Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/231

 

2026           02             26                                                                       2026/ДШМ/231

 

О.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

цагаатгагдсан этгээд О.Б-, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, О.Баасанхүү,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2809 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Хүслэнгийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Б-т холбогдох 1902 00771 0388 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч- овгийн О-ын Б- /РД: ШО-/, ........., урьд ял шийтгэлгүй;

О.Б- нь “О-” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800,000,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Б- Тэнгэр рашааны гудамж 312 дугаар байрны 604 тоот 200 мкв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг “Б-” ХХК-аас худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19,500 ам доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг орон сууц, авто зогсоолын төлбөрт шилжүүлэн өгч, эх Б.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч О.Б- нь тус хэрэгт 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Л.Б-, Э.З- нартай уулзахыг хориглох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, М- Төрийн өмчийн үйлдвэрийн газар, “М-” ХХК-ийн харьяа албан байр, үйлдвэрийн газарт очихгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Ү-М- дугаартай гэрчилгээг өмчлөгч Б.Т-т буцаан олгож, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, цагаатгах тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор З.Хүслэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Үндэслэл 1: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч Ц.О-ын хувьд 1992 онд өмч хувьчлалаар үл хөдлөх хөрөнгө хувьчилж авсан, тухайн эд хөрөнгөө 2006 онд бусдад 245.000 ам.доллароор худалдан борлуулсан талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой баримтуудаар хангалттай тогтоогддог.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Б-гийн /ВАIYILA/-ын мэдүүлгүүд /1-р хх-ийн 96-97/, /16-р хх-ийн 151-153/ байдаг.

гэрч Ц.О-ын дурдаад буй “Б-” ХХК-тай холбоотой үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан, гэрээний дагуу урьдчилгаанд авсан мөнгийг захиран зарцуулсан талаар мэдүүлдэг. Харин тус компаниас бусад хөрөнгүүдийг худалдан борлуулсан талаарх мэдүүлгийн эх сурвалжтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч дээрх мэдүүлэг нь хэрэгт цугларсан баримтаар мэдүүлгийн эх сурвалж баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүхээс эд хөрөнгийг худалдан борлуулсантай холбогдох нөхцөл байдлыг мэдүүлсэн байхад тухайн мэдүүлгийн эх сурвалжуудыг шалгах ажиллагаа хийгээгүй, няцаан үгүйсгээгүй байна гэж дүгнэн хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Мөн цагаатгах тогтоолын 14 дэх талд гэрч Г.О- нь мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн, түүний мэдүүлэгт дурдсан үйл баримт бусад байдлаар нотлогдож байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн, шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.

Улмаар шүүгдэгч талын мэтгэлцээний үндэслэл, хөрөнгийн эх үүсвэрийн талаарх тайлбар, мэдүүлэг, баримтыг яллах талаас няцаан үгүйсгэж чадаагүй, няцаалт болгож буй голлох баримтууд нь хангалттай бус, таамаглалд тулгуурласан байдлаар няцаасан гэж дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан Ц.О-ын Хан-Уул дүүргийн 2-р хороо, А- үйлдвэрийн хашаанд байрлах Б- урд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 440 м.кв барилгыг Й- 2008 онд 300.000 юаниар худалдсан, уг мөнгө нь дансны хуулгаар тогтоогдсон гэсэн өмгөөлөгч нарын тайлбар, баримтыг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шалгаж тодруулах ажиллагаа хийгдээгүй.

Уг дансны хуулганд 1 юань нь 395,35 төгрөгтэй тэнцэх буюу тухайн үедээ 113,395,735 төгрөгтэй тэнцэх төгрөг байснаас үзэхэд “Й-” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Б- /Й-/-д хөрөнгө худалдсанаас тусдаа хөрөнгө худалдан борлуулж, орлого олж байсан гэсэн тайлбар, мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэж дүгнэжээ.

Гэтэл дээрх барилга нь Ц.О-ын өмчлөлд байсан гэх, өөр бусад компанид худалдан борлуулсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба 286,100 юанийн хадгаламж нээгдсэн гэх арилжааны банкны дансны хуулгаар дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж олсон орлого байсан байна гэх дүгнэлт нь баримтаар тогтоогдоогүй, шүүгчийн таамаглалд тулгуурласан хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн гэж үзэж байна. Улмаар дээрх хадгаламж нь 1 юань 395,35 төгрөг буюу 113,395,735 төгрөг олсон гэж дүгнэжээ.

Гэтэл хадгаламж нээсэн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 1 юань нь Монголбанкны зарласан ханшаар 116.26 төгрөг байсан ба 286,100 юань нь 33,261,986 төгрөгтэй тэнцэж байх ба анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг ямар баримтад үндэслэж хийсэн нь ойлгомжгүй байх ба хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Үндэслэл 2: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо илтэд давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө нэмэгдсэн нь тогтоогдсон байх, хөрөнгө орлогоо хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаагаар тодорхойлогддог.

Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болох үндэслэлийг өөрөөр нь тайлбарлахыг үүрэгжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн зарчимтай нийцэхгүй байгаа мэт боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн тайлбарт заасан “Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ” гэсэн заалт албан тушаалтны гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг нотлох үүргийг прокурорт хүлээлгэх байдлаар нотолгооны тэнцвэрийг бий болгодог.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч О.Б- нь “О-” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800,000,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-, Тэнгэр рашааны гудамж 312 дугаар байрны 604 тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг “Б-” ХХК-аас худалдан авах гэрээг байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19,500.00 ам.доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг тус тус дээрх орон сууц, авто зогсоолын төлбөрт шилжүүлэн өгч төрсөн эх Б.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн болно.

Гэтэл тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19.500.00 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 291,700 ам.доллар нийт 311,200 доллар гэрч Ц.О-ад байсан эсэх талаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгч О.Б-, гэрч Ц.О- нар нь тухайн мөнгө байсан эсэх талаар үндэслэл бүхий баримтаар нотолж, тайлбарлаж чадаагүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байхад тухайн үйл баримтад шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу яллах дүгнэлт, улсын яллагчийн дүгнэлт, нотлох баримтуудыг тогтоолд нэр заан тусгасан боловч анхан шатны шүүхээс тус нотлох баримтуудыг нь ямар баримтуудаар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо заагаагүй буюу О.Б-ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо илтэд давсан хөрөнгө орлогоо хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, шүүгдэгчийн гаргасан тайлбарын дагуу гэрч Ц.О-ын эд хөрөнгөтэй холбоотой баримтуудаар тухайн цаг хугацаанд Ц.О-ад 311,200 доллар байсан талаар баримтаар тогтоогдоогүй, 2006 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулснаас олсон орлогоо тухайн цаг хугацаанд захиран зарцуулсан талаарх улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго” 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдсан гэж үзэж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2809 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Б-ийн өмгөөлөгч О.Баасанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх нь зөвхөн гэм буруутай, гэм буруугүйг тогтоохоос гадна зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Манай үйлчлүүлэгчийг 2019 онд тухайн үед хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр, мөн хахууль өгсөн байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашиглахдаа давуу байдал авсан байж болзошгүй гэж сэрдэгдэж байгаа этгээдүүдтэй уулзах, харилцах, холбогдохыг хориглосон шүүгчийн захирамж гарсан. Хэрэг хоёр удаа цагаатгагдаж, хэрэгсэхгүй болсон байхад уг таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэнийг ч хууль бусаар мөрдөх, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхийг хориглосон тул шүүхэд зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Хоёрдугаарт, анхан шатны шүүх нотолбол зохих ажиллагааг бүхий л шатанд хийсэн гэж дүгнэсэн. Гэтэл прокурорын зүгээс нотолбол зохих шалгах ажиллагаа хийгдээгүй мэтээр тайлбарлаж, шүүхийн хийсэн ажлыг бүхэлд нь үгүйсгэж байна. Шүүх нь мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргадаг. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох ёстой асуудлыг шүүх өөрөө дангаар гүйцэтгэх боломжгүй. О-ын мэдүүлгийг эргэлзээтэй гэж тайлбарлаж байгаа боловч яг хэн мөнгө өгсөн, доллароор өгсөн үү, төгрөгөөр өгсөн үү гэдгийг шалгуулах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, тоо баримтын зөрүүтэй холбоотой асуудлаар буцаах санал гаргахад эсэргүүцсэн атлаа хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэхэд дахин эсэргүүцэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. О- гэрчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, гаргасан нотлох баримтаа өөрөө тайлбарлах үүрэгтэй, хуурамч нотлох баримт гаргасан бол эрх зүйн хариуцлага хүлээнэ. Шүүх хуралдаанд түүнийг биечлэн оролцуулж, өмнөх мэдүүлэг, гаргасан баримтад нь хариуцлага сануулсан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан, бүх баримт хавтаст хэрэгт байгаа, шалгах шаардлагагүй гэж прокурор эсэргүүцдэг. Өнөөдөр Б-ийг шүүж байгаа юу, эсвэл гэрч О-ыг шүүж байгаа юу гэдэг асуулт гарч байна. Б- эх сурвалжаа заасан, гэрч баримтаа гаргасан. Хэрэв эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь хууль зүйн зарчим. Мөн нийтийн албан тушаалтан орон сууц худалдаж авах эрхтэй ба хэлцэл дуусах үед Б- нийтийн албан тушаалтан байгаагүй. Үл хөдлөх хөрөнгө өөр хүний нэр дээр бүртгэлтэй байхад заавал Б-ийн өмч гэж дүгнэх үндэслэл тодорхойгүй байна. Ийм байхад олон жилийн турш уулзах эрх хязгаарлагдсан, хилээр гарах эрх хориглогдсон, гэр бүлийн нөхцөл байдалд ноцтой хүндрэл учирсан. Гэрчийн мэдүүлгийн зөрүүгээр шүүгдэгчийг буруутгаж болохгүй. Эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Б-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор өөрийн тайлбартаа мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн гэсэн дурдсан атлаа, хийсэн ажиллагааны үр дүн нотлох баримтыг шүүх өөрөөр үнэлсэнтэй холбогдуулан шүүхийн дүгнэлтийг буруу гэж дүгнэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хувьд нийтийн албан тушаалтан өөрөө хөрөнгийн эх үүсвэрээ хууль ёсны болохыг тайлбарлах үүрэгтэй, харин мөрдөгч, прокурор тухайн тайлбар бодитой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох үүрэгтэй. Хэрэв тухайн тайлбар бодитой бус болох нь тогтоогдвол гэмт хэргийн шинж бүрдэнэ гэсэн ерөнхий зарчим үйлчилдэг. Энэ хүрээнд О- тодорхой баримт, мэдээллийг нэр устайгаар гаргаж өгсөн. Тухайлбал, 2008 онд 440 м.кв барилгыг “Й-” ХХК-д 300,000 юаниар худалдсан гэж мэдүүлсэн бөгөөд худалдан авсан хуулийн этгээдийн нэрийг тодорхой дурдсан. Гэтэл прокурорын зүгээс уг эд хөрөнгө улсын бүртгэлд түүний нэр дээр байгаагүй тул шалгах шаардлагагүй байсан гэх байдлаар тайлбарлаж байна. Эх сурвалжаа тодорхой заасан байхад уг эх сурвалжийг шалгах боломжгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 1 дүгээр хорооллын 60 м.кв 2 өрөө орон сууц гэрээнд 5,000,000 төгрөг гэж тусгагдсан, харин бодитоор 79,000,000 төгрөгөөр зарсан гэх тайлбар дурдагддаг. Гэтэл тухайн худалдан авагчдаас яг хэдэн төгрөгөөр худалдан авсан, бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлсэн эсэх, эсвэл 5,000,000 төгрөгийн үнээр худалдан авсан эсэхийг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна. Үүнд нэмээд оёдлын машины асуудал давхар яригддаг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Й- хашаанд байрлах 1 давхар 290 м.кв талбай бүхий барилга, цайны газар, агуулахыг 30 сая төгрөгөөр худалдсан гэх асуудал мөн яригдаж байна. Худалдан авсан “Й-” ХК өнөөдрийг хүртэл Номин гэх аж ахуйн нэгж түрээсээр үйл ажиллагаа явуулж байгааг бүгд мэддэг. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн лавлагаа авах төдийхнөөр явагдахгүй. Холбогдох хуулийн этгээдээс тухайн объектыг 2008 онд О- гэх хүнээс бодитоор худалдан авсан эсэх, нэр шилжүүлсэн, анх хэний нэр дээр байсан, мөнгийг яаж өгч байсан талаар тодруулах бүрэн боломжтой байсан ч ажиллагаа хийгдээгүй. Шарга Морьтод байрлах 10 ширхэг газрын асуудлаар улсын бүртгэлээс лавлагаа авахад бүртгэлгүй гэсэн. Гэвч зуслангийн бүсийн газрын эрх нь Нийслэлийн газрын албанд бүртгэлтэй байдаг тул энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдаагүй гэж үзэж байна. Жишээ нь 2009 онд “Й-” ХХК-ийн захирал О-, “О-” ХХК-ийн захирал У- нар гэх мэт этгээдүүдэд зарсан гэх 24 м.кв объект, 40 сая төгрөгөөр ковш худалдаж аваад буцаагаад тэрийгээ Архангай аймгийн Цэнхэр суманд алтны уурхай эрхэлдэг Б- гэдэг хүнд би 62,850 ам.доллароор зарсан гэж байгаа юм. Лавлагааг улсын бүртгэлээс авсан гэдэг боловч ковш яг тээврийн хэрэгсэл бас биш. Энэ уул уурхайн бүх машин механизмын асуудлууд бол гаалийн бичигтэйгээ хүнээс хүнд дамжаад явж л байдаг. Уул уурхайн техник, тоног төхөөрөмж нь гаалийн бичиг баримтаар шилжиж, бүртгэл нь автомашины адил системтэй бүртгэгддэггүй тохиолдол бий. Мөн 2005-2010 оны хооронд манай улсад дансаар гүйлгээ бүрэн цахимжаагүй, бэлэн мөнгөний эргэлт өндөр байсан нөхцөл байдлыг харгалзахгүйгээр зөвхөн дансны хуулгаар тухайн этгээд орлого олох боломжгүй байсан гэж дүгнэх нь өрөөсгөл гэж үзэж байна. Юанийн ханшийн асуудлаар прокурор 300,000 юаниар зарсан объектыг 30 сая төгрөгөөр үнэлэх ёстой байтал, харин шүүх 113 сая төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан дансны хуулганд юанийн ханш 396.35 төгрөг гэж тодорхой тусгагдсан. Харин 2008 оны 5 дугаар сарын 9-ний тухайн өдрийн Монголбанкны албан ханшийн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд прокурорын тайлбар нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Прокуророос эсэргүүцэлдээ 311,200 ам.доллар Б- болон О- нар байгаагүй ба мөн баримтаар тогтоогдоогүй гэдэг. Мөн 2019 оны 3 дугаар сарын 11, 18-ны өдрийн нийт 291,700 ам.долларын гүйлгээ маргаангүй. Энэ нь тухайн мөнгө бодитоор байсан нөхцөл байдлыг илэрхийлж байна. Гэтэл тухайн мөнгийг гэрт хадгалсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сейф байсан эсэх, мөнгөний багтаамж, хэмжээ зэргийг тодруулсан юм уу гэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхойлж чадаагүй. Энэ нь мөрдөгч, прокурорын үүрэгт хамаарах асуудал. Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх хэрэгт авагдсан бүх баримтыг нэг бүрчлэн үнэлж, улсын яллагчийн яллах дүгнэлтийг няцаасан үндэслэлийг дэлгэрэнгүй дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Б- шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос О.Б-ийг 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800,000,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-, Тэнгэр рашааны гудамж 312 дугаар байрны 604 тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг “Б-” ХХК-аас худалдан авах гэрээг байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19,500.00 ам.доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг тус тус дээрх орон сууц, авто зогсоолын төлбөрт шилжүүлэн өгч төрсөн эх Б.Т-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйлдлэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй...” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд гэмт хэргийн шинж байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Б-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан баримтуудыг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэв.

Шүүх нотлох баримтыг нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг нь үндэслэн хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, болсон хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоох ёстой.  

О.Б-ийн “О-” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаанд түүний өмч болсон “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-, Тэнгэр рашааны гудамж 312 дугаар байрны 604 тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолууд”-ыг худалдан авсан үйлдлийн хууль ёсны байдлын талаар шүүх дүгнэлт хийхдээ мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийх үндэслэл болжээ.

О.Б- нь “О-” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байсан байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-, Тэнгэр рашааны гудамж 312 дугаар байрны 604 тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг О.Б-ийн өмч болох талаар О.Б-, тухайн эд хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэх түүний эцэг Ц.О- нар маргадаггүй бөгөөд нийтийн албан тушаалтан байх хугацаанд бий болсон тус хөрөнгийг шүүгдэгч О.Б- нь өөрийн эцэг Ц.О- хөрөнгөөрөө авсан гэж, Ц.О- нь өөрийн гэртээ бэлнээр хадгалж байсан 306,200 доллараар худалдан авсан гэж мэдүүлдэг.

1. О.Б-ийн эцэг Ц.О-аас мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн мэдүүлэг авахдаа, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж, худал мэдүүлбэл хүлээх хариуцлагыг танилцуулж гэрчээр мэдүүлгүүд авчээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэх замаар шалгаж үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан.

Гэрч Ц.О- нь “О.Б- хэн нэгэнтэй очиж уулзаж байгаагүй, түүнд бол ямар ч хамаагүй” /1 хх-ийн 91-94 тал/ гэж тус эд хөрөнгийг худалдан авах ажиллагаанд хүү О.Б-ийг оролцоогүй гэж мэдүүлсэн байна.

Гэтэл прокурорын яллах нотлох баримт болгосон гэрч Ц.Х-ын тус эд хөрөнгүүдийн талаар “М-” ХХК-ийн захирал гэх хүн утсаар өөртэй нь холбогдож дундын дансанд төлбөрийг байршуулах нөхцөлийг тохиролцсон, гэрээ хийхэд өөрөө ирэх боломжгүй гээд ээжийгээ явуулж гэрээ байгуулсан /9 хх-ийн 15-17 тал/ гэсэн, гэрч Т.Ж-ийн үл хөдлөх хөрөнгө худалдах зарын дагуу “М-” ХХК-ийн захирал Б- гэх хүн ирж уулзсан, нэрийн хуудсаа өгсөн, худалдаж авах үнийн талаар тохиролцоог хийсэн талаарх /1 хх-ийн 71-72, 9 хх-ийн 12-14 тал/ мэдүүлгүүд, Т.Ж-ийн О.Б-ийн өөрт нь өгсөн нэрийн хуудсыг хэрэгт өгсөн /9-р хх-ийн 86 тал/ баримт байна.

2. Шүүгдэгч О.Б-ийн заасан эх сурвалж болох түүний эцэг Ц.О-ын 800,000,000 төгрөгийн эх сурвалжийг шалгах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай хийсэн ба анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэхдээ ямар нотлох баримтуудыг ямар үндэслэлээр авч, ямар нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үнэлээгүй, ямар нотлох баримт нь ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэгдэж байгаа талаарх дүгнэлтийг бүрэн хийгээгүй байна. Тодруулбал, гэрч Ц.О-ын мэдүүлгүүддээ дурдсан орлогыг нь дүгнэхдээ тус хөрөнгөтэй холбоо бүхий зарлагуудын баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан, эсхүл үнэлэхгүй бол яагаад үнэлээгүй дүгнэлтийг хийлгүйгээр тогтоосон үйл баримтыг хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.   

Гэрч Ц.О- нь 200 м.кв талбай бүхий орон сууц, хоёр авто зогсоолуудыг худалдан авсан 800,000,000 төгрөг буюу 311,200 ам.доллар /2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19,500 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 291,700 ам.доллар/-ын эх үүсвэрээ 8 үйл ажиллагаагаар олсон орлоготой холбож мэдүүлжээ /1-р  хх-ийн 91-92 тал/.

Анхан шатны шүүх энэхүү гэрч Ц.О-ын мэдүүлсэн орлогын эх сурвалжийг шалгасан байдлыг дүгнэснийг хянахад:

- 1992 онд өмч хувьчлалаар авсан объектоо БНХАУын иргэн Г.Б- /Й-/-д 2006 оны 10 дугаар сарын 3-ний өдөр 245,000 ам.доллараар худалдсан үйл баримтын талаар дүгнэлтийг хийхдээ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгийг Г.Б-гийн нэр дээр бүртгүүлэх 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хамаарах Худалдаа хөгжлийн банкны 20,000,000 төгрөгийн болон 30,000,000 төгрөгийн зээлийг төлж худалдсан объектоо барьцаалбараас чөлөөлсөн баримтуудын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Гэрч Г.Б- нь “...худалдан авах үед худалдан авах объект нь банкны барьцаанд байсан, худалдан авах гэрээг хийсний дараа өөрөөс нь авсан 25%-ийн төлбөр болох 91,250 ам доллараас банкны зээлээ хаасан, 1 гараж нь өөр хүний нэр дээр байсныг худалдан авсан...” гэж мэдүүлжээ /1 хх-ийн 96-97, 16 хх-ийн 151-153 тал/.

Гэрч Г.Б-гийн мэдүүлсэн гараж гэх үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр иргэн Б.Ч-аас 3,000,000 төгрөг бичигдсэн бэлэглэлийн гэрээгээр Ц.О-ад шилжүүлэн авсан баримтууд хэрэгт авагдсан, мөн гэрч Б.А- “...Миний дүү Б.Ч-а өөрийн эзэмшлийн гаражийг Ц.О-ад зарсан байх гэж бодож байна. ...” /16 хх 81-82 тал/ гэж мэдүүлжээ.  

Гэтэл анхан шатны шүүх гэрч Г.Б-,  Б.А- нарын мэдүүлэг, худалдан авах гэрээг байгуулсан 2006 оны оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд

2006-10-05 өдөр 61,250 долларыг Г.Б-гаас авсан,

Худалдаа хөгжлийн банк дахь хоёр зээлээ хааж тус худалдсан объектоо барьцаалбараас чөлөөлсөн байдал,

2006-10-06 өдөр 3,000,000 төгрөгийн бэлэглэлийн гэрээгээр гэрч Г.Б-гийн мэдүүлэгт дурдсан гараж гэх объектыг Б.Ч-аас шилжүүлсэн баримтуудыг үнэлэнгүй байна.

Гэсэн атлаа Ц.О-ын бэлэглэлийн гэрээгээр өөртөө Б.Ч-аас худалдан авсан 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн талаар “245,000 долларыг бүхэлд нь уг объектыг худалдан авахад зарцуулсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Тус 40 м.кв объектыг шилжүүлэн авсан цаг хугацаанд Ц.О- нь Г.Б-гаас 245,000 долларыг бүтнээр нь аваагүй байсан болох нь 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу 61,250 долларыг Ц.О-ад урьдчилгаанд төлсөн талаар гэрч Г.Б-гийн мэдүүлэг, уг мэдүүлгийн эх сурвалж болох 2006-10-05 гэсэн огноотой 61,250 долларыг Ц.О-ад шилжүүлсэн баримт хэрэгт байна.

Мөн 2006-10-23 өдөр 20,000 доллар, 2006-11-07 өдөр 50,000 доллар,  2006-11-17 өдөр 30,000 доллар, 2006-11-24 өдөр 40,000 доллар, 2007-08-06 өдөр 3000 доллартой тэнцэх /ханш 1165 төг гэж бичсэн/ 3,495,000 төгрөг, 2007-01-12 өдөр 5000 доллар, 2007 оны 8 сард 12,000 доллартай тэнцэх /ханш 1174 гэж бичсэн/ төгрөгийг төлсөн баримтууд хэрэгт бэхжүүлэгджээ. /1-р хх-ийн 106-112/.

- Гэрч Ц.О- нь “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Б- урд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 440 м.кв барилгыг Й- 2008 онд 300,000 юаниар худалдсан. ... ХУД-ийн 3-р хороо, А- үйлдвэрийн хашаанд Й- урд байрлах 1 давхар 290 м.кв  талбай бүхий конторын барилга, цайны газар, агуулах зэргийг 2008 онд Й-т 30,000,000 төгрөгөөр худалдсан. ...1991 онд өмч хувьчлалаар Шарга морьтын эцсийн буудлын дээд талд 10 ширхэг зуслангийн байшин хувьчлан авч 1991-2016 онд 35,000,000 төгрөгөөр зарсан. 1991 онд хувьчлан авсан ХУД-ийн 3-р хороо, А- хашаанд байрлах 24 м.кв агуулахын зориулалттай байрыг 2009 онд Харигаа компанийн захирал О- гэх хүнд 8,000,000 төгрөгөөр зарсан..” гэж мэдүүлжээ.

Тус Ц.О-ын мэдүүлэгт заасан объектуудыг анхан шатны шүүх ямар баримтуудыг үндэслэн үнэлж, Ц.О-ыг тус орлого олох үйлдлүүд хийсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Иргэний хуульд 1995 онд анх “Үл хөдлөх хөрөнгийг түүний байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ” гэсэн заалт орж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль 1997 оноос Монгол Улсад дагаж мөрдөгдсөн байна.

Ц.О-ад хамаарах дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн хөдөлгөөний улсын бүртгэлийн баримт байхгүй талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Ц.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудад байхгүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүх ямар нотлох баримтыг эх сурвалж болгож тус эд хөрөнгүүдийг Ц.О- борлуулж орлого олсон гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

- Ц.О-ын Худалдаа хөгжлийн банк дахь 4А- дугаар дансанд 2008.05.09-нд 286100 юанийн орлого орсон. Уг данснаас 2008.09.08-нд 100,000 юанийн зарлага тус банкны 4А-5 дугаарын данс руу, 100,000 юань 4А-4 дугаарын данс руу тус тус орж, тодорхой огноотойгоор Ц.О- хэсэгчлэн зарлагадсан /16 хх 74-79 тал/ байна. Энэ 286,100 юанийг шинэ орлого байсан гэж үзэх эх сурвалж нь тодорхойгүй төдийгүй  Ц.О-ын хэсэгчлэн зарлагадсан юанийн хэмжээ дансны хуулгаар тодорхой байх ба зарлагадсан өдрийн ханшаар долларт шилжүүлвэл хэдэн доллар болох 311,200 долларын хэд нь болох талаар дүгнэлтийг хийгээгүй байна.

Олсон орлогыг хадгалж байсан гэж дүгнэвэл, 311,200 долларын хэмжээний орлого Ц.О-ын хувьд тодорхойлогдох ёстой ба төгрөгийг болон юанийг тухайн цаг хугацааны ханшаар нь долларт хөрвүүлэн тооцож (бүхий л цаг хугацаанд долларын төгрөгтэй харьцах ханш өссөн болох нь Монгол банкны мэдээллээс тодорхойлогдож байгаа[1] тул шүүгдэгчид ашигтай) 311,200 ам.доллар болох эсэхийг дүгнэх ёстой.

Тодруулбал, анхан шатны шүүх Ц.О-ын олсон гэж дүгнэсэн орлогууд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-, Тэнгэр рашааны гудамж, 312 дугаар байрны 604 тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг худалдан авах төлбөр болох 2019 оны 3 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд Голомт банкны дансанд байршуулсан нийт 311,200 долларын хэмжээнд хүрч байгаа болохыг тодорхойлох шаардлагатай.

- Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол 19 байрны 370 тоот 60 м.кв байрыг 5,000,000 төгрөгөөр худалдах боломжгүй, 79,000,000 төгрөгөөр худалдсан гэдэг нь бодит байдалд нийцсэн гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Гэрч Ц.О-ын 79,000,000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлгийг ямар нотлох баримтаар 311,200 ам.долларын эх сурвалж болгосон нь ойлгомжгүй байна.

Шүүх, улсын бүртгэлийн лавлагааны хамт ирүүлсэн тус 60 м.кв орон сууцтай хамаарал бүхий баримтуудын заримыг үнэлсэн атлаа, тус орон сууцны өмчлөл шилжих болсон бэлэглэлийн гэрээ 2011 оны 10 дугаар сарын 21-нд хийгдсэн, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгүүлсэн байдал, улсын бүртгэлд бүртгүүлэх цаг хугацаанд 2011 оны 6 дугаар сарын 6-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Ц.О-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 33,163,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн талаарх  2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр /12 хх 62 тал/ тус  Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол 19 байрны А- тоот 60 м.кв байр барьцаалбараас чөлөөлөгдөж өөр өмчлөгчид шилжүүлсэн хэлцлээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг Ц.О- олж авсан талаарх баримтуудыг үнэлээгүй байна. Хэрэв тус баримтуудыг үнэлэхгүй бол үнэлээгүй талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой.

- Анхан шатны шүүхийн, Ц.О- 43 ширхэг оёдлын машиныг зарж борлуулсан байх боломжтой талаар дүгнэлт нь үндэслэл бүхий байна. Гэхдээ 43 оёдлын машин нь хэрхэн гэрч Ц.О-ын “...161 ширхэг оёдлын машин, тоног төхөөрөмж зэргийг 2016 онд 47,250,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгийн эх сурвалж болох, тодруулбал 43 оёдлын машинаас илүү буюу 161 ширхэг оёдлын машин, бусад тоног төхөөрөмж Ц.О-ад байсан гэх ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

- Ц.О- нь 2009 онд XGMA-50 маркийн ковшийг 62,850 доллараар зарсан гэжээ. Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд зааснаар ковш нь өөрөө явагч механизмын ангилалд ордог бөгөөд Автотээврийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар авах эрх зүйн зохицуулалттай ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ц.О-ын эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний бүртгэл, лавлагаа/15 хх-ийн 177-197 тал/-г үнэлээгүй, үнэлээгүй талаарх дүгнэлтийг хийгээгүй байна.

Анхан шатны шүүх, Ц.О-ын мэдүүлэгт дурдсанаас бусад хөрөнгүүдийн талаар буюу Хан-Уул дүүргийн 3 хороо, А- 14 дүгээр байрны А- байр, уг байрны суурин дээр баригдсан А- байрны 903 тоот 52.28 м.кв байраас олсон орлогуудыг дүгнэсэн атлаа тус орлоготой адил хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 3 хороо, А- байрны 903 тоот 52.28 м.кв байрыг худалдан авахдаа урьдчилгаа 81,000,000 төгрөгийг төлсөн, 35,000,000 төгрөгийг нь зээлсэн, уг байрыг барьцаалбар болгон иргэн М.Гантуяа зээл авч тус байрны худалдан авсанг нотолж буй тодорхой үнийн дүн бүхий баримтуудыг тус тус үнэлж дүгнээгүй орхигдуулжээ /13 хх 141-218 тал/.

Хэрэгт цугларч бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн Ц.О-ын хийсэн гэрээ, хэлцлүүд зэрэг нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан дүгнэлгүйгээр, нийтийн албан тушаалтан О.Б-ийн өмчийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Б-, Тэнгэр рашааны гудамж 312 байр 604 тоот орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг өөрийн хадгалж байсан 311,200 ам.доллараар худалдан авсан гэх үйл баримтад нотлох баримтын эргэлзээ үүссэн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэн шүүгдэгч А.Б-т холбогдуулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь хууль үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.  

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.  

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог. 

Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээтэй байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.  Харин тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзээтэй гэж үзэхгүй.  

Ийнхүү О.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ, хэрэгт бэхжүүлэгдсэн зарим баримтуудыг үнэлээд, зарлага гарсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүд зэргийг үнэлээгүй нь “in dubio pro reo” зарчмыг хэрэглэх эргэлзээ болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүх, О.Б-ийг “О-” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болох үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүхэлд нь дүгнээгүй, хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан О.Б-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулах шаардлагаар түүнд урьд авч байсан иргэн Л.Б-, Э.З- нартай уулзахыг хориглох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, М- Төрийн өмчийн үйлдвэрийн газар, “М-” ХХК-ын харъяа албан байр, үйлдвэрийн газарт очихгүй байх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор З.Хүслэнгийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2809 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд О.Б-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ

 

[1] https://www.mongolbank.mn/en/currency-rates