Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 357

 

Ч.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 443 дугаар магадлалтай, Ч.Уд холбогдох 1908040040299 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2017 оны 11 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Тугтан овогт Чгийн У нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Уг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын эрхтнийг худалдан авсан буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уг 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Угаас 16.950.000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 67.8 кг жинтэй 8 шуудай “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих Төрийн байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.У гаргасан гомдолдоо: “...Миний бие бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж бөгөөд миний хүү Т 2012 онд төрсөн 8 настай, охин А нь 2019 онд төрсөн 1 настай, хүүхдүүдийн минь аав болох Этой хамтран амьдрахаа болиод нэг жил гаран болж байна. Хамт амьдарч байх хугацаандаа ирж, очин амьдарч байсан бөгөөд архи ууж, агсам согтуу тавин удаа дараа цагдаа дууддаг байсан юм. Түүний ээж болох У нь 90 хувийн хөдөлмөрийн чадваргүй, тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Хүү болох Эоос өөр асран хамгаалах хүн байхгүй байхад хүртэл төрсөн эхээ ч асардаггүй, миний бие хоёр хүүхдийн хамт асардаг байсан. Одоо миний хүүхдүүд 90 хувийн хөдөлмөрийн чадваргүй хүнтэй хамт байгаад миний бие маш их санаа зовж байна. Мөн миний охин А нь хөхүүл байсан ба одоо юу идэж, ууж байгааг мэдэхгүй байгаадаа маш их санаа зовж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд Байгаль орчны яаманд учруулсан хохирол төлбөрөө нэн даруй төлж барагдуулах болно. Намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Магадлалын тодорхойлох хэсэгт “ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш” гэж тайлбарласан нь давж заалдах шатны шүүх ЭХЕА-ийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг үгүйсгэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмаас хазайсан төдийгүй хуулийн энэрэнгүй ёсны нийтлэг зарчмыг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гэж үзэхээр байна. Дээрх заалтыг үүрэг болгоогүй хэдий ч хуульд заасан нөхцөл бүрдсэн бол шүүгдэгчтэй хамт насанд хүрээгүй хүнийг давхар яллагдахаас сэргийлэх, хуулийн урьдчилан сэргийлэх зорилгыг хамгаалсан зохицуулалт бөгөөд хуулийн энэрэнгүй ёсны зарчимтай уялдаатай учраас хэрэглэвэл зохих хууль гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүхээс ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй үндэслэлээ “Шүүгдэгч урьд Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн. Ингэхдээ хуульд заасан хамгийн хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлох бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж тодорхойлсон нь хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан байна. ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг анх удаа үйлдсэн” гэх нөхцлийг зөвхөн өсвөр насны хүний хувьд хэрэглэхээр хуульчилсан бол “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх”-ийн хувьд “гэмт хэрэг анх удаа үйлдсэн” гэх нөхцлөөр хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаас шүүх татгалзах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл хуульд өсвөр насны хүний хувьд гэмт хэрэг анх удаа үйлдсэн бол гэсэн нэг агуулга, мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж тусдаа нэг агуулгыг хуулиар тухайлан тус бүрт нь өөр өөр агуулгаар зохицуулалтыг хийсэн байхад давж заалдах шатны шүүх “гурав хүртэлх насны эхийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол ял хойшлуулах”-аар хуульчилсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөр, хүүхдүүдийн амьдардаг тухайгаа тогтвортой мэдүүлж байсан бөгөөд түүнийг хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй мэтээр тайлбарласан нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж хуульчилсан байх ба дээрх хуульд 3 хүртэлх насны хүүхэдтэй эх нь өрх толгойлсон бол энэ хуулийг хэрэглэнэ, хэрвээ нөхөртэй бол ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхгүй байхаар хуульчлан зохицуулсан заалт байхгүй атал давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан шүүгдэгчийн болон 01 насны хөхүүл хүүхдийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байгааг хяналтын шатны шүүхээс анхаарч өгнө үү.

ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх” гэх ойлголт нь “Эх” нь өрх толгойлсон эсвэл гэр бүлтэй байхаас үл хамаарч хөхүүл, нялх хүүхдийн хувьд эхийг хэн ч орлож чадахгүй байгалийн болон хүн ёсны харилцааг буюу хүний заяамал эрхийг хангах хуулийн зорилт, зарчим гэж үзэж болох бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс илэрхий гуйвуулан 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хамаарахгүй “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх заалтыг магадлалын үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна. Мөн Монгол улсын нэгдэн орсон Хүний эрхийн болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын гэрээ, конвенцид ч хүүхдийн гэр бүлтэйгээ байх, хөхөөр хооллох эрхүүдийг хуульчлан тогтоосон байхад Монгол улсын давж заалдах шатны шүүхээс Олон улсын нэгдэн орсон хэм, хэмжээнүүдийг зөрчиж 2019.04.06-нд төрсөн охин Э.Агийн эрх, ашгийг давхар яллаж, хохироосон байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Ч.У нь гэр бүлтэй эсэх, түүний хувийн байдал, гэр бүлийн лавлагаа, түүний нөхөр гэх Еншөбу овгийн Сийн Эын талаарх хувийн байдлыг тогтоосон ямар ч нотлох баримтыг бүрдүүлээгүй, 2012 онд төрсөн Э.Т, 2019 онд төрсөн Э.А нарыг хэний асран хамгаалалтанд үлдээж, тэжээн тэтгүүлэх талаар ч мөрдөн шалгах ажиллагааны аль ч шатанд ямар нэгэн нотлох баримтыг бүрдүүлээгүй, холбогдох ажиллагааг хийгээгүй байна. Ч.У нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хууль ёсны гэр бүлтэй нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоогүй, хүүхдүүдийн эцэг нь хамт амьдардаггүй, зуйгуул шинжтэй явдаг, өөрөө 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хадам эх М.Уг асран хамт амьдарч байсан талаарх шүүгдэгчийн мэдүүлэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс бодит дүгнэлт хийгээгүй.

Магадлалын 6 дугаар талд “мөн тэрээр урьд ялаа биелүүлсэн талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүйг дурдвал зохино ” гэж дүгнэжээ. ЭХХШТХуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулиар хүлээсэн үүргийг мөрдөгч, прокурорын байгууллага хэрэгжүүлээгүй буюу шүүгдэгч Ч.Угийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд нэн ач холбогдолтой “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017.11.16-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгуулсан ялыг Ч.У төлж барагдуулсан эсэх талаарх лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулж “цагаатгах, хөнгөрүүлэх” нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал илтэд дордсон байна. Энэ нь ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг нотлох үүргийг мөрдөгч, прокурор биелүүлээгүй нь ЭХХШТХуулийг ноцтой зөрчсөн, түүний улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял хөнгөрүүлэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн эсэх нөхцөл байдлыг нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжийг, мөн өмгөөлөх талыг тэгш мэтгэлцэх боломжийг шууд хязгаарласан үйлдэл болсон.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд ЭХХШТХуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдийг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүд, 31.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 32.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн мөрдөгч, прокурорын үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

ЭХЕА-ийн 5.1 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг хуульчилсан ба шүүгдэгч Ч.У нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлж, үлдэгдлийг төлөхөө илэрхийлж гэрээ хийсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа нь хуулийн нийгэмшүүлэх зорилгод нийцэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сум дундын шүүхийн 2017.11.16-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгуулсан ялыг Ч.У төлж барагдуулсан талаарх лавлагааг ШШГЕГ-аас гаргуулан гомдолд хавсаргасан.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр зохицуулсан заалтыг анхан болон давж заалдах шатын шүүх хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба өмнө гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж, ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүхээс хэрэглэхээс татгалзсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ч.Угийн 2012 онд төрсөн 7 настай хүү, 2019 онд төрсөн 01 настай охин нар нь хөдөлмөрийн чадварын 90 хувийн алдагдалтай хадам эх М.Угийн асрамжид байгаа ба 01 настай охин А нь хөхүүл бөгөөд одоогоор эхийн сүү орлуулагчаар хооллож байна. Гомдолд торгуулийн ялыг төлсөн талаарх лавлагаа, хүүхдүүд асран хамгаалагчгүй байгаа талаарх ХУД-ийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн өнөөдрийн бодит байдлыг нотлох 2 ширхэг фото үзүүлэлт, М.Угийн гар бичмэл тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэтгэвэрийн дэвтэр, Э.Агийн төрсний гэрчилгээ, Э.Тын төрсний гэрчилгээ, шүүгдэгчийн аав В.Чгийн тэтгэвэрийн дэвтэр, торгуулийн ял оногдуулсан нөхцөлд шүүгдэгчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тодорхойлолт, ээж С.Оийн тэтгэврийн дэвтэр, торгуулийн ял оногдуулсан нөхцөлд шүүгдэгчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тодорхойлолт, С.Эод шийтгэл оногдуулах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.31-ний өдрийн 432 дугаар шийтгэвэр, С.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, С.Э нь М.Угийн асрах хамгаалагч болох дэвтэр зэрэг бичмэл баримтуудыг хамтатган гаргаж байна.

Эдгээр баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлээгүй, шүүхээс нэн даруй нөхөн гүйцээх боломжгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, 01 настай охин Агийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хяналтын журмаар гаргах гомдолд хавсаргаж байгааг хүлээн авна уу. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 443 дугаар магадлалд ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулах, дээрх хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл, ЭХЕА-ийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт зааснаар ялыг хянаж тэнсэн харгалзахаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн “Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Угийн гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн” гэсэн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх шүүгдэгч Ч.Уд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Уд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.У нь 2019 оны 7 дугаар сарын 19, 24-ний өдрүүдэд Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэгүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх зүйл ургамлын 67.8 кг, 3.375.000 төгрөгийн үнэ бүхий үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, улмаар дээрх ургамлын үндэс бүхий 8 шуудай ачааг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зорчигч тээврийн автобусаар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт хураагдсан 67.8 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг Ч.Уд худалдсан гэх Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан тул /хх-225/ ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар мөрдөн шалгах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”  тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Шүүгдэгч Ч.Угийн хувьд 67.8 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлын үндсийг худалдан авсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн 16.959.000 төгрөгийг Ч.Уг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Угаас 67.8 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үнэ 3.370.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, 2020 оны 2 дугаар сарын 27-ноос хойш 120 хоног цагдан хоригдож, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, 67.8 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3.370.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлж, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн /2хх-26/,  урьд нь 237 кг хонины махыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүрэн биелүүлсэн /2хх-70/ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, түүнчлэн Ч.У нь 1 нас болон 8 настай 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй /2хх-71/ зэрэг хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд түүнд хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 443 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Уд тэнссэн хугацаанд хор уршийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Угаас 3.375.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж өөрчилж, “Ч.Уг нэн даруй сулласугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН