Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1260

 

 

 

 

                                                                                                                      

 

    2018         09          05                                        2018/ШЦТ/1260

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 1806064651498 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Хнь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тээврийн хэрэгслийн журмын хашаанд иргэн Б.Ганболдтой маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806064651498 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би шүүх эмнэлгийн №352 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэд учирсан гэмтлийг тухайн байгууллагын ажилтан Х гэдэг хүн миний толгойг уургалан дараад машин луу бөгсөөр нь түлхэж суулгахад учирсан гэмтлүүд байна..., Би тэрийг сайн мэдэхгүй байна. Х гэдэг залуу миний толгойг уургалан доош дарсан байхад нь би орчноо харж чадаагүй. Цаанаас ирсэн залуучуудыг л цохисон байх гэж бодоод тэгж мэдүүлэг өгсөн байсан юм. Дараа нь бодоод байх нээ Хгаас өөр хүн намайг цохисон асуудал байхгүй юм шиг байгаа юм. Ер нь тухайн үед харуул болон намайг цохисон Х гэдэг залуу хоёр л байсан байх..., Эмчилгээний задралаа нэхэмжилж байна. Баримтаар 85,000 төгрөг гарсан тэгээд ор хоногийн мөнгө гэж 35000 гарсан, өөр эмийн сангаас эм авч хэрэглэсэн төлбөр байгаа боловч над баримт нь байхгүй байна. Нийт 200,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Маргааш эцсийн байдлаар цээжний зураг авахуулна тэрний хариуг харж байгаад гомдол санал байгаа эсэхээ хэлнэ. Учир нь уушги маань асуудалтай гарчихвал над гомдолтой л байна. Учир нь хойно сургуульдаа явахаар үзлэгт ороод тэнцэхгүй бол гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн үед Хашнаа гэдэг манайд жолооч хийдэг залуу жаахан хүүхэд тэвэрчихсэн явж байсан юм. Тэгээд тэр хоёрыг юм ярилцаж байх хооронд би үүдэнд машинаа авах гэж ирсэн хүмүүсийг оруулах гээд хашааны хаалгаа онгойлгоод эргээд харсан чинь "ист" маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу нь Хашнааг цохих шиг болоход нь Хашнаа хойшоо бултахад тэр залуу Хашнаагийн тэвэрч явсан хүүхдийн мөр хавыдаа нь цохих шиг болоход нь тэр хүүхэд уйлахаар нь би үүднээс гүйж очиход Хашнаа тэвэрч явсан хүүхдээ над өгөөд тэр залуугийн толгойг нь уургалан машины хаалга руу бөгсөөр нь түрж оруулан чи хүүхэд аллаа ш дээ пизда вэ гэж хэлж байсан. Тухайн үед манай захирлын охин Мөнгөөнөө гэдэг хүүхэд гүйгээд ирэхээр нь би тэвэрч байсан хүүхдээ тэр хүүхдэд бариулчхаад Хашнаатай нийлж тэр залууг түлхээд машинд нь суулгасан..., Би тэр үед үүдэн дээр байсан учир хүүхэд цохихыг хараагүй. Харин Хашнаа чи хүүхэд цохчихлоо ш дээ пизда минь гэж хэлээд арагшаа толгойгоо болгож байгаа харагдсан. Тэгээд намайг гүйгээд очиход Хашнаа тэвэрч явсан хүүхдээ над өгөөд тэр залуугийн толгойг нь уургалан барьж аваад бөгсөөр нь машин луу чихэж суулгасан. Тэр үед би мөн адил хүүхдийг нь хүнд бариулчхаад Хашнаатай хамт тэр залууг машин луу нь чихэж суулгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 352 дугаартай:

   Б.Ганболдын биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар ХӨНГӨН зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/,

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-3/,

-шүүгдэгч Б.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-22/,

-хохирогч Б.Ганболдын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 34/,

-Б.Хгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38/

 

Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто машины журмын хашаанд ажиллаж байхад 79-24 убя улсын дугаартай тоёота ист маркийн машин нэгдүгээр эгнээд хөдөлгөөн хааж тавьсан гэх зөрчлөөр ачигдаж ирсэн байсан удалгүй тухайн машины жолооч гэж одоо хохирогч Б.Ганболд ирээд би машинаа авах гэсэн юм гэж асуухаар нь ачилтын мөнгө 60,000 мянган төгрөг тушаана гэж хэлэхэд Б.Ганболд одоо надад бэлэн мөнгө алга машинаас картаа авч болох уу? гэж асуухаар нь би авч болно гэж хэлсэн. Тэр үед Б.Ганболд машин дээрээ очоод машиндаа сууж асаагаад хаалган дээр ирээд машин дотроо тамхи татаад байхаар нь би энэ газар тамхи татаж болохгүй гэж хэлэхэд Б.Ганболд машины цонхоор тамхины ишээ хаяхаар нь би энд хог хаядаг газар биш чи хогоо ав гэхэд Б.Ганболд машинаас бууж ирээд чи яагаад түрүүнээс хойш над руу муухай орилоод байгаа юм гэж асуухаар нь би өөдөөс нь надад орилсон зүйл алга би чамд зүй ёсны шаардлага тавьж байна гэж хэлсэн чинь над руу хуруугаараа чичээд чи муу хулгайч гээд байсан. Би дүүгийн хүүхэд болох Ганбатыг тэвэрчихсэн байсан болохоор Б.Ганболдод хандаж чи хүүхэд цохилоо гэж хэлсэн чинь Б.Ганболд гараараа 2 сартай Ганбатыг цохих шиг болсон. Тэгэхээр нь би хажууд байсан дүү болох 7 Настай Мөнгөнцэцэгт тэврүүлээд буцаад Б.Ганболдыг цохих гэхэд доошоо суугаад би хий цохихоор нь дахиж Ганболдын зүүн гарыг нь толгой хэсэгтэй нь хоёр гараараа тэврээд доошоо дарсан. Тэгэхэд цээжинд нь гэмтэл учирсан. Тэр үед би хүчтэй тэвэрсэн. Би энэ гэмтлийг хохирогч Б.Ганболдын биед учруулсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Хгийн иргэн Б.Ганболдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Хнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ