Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1254

 

                      

 

 

 

 

   2018        09           04                                   2018/ШЦТ/1254                                           

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч И.Ариунсанаа,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тэнгист холбогдох эрүүгийн 1806056501426 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Тнь 2018 оны 6 дугаар сарын 11-12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 101-224 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Т.Учралын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                   

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Тнь хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.Учралын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Учралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Б.Ттэй 2014 оноос хамтран амьдрах энэ хугацаанд том охин 2015 онд, 2017 онд бага охин төрсөн. Одоо 2 хүүхэдтэй. Бид 2 дундаасаа хоёр хүүхдийн эцэг эх болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Т намайг хардаад хэрүүл маргаан болоод архи уусан. Тэгээд миний утсыг аваад танидаг хүмүүстэй мессэж болон фэйсфүүкээр харицаж байгаад манай найз Аззаяагын ах болх Цэлмэгтэй 2-3 удаа уулзаж дотно харилцаанд орсоныг мэдсэн. Б.Т нь өөрөө надыг хэд хэдэн удаа хуурч байсан. Тэрнээс болж ийм асуудал  үүссэн. 12 цагийн үед гэртээ ирээд намайг зодож эхэлсэн. Миний утсыг шалгаад хүмүүстэй бичсэн чат, мессежийг уншаад намайг зодоод эхэлсэн. Асуудал нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй. Би тэр өдрийн болсон асуудлыг нэг нэгэнгүй сайн санахгүй байна, 12 цагаас шөнийн 02 цаг хүрстэл зодсон. Мөн маргааш нь буюу 2018 оны 06 сарын 12-ны өглөө 07 цагаас 09 цаг хүртэл намайг зодсон. Уг асуудал Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25-р хороо 101-р байрны 224 тоотод болсон. Хоёр гараараа толгой, нуруу болон хөлийн шилбэний орчим цохисон. Мөн хөлөөрөө хөлийн шилбэ, бөгс, гуя болон гэдэсрүү өшиглөөд байсан. Тархи хавантай, зүүн нүд хөхөрч хавдсан. Бие тэр чигтээ хөхөрсөн байгаа. Хамаг бие хөндүүртэй байна. Гэр бүл болсоноос хойш 4-5 удаа зодож байсан. Тухайн үед хөхрөөд л өнгөрдөг байсан, Хүүхдүүддээ гар хүрч байгаагүй. Тэр үед нь миний хувьд цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй гэх мэдүүлэг/хх-ийн 15, 20-21/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №648 дугаартай:

Т.Учралын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар,  чих, баруун, зүүн бугалга, гуя, шилбэ, баруун өвдөг хэсгийн цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн хүч үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/

 

 Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн эхнэр Учралтай муудалцаж эхэлсэн. Өглөө ТЭЦ-2 дээр би цахилгааны сургалтанд сууж байсан. Маргааш нь Оюу толгойруу ажилдаа явах байсан. Ажилдаа явахаасаа өмнө эхнэртээ дутсан бүх зүйлийг нь авч өгчихөөд ажилдаа явдаг байсан учир эгч Шинэсувдаас мөнгө зээлхээр утсаар ярьсан. Би эгчдээ "надад 400,000 төгрөг зээлээч би эхнэрийнхээ юмыг авч өгчихөөд явах гэсэн юм" гэтэл эгч наад Учрал чинь шөнө орой гадуур их гараад хичээлээ ч хийхгүй 3 хоног гэртээ ирж хоноогүй гэсэн. Манай эгч аргаа бараад Учрал руу залгаад "Чи арай дэнднээ хаана байгаа юм бэ? гэж ярьхад тэр орой нь Учрал гэртээ ирсэн гэсэн. Тэрийг сонсоод би сургалтан дээрээсээ гараад эхнэрлүүгээ залгаад " Чи яагаад гадуур яваад байгаа юм бэ? 3 хоног хаана байсан юм бэ? гэхэд юу яриад байгаа юм бэ? би гэртээ байсан гэж хэлсэн. Чи 3 хоног гэртээ ирээгүй гэж байна шдээ гэхэд Учрал би 3 хоног найзындаа байсан. Манай найз сэтгэл санаагаар унасан байсан гэж ярьсан. Тэгээд би буцаад сургалтруугаа орсон. Учрал яг утсаа таслаад өөрийн фейсбүүк цахим хаягаараа 2-3 залууруу намайг хурдан блоклоорой хурдлаарай гэсэн мессеж бичсэн байсан. Би сургалтаа тараад шууд гэртээ харьсан. Бид нүүр нүүрээ хараад ярилцсан. Тэр надаа хүнтэй уулзаагүй гэж маш их худлаа хэлсэн. Би утасруу нь орж хартал 5-6 эрэгтэй хүнийг эмэгтэй хүний нэрээр, багш нарын нэрээр хадгалаад блоклосон байсан. Би юун хүмүүс вэ гэхэд зүгээр манай багш, бусад хүмүүс надруу залгаад байхаар нь болоклосон гэхээр нь би өөрөөр нь залгуултал найзынх нь ах нь гэх хүн намайг байхгүйд манайд 4 удаа ирж хоносон байсан. Манай эхнэр элдэв хүмүүсрүү утга бүхий мессеж бичсэн байсан. Би чамайг юугаар ч дутаагаагүй чамд итгээд амьдарч байхад яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд тэр худлаа яриад л байсан. Миний урам хугарч сүүлдээ би үнэхээр тэвчилгүй цохьсон асуудал болсон. Би толгой хэсэгт баруун гараараа 5-6 удаа алгадаж цохьсон, гуя шилбэ хэсэгт хөлөөрөө 6 удаа өшиглөсөн. Зүүн гарын булчин хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Өөрөөр цохиж зодсон асуудал болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9-10/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Тийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, боловсролын үнэмлэхний хуулбар, дансны хуулга /хх-ийн 32-45/, хохирогч Т.Учралын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 48/, шүүгдэгч Б.Тийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Тнь гэр бүлийн хамаарал бүхий хүн болон эхнэр Т.Учралын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Тийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Учралын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Б.Тэнгисийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Учрал нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ