Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00067

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00538/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 29-ний өдрийн 682 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлага:

1.а. Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь *******, *******, ******* нарын дундын өмч юм.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 484 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 358 тоот тогтоолоор *******гийн
төлөх төлбөрт Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******од байрлах 4 өрөө орон сууцны *******д ногдох хэсгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт битүүмжилж тус 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэж, ******* нь 90,000,000 төгрөгөөр хэт өндөр үнэлж, үнэлгээг танилцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу 4 өрөө орон сууцыг 2002 онд 45,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд тухайн орон сууцанд сүүлийн 16 жилийн турш ямар нэгэн засвар хийгээгүй. Гэтэл Дархан-Уул аймагт борлуулагдаж байгаа шинэ орон сууцны м.кв-н үнээр буюу 90,000,000 төгрөгөөр үнэлж байгааг ойлгохгүй байна. 

Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байсан тул 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй учир миний хүү ы өмчлөх эрх зөрчигдөж байгаа.

Иймд *******-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж өгнө үү гэжээ.

1.б. Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр ыг оруулж, улсын бүртгэлд бүртгүүлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

...Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 125 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьд ногдох хэсгийг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******од байрлах, 50,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153020225/01 дугаартай тогтоолоор битүүмжилж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15302026/05 дугаартай тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авсан.

Шинжээч томилох тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/03 дугаартай тогтоолоор *******-ийг шинжээчээр томилсон байна.

*******-аас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайланд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/391, 01/392, 01/393 дугаартай албан бичгээр талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул гуравдагч этгээд *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан *******-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч *******ын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Өнөрбат давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 4 өрөө  орон сууц 2002 онд 4,500,000 төгрөгөөр худалдан авсан. Сүүлийн 16 жил ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй. Гэтэл тус аймагт борлуулагдаж байгаа шинэ орон сууцны м.кв-н үнээр хэт өндөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй,

4.2. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилснээс болж 2014 онд төрсөн хүү ыг өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй учир түүний өмчлөх эрх зөрчигдсөн.  Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч буюу өмчлөгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******-н эд хөрөнгийг хэт өндөр үнэлсэн тул уг үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл/гомдол/-н шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан гэж  маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу өмчлөгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо 

... 3.1. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 4 өрөө  орон сууц 2002 онд 4,500,000 төгрөгөөр худалдан авсан. Сүүлийн 16 жил ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй. Гэтэл тус аймагт борлуулагдаж байгаа шинэ орон сууцны м.кв-н үнээр хэт өндөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй,

    3.2.мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилснээс болж 2014 онд төрсөн хүү ыг өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй учир түүний өмчлөх эрх зөрчигдсөн.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий  гомдлын зарим хэсэг болох ... 4 өрөө бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх гомдлыг  хангах үндэслэлтэй  байна.

    4. Хэргийг судлан үзвэл:  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол /хх-52-89/-оор ...*******гаас 4,055,218,029 төгрөгийг гаргуулж Цэвэр агаар санд олгох, *******гийн  ...Дархан сумын ******* 21-******* 4 өрөө орон сууцны хувьд ногдох хэсгээс хохиролд тооцуулахаар хянан шийдвэрлэсэн байх ба  эрүүгийн хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус хянагдаж  шүүхийн шийдвэрүүд  хуулийн хүчин төгөлдөр болж /хх-90-123,124-138/, 2015 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 501 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж /хх-51/, үүний дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  үүсгэгдсэн.

Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тогтоолуудыг үйлдэж шийдвэр гүйцэтгэгч нь тэмдэглэл хөтөлсөн /хх-139-142/, мөн төлбөр төлөгч ******* болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нараас үнийн санал авсан /хх-143-145,150-152/, үнийн санал ирүүлэх мэдэгдлийг нэр бүхий өмчлөгч нарт хүргүүлсэн /хх-147-149/, *******-г шинжээчээр томилсон /хх-153/, ******* хөрөнгийн үнэлгээг хийсэн тухай үнэлгээний тайланг 2022 оны 02 дугаар сарын 21-нд ирүүлсэн /хх-4-16/, хариуцагч байгууллага нь тухайн үнэлгээний талаар  төлбөр төлөгч болон бусад өмчлөгч нарт мэдэгдэл хүргүүлсэн /хх-155-158/, нэхэмжлэгч буюу өмчлөгч ******* нь үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлыг шүүхэд гаргасан /хх-1-2/ байх бөгөөд шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

5. Төлбөр төлөгч ******* нь эрүүгийн хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх баримт бичигт үндэслэн хариуцагч байгууллага нь 2017 оны 12  дугаар сарын 18-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч буюу өмчлөгч ******* нарын 4 хүний өмчлөлийн Дархан сум ******* 21-******* 50.5  м.кв  4 өрөө орон сууцыг  хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хурааж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоох  ажиллагааг явуулжээ.

6. Төлбөр төлөгч ******* болон бусад нэр бүхий өмчлөгч нараас тухайн ... 4 өрөө орон сууцны үнийн саналыг гаргасан, тухайлбал, төлбөр төлөгч ******* 60,000,000 төгрөгөөр, ******* 85,000,000 төгрөгөөр, ******* 90,000,000 төгрөгөөр үнэлэх гэжээ. /хх-143-145/.

7. Гэвч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоолыг эс зөвшөөрч 60,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг, ******* 70,000,000 төгрөгөөр, ******* 80,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал гаргасан байх ба энэ нь *******-н үнэлгээний тайлан гаргахаас  өмнө хийгдсэн ажиллагаа байна. 

8. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь шинжээч томилохдоо үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, ..., өмчлөгч харилцан тохиролцож тогтоогоогүй бол эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан бөгөөд шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд “...орон сууцны” үнэлгээ тогтоохоор заасан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнийг тодорхой заагаагүй нь хуульд нийцээгүй.

9. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг тогтоолгох ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.

10. Шинжээч “Капитал зууч”  ХХК нь үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хуульд заасан ямар аргуудыг ашигласан эсэх нь тодорхой бус, энэ талаар үнэлгээний тайланд тодорхой дурдаагүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээг хэрхэн яаж тогтоосон үндэслэлээ тайлбарлаагүй, мөн төлбөр төлөгч болон нэр бүхий өмчлөгч нарын гаргасан  үнийн саналыг  харгалзан үзсэн эсэх  талаар тусгаагүй байна.

11. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй.

12. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Харин нэхэмжлэгч *******ын ...тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилснээс болж 2014 онд төрсөн хүү ыг өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй учир түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь тэрээр анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болгож энэ үндэслэлээр өөрөөр хэлбэл,  хүү ыг өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлага гаргасныг шүүх шүүгчийн захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэсэн байна. 

14. Мөн нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдолд Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм”, Монгол улсын Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Аргачлал батлах тухай” тушаал /хх-178-187/ зэрэг бичгийн баримтыг  хавсаргаж ирүүлсэн байх ба эдгээр нь анхан шатны шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтууд байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар давж заалдах шатны шүүх үнэлэхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 682 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар төлбөрт хураагдсан Дархан-уул аймгийн Дархан сум, *******, *******ны *******, 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн “Капитал зууч” ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... үлдээсүгэй” гэснийг “... үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.                           

       

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                                              ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                    Х.БАЙГАЛМАА