Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 01

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:127/2016/0028/З

    Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, тус аймгийн Батширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэн Г.Байгаль, З.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № 01, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Байгаль, З.Энхжаргал нар нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн № 01, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татгалзаж байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.
          ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх" эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзснаа илэрхийлж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд цахимаар хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгсөн болно.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:
1.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Г.Байгаль, З.Энхжаргал нарын нэхэмжлэлээр үүссэн Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № 01, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ