Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1268

 

                                                         

 

 

 

 

    2018         09          07                                        2018/ШЦТ/1268

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1806061721501 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ганчуурт тосгоны нутаг дэвсгэрт иргэн А.Сүндэръяатай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч А.Сүндэръяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр БЗД-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Идэр-Болдын зуны байшинд очихоор найз, зүс таних, Б /эмэгтэй/ найз залуу нь гээд Мэргэн, тэгээд Номин, Аззаяа, Шонхоон, тэгээд манай найз залуу Тэлмэн, бид 7 хамт очиж амраад тэр өдрөө 21 цагийн үед очоод тэндээ хоол унд хийж идээд 0,75 шилтэй архи хувааж уусан. Б очсон цагаас эхлээд хийж байгаа үйлдлээр намайг өдсөн байдал гаргаж байснаа гэнэт манай найз залуу Тэлмэнг банди гээд хэлэхээр нь би уурласан чинь Б ширээн дээр байсан ундааг аваад над руу цацаад шууд миний үснээс зулгааж газар унагаад миний дээрээс цохиод миний хоёр гарыг базаж маажсан. Тэр үед хажууд байсан хүмүүс салгаад дээш босгоход дахиж ундаа цацаад намайг үстээд газар унагаад дээрээс цохиод байсан. Би шоконд орсон байсан. Намайг өөр хүн зодоогүй. Б намайг зодож надад гэмтэл учруулсан. Одоо миний биед гэмтэл байхгүй, мөн Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Б надаас уучлалт гуйх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8980 дугаартай:

А.Сүндэръяагийн биед зүүн бугалга, шуу, тохой, баруун бугалга, шуу, цээж, баруун гуя, өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 8998 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/

-шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/,

-хохирогч А.Сүндэръяагийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 29/,

-М.Бын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39/

 

Шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Сүндэръяагийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр БЗД-20 дугаар хороо Гачууртын Их ам гэх газарт байдаг найз Идэрболдын зуны байшинд А.Сүндэръяатай маргалдан зодолдож би биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед хохирогч А.Сүндэръяа бид хоёр архи согтууруулах ундааг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэр үедээ хохирогч А.Сүндэръяа намайг өөрийнх нь найз залууг муулсан гэх шалтгаанаар маргаан эхэлсэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Бын иргэн А.Сүндэръяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.2 дахь хэсэгт заасан 21 насанд хүрээгүй байхдаа согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтгаалан зодолдсон нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болжээ.

 

Шүүгдэгч М.Бнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                                       

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ