Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1237

 

 

 

 

 

 

    2018        08          30                                   2018/ШЦТ/1237  

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 1806059271413 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 07 сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансарын тунелд байрлах Sapphire караокед хохирогч Б.Ганбаяртай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                    

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Ганбаярын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянзүрх дүүүргийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр байрлах караоке бааранд DJ хийдэг юм. 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 04:30 минутанд ажилаасаа гараад явж байтал миний танил дүү Маралаа орилсон. Тэгээд яваад очитол Маралаа болон түүний захирал Сэлэмээ нэг эмэгтэй дөрвөн залуутай тооцоон дээрээс болж маргалдаж байсан. Би очоод одоо больцгоочих гээд салгатал нэг залуу нь намайг мөргөөд унагасан. Тэгээд би хэсэг ухаан алдчихсан байсан. Тэгээд ухаан ороод хартал миний зүүн талын хөмсөг задарсан. Баруун талын дух хавдсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлснээс өөр эмнэлэгт үзүүлээгүй, эмчилгээ хийлгээгүй. Өвчин намдаах эм кетанол 18.000 төгрөгөөр, сорвины контрактуфекс тос 15.000 төгрөгөөр, шархны өмхий ногоон тос 1.200 төгрөгөөр авч нийт 34.200 төгрөгний зардал гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/

 

Гэрч П.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... цагдаа хүлээж байхад бөөн хэрүүл болоод байсан. Ганбаяр ах тэд нартай цуг явсан эмэгтэйд хандаж "54,000 төгрөгөөр хэдэн залуу дайлчаад шарлахаад мөнгөө алдсан гээд шаагаад байгаа муу" гэж хэлхэд тэр эмэгтэй солонгосоор нэг зүйл хэлхэд бид нар бүгд дооглож инээсэн. Шоотой сороочиг өмссөн махлаг залуу "дуугүй сонсоод байхад давраад байгаа юм биш үү" гээд Ганбаяр ахыг нэг л мөргөсөн. Тэгээд би цагдаа дуудсан. гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 8664 дугаартай:

Б.Ганбаярын биед тархи доргилт, духанд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/

 

Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 14-ны 03:00 цагийн үед найз Баагий, Пүрэвдаваа, Манжига, Болорцэцэг нарын хамт Сансарын тунель дээр байрлах "sapphire" нэртэй караокегоор үйлчлүүлээд гарсан. Намайг гараад иртэл Манжига Болорцэцэг Пүрэвдаваа нар түрүүлээд гараад ирцэн хүмүүстэй маргалдаад байж байсан. Манай найз Пүрэвдаваа нилээн согтсон байсан тул тооцоогоо хийгээгүй гараад ирсэн юм билээ. Tэгээд караокены захирал гэх залуу та нар шиг юмнуудаар гуйж хийлгэдэггүй юм гуядаж хийлгэдлэг юм гэж хэлээд муудалцсан. Намайг гарч ирхэд манай найз Пүрэвдаваа караокены захирал хоёр барьцалдаад авчихсан байхаар нь би дундуур нь ороод өөрийн найз Болорцэцэгийг тооцоогоо хий гэж хэлчихээд ажилтан охиныг захиралаа ав гээд салгаад би найзуудаа машинд суулгаад Болорцэцэгийг тооцоогоо хийчээд хүрээд ир гэж үлдээгээд тэндээс яваад Алтанжолоо төвийн тэнд очоод хүлээж байсан. Найз Болорцэцэгийг ирэхгүй болохоор нь залгатал захирал гэх залуу аваад ирж тооцоогоо хийчээд энэ янханаа ав гэхээр нь би явж очсон. Яваад очтол Болорцэцэг тооцоогоо хийцэн байсан. Харин гар утас цүнхэнд байсан мөнгө алга болчихлоо гэж байсан. Тэгээд байж байтал надад мөргүүлсэн залуу гарч ирээд захирал гээд байгаа залуутай нийлээд манай найз Болорцэцэгийг "чам шиг юманд 500.000 төгрөг байхуу, 500.000 төгрөгөнд хэдэн ширхэг хорьт байдгийг мэдэх үү" гэх мэтээр элдвээр хэлээд байсан. Тэгээд надад мөргүүлсэн залуу "энэ янханаараа тооцоо хийгээд сурцан арчаагүй пизда байна ш дээ” гэж хэлэхээр нь тэсэхгүй очоод мөргөчихсөн юм. Тухайн үед бид тооцоогоо хийсэн байсан. Болорцэцэгийн гар утсыг захирал гэх залуу авч нуугаагүй, Маралмаа гэх эмэгтэй утсыг нь өгчихсөн гэж худлаа хэлээгүй бол ийм хэрэг гарахгүй байсан.

Би нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодоогүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  Дахиж ийм зүйл гаргахгүй. Хохиролыг барагдуулъя гэхэд 1 сая төгрөг нэхсэн. Надад тийм их мөнгө байхгүй гэхэд хуулийн дагуу явна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 4/, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар /хх-ийн 27, 29/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Мын иргэн Б.Ганбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Ганбаяр нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Э.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ганбаяр нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ