| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2409032451424 |
| Дугаар | 2026/ДШМ/298 |
| Огноо | 2026-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/298
2026 03 13 2026/ДШМ/298
Д.Я-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Я-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2409032451424 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Д-гийн Я-/РД:ШД-/, .........,
урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зуйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Д.Я- нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Д- байрны 66 тоотод согтуурсан үедээ “аавтайгаа мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин Я.А-ыг нүүрэн хэсэг pүү нь хөлөөрөө жийж, индүү авч шидэж толгойн дух хэсэгт онож, хуванцар саарал хоолойгоор гар луу цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, зүүн тохойд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Я-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Я-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Д. Я- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелэгдээгүй бол Эрүүгийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Я- давж заалдах гомдолдоо: Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ гүнээ харамсаж, ухамсарлаж байна. Манай ам бүл 4, эхнэр, хоёр хүүхэдтэй, 54 настай, эхнэр эрхэлсэн ажилгүй, эмнэлэгийн хяналтанд байдаг, 2 хүүхэд маань дунд сургуульд сурдаг, би ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг болохоор миний боломж хаа ч хүрэхгүй байгааг минь харгалзан үзнэ үү. Мөн надад зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 50 хувь болон түүнээс доош болгож өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Я-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бид хоёр бага насны хүүтэй бөгөөд хүү хувийн сургуульд 3 дугаар ангид суралцдаг. Түүний сургалтын төлбөрийг аав нь дангаараа хариуцан төлдөг байсан. Одоогоор төлбөр дутуу, нэхэмжлэгдсэн байдалтай байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, цаашид гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино. Шүүгдэгчийн хувийн байдлыг авч үзэхэд өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан бөгөөд тухайн хэрэгт өөрөө санаачлан халдсан, индүү ашиглан гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулсан нь хэргийн шинж, нийгмийн аюулын зэрэг, шүүгдэгчийн хувийн байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна. ....” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Я-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
Д.Я- нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Д- байрны 66 тоотод согтуурсан үедээ “аавтайгаа мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар охин Я.А-ынхаа нүүрэн хэсэг pүү нь хөлөөрөө жийж, индүү авч шидэж толгойн дух хэсэгт цохиж, хуванцар саарал хоолойгоор гар луу цохих зэргээр түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацар, зүүн тохойд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын “...00 цагийн үед Я- согтуу гэртээ ирээд тухайн үед нь манай охин А- унтаж байхад нь сэрээгээд “чи аавтайгаа мэндэлсэнгүй, яахаараа мэндэлдэггүй” юм гэж уурлаж охиноо зодсон байсан. Я- “охиноо өөдөөс нь харж зогсож байхад нь нүүр хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн” гэсэн, тэгээд “индүү аваад шидсэн” гэсэн, толгойных нь дух хэсэгт нь оносон байсан. Тэр нь хавдчихсан, сангийн хуванцар саарал хоолойгоор гар луу нь цохиод зүүн гарных нь тохой хэсэг шалбарсан байсан. Унтсаных нь дараа охин маань шөнө 02 цагийн үед гэрээсээ нууцаар гараад над дээр буюу ахындаа ирсэн юм. ...” /хх 41-42/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12901 дугаартай “...Я.А-ын биед тархи доргилт, зүү хацар, зүүн тохойд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн алгадах, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 54-55/ гэсэн шинжээчийн дүгнэлт,
Гэр бүлийн хүчирхийллийг үнэлсэн аюулын зэргийн үнэлгээ /хх 4/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Д.Я-гийн охин Я.А-ыгаа “аавтайгаа мэндэлсэнгүй” гэх хшалтгаанаар нүүрэн хэсэг рүү нь хөлөөрөө жий, индүү авч шидэх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан:гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх Д.Я-гийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн зүйлчилжээ.
Шүүх, шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас түүнд торгох ял сонгож, 2,700,000 төгрөгөөр оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.
Д.Я-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Д.Я-гийн гаргасан “торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2855 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Я-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ