Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1259

 

 

 

 

 

 

    2018        09          05                                   2018/ШЦТ/1259  

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,  

Хохирогч Ц.Сүхбаатар,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Ш.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Гт холбогдох эрүүгийн 1806021431005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Гнь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зүүн аймаг руу явах зорчигч үйлчилгээний төвийн хашаан дотор зам тээврийн улсын байцаагч Ц.Сүхбаатарыг 50-19 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр шүргэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                    

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Ш.Гнь хохирогч Ц.Сүхбаатарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...машины номерыг хураан авна гэж хэлээд машины урьд талд нь гараад тонгойгоод номерыг нь тайлах санаатай зогсож байтал тэр машин хөдлөөд урд гупер нь баруун талын өвдөг орчимд цохигдож би хойшоо халтирч унахад миний хажуугаар гараад яваад өгсөн. Тэгээд надтай хамт гарсан Базардаргиа замын цагдаад номер дугаарыг нь хэлээд хүн мөргөөд зугтаасан гэж хэлсэн байх. Би босоод хөлөө хөдөлгөсөн чинь гайгүй юм шиг байхаар нь машиндаа очиж суусан. Тэгтэл баруун талын хөл өвдөгний доод хэсэг гадна талаараа өвдөөд байхаар нь нэг жолоочоо гуйж гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд хөнгөн маягийн цууралт байна гипсдэх хэрэгтэй та дүүргийнхээ эмнэлэгт хандаарай гэж хэлээд миний хөлийг өвдөгний дээд үеэс шагай хүртэл гипсдсэн. Би тухайн машины урьд талд урьд гуперний зүүн талд нь зогсож байсан. Тэгээд тэр машин хөдлөөд миний баруун өвдөгний хэсэгт гуперийн зүүн хэсгээрээ мөргөсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тухайн гэмтлийг Ггэдэг жолооч машинаараа мөргөж учруулсан. Би энэ асуудал болсноос хойш cap гаран ажилгүй гэрт байсан. Тэр хугацаанд эмнэлэгт үзүүлж байсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Одоо гаргаж өгөх боломжгүй байна. Энэ хүн миний эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл над гомдол санал гээд байх зүйл байхгүй. 2018 оны 01 сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байсан. Энэ тухай эмчийн магадалгаа байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

Гэрч И.Базардаргиагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...машин шууд араандаа хийгээд хөдлөхөд нь Сайнжаргал холдоод Сүхбаатар байцаагчийн баруун хөлрүү мөргөөд хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд Сүхбаатар тэр машины арын хаалгыг онгойлгох гээд чадаагүй машин яваад би хойноос нь хөөгөөд гүйцээгүй юм. Тэр машин Сүхбаатар бид хоёрыг чирч явсан зүйл байхгүй. Зөвхөн Сүхбаатар байцаагчийн хажуугаар нь гарахдаа баруун хөлрүү нь мөргөөд гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч П.Сайнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Сүхбаатар намайг чи машины улсын дугаарыг нь тайлаад авчих гэж хэлэхээр нь би машины урьд талд нь гараад урд талын дугаарыг нь тайлах гэж тонгойсон чинь тэр машин хаазлаад урагш болохоор нь би зугтаах гэж байна гэж бодоод хойш болоход цааш яваад Сүхбаатарын хөлийг нь шүргээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 42/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 2011 дугаартай:

Ц.Сүхбаатарын биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

 

Шүүгдэгч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Эрүүгийн 1806021431005 дугаартай хэрэг үүссэн тогтоолтой танилцлаа. Би энэ яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Сүхбаатар миний машины зүүн талын хаалганы харалдаа бичиг баримтаа өг гээд зогсож байсан. Тэр үед хөлөнд нь машинаараа шүргэсэн байж магадгүй. Би хөдлөхдөө баруун гар талруугаа дараад хөдөлсөн юм. Би сигнал дараад Сайнжаргалыг Сүхбаатарын чигт босоход нь огцом баруун гар тийш дараад хөдөлсөн юм. Намайг хөдлөхөд Сүхбаатар миний машины арын хаалганы бариулаас нэг татаад үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

-зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/, эмнэлгийн хуудас №1057769, №1050981 /хх-ийн 8-9/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 10-р хорооны тодорхойлолт /хх-ийн 31-34/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ш.Гын иргэн Ц.Сүхбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Сүхбаатар нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 8-9 дүгээр талд байх эмнэлгийн хуудас №1057769, №1050981- уудаар хохирогч Ц.Сүхбаатар нь 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 сарын 14-ний өдөр, 2018 оны 02 сарын 19-ний өдрөөс 2018 оны 03 сарын 04-ний өдрүүдийн хоорондох хугацаанд осолын улмаас ажлаас чөлөөлөгдсөн байх ба хөдөлмөрийн чадвараа түр алдасны тэтгэмжийг хуульд зааснаар авсан байна. Хохирогч Ц.Сүхбаатар нь нийт ажилын 19 хоног ажилаас чөлөөлөгдсөн байна. Түүний нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс 58.171 төгрөг байх ба 19 хоногийн хугацаанд 1.105.266 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авах ба хөдөлмөрийн чадвараа түр алдасны тэтгэмжид нийт 785.322 төгрөг авсан байна. Дээрх ажилгүй байсан хугацааны нийт орлогоос тэтгэмжээр буцаан авсан орлогыг хасч, зөрүү болон 319.944 төгрөгийг шүүгдэгч Ш.Гаас гаргуулж хохирогч Ц.Сүхбаатар /УХ63022775 регистрийн дугаартай, Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн ард Аюушийн 0-1 тоотод оршин суух, Авто тээврийн үндэсний төвд улсын байцаагч ажилтай, 98198198 дугаарын утастай/-т олгов.

 

Хохирогч нь өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм.  

 

Шүүгдэгч Ш.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гаас 319.944 төгрөг гаргуулж хохирогч Ц.Сүхбаатарт олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Сүхбаатар нь бусад хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ