| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2603 00000 0002 |
| Дугаар | 2026/ДШМ/306 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/306
2026 03 17 2026/ДШМ/306
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2603 00000 0002 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-гийн Д-, ........., урьд:
Хан-Уул дүүргийн шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял, 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хөнгөн ялыг хүндэд багтааж, 3 жилийн хорих ялаар тогтоож, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг нэмж, нийт 4 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 15 хоногийн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг өршөөн хасаж, 2 жил 10 хоногийн хорих ялаар тогтоосон,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан (РД:ШБ-).
Шүүгдэгч Б.Д- нь Улаанбаатар төмөр зам Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 5 дугаар вагоны 32 дугаар местэнд 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед зорчин явахдаа иргэн Ө.А-ийн эзэмшлийн Dell загварын зөөврийн компьютер, I Phone Х маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.А-т 2,580,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас 2,580,000 төгрөг гаргуулж хохирогч Ө.А-т олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт холбогдохоос өмнө 2023 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Соёлын төв”-д харилцан туслалцах маягаар хамтран ажилласаар ирсэн. 1990 онд монументаль чимэглэл-зураач мэргэжлээр төгссөн, хувиараа эсгий түлэх урлаг болон зураг урлалын бүх төрлөөр ажилладаг юм. Миний бие нэг нүд сохор, 2010 онд хөнгөн маягийн цус харвалт өгсөн, ам бүл ганцаараа байдаг учраас хохирлыг түргэн шуурхай хугацаанд барагдуулж чадаагүйн зэрэгцээ шүүхээс хохирол барагдуулах хугацаа олгоогүй.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг түргэн шуурхай, богино хугацаанд төлж барагдуулах, эрүүл мэндийн талаар удаа дараа мэдэгдсэний зэрэгцээ миний эрх зүйн байдлыг дордуулаагүй, хийсэн хэрэгт минь тохирсон ялыг улсын яллагч оногдуулах санал гаргасан боловч шүүгч урьд олон удаагийн давтан хэрэг хийсэн, мөн хувийн байдлыг харгалзан үзэж гэх шалтгаанаар хуульд байхгүй үндэслэлээр, өөрийн үзэл бодлоор ялын хугацааг нэмж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд тэдэн удаагийн давтан хэрэгтэй бол тэдэн жил нэмнэ гэсэн зүйл заалт байхгүй. Хуульд нэг удаагийн үйлдсэн гэмт хэрэгт нэг удаа ялыг оноохдоо хийсэн хэрэгт нь тохирсон, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэж заасныг шүүгч ноцтой зөрчиж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, шүүгчийн нэмж оноосон 4 сарын хорих ялыг хасаж, улсын яллагчийн санал болгосон 6 сарын хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Б.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Ногоон толгой” өртөөний ойролцоо Улаанбаатар Төмөр зам, Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 5 дугаар вагоны 32 дугаар местэнд 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед зорчин явахдаа иргэн Ө.А-ийн эзэмшлийн Dell загварын зөөврийн компьютер, I Phone-Х маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.А-т 2,580,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ө.А-ийн “...Би 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23 цаг 20 минутад Дархан хотоос Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэрэгний 5 дугаар вагоны 32 дугаар местэнд суух байсан боловч вагонд ороход буурал үстэй настай хүн сууж байсан болохоор би доод местэнд суугаад явсан. Намайг вагондоо суугаад удаагүй байхад миний зүүн гар талын орон дээр ногоон өнгөтэй ноосон цамцтай, хар өмдтэй, цэнхэр масктай, хар өнгийн куртиктэй зорчигч “одоо унтаж амар, унт унт” гээд надад куртикээ өгсөн. Би куртикийг нь дэрлээд унтахдаа зөөврийн компьютероо ширээн дээр тавиад I phone-Х маркийн гар утсаа толгойныхоо хажууд цэнэглэж тавиад унтсан. Тэгээд үүрийн 05 цагийн үед сэрэхэд миний эд зүйл байхгүй байсан. Вагоны үйлчлэгчид очоод хэлэхэд үйлчлэгч эгч ногоон толгой өртөөн дээр нэг зорчигч буусан гэж хэлсэн. Үйлчлэгч эгч цагдаад мэдэгдээд цагдаа нар ногоон толгой дээр буусан хүнийг олоод утас руу нь залгахад утсаа эхлээд авсан боловч цагдаагаас ярьж байна гэхэд шууд таслаад утас нь холбогдохгүй болсон. Би хамт зорчиж ирсэн буурал үстэй, 170 см орчим өндөртэй, 50 гаруй насны хүн байсан, тэрийг сэжиглэж байна. ...Би Дархан өртөөнөөс галт тэргэнд суугаад огт буугаагүй явж байгаад вокзал дээр ирээд буусан. ...” /хх 14-15/,
гэрч Т.А-ын “...Галт тэрэг үүрийн 04 цаг өнгөрч байхад “Ногоон толгой” өртөө дээр зогсож би хаалга онгойлгоод зогсож байхад манай вагонд зорчиж явсан хүрэндүү өнгийн ноосон цамцтай, настай ах над дээр ирээд “энэ Ногоон толгой мөн үү, ах нь буух юм” гэхээр нь “мөн байна” гэж хэлсэн. Тэр ах өөрийгөө хөл муутай гэж хэлээд ганцаараа вагоноос буусан. Тэгээд явж байтал өглөөний 05 цаг өнгөрч байхад зорчин явж байсан эмэгтэй хүрч ирээд “унтаж байгаад сэрсэн чинь миний зөөврийн компьютер, гар утас байхгүй болсон байна, нэг ах надад өөрийнхөө куртикийг дэрлүүлж байсан, ах байхгүй болчхож” гэхээр нь би вагон цагдаад мэдэгдсэн. ...Тухайн өдөр манай вагон хүн дүүрээгүй сэлүүхэн зорчигчтой явсан. “Ногоон толгой” өртөөн дээр уг буусан ахаас өөр хүн буугаагүй, тэр ах нэг гараараа урд энгэрээ дарсан байсан, ил харагдахуйц ямар нэгэн эд зүйл харагдаагүй. ...” /хх 22-23/,
гэрч Т.Б-н “...Дуудлагын дагуу вагоны үйлчлэгч дээр очиход “Манай вагоноор үйлчлүүлж байсан иргэн гар утас, зөөврийн компьютероо алдчихлаа” гэж надад хэлсэн. Түүний дагуу би хойшлуулшгүй ажиллагаа хийж эд зүйлээ алдсан хүнтэй уулзахад уг эмэгтэй хүүхэд 5 дугаар вагоны 7 гупед үйлчлүүлж байсан. Уг гупед байсан эрэгтэй хүн алга байна. Бусад хүмүүс нь бүгд байна гэж хэлсэн. Түүний дагуу алдсан эд зүйлийг эрэн сурвалжилж нэг гупед байсан бүх хүмүүсийн бие, ачаа тээшинд хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан үзлэг хийхэд эд зүйл олдоогүй. Эд зүйлээ алдсан охин надад байхгүй байгаа эрэгтэй хүнийг дүрслэн хэлсэн, уг хүн нь Ерөөгөөс суусан, тэр хүний хамар нь муруй 50 орчим насны эрэгтэй байсан гэж хэлсэн. Мөн надад “өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа дэрлүүлсэн боловч гадуур хувцсаа аваагүй галт тэрэгнээс буусан байна, тийм болохоор уг хүнийг миний эд зүйлийг хулгайлсан гэж сэжиглэж байгаа” тухайгаа хэлсэн. ...Би эрэн сурвалжлах ажиллагааг хийж байх хугацаанд сэжигтэй эрэгтэй хүн өөрийгөө эсгийгээр гар урлал хийдэг тухайгаа хажуу ойр тойрны хүмүүст ярьж, хийсэн зүйлийнхээ зургийг гар утаснаасаа үзүүлж байсан тухай мэдсэн байсан учраас хүүхэдтэй хүүхний хадам ээжээс “Танай нутаг оронд эсгийгээр гар урлал хийдэг хүн байдаг эсэх талаар” асуусан. Хадам ээж нь надад манай соёлын төвд эсгийгээр юм хийдэг хүн байдаг тухай хэлсэн. ...Таних хүнийх нь утасны дугаарыг олж өгье гэж хэлээд надад олж өгье гэсэн утасны дугаар руу залгасан. Би тэр утасны дугаар руу залгахад тухайн орон нутгийн соёлын төвийн орон нутаг хариуцсан ажилтан байсан, эсгийгээр юм хийдэг гэх сэжиглээд байгаа хүний утасны дугаар, регистрийн дугаарыг надад өгсөн. Өгсөн дугаар руу залгаад “Та хүний юм аваад буусан юм шиг байна, андуурсан бол буцаагаад төмөр замын өртөө дээр хүргээд өг” гэж хэлсэн. Тэгсэн Д- гэх хүн надад “Би авсан. Би хаана очих ёстой юм, өөрөө яваад очъё” гэж хэлсэн. Ингэж утсаар ярьсны дараа дахин залгахад гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан. ...” /хх 26-27/,
шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...нийтийн 5 дугаар вагонд ороод суусан. ...галт тэрэг явж байхад тэр охин зөөврийн компьютер дээрээ юм хийж байгаад нээх удалгүй компьютероо ширээн дээр ил тавиад унтчихсан. ...би өөрийнхөө куртикийг дэр хийгээд хэвт гээд өгч дэрлүүлсэн. ...шөнө 04 цагийн үед үйлчлэгчээс ...Ногоон толгой гэж надад хэлээд та буух юм уу гэхээр нь би бууна гэж хэлээд вагоноос буусан. ...би эсрэг талын местэнд зорчин явсан охины ширээн дээр ил орхисон байсан зөөврийн компьютер, орон дээр нь байсан гар утасны хамт гар утсыг нь халаасандаа хийгээд зөөврийн компьютерыг нь гэдсэндээ хийчихсэн байсан юм. ...Нарантуул зах руу алхаж очсон. 2 залуу архи ууж байсан, намайг татах уу гэхээр нь зөвшөөрөөд цугтаа хувааж ууж дуусгасан. ...2025 оны 12 сарын 20-ны өглөө сэрэхэд зөөврийн компьютер, гар утас байхгүй болсон байсан. ...” /хх 71-73/ гэсэн мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн I phone X загварын гар утас 580,000 төгрөг, Dell загварын зөөврийн компьютер 2,000,000 төгрөг, нийт 2,580,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 45-50/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг эргэлзээгүйгээр хангалттай нотлон тогтоосон байна.
Шүүх хэрэгт авагдсан, судлагдсан нотлох баримтыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Д-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Д-гийн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор иргэн Ө.А-ийн эзэмшлийн Dell загварын зөөврийн компьютер, I Phone-Х маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.А-т нийт 2,580,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд зорчигчийн хувиар зөвшөөрлийн үндсэн дээр нэвтэрч үйлчлүүлж явахдаа нэг местэнд хамт суусан хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан байх ба, тухайн үед нэвтрэхийн хориглосон орчин байгаагүй, хууль бус нэвтрэлтгүй байх тул хүндрүүлэх шинжгүй гэж үзэн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжээр хэргийг зүйлчилсэн нь үндэслэл бүхий гэж дүгнэв.
3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
4. Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн үндэслэл, хэрхэн ямар үндэслэлээр тус шүүх хүлээн авч шийдвэрлэх болсон шүүхийн харьяаллын талаар тодорхой тусгаагүй нөхцөл байдал байх боловч хэргийн хүрээнд дүгнэх боломжтой гэж үзэв.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар гэмт хэрэг нь Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 5 дугаар вагоны 32 дугаар местэнд болсон байх ба прокурорын тайлбарласнаар галт тэргэнд үйлдэгдсэн гэмт хэрэгт Тээврийн прокурорын газар харьяалан хяналт хэрэгжүүлэх зохицуулалтын хүрээнд тус прокурорын газар яллах дүгнэлт үйлджээ.
Мөн шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн “Ерөө Өртөө”-нөөс галт тэргэнд сууж үйлчлүүлсэн ба хохирогчийг унтсаны дараа түүний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хувцсан дотроо нууж, даруй местнээсээ гарч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах “Ногоон өртөө” нэршилтэй өртөөн дээр бууж, ийнхүү бууснаар түүнд эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдэж гэмт хэрэг төгссөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж шүүхийн харьяаллын тухайлан заасан бөгөөд гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэсэн гэж үзэж, шүүхийн харьяалал зөрчигдөөгүй байна.
5. Шүүгдэгч Б.Д- “...Миний бие нэг нүд сохор, 2010 онд хөнгөн маягийн цус харвалт өгсөн, ам бүл ганцаараа байдаг учраас хохирлыг түргэн шуурхай хугацаанд барагдуулж чадаагүй. ...хохирлыг түргэн шуурхай, богино хугацаанд төлж барагдуулах, эрүүл мэндийн талаар удаа дараа мэдэгдсэний зэрэгцээ миний эрх зүйн байдлыг дордуулаагүй, хийсэн хэрэгт минь тохирсон ялыг улсын яллагч оногдуулах санал гаргасан боловч урьд олон удаагийн давтан хэрэг хийсэн, хувийн байдлыг харгалзан үзэж гэх шалтгаанаар хуульд байхгүй үндэслэлээр, өөрийн үзэл бодлоор ялын хугацааг нэмж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг илэрхийлэх боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг арилаагүй, хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирогчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээгээгүй байдал, нөгөө талаар шүүгдэгч нь хувийн байдлын тухайд урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байх боловч дахин санаатай хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийгмийн харилцаанд оролцохдоо хуулийг биелүүлдэггүй, засрал хүмүүжил олоогүй, нийгэмшээгүй зэрэг байдалд нь дүгнэлт хийж, Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах шаардлагагүй гэж үзэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Д- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 17-ны энэ өдрийг хүртэл 48 (дөчин найм) хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 (дөчин найм) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА