Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2022/00072

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00065/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 19-ний өдрийн 820 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмч болох орон сууцны ногдох хувийг *******д олгож, орон сууцыг өөрийн өмчлөлд авах, гараашийг *******ы өмчлөлд үлдээж, өөрт болон хүүдээ ногдох хувь 6,000,000 төгрөг  гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч *******ы “...орон сууцыг хуваарьт өмчид тооцуулж, орон сууцны хамтран өмчлөгчөөс *******ийн нэрийг нь хасуулах тухай...” сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Бид 2009 онд танилцаж 2012 оны 9 сард хүү ******* төрсөн. Бид 2011 оны 11 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллах болсон. Би *******тай анх танилцахдаа ATOZ маркийн машинтай байснаа машинаа сайжруулж STARIX болгоод зарж, цалингийн хуримтлал бий болгож Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, ******* байрыг 8 хувийн зээлээр урьдчилгаа төлж авсан.

2016 онд хүү цэцэрлэгт явах болсон учраас *******ы шаардсанаар би ажлаасаа гарсан. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөх хугацаандаа Дарханд эмийн санд ажиллаж, байрны /ус, дулаан, цахилгааны/ төлбөрөө төлж ахуйн хэрэглээгээ өөрийн цалингаар болгож ирсэн.

******* нь 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. Амрах 10 хоногтоо байнга архидан согтуурч, үг хэлээр доромжилж, хэрцгийгээр зоддог. Ээжийг маань бас зодож байсан. Тухай бүрд нь цагдаад гомдол гаргаж байгаагүй, хааяа нэг цагдаад дуудлага өгдөг, дуудлага өгөхдөө бие, эрх чөлөөнд халдсан талаар хэлдэггүй, нуудаг дараа нь зодох байх гэж эмээгээд.

2022 оны 7 сард би зодуулаад хүүхдээ аваад Хөвсгөл аймагт ахындаа очоод үүнээс хойш ээжтэйгээ амьдарсан. Өнгөрсөн хугацаанд хүүдээ хэрэглээний зардал өгдөггүй хүү нь аавтайгаа уулзахыг хүсдэг ч хүүгээ огт тоодоггүй.

2020 оны 10 сард өөр хүнтэй дотно харилцаатай гэдгийг нь мэдээд хамтын амьдралаа дуусгавар болгож, хүүгээ өөрөө асрамжилж ирсэн.

Иймд хүү М.*******ыг миний асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно, бидний дундын өмч болох 75,000,000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байрны *******д ногдох хувийг өгнө, байрны зээлийн 24,000,000 төгрөгийн үлдэгдлээ өөрөө үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй, 15,000,000 төгрөгийн үнэтэй гараашийг *******ы өмчлөлд үлдээж, өөрт болон хүүдээ ногдох хувь 6,000,000 төгрөгийг гаргуулах гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

... нэхэмжлэлийн  4 шаардлагын 2 шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд сүүлийн 2 шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууц, машины дулаан зогсоол нь миний хөдөлмөрийн үр шим юм. Миний бие одоогоор ковидоор өвдөж, гэртээ тусгаарлагдан эм ууж байгаа бөгөөд эдгэрээд холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэх болно... гэжээ.

3. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

...  Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 7-р хороолол, 2-р байр, 3 тоот 2 өрөө орон сууцны урьдчилгаа болох 21,940,000 төгрөгийг төлсөн.

Учир нь ипотекийн зээлд ганцаараа хамрагдах гэхээр банкны зүгээс намайг 45 нас хүрсэн, орон сууцны ипотекийн зээлийн шалгуур хангахгүй гээд байсан учраас *******ийг байрны үндсэн зээлдэгчээр, би өөрөө хамтран өмчлөлд бүртгэгдсэн.

Зээлээ би өөрөө төлдөг. Би хэдийгээр 10/10 гэсэн хуваариар ажилладаг боловч 30-45 хоног улирч ажиллаж байж энэ байрны лизингийг төлж ирсэн, гэрэл цахилгааны зардлыг хүртэл би төлж ирсэн. Байрандаа бараг байдаггүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумандаа ихэнхдээ ажлын шаардлагаар амьдардаг, хааяа ирж, очдог.

...Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 7-р хороолол, 2-р байр, 3 тоот, 60,75 м.кв талбайтай, 2 өрөө ******* дугаартай Хаан банкны барьцаанд байгаа орон сууцыг 2014 оны банкны үнэлсэн үнэлгээ 73,000,000 төгрөгөөр байрны үнийг тодорхойлж, нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Учир нь хөгшин ээжийгээ дэргэдээ авах зорилгоор урьдчилгаа төлбөрийг миний төлсөн байрыг, банкны шаардлагаар хамтран зээлдэгчээр болон гэрчилгээнд хамтран өмчлөлд бүртгэгдсэн гэдгээр далимдуулж, авах гэж байгаа нь үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий байрыг бий болоход оруулсан хөрөнгийг харгалзан үзэж ******* миний хуваарьт хөрөнгөд тооцож, байрны хамтран өмчлөлөөс *******ийн нэрийг хасуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү... гэжээ.

  1. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, маргаан бүхий орон сууц нь *******ы хуваарьт хөрөнгө биш учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс миний нэрийг хасуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү М.*******ыг эх *******ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү М.*******д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130.2, 130.2.2-т гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1837 тоот Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2989 тоот Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.5, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас 34,182,725 төгрөг гаргуулан хариуцагч *******д, хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, *******, 2 дугаар байр, 3 тоот 60.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******, М. ******* нар өмчлөх эрхтэй болохыг тогтоож, тухайн орон сууцны *******ы өмчлөх эрхийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1-д зааснаар хариуцагч *******ы ...орон сууцыг хуваарьт өмчид тооцуулж, орон сууцны хамтран өмчлөгчөөс нэрийг нь хасуулах... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 140,000 төгрөг, хариуцагч *******ы 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 140,000 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг, төрийн сангийн орлогоос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 34,182,725 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 328,864 төгрөгийг *******аас, 4,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан төрийн сангийн орлого болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.1. Эцэг, эхийнхээ хэнтэй байх нь хүүхдийн эрх байхад хуульд заасан журмын дагуу хүүхдийн саналыг өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч байлцуулан аваагүй, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх хүүхдийн саналыг харгалзана гэсний дагуу ямар ч ажиллагаа хийгээгүй хүүхдээс санал аваагүй байж, эхийн асрамжид үлдээсэн.

5.2. ...асрамжид байгаа хүүхдийн ямар эрх зөрчигдөн хохирч байгааг тогтоогүй байж эрх, ашиг хохирсон гэж Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан нэмэлт зардал гаргуулах тухай заалтаар маргаан бүхий миний  2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5.3. ...гуравдагч этгээдээр ХААН банк ХХК-ийг таталгүй, дундаа хэсгээр өмчлөх өмч гэж үзэж, ...хуулийг илт буруу тайлбарлан хөрөнгийг 50 хувиар хувааж миний өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5.4. ...гараашны үнэлгээг тогтоолгоогүй, үндэслэлгүй 9,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас 4,500,000 төгрөг шийдвэрлэсэн.

5.5. ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага, авто машины нэмэгдүүлсэн шаардлага хуульд заасан хангасан байхад хүлээн аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч *******ы  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 2.Гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  болон бусад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын  тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 Хэргээс судлан үзэхэд : 

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д  холбогдуулан  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :  хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох,  ... Дархан сум, *******, 7-р хороолол, 1-р байрны 3 тоотод байрлах 2 өрөө 60.75 м.кв талбайтай орон сууцыг ипотекийн зээлээр жилийн 8 хувийн хүүтэйгээр худалдан авсан, үнэлгээ тогтоолгоход 91,125,000 төгрөгөөр үнэлсэн, зээлийн үлдэгдэл 24,300,000 төгрөгийг хасаж, төлсөн дүн 66,825,000 төгрөгийн нэг хүнд ногдох нь 22,275,000 төгрөг тул  *******д ногдох хувийг өгөх, хүү М.*******ыг өөрийн асрамжид авч, хүүгийнхээ наад захын хэрэглээ болох орон байраар хангахын тулд байрыг өөрийн өмчлөлд авах,

              Мөн автомашины гараашийн хувьд одоогийн үнэлгээ 9,000,000 төгрөг болсон тул *******ы өмчлөлд үлдээж, өөрт болон хүүдээ ногдох хувь болох 6,000,000 төгрөг гаргуулах  гэж, /1-р боть-1, 2-р боть 27/

            5. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байгаа, орон сууц, гарааштай холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй, ... байрыг анх 73.040.000 төгрөгөөр худалдаж авсан, урьдчилгаа 21,940,000 төгрөг төлсөн ба үүний 1,240,000 төгрөгийг ******* гаргасан, үлдэгдэл 51,100,000 төгрөгийн зээлийг *******ийн нэр дээр авсан. Одоогийн байдлаар 46,425,450 төгрөгийн зээлийг төлсөн, үүнээс 6,939,300 төгрөгийг ******* төлсөн, үлдэгдэл 24,323,783 төгрөг байгаа, 8,179,300 төгрөгийг *******д өгөх саналтай, би одоо нас 50 гарсан тул байрны зээл олдохгүй, өөрөө байрандаа амьдармаар байна,

             Гараашийн хувьд анх 4,985,000 төгрөгөөр авсан ба ******* 2,065,000 төгрөгийн хөрөнгө оруулсан тул түүний оруулсан мөнгийг буцааж, гараашийг өөрийн өмчлөлд авч үлдэх саналтай,  хүү М.*******ыг эх *******ийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэж /1-р боть 29, 2-р боть 27/,

 6. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ  ... “орон сууцыг хуваарьт өмчид тооцуулж, орон сууцны хамтран өмчлөгчөөс *******ийн нэрийг хасуулах, ...  шаардлага гаргасныг   нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тус тус гаргаж  талууд маргасан байна.

            7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн гаргасан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хангаж, талуудын маргаж буй ... 1-р байрны 3 тоот 2 өрөө 60.75 м.кв талбай бүхий орон сууц, авто зогсоол зэргийг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэн, орон сууцны үнээс ногдох хэсгийг хариуцагч *******д олгож, орон сууцыг нэхэмжлэгч ******* болон хүү М.******* нарт үлдээж, *******ы өмчлөх эрхийг хүчингүй болгож,  гараашны үнээс ногдох хэсгийг нэхэмжлэгч *******д олгож, гараашийн өмчлөх эрхийг  *******д үлдээж шийдвэрлэжээ.

           8.Хариуцагч ******* шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо... 8.1. хүү М.******* 10 настай, хуульд заасан журмын дагуу хүүхдийн саналыг аваагүй, ямар ч ажиллагаа хийгээгүй байж шүүх, хүүхдийн асрамжийг эх *******д нь үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй,

8.2.  шүүх, ... Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-н нэмэлт зардал гаргуулах тухай заалт,  ...  ХААН банкыг  гуравдагч этгээдээр таталгүй, дундаа хэсгээр өмчлөх өмч гэж үзэж,  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх  заалтыг илт буруу тайлбарлаж, дээрх заалтыг мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,126.2-т зааснаар гэрлэгчдийн хөрөнгөд хамаарах зохицуулалт гэж, хамтран өмчилж буй орон сууцанд өмчлөгч *******ы оруулсан хөрөнгийн хэмжээ 61,372,450 төгрөг, *******ийн оруулсан хэмжээ 6,993,000 төгрөг гээд илт тодорхой байхад тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж 50 хувиар хувааж, ******* миний  орон сууц өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй,

8.3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар *******, ******* нарын хамтран өмчилж буй дундын өмч хөрөнгийн маргааныг шийдвэрлэх ёстой байсан.

8.4. гараашийг 4,985,000 төгрөгөөр худалдан авсан байхад ямар баримтыг үндэслэн 9,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж 4,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн,

8.5. сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох автомашины нэмэгдүүлсэн шаардлага хуульд заасан шаардлагыг хангасан байхад хүлээн аваагүй зэрэг нь ойлгомжгүй.

Иймд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хуульд заасан журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн 820 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

9.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2009 онд танилцаж, 2011 оноос 2020 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан байх ба зохигч нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас 2012 оны 09  дүгээр сарын 27-ны өдөр хүү М.*******  төрсөн болох нь хүүхдийн төрсний  гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, хариуцагч ******* хүү М.*******ын эцэг мөн болох тухайд  маргаагүй, улмаар хүү М.*******ыг эхийнх нь асрамжид үлдээх, тэтгэлэг төлөхийг  зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, энэ талаар талууд маргаагүй байна.  

           Мөн талууд нь  хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү М.*******  нь эх *******ийн  асрамжид өсөж, хүмүүжиж байгаа   үйл баримт нь талуудын тайлбараар  тогтоогдсон,  энэ талаар талууд маргаагүй.

10.Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хүүхдийг эх *******ийн  асрамжид үлдээж, эцэг Ү.Мөнхсайнаар хүү М.*******д  тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.

11.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсгийн  26.2.1-26.2.4 дэх хэсэгт эцэг, эхийн хүлээх үүргийг  тодорхой заасан. Тухайлбал,  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ  асран хамгаалах,тэжээн тэтгэх, ...зэрэг үүргийг эцэг, эх адил хүлээнэ гэж,   

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн  10.1.1-10.1.11 дэх хэсгүүдэд хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, ... ийн хүлээх үүргийг  зохицуулсан. Тухайлбал, хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах ... зэрэг үүргийг эцэг, эх хүлээнэ, дээрх хуульд заасан нөхцөл бололцоогоор хүүхэд хангагдах ёстой болохыг тус тус  хуульчлан зохицуулжээ.

12.Гэрлэлтээ бүртгүүлээгүй ч зохигч нарын дундаас төрсөн хүүхдийн хувьд эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр байх бөгөөд  хүүхдийн  асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй нь салшгүй холбоотой бөгөөд   эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

13. “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын үндсэн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-д заасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлээр  Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах үйл явцыг  зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд 14.7-д зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан.

14.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар гэрлэлтээ албан ёсоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, тэдгээр нь  хамтын амьдралтай байсан байх тул хүүхдийн асрамж шийдвэрлэхэд “хүүхдийн санал”-г авах шаардлагагүй,  хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй, үүнээс гадна хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байсан болох нь түүний удаа дараагийн маргаагүй тайлбараар тогтоогдож байх тул  2012 оны 09  дүгээр сарын 27-ны өдөр төрсөн М.*******ын саналыг аваагүй гэх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй  байна.

15. Анхан шатны шүүх,  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487, 489, Гэр бүлийн тухай хуулийн 21, 26, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтуудад  үндэслэн дүгнэлт хийж  нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг  Дархан сум, 15 дугаар баг, *******, 2-р байр, 3 тоот 60.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн  хамтран өмчлөгч гэж,  ... 2 дугаар байр, 3 тоот 60.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******, хүү М.******* нарт үлдээж,

 орон сууцны үнээс ногдох хэсгийг нэхэмжлэгч  *******аас гаргуулж, хариуцагч  *******д олгож,  тухайн орон сууцны *******ы өмчлөх эрхийг хүчингүй болгож, харин *******ы хуваарьт өмч гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэн  энэ талаар гаргасан түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна. 

Өөрөөр хэлбэл, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх  Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарахгүй тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй,  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэсэн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.  

16.Харин маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцны үнийг тогтоохдоо  урьдчилгаанд төлсөн 21,940,000 төгрөг, төлсөн зээл 46,425,450 төгрөгийн нийлбэрээр тооцож, орон сууцны үнэ 68,365,450 төгрөг гэж тодорхойлсон нь учир дутагдалтай байна.

17.Хэргийн 1-р боть 10-16-р талд авагдсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, талуудын тайлбар зэргээс үзвэл:  зохигч нар  хамтран өмчилж буй орон сууцыг бусдаас худалдах, худалдан авах гэрээгээр 73,000,000 төгрөгөөр худалдан авсан, 30 хувийн  урьдчилгаанд 21,900,000 төгрөг төлж, 70 хувийг нь ипотекийн зээл авч төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иймээс зохигч нарын өмчлөлийн  орон сууцны үнэ 73,000,000 төгрөг гэж тодорхойлж,  үүнээс ногдох хэсэг болох 36,500,000 төгрөгийг  нэхэмжлэгч *******аас  гаргуулж, хариуцагч *******д олгох  нь хууль зөрчихгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 18. Дархан –Уул аймаг, Дархан сум, *******, *******, 1-р байр зоорийн давхарт байрлах 13 тоотын 15.0 м.кв авто зогсоолын үнэлгээний хувьд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 9,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй, харин уг авто зогсоолын өмчлөх эрхийг хариуцагч *******д  үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн байтал энэ тухай шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй байна.

              19. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд : хариуцагчийн өмгөөлөгч бид сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг татан авах саналтай байна гэсний дагуу шүүх, хариуцагч талыг сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, энэ нь тэмдэглэлд тусгагдсан байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. /2-р боть 26/

              20.Иймд 8.1-8.5-д тусгагдсан хариуцагч *******ы давж заалдах гомдлыг  хүлээн авах  үндэслэл тогтоогдохгүй байх тул  хангахгүй орхих нь зүйтэй. 

   21. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааныг болон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй,

 Мөн шийдвэрийн тогтоох хэсгийг зөв дугаарлаагүй, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн тогтоогоогүй, 15.0 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийг *******д үлдээхээр  дүгнэсэн атлаа энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй зэрэг үндэслэлүүдээр шийдвэрт хууль хэрэглээний болон бусад өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

           22.Хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  259064 төгрөг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан –Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 820  дугаар  шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

1.1. шийдвэрийн тогтоох хэсгийг  1-11 гэж дугаарлаж,  энэхүү  дугаарын дагуу тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.5, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар  нэхэмжлэгч *******аас 34,182,725 төгрөг гаргуулан ...  ” гэснийг

“Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас 36,500,000 төгрөг гаргуулан  ...,” гэж ,  мөн уг заалтын  ... хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож ...” гэсний өмнө  “...  Дархан –Уул аймаг, Дархан сум, *******, *******, 1-р байр зоорийн давхарт байрлах 13 тоотын 15.0 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийг *******  үлдээж,  ...  ” гэж нэмж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1-д зааснаар ... “ гэснийг    “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д зааснаар ...” гэж,

Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ..., 34,182,725 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 328,864 төгрөгийг ... гэснийг, 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ..., 36,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 340450 төгрөгийг ... ”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556,214 төгрөгөөс 297,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 259,064 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж *******д олгосугай. 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                Х.БАЙГАЛМАА