| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1194/Э |
| Дугаар | 1255 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1255
2018 09 04 2018/ШЦТ/1255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Шүүгдэгч О.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Төгсбаярт холбогдох эрүүгийн 1806063711486 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Тнь 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 72 дугаар байрны 71 тоот гэртээ эхнэр Б.Уянгатай муудалцан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч О.Тнь хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уянгын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэртээ 2, 2 пиво уучихаад унтэх гээд орон дотороо хэвтэж байгаад би өмнө нь уулздаг байсан хүүхнийг нь ярихад нөхөр уурласан. Түүнээс болж маргалдаад юу солиороод байгаа юм бэ гэж хэлээд баруун бугуй хэсэгт дараад, зүүн хацар руу алгадаад, зүүн хөхнөөс базахаар нь би өөдөөс нь тавиулах гэж нөхрийн нүүр бие рүү нь гараараа цохиж самардаж эхэлсэн. Тэгээд бид 2 орноосоо босоод нилээн хэрэлдэж байгаад унтсан. Өглөө босоод ажил руугаа явах гэтэл миний гар утсыг авчихаад өгөхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Зүүн хацар хавдаж хөхөрсөн. Нилээд хүчтэй алгадсан. Баруун шуун дээр дараад байсан учир баруун гар даагдахгүй хөхөрсөн байсан. Зүүн хөх хөхөрсөн байсан. Эмчилгээ хийлгээгүй аяндаа эдгэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №9227 дугаартай:
Б.Уянга-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/
Шүүгдэгч О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тухайн өдөр эхнэр бид хоёр гэртээ хоолоо хийж идээд орой салхилахаар 21 цагийн орчим гараад удаагүй гэртэ эорж ирсэн. Ирэхдээ 2 литрийн нэг пиво авчирсан салхилж байхдаа нэг нэг пиво уусан байсан. Тэгээд гэртээ авчирсан пиво ууж байгаад эхнэр нэлээн согтоод шөнө 01 цагийн орчим унтахаар орондоо ортол эхнэр урд нь чи ийм тийм хүүхэнтэй уулздаг гэх мэтчилэн зүйл ярьсан би битгий ийм яриад бай тус тусдаа амьдратай хүмүүс шдээ гэж хэлтэл цээж рүү өшиглөөд босоод "00" ортол араас хаалга саваад гарч иртэл "00" -ын хаалганы савхан модоор нуруу ру уцохиод байхаар нь зүүн хацар руу нь нэг алгадтал майжаад самардаад эхлэхээр нь буйдан дээр гарын дараад хэвтүүлтэл тайвширахгүй миний зүүн хөхийг чимхэхээр нь би зөрүүлээд эхнэрийн зүүн хөхийг базаад тэгж байгаад эхнэр тайвшираад унтсан. Өглөө ажилдаа явах гэхэд нь би болсон асуудлын хэлтэл хүлээн зөвшөөрөхгүй байсан гар утсаа эхнэр орхиод гарсан байхаар нь буцаж ирж утсаа авах юм байхдаа гэж бодтол цагдаа дагуулаад ирсэн. Өглөө нь бид хоёрын дунд маргаан гараагүй. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд бичсэн Уянгын биед учирсан гэмтэл нь миний алгадалтаас үүссэн гэмтэл учир би хүлээн зөвшөөрч байна. Бид эвлэрч гэм буруугаа хүлээж нэг нэгнээсээ уучлал гуйсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч О.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Тнь гэр бүлийн хамаарал бүхий хүн болон эхнэр Б.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч О.Тын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Уянгын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч О.Төгсбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Тнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Уянга нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ