| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01527/И |
| Дугаар | 307/ШШ2026/00862 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2026/00862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01527/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УЛаанбаатар хот, ******* тоотод оршин суух Д******* овогт Д******* П******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух А******* овогт Ч******* Л******* (утас: *******)-д холбогдох,
“49,999,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,
Хариуцагч Ч.Л*******,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П******* нь хариуцагч Ч.Л*******д холбогдуулан 49,999,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие 2019 оны 10 дугаар сард П.Ц гэх хуурай дүүдээ өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн, ******* тоот, 82.15 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцаа зарах гэж байгаа тухайгаа хэлж байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр П.Ц над руу залгаад тухайн байрыг зарах хүн олчихлоо, би борлуулаад өгье гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз дүү гэх Э.М гэж хүн дээр байр худалдан борлуулах итгэмжлэл хийлгэн авсан. П.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бусдад 88.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа мөнгийг минь өгөхгүй алга болсон. Үүний дагуу би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж уг хэргийг шалгуулсан. Хэргийг шалгаж байх явцад яллагдагчаар татагдсан байсан П.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барж, уг эрүүгийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан байсан Ч.Л******* байрны мөнгөнөөс 49,999,000 төгрөгийг өөрийн дансаар авсан байсан. Иймд миний бие Дархан-Уул аймгийн, ******* тоот, 2 өрөө орон сууцыг 88.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан үнээс 49,999,000 төгрөгийг авсан, иргэний хариуцагчаар татагдсан байсан Ч.Л*******ас уг мөнгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
“...Миний бие нэхэмжлэл гаргасан Д.П*******той бизнесийн болон хувийн харилцаа байхгүй бөгөөд сайн мэдэхгүй. Харин талийгаач П.Цтэй хамтран ажилладаг байсан юм. П.Ц нь Д.П*******ийг манай ах гэдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан байрны төлбөртэй холбоотой асуудал өмнө ер байгаагүй бөгөөд өмнөх жилээс эхлэн цагдаа шүүхийн асуудал үүсэж өр төлбөр яригдах болсон. Миний хувьд тус байрыг худалдан борлуулж өгсөн нь үнэн бөгөөд П.Цтэй өглөг авлага тооцоотой, харилцан тохиролцон өөрт ногдох, өөрийн гаргасан төлбөр тооцоог аваад л явсан болно. Түүнээс хойш ч олон жил сар хамтран ажиллаж ирсэн. Одоо ч төлбөр тооцоо эцэслээгүй миний хувьд талийгаач П.Цгээс авлагатай байгаа. Тухайн байрыг зарах үед барьцаанд тавьсан байсан бөгөөд барьцаанаас чөлөөлөхөд миний бие 30 сая төгрөгийг бэлнээр олж зээлийг хаахад оруулж байсан. Мөн байрыг зарах үед /өмнө, эсвэл дараахан/ Д.П*******ид 10 сая төгрөгийг өгч байсан. Автомашин хүртэл Д.П******* руу өгч л байсан /олон жил өнгөрсөн ямар дансаар яаж өгч байснаа одоо нотолж чадахгүй байгаа болохоос биш/. Учир байдлаа хэлсээр атал цагдаа прокурор нь яагаад намайг төлбөр тооцооны хариуцагчаар татаж байгаа, Д.П******* нь яагаад намайг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байгаа. Миний хувьд дээрх төлбөрийг төлөх ёсгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-5хуудас)
4. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаартай итгэмжлэл, *******-ийн санхүүгийн албаны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8-1-29 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 0698 дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 29-35,108,168,169 хуудас)
5. Шүүхээс зохигчдын хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, тухайн эрүүгийн хэргээс хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Голомт банкны дансны хуулга, эмнэлгийн баримтууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1345 дугаартай итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Голомт банкны харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, гэрч Б.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, *******-ийн албан бичиг, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний үнэ төлөх аргачлал, бартертай бараа материал гүйцэтгэлийг хүлээлцэх актыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 41-75, 87-92, 132-152 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П*******ийн хариуцагч Ч.Л*******д холбогдуулан гаргасан 49,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2019 онд Д.П******* нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах, 82.15 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах гэж байгаа тухай хуурай дүү болох П.Цд хэлж байсан. П.Ц нь орон сууцыг зарах хүн олчихлоо, би зараад өгье гэж хэлээд Э.Мд итгэмжлэл хийлгүүлж аваад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орон сууцыг бусдад 88,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх боловч тус мөнгийг Д.П*******ид өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг үүсэж, эрүүгийн хэргийг хянан шалгах явцад П.Ц нь нас барсан тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ч.Л******* нь орон сууцыг худалдан борлуулсан мөнгөнөөс 49,999,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, хувьдаа захиран зарцуулсан болох нь тогтоогдсон тул 49,999,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч талаас “...Миний бие нэхэмжлэл гаргасан Д.П*******той бизнесийн болон хувийн харилцаа байхгүй бөгөөд сайн мэдэхгүй. Харин талийгаач П.Цтэй хамтран ажилладаг байсан юм. П.Ц нь Д.П*******ийг манай ах гэдэг байсан. Анх П.Ц орон сууцыг барьцаалъя гээд байрны өмчлөгч болох Д.П*******той ярилцаад, зөвшөөрсний үндсэн дээр Э.М гэдэг хүний нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн авч барьцаалсан. Орон сууцыг барьцаалаад, хувь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан тул хэдэн сарын дараа орон сууцыг зарах талаар П.Ц нь Д.П*******той ярилцаад, нэхэмжлэгч зөвшөөрсний үндсэн дээр зарсан. Ингээд орон сууцыг худалдахаар болж, барьцаанаас гаргах болоход 50,000,000 төгрөгт барьцаалсан байсан учир хүү нь нэлээн өссөн байсан. Орон сууцыг зарахад барьцааг чөлөөлж өгөх шаардлагатай болсон учраас би барьцааны зээл, өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул энэ мөнгөө эргүүлэн авсан. Энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Мөн миний хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт тооцон өгсөн Mercedes Benz Е350 маркийн автомашиныг П.Ц нь Д.П*******ид өгөх ёстой байсан өрөндөө өгч байгаа юм аа гэж хэлээд Д.П*******ид итгэмжлэлээр шилжүүлж өгсөн. Миний хувьд нэхэмжлэгчтэй ямар нэг өр, төлбөрийн асуудал огт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон сууцыг худалдан борлуулсан мөнгөнөөс миний данс руу орсон 49,999,000 төгрөгийг ямар учраас орсон эсэх, яагаад орох болсон асуудлыг прокурор огт шалгаагүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Д.П******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах, 82.15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.2. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг П.Цгээр дамжуулан бусдад худалдан борлуулахаар тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Э.М нэр дээр итгэмжлэл олгосон, П.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орон сууцыг бусдад 88,000,000 төгрөгөөр худалдсан боловч орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчид өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс П.Цд холбогдуулан “Дархан-Уул аймгийн ******* тоот хаягтай 82.15 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай 147,870,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг зарж борлуулна гээд итгэмжлэл хийлгэсэн боловч одоог хүртэл байрны мөнгө өгөөгүй” гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргажээ.
4.3. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаас үзэхэд П*******ийн Ц нь хохирогч Д.П*******ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн ******* тоот, 2 өрөө байрыг худалдан борлуулахаар өөрийн танил Э.М нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэл хийлгэн улмаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бусдад 88,000,000 төгрөгөөр худалдан борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдож байна.
Гэвч энэ хэрэгт яллагдагчаар татагдсан П*******ийн Ц нь өвчний улмаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь Грийн хоум эмнэлгээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тодорхойлолт, ИБД: дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд яллагдагч нас барсан нөхцөл байдал тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.П*******ийн итгэмжлэн хариуцуулан эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсан 88,000,000 төгрөгийн орлогоос гэрч Э.М эзэмшлийн Голомт банкны данснаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ч.Л эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд 49,999,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон тул 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Лувсанжамбыг иргэний хариуцагчаар татаж, мэдүүлэг авсан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу яллагдагч П.Цгийн бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас олсон 88,000,000 төгрөгийн орлогын 49,999,000 төгрөгийг Ч.Л******* хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан П.Цд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “яллагдагч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ. (хх87-93х)
5. Талуудын тайлбар, дээр дурдсан тогтоолоос үзэхэд хариуцагч Ч.Л эзэмшлийн Хаан банкны холбогдох харилцах дансанд 49,999,000 төгрөг шилжин орсон, уг мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгч Д.П*******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг борлуулсан орлогын зарим хэсэг байсан болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор П.Цг нэхэмжлэгч Д.П*******ийн өмчлөлийн орон сууцыг бусдад 88,000,000 төгрөгөөр худалдан борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон байх бөгөөд П.Цгийн бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас олсон 88,000,000 төгрөгийн орлогоос 49,999,000 төгрөгийг Ч.Л******* хариуцвал зохих этгээд гэж үзсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг үндэслэн хариуцагчаас 49,999,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн зүгээс уг 49,999,000 төгрөгийг хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал, хариуцагч нь тухайн орон сууцны зээлийн барьцааны үлдэх төлбөрийг П.Ц авсан боловч барьцааны төлбөрийг бүхэлд нь би төлж, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн гэх тайлбар гаргасан, энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь анх орон сууцыг барьцаалан зээлж авсан 50,000,000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийг авч, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны карказын ажлыг хийж гүйцэтгэхээр хамтран ажилладаг Б.О гэх хүний данс руу шилжүүлсэн талаар удаа дараа мэдүүлэг өгсөн (хх67-71,73-75,133х) байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.
7. Мөн хэрэгт авагдсан *******-ийн санхүүгийн албаны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “ арлын дугаар бүхий Mercedes Benz E350 маркийн автомашиныг манай байгууллагаас Ч.Л*******д бартерын буюу бараа ажил үйлчилгээний тооцоонд тооцон өгсөн нь үнэн болно. Тус машин нь манай байгууллагад мөн бартераар буюу байрны төлбөр тооцоогоор орж ирсэн юм. Манай байгууллагад тус машин ирэх үед машины өмчлөгч нь байр захиалагч Б.Б эхнэр буюу Э.М нэр дээр гэрчилгээтэй байсан. Энэхүү машиныг Б.Б манай байгууллагад өгсөн. Төлбөр тооцоонд нь орон сууц захиалсан. Тус машины өмчлөх эрхийн бичиг баримтыг манай байгууллага өөрийн нэр рүү шилжүүлэн аваагүй. Манай зүгээс хүсэлт гарган Ч.Л*******д шууд өгөхөөр болсон. Ч.Л******* нь өөрийн нэр рүү шилжүүлж авалгүй мөн өөрийн хүсэлтээр Д.П******* руу итгэмжлэл хийж өгсөн болно” гэх тодорхойлолт (хх30х),
*******-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Дархан-Уул аймгийн ******* тоот, 41,35 м.кв 2 өрөө байрны 57,890,000 төгрөгийн үнэд тооцож бартераар Mercedes Benz E350 маркийн машиныг авч, уг машинаа Ч.Л*******д шилжүүлэн өгч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх169х),
Б.Б, Э.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх168х), 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8-1-29 дугаартай ******* болон Б.Б нарын хооронд байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ (хх31-32х), 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаартай Э.Маас Д.П*******ид олгосон итгэмжлэл (хх29х) зэрэг баримтуудаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт *******-иас бартераар орж ирсэн Mercedes Benz Е350 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.П*******ид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч уг тээврийн хэрэгслийг орон сууцны төлбөрт тооцон шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.П*******, гэрч П.Ц нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Д.П*******: 2021 онд миний оюу экспресс компанид Актив гарден төслөөс 95,000,000 төгрөгний Велпайр машин бартераар орж ирээд бор нуурын арматурын үйлдвэрт өгөөд оронд нь арматур аваад Хүслийн хотхонд аваачиж өгөөд Хүслийн хотхоноос Mercedes benz Клюгер гэх 2 машин авсан гэж, П.Ц: Д.П*******ийн Оюу экспресс компанид Актив гарден төслөөс 95,000,000 төгрөгийн Велпайр машин бартераар орж ирээд бор нуурын арматурын үйлдвэрт өгөөд оронд нь арматур аваад арматураа Хүслийн хотхонд аваачиж өгөөд Хүслийн хотхоноос Mercedes benz Клюгер гэх машин авсан. 45,000,000 төгрөгийг П*******той ярьж хасуулахаар болсон” гэж (хх134х) зөрүүтэй мэдүүлсэн байх тул хариуцагч Ч.Л******* нь *******-д ямар ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, үүнд П.Ц болон Д.П******* нар хамааралтай эсэх, ямар учраас нэхэмжлэгчид тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь тодорхойгүй байна.
Иймд хариуцагч Ч.Лувсанжамбыг 49,999,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 49,999,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
8. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д тус тус зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг.
Иймд хариуцагч Ч.Л*******ас үндэслэлгүй хөрөнгөжсөн 49,999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П*******ид олгохоор шийдвэрлэв.
Харин хариуцагч Ч.Л******* нь татгалзалд дурдсан өр, авлагын талаар хариуцах этгээдүүдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж заасан бөгөөд иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д тус тус зааснаар хариуцагч Ч.Л*******ас 49,999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П*******ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л*******ас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН
ШҮҮГЧИД Т.ЖАВХЛАНТӨГС
Г.ЭНХЦЭЦЭГ