| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2507 00411 0293 |
| Дугаар | 2026/ДШМ/307 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Батпүрэв |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/307
2026 03 17 2026/ДШМ/307
Х.Г-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Батпүрэв,
шүүгдэгч Х.Г-, түүний өмгөөлөгч Д.Март,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2507 00411 0293 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Х-гийн Г-, ......, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 422 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 366 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 6 сарын хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хүнд ялд хөнгөн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж, нийт 07 жил 06 сар 01 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан (РД:ЖХ-).
Шүүгдэгч Х.Г- нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гүнжийн сүм буюу “Арьяабалын хийд” гэх газарт аялал жуулчлалаар явж байсан Япон Улсын иргэн С- (С-)-гийн үүргэвчинд байсан түрийвчтэй 51.000 иен, банкны картууд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.271.130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Х.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ийг 01 жил 06 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаггүй, тэр дор нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогчийг гомдол саналгүй болгосон. Би 16 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, миний бие 50 настай, ганцаараа амьдардаг, хил гарч бараа авчирч худалдан борлуулж хувиараа хөдөлмөр хийж амьдралаа залгуулдаг. Гэтэл тус дүүргийн анхан шатны тойргийн шүүхээс надад оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн бөгөөд уг ялыг эдлэхэд цаашид амьдрал ахуйгаа залгуулж, амиа авч явахад хэцүү нөхцөл байдал бүрдэж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Г-ийн гаргасан гомдлыг дэмжин оролцож байгаа. Шүүхээс шүүгдэгч Х.Г-эд тэнсэн харгалзах ял оногдуулах боломжгүй гэж үзвэл, зорчих эрх хязгаарлах ялын цар хүрээг өргөсгөж, Нийслэлийн 6 дүүргийг хамруулан тогтоох саналыг оруулж байна. Учир нь, шүүгдэгч Х.Г- нь наймаа эрхэлдэг, урьдаас авчирсан бараагаа зарж, борлуулах шаардлагатай тул зорчих эрх хязгаарлах ялын цар хүрээг өргөсгөж өгнө үү. Гадаад паспортын хуулбарыг хэрэгт хавсаргаж өгсөн.” гэв.
Прокурор Э.Батпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Г- нь урьд хулгайлах гэмт хэрэгт нийт 3 удаа холбогдож байсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Эхний холбогдсон гэмт хэрэгт тэнсэн харгалзах ял оногдуулсан. Дараагийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, өршөөгдөж байсан нөхцөл байдал байгаа. Тухайн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон. Нийслэлийн 6 дүүргээр зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Шүүгдэгч Х.Г- нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүнжийн сүм” буюу “Арьяабалын хийд”-эд аялал жуулчлалаар явж байсан Япон Улсын иргэн С- (С-)-гийн үүргэвчинд байсан түрийвчтэй 51.000 иен буюу 1.256.130 төгрөг, банкны картууд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.271.130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С- (С-)-гийн “...Би “Lets travel” аяллын байгууллагаар 2025 оны 06 дугаар сарын 22-ны өглөө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж стар” амралтын газар ирж хуваарийн дагуу Гүнжийн сүм рүү 15 цаг 10 минутад явсан. Тухайн үед сүм үзээд явж байхад дундаж өндөртэй туранхай эрэгтэй хүн сэжигтэйгээр суганы ойролцоо гараа оруулсан. Би тухайн үед арай үгүй байх гээд тоогоогүй. Тухайн үед маш их хүнтэй байсан. Тэгээд автобусанд ороод цүнхнээс түрийвчээ алдсанаа мэдсэн. Миний түрийвчинд Япон улсын 51,000 иен, банкны гурван карт зэрэг эд зүйл байсан. ...” /хх 29/,
гэрч Н.У-ын “...Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арьяабалын хийд” буюу хүмүүсийн хэлж заншсанаар “Гүнжийн сүм” дээр халаасны хулгайч нар явж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу би хамт үүрэг гүйцэтгэж байсан, цагдаагийн дэд ахлах Л-ийн хамтаар яаралтай яваад очсон. Гэтэл үүдэнд нь байсан тухайн байгууллагын засвар хийж байсан ажилчид хоёр хүнтэй цуг зогсож байсан. Тэр хоёр хүнийг хулгай хийсэн байж магадгүй хүмүүс нь байна, бид нар юмыг нь бол үзээгүй, та нар өөрсдөө үзээрэй гээд яваад өгсөн. Тэр хоёр хүнийг регистрийн дугаараар нь шалгахад Х.Г-, З.Б- гэх хүмүүс байсан. Биед нь байгаа эд зүйлсийг шалгахад гадаад иргэдийн түрийвч, бичиг баримтууд, их хэмжээний бэлэн мөнгө, Япон улсын мөнгөн дэвсгэртүүд гарч ирсэн тул хэлтэс рүү авч яваад жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. ...Б-гийн биед үзлэг хийсэн 4 дэх зураг дээр байгаа түрийвчтэй эд зүйлсийг Г- нь барьчихсан байсныг Б-гийн биед байсан том цүнхэнд хийж хэлтэс рүү хүргүүлсэн. ...” /хх 35/,
гэрч З.Б-гийн “...2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Г- бид хоёр Налайх дүүрэг рүү Тэрэлжид очиж амрахаар автобусанд суугаад Мэлхий хад орчим буугаад тэндээсээ Гүнжийн сүм үзэхээр явсан. Гүнжийн сүм дээр очоод сүм рүү нь алхаж явсан. Тухайн үед Г-ээс жаахан зайтай явсан байх, дээшээ өгсөөд явж байсан болохоор хоорондоо зайтай явсан. ...Би явж байхад тэнд хэсэг Япон жуулчид бас л увж цуваад явж байсан, миний урд талын жуулчны цүнх нь онгорхой тэрийгээ ч анзаараагүй явж байх шиг байсан, цүнхэнд нь түрийвч нь харагдаад байхаар нь би авчихсан. Тэр хүн ч миний эд зүйлсийг нь авсныг нь мэдээгүй, би сүмийн дээд хэсэгт нь гарчхаад миний авсан түрийвчинд юу байгааг нь хүнээс зайдуу очоод харахад дотор нь 6,000 иен, 85,000 төгрөг байсан. Ингээд би доошоо буухдаа Г-тэйгээ эргэж нийлээд явж байтал Г-ийг хүн дуудаад хоёулаа очиход Г-ийг хулгай хийсэн байна гээд цагдаа дуудсан байсан. Г-ийг тэр үед л бас юм хулгай хийсэн байна гэдгийг мэдсэн. Цагдаа ирж намайг нэгжиж, би авсан зүйлсээ цагдаагийн хэсэг дээр гаргаж өгсөн. Бид хоёрын авсан юмнуудыг тухайн юмаа алдсан хүмүүсээс бүгдийг нь үзүүлээд тэр хүмүүс нь эд зүйлсээ таниад хүлээж авсан. ...” /хх 44-45/ гэсэн мэдүүлгүүд,
-Дамно ХХК-ийн “шар өнгийн түрийвч 15,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-53/,
-Монгол банкнаас зарласан валютын ханш 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иен буюу JPY-24.63 (51000 х 24.63= 1.256.130₮) гэсэн лавлагаа /хх 136-137/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-15/, хохирогчид 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Япон улсын 51000 иен, шар өнгийн түрийвч, карт зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/, шүүгдэгч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 70-71/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Х.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Х.Г-ийн хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
2. Харин тус эрүүгийн хэрэгт Х.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан лавлагаа авагдсан /хх 77/, лавлагааны дагуу Эрүүгийн хэргийн тусгай архиваас Х.М-, Б.М- нэртэй хүн ял шийтгэгдсэн таслан шийдвэрлэх тогтоолууд /хх 80-91/-ыг ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтад бичигдсэн хүний овог, нэр зөрүүтэй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас дүгнэж, шүүгдэгч Х.Г- өмнө нь Б- овогтой М- нэрээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ овог, нэрээр 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байжээ. Харин 2018 онд эхээрээ овоглох болсон шалтгаанаар овог, өөрийн нэрийг Х- овогтой Г- нэрээр өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлж, иргэний лавлагаа нь өөрчлөгдсөн овог, нэрээр иргэний бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн талаар сэжигтнээр мэдүүлсэн, мөн овог, өөрийн нэрийг өөрчилсөн тухай лавлагаа нь /хх 93/ хэрэгт авагджээ. Тиймээс 1996, 1999, 2001, 2003 онуудад ял шийтгэгдсэн тухай таслан шийдвэрлэх тогтоолууд нь шүүгдэгч Х.Г-ийн урьд ял шийтгэгдсэн шийдвэрүүд байх ба түүний хувийн байдлыг тодорхойлоход шууд хамаарал бүхий баримтууд гэж үзэх үндэслэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
3. Шүүгдэгч Х.Г- “...үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаггүй, тэр дор нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогчийг гомдол саналгүй болгосон. ...миний бие 50 настай, ганцаараа амьдардаг, хил гарч бараа авчирч худалдан борлуулж хувиараа хөдөлмөр хийж амьдралаа залгуулдаг. ...зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд цаашид амьдрал ахуйгаа залгуулж, амиа авч явахад хэцүү нөхцөл байдал бүрдэж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнүүдийн агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирчээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” гэсэн иргэний эрхэд хязгаарлалт тогтоож, хүний чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь уг ялын онцлог юм.
Шүүгдэгч Х.Г- нь урьд өмчлөх эрхийн болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, бусад нөхцөл байдалд нь дүгнэлт хийхэд түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь тохирсон байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Тодруулбал, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй, мөн зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих байдлаар тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул шүүгдэгч Х.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА