Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01194

 

 

 

....ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01082 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ....ийн нэхэмжлэлтэй, хариуцагч........- холбогдох, гэм хорын хохиролд 82,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...., түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Улам-Өрнөх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.... Д.Оюунхүүтэй 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамж, 384 тоотод байрлах газар, 98 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгийг шилжүүлж, улмаар газар болон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж авсан. Гэтэл У.Улам-Өрнөх 2015 онд дээрх газрын өмчлөгч гэж маргаан үүссэн. Ц.Оюунхүүд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр захирамжийн холбогдох хэсэг, мөн газар өмчлүүлэх шийдвэр, эрхийн улсын бүртгэлийг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар Д.Оюунхүүд газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх нэг газрыг хоёр этгээдэд давхардуулан олгосон, захиргааны байгууллагын буруутай үйлдлийн улмаас хохирлоо Иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж авах эрхтэй талаар дүгнэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн газар болон хувийн сууцыг өмчлөх нь зөрчигдөж байна. Мөнх-Оргил трейд ХХК нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 16-384 тоотод байрлах газар, хувийн сууцыг 82,510,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд гэм хорын хохиролд 82,510,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.... нь 2014 оны 11 дүгээр сарн 18-ны өдөр Д.Оюунхүүтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий газрыг худалдан авсан. Худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Д.Оюунхүү нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, өмчлөгч биш байсныг Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. .... нь бусдаас эрхийн доголдолтой хөрөнгө худалдан авч, эд хөрөнгөөр хохирсон, учирсан хохирлоо худалдах, худалдах авах гэрээний нэг тал буюу худалдагчаас шаардах эрхтэй. Худалдагч хуурамч нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотой хохирол учирсан тул уг гэм хорын хохирлыг манай байгууллага хариуцахгүй. Иймд гэм хорын хохиролд 82,510,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар:

Миний бие Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамжны 384 тоот өмчилсөн газрыг 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Сэлэнгээс худалдан авсан. Гэтэл 2012 онд Д.Оюунхүү нь тус хорооны хэсгийн ахлагч байхдаа албан тушаалаа ашиглан уг газарт давхардуулан 2012 онд газар эзэмших гэрчилгээ гаргуулан авч байшин барьж, улмаар ....д зарсан. Д.Оюунхүүд газраа шилжүүлэх хүсэлтийг гаргаж байгаагүй. У.Улам-Өрнөх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын захирамжаар Д.Оюунхүүд давхар өмчлүүлсэн гэх үндэслэлээр тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөнх-Оргил трейд ХХК уг газар болон хувийн сууцыг 82,510,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Тухайн газар дахин төлөвлөлтийн бүсэд хамаарч байгаа. .... нь өнөөдөрийг хүртэл тухайн газар, хувийн сууцанд амьдарч байгаа. Газар чөлөөлөх талаар шаардаагүй. ....ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

.... нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 82,510,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч байгууллага төлөх үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул........- холбогдох гэм хорын хохиролд 82,510,000 төгрөг гаргуулах тухай ....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ....ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,450 төгрөгөөс 570,500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгч .... нь шинжээч Мөнх оргил трейд ХХК-ийн ажлын хөлсөнд 150,000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газрыг давхардуулан олгосон гэм буруу байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 тоот шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй болсон. Харин хариуцагчийн дээрх буруутай үйл ажиллагааны улмаас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжуүлэн авсан газар болон хувийн сууцыг өмчлөхтэй холбоотой ....ийн эрх зөрчигдсөн асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар Д.Оюунхүүд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 дугаар гудамж, 384 тоот хаягт байрлалтай, 668 м.кв газрыг олгохдоо захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж заасан эрхийг хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх боломжгүй болсон байна гэж, 18644314184121 нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг давхардуулан газар өмчлөх эрхийн Г-2204003197, Г-2204017220 дугаар бүхий хоёр өмчлөх улсын бүртгэл хийсэн байна гэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон газруудыг нэг газар гэж дүгнэсэн үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамжны 384 тоотод байрлах 98 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өртөг,

зардлаар хохирсон буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөхтэй холбоотой ....ийн эрх Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, хохирсон болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамжны 384 тоотод байрлах 98 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах талаар зохицуулсан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байхад анхан шатны шүүх тухайн хувийн сууцанд амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн эрх бодит байдлаар зөрчигдөөгүй, улмаар 82,510,000 төгрөгийн хохирол бодитоор учирсан гэж үзэх үндэслэл, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх өмчлөх эрхийг зөвхөн хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийн агуулгаар тайлбарласан нь шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт байрлах хувийн сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч түүнийг чөлөөтэй захиран зарцуулах буюу хувийн сууцыг өргөтгөх, бусдад худалдах боломжгүй нь түүний өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн.

У.Улам-Өрнөх нь ....д тухайн газрыг чөлөөлөхтэй холбоотой шаардлагыг удаа дараа тавьж байсан атлаа шүүхэд уг газарт амьдрахыг зөвшөөрсөн эсвэл тухайн газрыг би авах хүсэлтэй байгаа гэх зэргээр хоёр утга агуулга бүхий тайлбар гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1537 дугаартай магадлалд дурдсан гуравдагч этгээдтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан газар чөлөөлөх ажиллагааг хэн хийх, түүний зардлыг хэн хариуцах асуудлыг тодруулаагүй. Мөнх-Оргил трейд ХХК маргаан бүхий газар болон хувийн сууцыг 82,510,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Тухайн газрыг 2007 онд Ж.Сэлэнгээс худалдаж авсан. Уг газрын өмчлөгч болох нь тогтоогдсон. Газар болон хувийн сууцны үнэд 82,510,000 төгрөг гаргуулах гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч Э.Эрдэнэгэрэл нь хариуцагч........- холбогдуулан гэм хорын хохиролд 82,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. .... болон Д.Оюунхүү нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу .... нь Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ 16-384 тоот хаягт байрлах газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, ....ээс хашаа байшингийн үнэ гэж 29,700,000 төгрөгийг Д.Оюунхүүд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. (1хав-9, 183-184)

 

1.в. Дээрх гэрээний зүйл болох газрыг 2007 онд Ж.Сэлэнгээс шилжүүлэн авсан, улсын бүртгэлийн Г-2204003197 дугаарт өмчлөгчөөр бүртгэгдсэн гуравдагч этгээд У.Улам-Өрнөх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамжаар Д.Оюунхүүд өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамжийн Д.Оюунхүүд холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Д.Оюунхүүд газар өмчлүүлэх 0034226 дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын эрхийн бүртгэлийн Г-2204017220 дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамж 384 тоот хаягт байрлах 668 м.кв газрыг Д.Оюунхүүд өмчлүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. (1 хав-169-171)

 

1.г. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Оюунхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.Оюунхүү, .... нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг тогтоолд ... хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт гаргахдаа маргаан бүхий газрыг өмчлөх эрх түрүүлж үүссэн этгээдийн эрхийг хангаж, Д.Оюунхүүд газар өмчлөх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ.

 

1.д. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч ....ийн Д.Оюунхүүгээс худалдан авсан газрын өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд шаардлага гаргаснаар эрхийн доголдолтой болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

1.е. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр захиргааны байгууллагын буруутай ажиллагааны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,16 дугаар гудамжны 384 тоот хаяг дахь 668 м.кв талбайтай, нэгж талбарын 18644314184121 дугаар бүхий газрыг Д.Оюунхүү, У.Улам-Өрнөх нарт давхардуулж өмчлүүлсэн үйл баримтыг тогтоосон байх тул хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч ....д хохирол учирсан гэж шууд үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд ....д Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас шаардах эрх үүсээгүй байна.

 

Харин нэхэмжлэгч .... нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Оюунхүүд холбогдуулж шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 тоот шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт нь Д.Оюунхүү хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, .... нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Оюунхүүд холбогдуулж шаардлага гарган маргах эрхэд хамааралгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 570,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ