь хувьцаа эзэмшигч намайг илтэд хохироосон” гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан “...хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасантай нийцжээ” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн “...хэдийгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримт материалуудыг гуравдагч этгээд хүсэлтдээ хавсаргаж өгсөн боловч бүртгэлийн байгууллага нь зөвхөн дурдсан бичиг баримт байна гэж хэлбэр талаас нь хандах биш уг хавсаргасан материалууд хуульд нийцсэн эсэх, бүртгэлийн болон захиргааны ерөнхий хууль зөрчсөн эсэхийг нягталж үзсэний үндсэн дээр бүртгэх ёстой... “Г” ХХК-ийн дүрмийг бүртгэгч анхаарч харсан бол 6.3-т ..., мөн Компанийн тухай хуульд ...санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулах, энэ хугацаанд хуралдаагүй бол ТУЗ-ийн хурал зарлахаас бусад бүх эрх нь дуусгавар болохыг заасан ...ТУЗ-ийн асуудлаа эхэлж шийдвэрлэж гишүүдийг дахин сонгох байтал, ...дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцсэн нь дүрэм, Компанийн тухай хуулийн 59.4, 59.5, 77 дугаар зүйлүүдийг зөрчсөн байгааг олж харж бүртгэхээс татгалзах байсан ...маргаанаа шийдвэрлүүлээгүй атлаа ...хууль бус үйлдлээ дахин давтаж төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан зөрчилтэй асуудлыг бүртгэсэн ...хуульд заасан мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
“Г” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар зарлаж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “компанийн 2016 оны ажлын тайлан”, санхүүгийн тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах”, “шаардлагатай бусад” асуудлуудыг хэлэлцжээ.
Тус хуралдаанаар “Г” ХХК-ийн дүрмийн 3.11-д “хуучин хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарна гэдгээ компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэнэ” гэсэн заалтыг “Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “дүрэмд өөрөөр заагаагүй бол” гэж заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхгүй ба хувьцаа худалдах санал гаргасан хувьцаа эзэмшигч нь өөрийн сонгосон хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдах эрхтэй. Ингэхдээ нэг этгээдэд өөрийн нийт худалдах хувьцааны 45-аас дээш хувийг худалдахгүй” гэж, 3.14-т “Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг ТУЗ гаргах ба хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гарснаас 3 хоногийн дотор хуралдуулна” гэсэн заалтыг “Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргах ба хувьцаа хуралдуулах шийдвэр гарснаас хойш 3-5 хоногийн дотор хуралдуулна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах шийдвэр гарсан даруйд ТУЗ-ийн гишүүдэд утсаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. ТУЗ-ийн хурлын зарыг мэдэгдсэнээс хойш нэг хоногийн дотор ТУЗ-ийг хуралдуулна” гэж, мөн дүрмийн 3.15-д “зарыг ямар байдлаар хүргэх вэ гэсэн зүйл байгаа, үүнийг “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд шийдвэр гарсан тухайн өдөр утсаар мэдэгдэх болон цахим шуудангаар хүргүүлнэ. Хувьцаа эзэмшигчид нь утасны дугаар болон цахим шуудангийн хаягаа дүрэм батлагдсанаас хойш 5 хоногийн дотор компанид мэдэгдэх ба хэрэв ямар нэг шалтгаанаар мэдэгдээгүй бол компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга тухайн хувьцаа эзэмшигчийн нэр дээр цахим шуудангийн хаяг нээж хаяг болон нууц үгийг тухайн хувьцаа эзэмшигчид явуулна. Хувьцаа эзэмшигчид нь өөрийн цахим шууданд ирсэн аливаа зар, мэдэгдэл, мэдээлэл шийдвэрийг цахим шууданд хаяглан явуулснаар хүлээн авсанд тооцно. Хэрэв хувьцаа эзэмшигчийн утасны дугаар болон цахим хаяг өөрчлөлт орсон тохиолдолд 2 хоногийн дотор компанид мэдэгдэж мэдээлэлд өөрчлөлт оруулна” гэсэн байдлаар өөрчилж, тус дүрмийн өөрчлөлтийг баталжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” 77 дугаар зүйлийн 77.2-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заажээ.
Мөн “Г” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-т “хувьцаа эзэмшигчдийн /үүсгэн байгуулагчдын/ ээлжит хурлыг жил бүрийн 4-р сард хуралдуулна” гэж заажээ.
“Г” ХХК-аас хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр “Б.Г-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөл“, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар”, мөн өдрийн 03 дугаар тогтоол, хувьцаа эзэмшигч М.Э-ын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Хувьцаа худалдах тухай шийдвэрүүд”, Хувьцаа худалдах санал, 06 дугаар сарын 12-ны өдрийн Хувьцаа худалдан авах мэдэгдэл, М.Э-аас Б.Г, Н.Л, Б.Г, Т.М-О, Ж.Э нартай байгуулсан “Хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээ”, зар хүргэсэн баримтууд, “Г” ХХК-ийн ерөнхий захирлаас Б.Г-т 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Г” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл”, мөн өдрийн 02 дугаар тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын зар”, баримтуудыг хавсарган 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хандсан, улсын бүртгэгч уг баримтуудыг хүлээн авч бүртгэхдээ тус компанийн дүрмийн өөрчлөлт нь Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг, тухайлбал “Г” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 77.2 дахь хэсэгт заасны дагуу тус компани хувьцаа эзэмшигчдийн хурал тухайн жилийн зарлан хуралдуулсан эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шинээр сонгогдсон эсэхийг, мөн тус бүртгэлийн улмаас тухайн хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч Б.Б-ын эрх зөрчигдөх эсэхэд анхаарал хандуулаагүй эдгээрийг хянаагүй нь хууль бус, тус бүртгэлийн улмаас хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Б.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн “Г” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж “... хувьцаа эзэмшигч М.Э өөрийн эзэмшлийн 63 ширхэг хувьцааг худалдаж, 22 ширхэг хувьцааг шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой өөрчлөлтийг оруулж, компанийн хаягийг өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргасан, Мөн тус хурал дээр хувьцаа эзэмшигч М.М өөрийн эзэмшлийн 4 ширхэг хувьцааг Б.Г-т шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г байгуулж дүрэмд өөрчлөлт оруулж“ шийдвэрлэснийг Оюуны өмч улсын улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэгч О.Ш 07 тоот мэдэгдлээр “...хувьцаа эзэмшигч Б.Б-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргүүлсэн гэх гарын үсэгтэй баримт байхгүй ...” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байжээ.
“Г” ХХК улсын бүртгэгчийн уг татгалзлыг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед “Г” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан үндэслэлийг зөвтгөх ажиллагааг хийгээгүй, түүнчлэн тухайн үед улсын бүртгэгчийн татгалзсантай холбоотой хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад татгалзалд дурдагдсан “компанийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа худалдах асуудлыг хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй” гэх үндэслэлтэй холбогдуулан компанийн дүрэмд “хувьцаа эзэмшигч хувьцааг худалдах, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах, хувьцаа эзэмшигчид хурлын зар хүргэх журам тогтоосон асуудлаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан байхад хариуцагч компанийн дүрэмд оруулсан эдгээр өөрчлөлтийн улмаас хувьцаа эзэмшигчийн эрх, зөрчигдөж болзошгүй байхад Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцсэн эсэхийг хянаагүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3-т заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн “Г” ХХК-ийн дээрх дүрмийн өөрчлөлт нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг “хувьцаа эзэмшигч М.Э-ын хувьцаа худалдах саналыг хувьцаа эзэмшигч Б.Б-д мэдэгдээгүй, хурлын зар хүргүүлсэн баримтгүй” гэж бүртгэхээс татгалзсан шалтгааныг арилгасан буюу улсын бүртгэгчийн татгалзлын үндэслэл болсон өмнөх алдаа дутагдлаа зассан асуудал биш харин тухайн үед улсын бүртгэгчийн татгалзсан асуудалтай холбогдуулан компанийн дүрэмд шинээр өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлт нь Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцээгүй байхад хариуцагч хянаагүй, өмнөх татгалзсан шалтгаан засагдсан эсэхэд анхаарал хандуулаагүй, мөн өмнөх татгалзал хуульд нийцсэн эсэх талаар шүүх эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, байхад компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн нь хууль бус, хариуцагчийг энэ талаар хянах үүрэггүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн компанийн өмнөх хурлын шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байсан хувьцаа эзэмшигч Б.Б-д компанийн дүрэмд өөрчлөлт орсон асуудлаар бүртгэл хийж байгаа талаар мэдэгдэх боломжтой байтал мэдэгдээгүйг зөв гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу байна гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зөв байх боловч давж заалдах шатны шүүх дүгнэлтийг нэмж өөрчлөх нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь өмнө нь бүртгэхээс татгалзсан өргөдөл буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдлийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1-д заасантай нийцээгүй талаар зөв дүгнэсэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 19.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэж заажээ.
Дээр дурдсан үндэслэлээр “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж байх тул тус дүрмийн өөрчлөлтийн дагуу хуралдаж, хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан “Г” ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан өөрчлөлт”-ийг бүртгэсэн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл хууль бус байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны актуудын улмаас “... хууль ёсны хувьцаа эзэмшигч надад хуулиар олгогдсон хувьцаа худалдан авах давуу эрхийг олгоогүй гаргасан компанийн шийдвэрийг бүртгэж, миний эрх ашгийг хохироосон, мөн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхүүдийг илтэд боогдуулсан хууль зөрчсөн дүрмийн заалт шинээр оруулсан дүрмийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэж, хувьцаа эзэмшигч намайг илтэд хохироосон ...” гэж маргажээ.
“Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг тус тус бүртгэсэн бүртгэлүүдийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь компанийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах хувьцаа эзэмшигчийн давуу эрхээ хэрэгжүүлэх эрх сэргэхээр байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3 дахь заалтыг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай“ гэж өөрчлөн, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд Б.Г, Ж.Э, Т.М-О, Н.Л, Б.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан Б.Б-д олгож, Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ