Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

хохирогч Х.Баярсайхан,

шүүгдэгч Э.Төмөрчөдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Эрдэнэгэрэлийн Төмөрчөдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004240148 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс илжигэн халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жуулчдад морь унуулдаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Усан сангийн 2 дугаар гудамж 20 тоотод оршин суух, регистрийн ОК87030214 дугаартай, Боржигон овогт Эрдэнэгэрэлийн Төмөрчөдөр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Э.Төмөрчөдөр нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 20 орчимд согтуугаар Налайх дүүргийн 6 дугаар хороо "Тэрэлжийн " автобусны буудалд дээр Х.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Э.Төмөрчөдөр нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 6 дугаар хороо "Тэрэлжийн" автобусны буудалд дээр хот явах гээд унаа хүлээгээд зогсож байсан иргэн Х.Баярсайхантай 21 цагийн орчимд тааралдан түүн рүү агсарч, мөргөж, нүүр лүү нь өвдөглөн зодож биед нь зүүн шууны богтос ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун мөр бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.           

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Төмөрчөдөрийн өгсөн: “...Энэ хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баярсайханы өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай ажлын газрын ах Тэрэлж орж надаар хорхог хийлгэнэ гэсэн юм. Тэгээд хотоос ирээд намайг Налайхаас аваад явсан. Би очиж хорхогийг нь хийж өгөөд байж байтал надтай хамт байсан хүмүүс машинаар чулуунд явах гэж байхаар нь би “Энэ ажлаа дуусгачихаад араас чинь очъё” гэж хэлээд үлдсэн. Би ажлаа хийж дуусчихаад гэр рүүгээ буцах гэхэд сүүлийн автобус явчихсан байсан тул замын унаагаар явах гээд хүлээсэн. Тэр үеэр Нямдэлгэр ах надад “Нэг шил архи байна” гээд гаргаж ирээд бид хоёр тэр архийг уусан. Тэгээд сууж байтал Э.Төмөрчөдөр халамцуу бид хоёр дээр ирээд над руу агсараад байсан. Тэгээд намайг машины хажууд зогсож байхад миний толгой руу шүүгдэгч мөргөтөл хамраас цус гарсан. Тэгээд би утсаараа цагдаа дуудаад Н.Насандэлгэр гэх цагдаа ирсэн” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад Э.Төмөрчөдөрийн яллагдагчаар өгсөн: “Х.Баярсайхантай автобусны буудал дээр тааралдаад хэрүүл маргаан хийж, муудалцаад би Баярсайханыг толгойгоороо мөргөөд, баруун гараараа зүүн нүд рүү нь цохисон чинь газарт унаад өгсөн. Тэгээд Баярсайхан босч ирээд надтай ноцолдож байгаад бид хоёр газарт унаад өгсөн. Унаад босоод ирсэн чинь Баярсайхан зүүн гараа сэгсэрээд байсан.. Гар дээр нь дараад уначихсан байх” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29-30 дугаар хуудас/ 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нямдэлгэрийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “... 2018 оны 7 дугаар сарын 20-нд 19 цагийн орчимд Тэрэлжийн автобусны буудал дээр суулгаж өгөх гээд очсон чинь автобус нь дүүрээд явчихсан  байсан. Тэгээд Баярсайхантай нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад сууж байтал Чөдөрөө морьтой ирээд Баярсайханыг чи намайг 10 жилийн өмнө зодож байсан. Одоо тийм зүйл байхгүй гээд очоод шууд цохиод доошоо дарж байгаад өвдөглөөд зодсон. Би гүйж очоод салгасан. Чөдөрөө морио унаад явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8985 дугаартай:

1.“Х.Баярсайханы биед зүүн шууны богтос ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун мөр бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт

/хх-ийн 20 дугаар хуудас /

хохирол барагдуулсан баримт

/хх-ийн 34 дүгээр хуудас /,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 37 дугаар хуудас / зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Х.Баярсайхан, шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судласан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг дүгнэхэд шүүгдэгч Э.Төмөрчөдөр нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 6 дугаар хороо "Тэрэлжийн" автобусны буудалд дээр хот явах гээд унаа хүлээгээд зогсож байсан иргэн Х.Баярсайхантай 21 цагийн орчимд тааралдан түүн рүү агсарч, маргалдан түүнийг мөргөж, нүүр лүү нь өвдөглөж, биед нь зүүн шууны богтос ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун мөр бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Төмөрчөдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Э.Төмөрчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.Баярсайханд 3.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах ьн зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэгэрэлийн Төмөрчөдөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Төмөрчөдөрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Төмөрчөдөрт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Төмөрчөдөрт мэдэгдсүгэй.

5. Э.Төмөрчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.Баярсайханд 3.000.000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Э.Төмөрчөдөрт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх Э.Төмөрчөдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ