Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/308

 

2026           03           17                                                                              2026/ДШМ/308

 

 

Т.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр Т.Ц-д холбогдох 2505 02862 2038 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Т-гийн Ц-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УТ-).

Шүүгдэгч Т.Ц- нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Т- хотхоны 4 дүгээр байрны 82 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу дагавар хүү 9 настай Ё.С-ийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж “дүүгээ унагалаа” гэх шалтгаанаар толгой руу нь цүнхээр цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун бугуй, зүүн шуу, зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Т-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-г 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “...Т.Ц-д холбогдох хэргийн 2026/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийн дугаарыг огт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараах зүйлийг тусгана”, 1.4-д “хэргийн дугаар” гэснийг зөрчжээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрт ийнхүү хэргийн дугаарыг тусгаагүй нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй, түүнийг биелүүлэх, гүйцэтгэх, шүүхийн шийдвэрийн сан бүрдүүлэх, сангаас хайлт хийх, архивын нэгж болгоход ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэх нөхцөл байдал бий болсон байна.

Шийтгэх тогтоол дээр дурдсан хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” тохиолдолд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэсэн заалт шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэргийн шийтгэх тогтоолд гарсан зөрчилд хамаарахгүй, хэргийн дугаарыг зөрүүтэй, буруу тусгасан зэрэг техникийн шинжтэй алдаа биш болохыг тэмдэглэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул уг тогтоолын “удиртгал” хэсэгт эрүүгийн хэргийн 2505028622038 дугаарыг тусгуулж, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцохоо мэдэгдэж, цахим оролцогчийн баталгаа гарган шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүйгээс болж саатал гарсан тул прокурорын тайлбар, дүгнэлт гаргаагүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

1. Шүүгдэгч Т.Ц- нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Т- хотхоны 4 дүгээр байрны 82 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу 09 настай дагавар хүү Ё.С-ийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж “дүүгээ унагалаа” гэх шалтгаанаар толгой руу нь цүнхээр цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун бугуй, зүүн шуу, зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ё.С-ийн “...Би өөрийнхөө өрөөнд дүүгээ хараад байж байхад орны матраасыг газар аваад тавьсан байсан. Дүү бид хоёр матраасан дээр сууж байгаад дүү ор, матраас хоёрын завсар хөл нь гацсан байсан. Би хөлийг нь гаргах гээд татаж байсан чинь унаад орны ирмэг мөргөөд уйлсан. Тэгээд ээж дүүгийнхээ нүдийг хөхрөөсөн байна гээд миний утас хийдэг жижиг цүнхээр толгой руу 3-4 удаа цохисон. ...би ээжид багшийн өгсөн QR кодыг өгөөгүй гээд худлаа хэлсэн юм. Тэгсэн ээж хэд хоногийн өмнө эцэг эхийн хурал дээр очоод багшид “та манай хүүхдэд код өгөөгүй байна” гээд маргалдсан байсан. Тэгээд би машинд байхдаа ээжид “би танд багш надад QR код өгөөгүй гэж худлаа хэлсэн” гэдгээ хэлсэн чинь ээж уурлаад “яагаад худлаа ярьж том хүмүүсийг хооронд нь таарамжгүй харилцаатай болгож байгаа юм” гээд уурлаад гараараа гар руу 1-2 удаа цохисон. Өмнө нь намайг зодож байсан зүйл байхгүй. ...” /хх 56/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/6931 дугаартай “...Ё.С-ийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун бугуй, зүүн шуу, зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 24 цагаас өмнө учирсан байх боломжтой байна. Дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 65-66/ гэх дүгнэлт, гэмтлийг харуулсан талаарх гэрэл зургууд /хх 63-64/,

аюулын зэргийн үнэлгээ /хх 9-11/, насанд хүрээгүй хохирогч Ё.С-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 32/, түүний насыг тоолсон тэмдэглэл /хх 40/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа, тодорхойлолт /хх 35/, шүүгдэгч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 90-92/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Т.Ц-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Тодруулбал, хэрэгт тогтоогдсон үйл баримтаар насанд хүрээгүй хохирогч Ё.С-ийн төрсөн эцэг Ц.Ё-, төрсөн эх Д.Э- нар нь 2017 оноос тусдаа амьдарч, Ц.Ё- нь Т.Ц-той 2020 онд гэр бүл болж төрсөн хүү Ё.С-ийг 2022 оны 07 дугаар сард өөрийн асран хамгаалалтад авч, хохирогч тухайн гэр бүлд хамт амьдарч байсан байх тул насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд хамаарч байна.

Мөн “биеэ хамгаалж чадахгүй хүн”-д бага насны хүүхэд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэжээ.

Хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар Ё.С- нь 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 09 нас 09 сар 22 хоногтой, 14 насанд хүрээгүй байсан байх тул бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүнд хамаарна.

Түүнчлэн “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, гэр бүлийн хүчирхийллийн “хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хуульчилсан бөгөөд бага насны, биеэ хамгаалж чадахгүй хохирогчийн бие махбодод халдаж хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ц-гийн гэр бүлийн хамаарал бүхий дагавар хүү 09 настай Ё.С-ийг “дүүгээ унагалаа” гэх шалтгаанаар толгой руу нь цүнхээр цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун бугуй, зүүн шуу, зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнүүдийн агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 600,000 төгрөгөөр тогтоож оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон байна.

2. Прокурор Б.Солонго “...Т.Ц-д холбогдох хэргийн 2026/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийн дугаарыг огт тусгаагүй байна. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул уг тогтоолын “удиртгал” хэсэгт эрүүгийн хэргийн 2505028622038 дугаарыг тусгуулж, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг заасан бөгөөд эрүүгийн хэргийн дугаарыг шийтгэх тогтоолын “удиртгал” хэсэгт тусгаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн дугаарыг орхигдуулж бичсэнээрээ шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, цаашлаад энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд энэхүү техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар саналаа гаргаж анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Солонгын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Солонгын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн Т- ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                       Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Т.АЛТАНТУЯА