Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1236

 

 

 

 

 

 

   2018         08          30                                   2018/ШЦТ/1236

 

                                                                                          

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706011610443 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рояал Кастлэ" хотхоны 102 дугаар байрны 10 давхарт байрлуулсан иргэн Г.Жаргалсайханы эзэмшлийн “Жайнт" маркийн унадаг дугуйг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 08 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-105 тоот хашаанд байрлуулсан иргэн О.Эрдэнэтовчийн эзэмшлийн "Маяти" маркийн ачааны автомашинаас бэлэн 2 сая төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.                             

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Жаргалсайханы эзэмшлийн унадаг дугуйг, хохирогч М.Батбилэгийн бэлэн 2.000.000 төгрөгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай нөхөр Эрдэнэтовч хувиараа хөдөө барилгын ажил хийдэг юм. 2018 оны 08 сарын 16-ны өдөр хөдөө туслах ажилтанаар хүн авахаар зар тавьсан юм. Зарын дагуу манай нөхөр лүү нэг үл таних хүн яриад манай гэрт ирсэн. Нөгөө хүн ирээд хөдөө ажилдаа авч явах багаж төхөөрөмж эд зүйлсийг машин дээр ачиж өгсөн. Тэгтэл нэг мэдсэн чинь нөгөө хүн байхгүй болсон байсан. Ингээд манай нөхөр машин дотроо жижиг гар цүнхэнд бэлэн 4 сая төгрөг хийсэн байснаа үзтэл 2 сая төгрөг нь байхгүй болсон байсан. Тэр залуу манай нөхрөөс "ойрхон дэлгүүр хаана байдаг вэ" гэж асуугад гарсан гэсэн. Мөнгө байхгүйг мэдээд хажуугийнхаа дэлгүүрийн камерийн бичлэгийг шүүж үзэхэд нөгөө залуу халаасандаа гараа хийчихсэн, халаасаа дараад гүйж байгаа бичлэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

Хохирогч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 сарын 07-ны өдрийн 17:50 минутийн үед 102 дугаар байрны 10 давхарын кордиороос Жайнт загварын 2.500.000 төгрөгийн үнэтэй цагаан, улаантай алаг өнгийн унадаг дугуй хулгайд алдсан. Байрны орцны камерт хулгайлсан хүний дүрс тод харагдаж байна. Алдсан дугуйгаа бүрэн бүтэн хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 85/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 сарын 9-10 ны үеэр "Үнэгүй.мн" зараас унадаг дугуй зарна гэсэн зар харж байгаад нэг дугаар руу ярьж байгаад "Жайнт" нэртэй цагаан өнгийн унадаг дугуй 140.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх дугуйг зарсан хүн манай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нуурийн 16-347 тоотод гэрт хүргэж ирээд мөнгөө бэлнээр аваад явсан. Дээрх дугуй худалдсан хүнийг харвал танина. Тэгтэл уг дугуй нь хулгайн дугуй байна гээд 2018 оны 05 сарын дундуур худалдаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа цагдаагийн албан хаагч ирээд аваад явсан. Иймд би өөрийнхөө худалдаж авсан 140.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

 

Гэрч О.Эрдэнэтовчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Үнэгүй.мн сайт дээр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хөдөө ажиллах. барилгын туслах ажилтан ажилд авна" гэсэн зар тавьсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр над руу 88833737 гэсэн дутаараас нэг залуу залгаад ажил сонирхоод өнөөдөр өглөө 10 цагийн үед надтай ирж уулзсан юм. Тэр залуу Баянзүрх дүүргийн 10-р хороонд орших манай хашаан дотор машин руу барилгын материал ачилцсан. Тэр үед манай ажилтан Баярболд бид гурав байсан. Би өөрийн гар цүнхэндээ 4 сая төгрөг бэлнээр авч хийгээд өөрийн маяти машиныхаа урд тавьчихсан наагуур цаагуур орж гараад юм хум ачилцаад байж байтал ажилд орохоор ирсэн байсан үл таних залуу ахаа би дэлгүүр орчихоод ирье гэж яваад ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгахад холбогдохоо больчихсон. Ингээд би цүнхтэй мөнгөө мшпины урд тайвсанаа санаад үзтэл нэг боодолтой нь буюу 2 сая төгрөг алга болчихсон байсан. Тэр залуу өглөөнөөс хойш юм хийж ачилцчихаад хэлж ярихгүй чимээгүй яваад өгсөн нь надад сэжигтэй санагдаад байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн №БЗ2-18-949 дугаартай:

2018 оны 05 сарын 11-ний өдрийн байдлаар жайнт загварын унадаг дугуй 720.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 98-99/,

 

Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 08 сарын 16-ны өдөр Үнэгүй.мн сайтнаас ажил хайж байгаад "Хөдөө ажиллах барилгын туслах ажилтан ажилд авна" гэсэн зарын дагуу зар дээрх утсаар ярьж асуухад "хөдөө ажилд хүн авч явна" гэсэн. Ингээд уг хүнтэй ярьж тохироод ажилд явахаар болоод 2017 оны 08 сарын 17-ны өглөө тэр айлд очиход хашаан дотор цагаан өнгийн Маяти маркийн машинд барилгын багаж материал ачиж байсан. Би очоод хамт ачилцасан. Тэгээд юмыг нь ачилцаж дуусчихаад намайг авч явах хүн машиныхаа нөгөө талд юм хийж байхад нь би машин дотор сууж байгаад машины кабин дотор жижиг бор өнгийн гар цүнх байсныг онгойлгож үзэхэд 2 боодол 20,000-тын дэвсгэрт байхаар нь нэг боодлтой мөнгийг нь аваад нөгөө ахаас дэлгүүр хаана байдаг юм бэ гэж асуухад хашаанаас гараад байгаа гэхээр нь би дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд гараад утсаа унтраагаад тэр чигтээ зугтаад явсан юм.

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэгийн Бөхийн өргөөний хойд талд байрлах Е MART худалдааны төвийн замын хойд талд байрлах Рояал кастлэ хотхоны 102 дугаар байрны 10 давхарт гархад 2 ширхэг унадаг дугуй байсан ба нэг дугуй нь цоожтой нөгөөх нь цоожгүй байсан юм. Би цоожгүй байсан дугуйг нь аваад 8 давхар хүртэл түрж буугаад 8 давхараас цахилгаан шатанд суугаад доош буусан. Хөдөө аж ахуйн яамны ойролцоо байх интернэт тоглоомын газар орж ҮНЭГҮЙ.МН сайт дээр унадаг дугуй зарна гэсэн зар тавьсан ба 88057302 гэсэн дугаараас зар тавьсан юм. Тэгээд удалгүй байж байхад унадаг дугуйг чинь үзье гэхээр нь хаана очих талаар нь асуухад Дэнжийн 1000-д аваад ир гэсэн. Тэгэхээр нь би дэнжийн 1000-д очход гэрээ зааж өгсөн ба уг айл нь Хүчит шонхор захын замын зүүн талын гудмаар яваад хашаандаа 1 байшинтай, 1 монгол гэртэй айл байсан ба уг айлын хүнд би дугуйг үзүүлээд 140.000 төгрөгөөр зарсан юм. Дугуй зараад олсон мөнгөө үрээд дуусгасан гэх мэдүүлэг /хх-н 36-37, 96/,

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-7, 82-83/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 93/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 132/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-Шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Шүүгдэгч Б.С нь 2 удаагийн үйлдэлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын болон гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

  

Иймд шүүгдэгч Б.Сын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлаж авсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос хохирогч Г.Жаргалсайханд унадаг дугуйг мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяраас хураан авч хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Б.С нь хохирогч М.Батбилэг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяр нарт хохирол төлж барагдуулаагүй байх тул түүнээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Батбилэгт, 140.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяр нарт тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн учир 109 хоног цагдан хоригдсон байх учир эдлэх ялд нь уг хугацааг оруулан тооцов.

 

Хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг арван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон нэг зуун ес хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч Г.Жаргалсайханд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Батбилэг /ДЮ80102201/-т, 140.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяр /ХИ83080291/-т тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ