| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0761/Э |
| Дугаар | 1238 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1238
2018 08 30 2018/ШЦТ/1238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч О.Багшбаяр,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806041691023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхоны ЗЗг байрны 36 тоотод оршин суудаг, Малчин моторс ХХК-д менежер ажилтай, урьд 2014 оны 07 сарын 19-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 880 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ЙР90103115 регистрийн дугаартай, Буян овогт Батаагийн Д,
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Банана" баарны гадаа хохирогч Б.Хулангоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Хулангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 дугаар сарын 08-ны шөнө ажил дээрээ буюу зочин монгол зоог сүлжээ ресторан дээрээ байж байгаад рестораныхаа үүдэнд гартал манай байгууллагын хашаа руу үл таних 30 орчим настай 2 согтуу залуу үүдэнд шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж чи наанаа бие засаж болохгүй, наадах чинь байгууллагын эзэмшлийн хашаа гэж хэлсэн чинь тэр залуу миний үгийг тоохгүй намайг хэл амаар доромжлоод манай байгууллагын Ахдаулетыг дуудаж байгаад заамдаад тавихгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсанаа хэлсэн чинь тэр 2 залуу манай байгууллагын хаяг руу энэ танай ажил чинь энэ юм уу тэ би танай байгууллагын нэр хүндэд халдах болно гээд байсан. Тэгээд тэр залуупийн араас очоод чи одоо намайг доромжлоод байна байгууллагыг доромжилсныхоо хариуцлагыг хүлээ гээд цамцнаас нь татсан чинь нөгөө залуу шууд шатны уруу түлхэж унагаачихаад хажуу талаар гүйх гэхэд манай байгууллагын хамгаалагч Ахдаулет нь бариад авсан.
Надад хохиролын 250.000 төгрөг хүлээн авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 69/,
Гэрч Е.Ахдаулетын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2018 оны 05 дугаар сарын 08-нд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Очин Монгол зоогийн газарт хамгаалагчийн ажлаа хийж байгаад хаах дөхөөд 23 цагийн орчим гал тогсс-нэсс оохироо гаргах гээд явж байсан чинь манай хоолны газрын хашаа руу үл танкх 2 залуу шээж байхаар нь боль гэж шаардлага тавьсан чинь тэр залуу намайг чи муу оацаан зайл, хошного минь гэх мэтээр доромжлон чи хэн юм бэ? гээд дээрэлхз-* оайхад манай менежер Хулангоо гарч ирсэн чинь нэг зал уу нь над руу "би хаа-а -хамаагүй- хүссэн газраа шээнэ" гээд намайг заамдаад байхаар нь манай менекес цагдаа дуудсан. Тэр хооронд намхан нуруутай жижигхэн биетэй залуу нь мана^' менежер Хулангоотай маргалдан хэрэлдэж салаавч гаргаж байгаад хажуу талын Банана бааранд орох гээд байхаар нь манай менежер бааранд нь оруулахгүй гээд зууралдаж байхад Хулангоог шатны уруу түлхэж унагаачихаад гарч зугтах гэж байхаар нь барьж саатуулан цагдаад хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6022 дугаартай:
Б.Хулангоогийн биед баруун шагайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/
Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 сарын 08-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байх “БАНАНА” бааранд үйлчлүүлж байгаад гарч тамхи татангаа хажуу талын талын Зочин Монгол зоог нэртэй хоолны газрын хажууд талруу нь хүмүүс шээж байхаар нь очоод шээтэл үл таних эмэгтэй яагаад байгууллагаруу шэзгээд байгаа юм бэ гэж надруу дайрч эхэлсэн тэгхээр нь бусад хүмүүстээ хэлээч бүгд л адилхан шээж байна гэж хэлчээд баар руу орох гээд тоохгүй явж байсан чинь намайг хэл амаар доромжлоод хамгаалагч нь гэх хүн над дээр ирээд намайг наана чинь шээж болохгүй шүү дээ гэхээр нь би за за ойлголоо наад эмэгтэйгээ холдуулчаач гэж хэлээд цааш яваад Банана бааранд орох гэтэл тэр эмэгтэй намайг оруулахгүй миний хувцаснаас зуураад байхаар нь би гарыг нь тавиулаад ортол цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Ийм л зүйл болсон. хувцасны ханцуйнаас зулгаагаад байхаар нь би гараа урагш нь болгож тавиулаад бааранд орсон. Тэр үед бааранд гуравуулаа 0,75 литерийн шилтэй Эвок нэртэй архи уусан учир согтуу байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Уг үйл явдал санаандгүй байдлаас болсон гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Түүний шүүх хуралдаанд гаргасан: Өөрийн гэм бурууг ухаарч ойлгож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан. Цаашид гудамж, олон нийтийн газар бие засахгүй, ийм үйлдэлтэй таарах юм бол болохгүй гэдэг шаардлагыг би өөрөө тавина, хэрэг зөрчилд холбогдохгүй биеэ зөв авч явна гэх мэдүүлэг,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, Малчин моторс ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 17-28/, хохирогч Б.Хулангоогийн гомдол барагдуулсан гэх хүсэлт /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Дийн иргэн Б.Хулангоогийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Хулангоод учирсан, түүний нэхэмжилсэн хохиролыг шүүгдэгч Б.Д нь төлж барагдуулсан байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нийтийн эзэмшлийн талбайг бохирдуулан бие засаж, өөрийн ялгадасыг олон нийтийн газарт хаяж байгаа үйлдэл, уг үйлдэлийг зогсоохоор зүй ёсны шаардлага тавьсан иргэнийг эсэргүүцэж, хэл амаар дайрсан, доромжилон биед нь гэмтэл учруулсан, зугтаахыг оролдсон зэрэг байдлыг цаашид шүүгдэгч нь анхаарч, зөв боловсон хандалгатай болох нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ