| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2210023211215 |
| Дугаар | 2026/ДШМ/299 |
| Огноо | 2026-03-13 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/299
2026 03 13 2026/ДШМ/299
Б.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
хохирогчийн төлөөлөгч О.Э-, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,
цагаатгагдсан этгээд Б.С-, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ЦТ/03 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.С-д холбогдох 2210023211215 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Б-гийн С-, ......, ял шийтгэлгүй, /РД:ШБ-/,
Цагаатгагдсан этгээд Б.С- нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” ХХК-ийн цехийн дарга албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд бараа захиалгын мөнгө, бараа захиалсан байгууллагаас захиалгаа цуцлан буцаан гэр бүлийн хамаарал бүхий иргэдийн дансаар болон өөрийн дансаар шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 86,940,405 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Шүүх “Б- Бланс аудит” ХХК-ийг аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг хэргийн баримтаар тогтоогоогүй тул тус баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, цагаатгах үндэслэл болсон гэж дүгнэсэн, гэтэл хэргийг анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1146 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос шүүгчийн захирамжид заасны дагуу нэмэлт шинжилгээг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГО 40125/099 дугаартай дүгнэлт гаргуулан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өмнө нь хэргийг прокурорт буцаахдаа захирамжид “Б- Бланс аудит” ХХК-ийн гаргасан актыг нотлох баримтаар үнэлэхгүй талаар огт дурдаагүй, зөвхөн хохирлын хэмжээг зөв тогтоох талаар захирамжид заасан ажиллагааг хийсэн атал гэм буруугийн шүүх хуралдаанд тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан байхад үүнийг анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулсан гэж үзэж байна. Б.С-д ажил олгогч буюу эд хөрөнгийн өмчлөгчөөс /хохирогчоос/ гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр түүнд эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулсан, тодруулбал хэзээ, хэдэн төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт авагдаж, тухайн дансны хуулга болон баримтуудад үндэслэн эдийн засгийн шинжилгээ хийгдсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын зүгээс хэзээ, хэдэн төгрөгийг авсан талаар маш тодорхой мэдүүлсэн байхад шүүхээс энэхүү нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.
2. Шүүх шүүгдэгчийг цагаатгахдаа Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн цагаатгахдаа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж үзэж байна.
Учир нь “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээтэй байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.
Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.
Тодруулбал, шүүх шүүгдэгчийг цагаатгахдаа хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн, өөрөөр хэлбэл, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад, шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн тухайн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгасан нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны тойргийн шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс давж заалдах гомдолдоо: “...1. Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой юм.
Залилах, эсхүл хөрөнгө завших гэмт хэргүүд нь дээр дурдсан нийтлэг шинжийг агуулах боловч гэмт этгээдийн санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгож авсан арга, 31 мөн тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагдана. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн онцлог нь хохирогчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулснаас үл хамааран өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бий болгосноороо бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгагддаг.
Шүүгдэгч Б.С- нь хохирогч О.Э-ын мэдүүлэг /1хх-34-36/, гэрч Х.Э- /1хх-ийн 41-44/, гэрч Ц.Г- /1хх-47-48/ гэрч Ж.Ч- /1хх-55-56/ нарын мэдүүлэг, хөндлөнгийн аудитар “Ч- Бланс” ХХК-ийн дүгнэлт /1хх-78-103/ зэргээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэжээ. Шүүхийн цагаатгах тогтоол дурдсанаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй эсхүл гэмт хэргийн шинжгүй аль нь болохыг тодорхой дурдаагүй бичвэрийн хувьд ойлгомжгүй байна.
Харин шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ гэрч Б.С-ийн мэдүүлэг, Э.Н-ийн мэдүүлэг, Б.С-гийн хүүхэд болон Ч.Т-ын мэдүүлэг, бэр болох Г.Н-гийн мэдүүлэг, Б.Т-ын мэдүүлэг, Ч.Д-гийн мэдүүлэг, Б.Б-С-гийн мэдүүлэг, түүний нэр дээр бүртгэлтэй болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкин дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийг няцаан үгүйсгээгүй байна.
Тодруулбал, дээрх нотлох баримуудыг тал бүрээс нь харьцуулж дүгнэхэд: Б.С- нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж “Б-” ХХК-ийн зүгээс бараа материал захиалж буй нэрийдлээр тус хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр Ж.Ч-ийн Төрийн банкны 6,924,100 төгрөг, хүү Ч.Т-ын дансанд 7,400,000 төгрөг, бэр охин Г.Н-гийн дансанд 26,384,000 төгрөг, нийт 40,708,000 төгрөгийг удаа дараа шилжүүлж байсан нь нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн. Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг арraap завшдаг юм. Тодруулбал, албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг хувьдаа авсан үйл баримтыг ойлгодог.
Б.С- нь “Б-” ХХК-ийн үйлдвэрийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хариуцан явуулах, үйлдвэрт шаардлагатай түүхий эдийг худалдан авах, түүний захиалгыг зохион байгуулах ажлыг хариуцдаг байсан юм. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж байгууллагын эд хөрөнгийг өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулж, хувийн хэвшил бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд хохирол учруулсан үйл баримтыг "гэмт хэргийн шинжгүй" гэж үйл баримтын алдаатай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байгааг харуулж байна.
2. Нотлох баримтыг үнэлж дүгнэх журмыг зорчсон талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэж заасныг зөрчсөн байна.
2.1. Тодруулбал, нэг нотлох баримтыг нөгөө нотлох баримттай харьцуулах замаар магадлах үүргийг хэргийг хянан шийдвэрлэж буй албан тушаалтанд үүрэг болгосон байна.
Гэтэл шүүх Б.С-гийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох: Гэрч Ч.Т- /Б.С-гийн хүү/ “...Ээжээс түр мөнгө зээлээч гэхээр ээж надруу миний хэлсэн дүнтэй мөнгийг түр хугацаанд зээлдэг байсан. Тэгээд би мөнгийг нь буцаагаад өгдөг байсан. Ээж надад ямар эх үүсвэртэй ямар учиртай мөнгө зээлдэг байсан талаар хэлдэггүй байсан 2022 онд мөнгө зээлсэн удаа зөндөө байдаг, мөнгө зээлсэн өдрөө сайн санахгүй байна, тухайн үедээ түр мөнгө зээлсэн асуудал байдаг. Миний хувьд яг хэдэн төгрөг хэдэн удаа зээлж авснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг;
гэрч Г.Н- /Б.С-гийн бэр/ “...2022 оны 01 дүгээр сараас эхлэн манай хадам ээж Б.С- нь миний Хаан банкны 5Д-4 тоот данс руу хүн мөнгө шилжүүлнэ, тэр мөнгийг буцаагаад надад өгчих гэдэг байсан. Тэгээд тэр шилжин орж ирсэн мөнгийг би буцаагаад хадам ээж Б.С-гийн хэлсэн данс руу явуулдаг байсан...” гэх мэдүүлэг, нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гүйлгээний утга зэрэгт үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийн бодит байдлыг нотлох баримтуудаас өөрөөр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Яллагдагч Б.С-гийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны 4Д-, Хаан банкин дахь 5Д-40 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа, аудитын дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай Санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээч С.Содномцогийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд цугларсан байна.
2.2. Нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн талаар:
Шүүхийн цагаатгах тогтоолын 11 дэх хуудаст тусгагдсанаар “Б- Баланс Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон шүүх шинжилгээний ерөнхий газрын санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмыг зөрчиж гаргасан хэмээн дүгнэжээ.
Гэтэл шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор. эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж заасан өөрт олгогдсон шинжээч томилж эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах эрхийг хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргаж уг агуулгаар хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах юм.
3. Шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй: Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан 9 үндэслэлийн дагуу гарч, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу бичигдэх ёстой.
3.1. Хууль зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн талаар: Гэтэл 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 1.9 дэх заалтад заасан аль үндэслэлээр цагаатгаж байгаа нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан атлаа “Хууль зүйн дүгнэлт” хийхдээ нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ гэсэн агуулга тусгасан байна. Гэтэл хууль хэрэглээ болоод онолын хувьд “гэмт хэргийн шинжгүй”, “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх агуулга нь өөр хоорондоо хэрэглээний хувьд ялгаатайг ухамсарлахгүйгээр холбон тайлбарлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “гэм буруугүйд тооцох” зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдоогүй, түүний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль нь онол практикийн хувьд эргэлзэх нөхцөл байдлыг бодитой үүсгэсэн байвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтай нөхцөлийг баримтлан шийдвэрлэнэ гэж заажээ.
Гэтэл шүүхээс дүгнэхдээ дээрх зарчмын агуулгыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан аль үндэслэлээр бус 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж буй нь учир дутагдалтай хуулийн системчлэлээс гажсан шийдвэр болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гаргаж буй аливаа этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай гэвч шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд үл нийцсэн байна. Жишээ нь: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй нөхцөлд үүссэн тодорхой бус байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцдоггүй байхад эргэлзээ төрлөө гэж тайлбарлан цагаатгасан нь үндэслэл муутай болжээ.
3.2. Цагаатгах тогтоол тавигдах бүтэц, хэлбэрийн шаардлага зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...” гэсэн байна. Гэтэл шүүхийн тогтоолд зааснаас өөр бусад нотлох баримтууд буюу бэр, хүү, нөхөр нарын мэдүүлгийг нь яллах дүгнэлтэд тусгаж яллах ажиллагаанд ашигласан байхад цагаатгах тогтоолд тусгаж, үндэслэл бүхий няцаалт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэжээ.
Шүүхийн цагаатгах тогтоол прокурорын яллах дүгнэлтийг үйлдсэн хууль зүйн үндэслэл, хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн агуулгын няцаан үгүйсгээгүй, цагаатгах үндэслэл болсон агуулгаа “гэмт хэргийн шинжгүй" гэж ойлгомжгүй байдлаар тайлбарласан.
Нэгтгэн дүгнэхэд, анхан шатны тойргийн шүүхийн цагаатгах тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар шүүгч өөрийн зүгээс нотлох баримтуудыг шалгаж үнэлсэн байдлыг тухайлбал, нотлох баримтыг үнэлээгүй үндэслэлийг, хэрэгт хамааралтай болон хамааралгүй үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, холбогдолгүй байгааг, баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг зөвшөөрч буй, эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүхийн цагаатгах тогтоолын 10 дахь хуудаст “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан болон нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд хуу заасан журам зөрчигдсөн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна” гэжээ. Гэсэн атал шүүх цагаатгаж шийдвэрлэхдээ бүхий л нотлох баримтуудыг шалгасны эцэст гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсонгүй гэх явцуу дүгнэлт хийжээ.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан билээ. Иймд анхан шатны тойргийн шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн төлөөлөгч О.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ковид-19 цар тахлын үед банкны үйл ажиллагаа хязгаарлагдаж, гүйлгээ хийх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Манай байгууллага БНХАУ-аас түүхий эд, материалыг импортлон авдаг боловч хил, гаалийн хязгаарлалтын улмаас дотоодын зах зээлээс, хувь хүн болон аж ахуйн нэгжээс үлдэгдэл материал худалдан авах шаардлагатай болсон. Энэ хугацаанд шүүгдэгч Б.С- нь худалдан авалтын үйл ажиллагааг хариуцаж байсан бөгөөд “тодорхой хэмжээний шуудайны материал орж ирсэн, ийм үнээр авах боломжтой, дансны дугаарыг өгье” гэх зэргээр мэдээлэл өгч, төлбөрийг өөрийн заасан дансанд шилжүүлэхийг шаарддаг байсан. Хөл хорионы улмаас биечлэн шалгах боломжгүй байсан тул түүний өгсөн дансанд мөнгийг шилжүүлж, материалыг худалдан авч байна гэж ойлгож байсан. Гэвч бодит байдалд шүүгдэгч Б.С- нь материал худалдан аваагүй, харин өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь хожим тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч нь оёдолчдод “захирлын заавраар” гэх нэрийдлээр бүтээгдэхүүн хийлгэж, тэдгээрийг өөрийн мэдэлд авч, борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон. “Д-” ХХК-тай холбоотой төлбөр тооцоо нь компанийн дансаар хийгддэг, тусдаа харилцаа бөгөөд шүүгдэгчийн үйлдэлтэй хамааралгүй. Ковидын өмнөх хугацаанд агуулахад нөөц материал хангалттай байсан бөгөөд шүүгдэгч нь тэдгээрийг борлуулах, давхар өөр этгээдэд худалдах замаар байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч нь тодорхой хугацаанд ажиллан өр төлбөрөө барагдуулахаа зөвшөөрсөн боловч богино хугацаанд ажилласны дараа үндэслэлгүй тайлбар гаргаж, хариуцлагаас зайлсхийх оролдлого хийсэн. Хохирогчийн зүгээс ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй, харин асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх боломж олгосон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг ямар үндэслэлээр цагаатгасныг ойлгохгүй байна. Шүүгдэгч нь өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн авч, буцаан зарцуулсан нь аудит болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байхад түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.С-гийн өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн анхны дүгнэлт нь зөвхөн Б.С-гийн дансанд шилжин орсон мөнгөн хөрөнгийн хэмжээнд дүгнэлт гаргасан бөгөөд уг мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар иж бүрэн дүгнэлт хийгдээгүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргасан этгээд нь холбогдох тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий субъект мөн эсэх асуудлыг хөндөж, үнэлсэн болно. Түүнчлэн уг дүгнэлтийг хохирогч талаас хэрэгт гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.С- нь өөрийн болон нөхөр, хүүхдийнхээ дансаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан асуудлыг үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчийн зүгээс “Д-” ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 53,000 ширхэг шуудайг 1,400,000,000 төгрөгийн үнийн дүнгээр нийлүүлсэн талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл дээрх нийлүүлэлттэй огт хамааралгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн үр дагавар, хохирол үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хэрэгт “...Д-аас дарамтлаад байна, яаралтай оёж бэлтгээрэй, шаардлагатай бол гар дээрээс материал ав...” гэх агуулгатай харилцаа, мессежүүд авагдсан бөгөөд энэ нь тухайн үйл ажиллагаа “Д-” ХХК-тай шууд холбоотой байсныг нотолж байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгчийн үйлдэлд завших гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Тухайлбал, 2022 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хугацаанд Б.С-гийн дансанд нийт 12,000,000 төгрөг шилжин орсон бөгөөд хэрэв уг мөнгийг анхнаасаа завшигдсан байсан бол тухайн хугацаанд давтан байдлаар мөнгө шилжүүлэх нөхцөл үүсэхгүй байсан. Харин бодит байдалд бараа бүтээгдэхүүнийг “Д-” ХХК-д нийлүүлж байсан тул уг төлбөрийг шилжүүлж байсан. Иймд шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.С-гийн өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.С- нь тухайн мөнгийг өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансаар шилжин орсон талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Харин уг мөнгийг 30,000 ширхэг шуудайны материал худалдан авахад зарцуулж, улмаар “Д-” ХХК-д нийлүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. “Д-” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичигт 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын хооронд нийт 53,000 ширхэг баяжмалын шуудайг худалдан авсан талаар дурдсан бөгөөд энэ асуудалд талууд маргадаггүй. Уг 53,000 ширхэг шуудайг “Б-” ХХК-ийн өмнөөс хэн нийлүүлсэн талаар авч үзвэл Б.С- нь тэдгээрийг “Д-” ХХК-д хүргүүлж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл хохирогч талаас “Д-” ХХК-д нийлүүлэгдсэн баяжмалын шуудайтай Б.С-гийн үйлдэл хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин “Б-” ХХК-ийн захирал О.Э-, түүний эхнэр н.Э- болон Б.С- нарын хоорондын цахим харилцаа (вайбер зурвас)-ны агуулгад “ажлаа сайн хийж байна, шуудайгаа авч, хүргүүлж байгаарай” гэх утгатай мэдээллүүд агуулагдаж байгаа нь шүүгдэгчийн үйл ажиллагаа тухайн нийлүүлэлттэй холбоотойг нотолж байна. Хэрэв шүүгдэгч Б.С- нь мөнгийг бараа материал болгон хувиргахгүйгээр завшиж, зориулалтын бусаар зарцуулж байсан бол хохирогч талаас давтан байдлаар мөнгө шилжүүлэхгүй байсан. Иймд шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай үед дотоодын хоёр үйлдвэрээс нийт 40 гаруй тонн түүхий эд, материал худалдан авсан. Миний бие 53,000 ширхэг шуудайг өөрийн биеэр падаан үйлдэж, сар бүр ачилтын баримтыг бүрдүүлэн холбогдох этгээдэд хүргүүлж байсан. Мөн О.М-тай ажлын асуудлаар харилцаж байсан цахим зурваст “заавал гүйцэтгэх шаардлагатай, 30,000 ширхэг ажлын гэрээний 15,000 ширхэгийн урьдчилгаа төлбөрийг 11 дүгээр сард шилжүүлсэн, ажлыг заавал хийж гүйцэтгэхгүй бол “М-”-тай холбоотой хүндрэл үүснэ” гэх агуулгатай мэдээлэл хэрэгт баримтаар авагдсан. Эрүүл мэндийн зардлын тухайд, миний бие уг байгууллагад хүнд нөхцөлд ажилласны улмаас гурван удаа хагалгаанд орсон. Эдгээр эмчилгээний зардлыг тухайн байгууллагын мөнгөнөөс гаргаагүй, өөрийн ах дүү, хамаатан саднаас авсан. 53,000 ширхэг шуудайн материалтай холбоотой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны санхүүгийн баримтыг гаргуулж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч уг ажиллагаа хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлт нь зөвхөн миний хувийн дансаар орж ирсэн мөнгөн дүнг үндэслэсэн бөгөөд компанийн үйл ажиллагааны бодит урсгал, зарцуулалтыг шинжлэн тогтоогоогүй. Компанийн ажилчдын цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, түүхий эд, материалын худалдан авалтын төлбөр зэрэг нь миний хувийн дансаар дамжин хийгддэг байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд эдгээрийг ялган салгаж, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нарийвчлан тогтоогоогүй, зөвхөн өдөр тутмын хэрэглээний зарим худалдан авалтыг үндэслэн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх дүгнэлт хийсэн. “Д-” ХХК-ийн тендерийн хүрээнд 20,000 ширхэг шуудай үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалыг худалдан авах зорилгоор шилжүүлсэн бөгөөд уг материалыг худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, “Д-” ХХК-д нийлүүлсэн. Улмаар тухайн хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр нь буцаан компанийн дансанд орж байсан. Эдгээр нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан болно. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос, Б.С-г үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 86,940,405 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “...Аудитын шалгалт хийсэн гэх “Ч- Баланс Аудит” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй эсэх энэ талаарх нотлох баримтыг үнэлэх боломжгүй, мөн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГО 40125/099 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь тусгай шаардлагыг хангаагүй, нэмэлтээр авагдсан “Б-” ХХК-иас “М- минериал” ХХК руу бичсэн зарлагын баримтууд нь хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан этгээдүүдийн гарын үсгийн бүрдэл дутуу нь баримтын шаардлагыг хангахгүй байна, дээрх баримтууд нь шинжилгээний объектын шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд өмнө гарсан 106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулахааргүй байна. Мөн Б.С-д хохирогчоос хэзээ, хэдэн төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт авагдсан боловч “Д-” ХХК-иас 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарын 05-ны хооронд 53.000 ширхэг баяжмалын шуудай худалдан авсан талаар бичгийг гаргаж өгсөн байхад ямар хэмжээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан, эсхүл харилцагч, худалдагч нарт нийлүүлэгдсэн барааны тоо хэмжээ хэд болох зэрэг нөхцөл байдлыг хангалттай, хөдөлбөргүй тогтоож, нотолсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүй. ...” гэх үндэслэлээр Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү анхан шатны шүүх “...хохирогч “Б-” ХХК нь өөрийн худалдаалагдах бараа бүтээгдэхүүнийг орлогод авч, тус компанид ажиллаж байсан Б.С-д нэг бүрчлэн баримтаар хүлээлгэн өгч, зарлагдсан талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөтөлсөн анхан шатны санхүүгийн баримтгүй, өөрийг нь байлцуулан 7-14 хоногоор, эсхүл сар бүр, эсхүл улирал тутамд тооллого хийж байсан эсэх талаар баримтгүй, түүнтэй тооцоо нийлж бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хүлээж авсан, улмаар худалдагчид шилжүүлсэн гэх байдлыг нотлох үндэслэл бүхий санхүүгийн анхан шатны баримт нотолгоо хэрэгт байхгүй. ...” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ:
хохирогч О.Э-ын “...2022 оны 4, 5 дугаар сард 5,020,000 төгрөгийг, мөн материал борлуулан 9,188,809 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан. ...Гэтэл Б.С- энэ байдлыг далимдуулан үйлдвэрт гаднаас түүхий эд авч байгаа нэрийдлээр өөрийн бэр Н-, нөхөр Ч-, бэрийн ээж Д-, найз Г-, Э- зэрэг хүмүүстэй нийлж, тэдний дансаар болон өөрийн дансаар 78,193,100 төгрөгийг завшиж, ямар нэг бараа материал үйлдвэрт оруулаагүй. Нийт 92,401,909 төгрөгийн хохирол учраад байна. ...Гэтэл мөнгө шилжүүлээд байхад түүхий эдийн бараа ирдэггүй. ...” /хх 34-36/,
гэрч Х.Э-гийн “...Б.С- нь гаднаас бараа, материал худалдаж авна гэж хэлээд мөнгийг өөрийн болон бэрийн, бэрийн ээжийн, найзууд болон танил дүү нарын дансаар мөнгийг хүлээж авч, өөрийн Хаан, Голомт, нөхрийн Төрийн банкны дансаар хувьдаа шилжүүлэн авч ашигласан. ...” /хх 41-44/,
гэрч Ж.Ч-ийн “...Яг тухайн үед хагалгаанд орно гээд мөнгөтэй болоод байгааг нь анзаарч байсан, мөнгөө хагалгаанд дийлэнхийг нь зарцуулсан байсан. ...Тухайн үед мөнгө завшиж байхдаа “захирлаас мөнгө авч байгаа, захирал зохицуулж байгаа” гэж хэлж байса., 3 удаа хагалгаанд орсон. ...” /хх 55-56/,
гэрч Э.Н-ийн “...Тухайн үед бараа захиалж авахдаа ихэнх тохиолдолд компанийн биш хувийн дансаар мөнгөө шилжүүлдэг байсан. ...” /хх 62/ гэсэн мэдүүлгүүд,
“Б- Бланс аудит” ХХК-ийн 11 дугаартай дүгнэлт /хх 78-103/, ”Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай “...Б.С- нь нийт 86,940,405 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан авсан. ...” гэсэн /хх 108-112/, эдийн засгийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлтүүд /5хх 196-199/, Ж.Ч-, Ч.Т-, Г.Н- нарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар няцаан үгүйсгээгүй байна.
Тодруулбал, цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт цугларсан агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг шүүх агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг нь харгалзан эх сурвалжийг нь магадлан харьцуулж үнэлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан in dubio pro reo зарчмыг хэрэглэн Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзэх үндэслэл бий болсон байдлыг ойлгохоос бус, хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлийг хамаарахгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед “Б- Бланс аудит” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй эсэх асуудал тодорхойгүй гэх боловч тус аудитын дүгнэлтээс гадна Шүүх шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 106 дугаар, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх ба тус дүгнэлтүүд яагаад нотлох баримтаар үнэлэгдэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах, эсхүл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн дүгнээгүй, хэргийн үйл баримтыг агуулгын хувьд зөрчилтэй тогтоосон байх тул шүүх хуралдаанд оролцвол зохих талуудыг оролцуулан хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ЦТ/03 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ