Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 319

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин,

аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал,

газрын тосны газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Х.Батсүрэн

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрийг хүчингүй болгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0235 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 362 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0235 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/08 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 422 дугаар шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 362 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ог хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэг. Магадлалын 11 дүгээр нүүрэнд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус хуульчилсан.

4. Хариуцагч нар нь Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль хортой нөлөөллийг үзүүлж байгаа...” гэх агуулга бүхий албан бичгийн үндэслэлийг хянаагүй, хавтаст хэрэгт нэхэмжлэгч компани байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдохгүй байх тул бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүйн дээр шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих “бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд” мэдэгдэх тусгай зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн байдаг.

5. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;” мөн хуулийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

6. Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчинд хор нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл амьдрах орчин нь хязгаарлагдан, мал уух усгүй болж бэлчээр улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан.

7. Иймд дээрх гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэр гаргасан болно.

8. Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална..." гэж заасан ба “...56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...’’ бол геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

9. Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ...” гэж заасан бөгөөд 16.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж хуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх... гэж, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...гэж тус тус заасан.

10. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 17.2.4- д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 17.2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ...” гэж тус тус заасан.

11. Нэхэмжлэгч “Б”ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Өлзийт тээл нэртэй 2422.9 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-001410 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрээр цуцалсан.

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 362 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.

14. Нэхэмжлэгч “Б”ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08 дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан; Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот албан бичигт “Б”ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-001410 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа учир тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн талаар дурдсан; Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/08 тоот дүгнэлтийн 1-д ““Б”ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-001410 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж дурдсан; энэхүү дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

15. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд очиж үзээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэх нөхцөл байдлыг тогтоох ямар нэгэн ажиллагаа ... сонсох ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ... манай компани ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй ... маргаан бүхий захиргааны акт нь бодит байдалд үндэслээгүй, хууль бус ... яамны дүгнэлтийг манай компанид хүргүүлээгүй, мэдэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс маргаан бүхий ... актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй ...” гэж маргасан байна.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус заажээ.

17. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус хуульчилсан.

18. Үүнээс үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа буюу байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан талаар нутгийн захиргааны байгууллагын санал ирүүлсэн бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ талаар нөхцөл байдлыг судлаж, зөрчил байгаа эсэхийг бодитойгоор тогтоож дүгнэлт гаргах учиртай; ийнхүү дүгнэлт гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийг татан оролцуулж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангах буюу сонсох ажиллагааг хийх шаардлагатай байхын зэрэгцээ бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон талаар шүүхэд баримтаар нотлох учиртай.

19. Хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “... “Б”ХХК нь MY-001410 лицензтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийж ирсэн ... Энэ хугацаанд сумын Засаг даргын тамгын газраас Байгаль орчны үнэлгээ хийх боломжгүй, зөрчил гарсан нь тогтоогдож байгаагүй ... суманд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр ... ажлуудыг хийж гүйцэтгэсэн ...” гэх агуулга бүхий 01/163 дугаар албан бичиг; Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “... “Б”ХХК-ийн эзэмшиж байсан MV-001410 тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх хугацаанд тус газраас тусгай зөвшөөрөлтэй нь холбоотой санал, дүгнэлт гаргаж байгаагүй болно” гэх агуулга бүхий 01/122 дугаар албан бичиг; Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “... алт олборлох үйл ажиллагааг 2016 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж дүгнүүлж ирсэн байна” гэх 115 дугаар албан бичиг; Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт шалгалтын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/76 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар танилцуулгууд болон хэргийн оролцогчдын тайлбар, өмнө дурдсан баримтууд зэргээс үзвэл нэхэмжлэгч “Б”ХХК-ийг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д заасан байгаль орчинд хортой нөлөөлсөн нөхцөл байдал үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн учир энэ талаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс хяналтын журмаар гомдол няцаагдаж байна.

20. Хариуцагчаас мөн хяналтын гомдолдоо: “... тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчинд хор нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд малчдын эрүүл амьдрах орчин хязгаарлагдан, мал уух усгүй болж бэлчээр улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан. Иймд дээрх гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан ...” гэж тайлбарлаж байгаа ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;”, 28.1.2”т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;”, 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа баримтаар нотлоогүйн зэрэгцээ энэхүү нөхцөл байдал нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.  

21. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 362 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                       М.БАТСУУРЬ