Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1278

 

 

 

 

 

 

   2018        09          10                                  2018/ШЦТ/1278

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 1806066111484 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 13 дугаар байрны гадна иргэн Ш.Хүрэлчимэгийн гээгдүүлсэн цүнхийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.137.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад С.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ш.Хүрэлчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 6-р сарын 16-ны орой 21 цагийн үед Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирсэн ба Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13-р байрны гадаа  хүргүүлсэн. Тэр үед би хүргэнийхээ машинаас буухдаа цүнхээ аваад буусан ба байрны гадаа төмөр жижиг хашаанаас цүнхээ өлгөсөн. Тэгээд би эгчийнхээ гэрлүү ороод нилээн байж байгаад 23 цагийн үед гадаа гар цүнхээ мартаад орж ирсэнээ санасан. Тэгээд орцны гадаа гарсан чинь цүнх маань байхгүй болсон байсан. Ингээд цүнхэнд байсан 90340419 дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан ба манай дүү "өөрийн чинь олсон цүнхний хөдөөний настай хүн байгаа юм. Хөдөөнөөс эмчлүүлэх санаатай ирсэн юм. Наад цүнхээ авчирч өгнө үү, шагналтай" гэж мессеж бичээд унтсан. Тэгсэн чинь маргааш өглөө нь буюу 2018 оны 06 сарын 17-ны өглөө нь 07 цагийн үед манай дүүгийн утас руу миний алдсан 90340419 дугаараас залгасан байсан. Тэр үед манай дүү унтаж байсан болохоор утсаа аваагүй юм билээ. Тэгээд манай дүү буцаагаад залгасан чинь утсаа аваагүй. Миний охин Хосбаяр өөрийнхөө 98620388 дугаарын утаснаас залгасан чинь утсаа авсан ба уг утсыг эмэгтэй хүн авсан гэсэн. Хосбаяр "Наадах утас чинь ээжийн маань утас байгаа юм, ээжид маань буцаагаад өгчих, хэдэн төгрөг авах юм бэ, шагналтай" гэж хэлсэн чинь цаадах эмэгтэй "Би сансар орчимд ажилтай явж байна, би өөрөө чамруу залгая" гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай охин 16 цаг 40 минутанд миний алдсан утас руу залгасан чинь аваагүй гэсэн. Түүнээс хойш миний цүнх болон гар утсыг олсон хүнтэй огт холбогдоогүй. Миний алдсан эд зүйлийг нилээн удааж байж 14 хоногийн дараа өгсөн. Би зөндөө харсан. Уг нь тухайн өдрөө л энэ хүнд  мессежээр хэлээд маргааш нь ярьж өгнө гэж хэлсэн боловч өөрөө ашигласан. Надад миний эд зүйлийг өгөх боломж байсан. Миний гар утсыг зөндөө ашиглаж өөр хүмүүстэй яриад яваад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно компанийн 2018 оны 07 сарын 19-ний өдрийн БЗ1-18-940 дугаартай:

Хуучин цагийн хатан унжуургатай өв дамжсан мөнгөн ээмэг 1 ширхэг 450.000 төгрөг, хуучин цагийн өв дамжсан мөнгөн гинж 1 ширхэг 400.000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 25.000 төгрөг, мөнгөн бөгж 2 ширхэг 40.000 төгрөг, бугуйн цаг 120.000 төгрөг, 2 сим карт уншдаг гар утас 1 ширхэг 51.000 төгрөг, гар цүнх 1 ширхэг 51.000 төгрөг, нийт 1.137.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/

-хохирогч байгууллагын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4/

-эд мөрийн баримтаар түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7/

-хохирол барагдуулж авсан хүсэлт /хх-ийн 26-27/

 

Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ хохирогч Ш.Хүрэлчимэг нь тогтоол дээр эд зүйлээ гээгдүүлсэн гэж байна. Уг нь мартаад явсан байсаныг би олж аваад тухайн орой утасруу нь залгах байх гээд зөндөө хүлээсэн боловч залгаагүй. Тэгээд эд зүйлээ авахдаа нэг хүнтэй маргалдаад байхаар нь би өгнө гэж бодоод гэртээ байлгаад байсан. Ингээд Ш.Хүрэлчимэг эгчтэй уулзаад эд зүйлийг нь хүлээлгэж өгөөд дутуу байсан эд зүйлийн мөнгийг нь өгч хохиролгүй болгосон. Тухайн эл зүйлийг буцааж өгөх байсан боловч би өглөө гараад орой ирдэг ажилтай. Тэр хүний хүүхэдтэй утсаар яриад "орой гэрт ирээд ав" гэж хэлэхэд уурлаад загинаад "чамайг шоронгийн хадаас болгоно, цусаар чинь уйлуулна" гэж хэлээд байхаар нь би утсыг нь авахгүй байсан. Тэгээд цэнэг нь дуусаад унтарсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалын тухай: С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 22-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Бийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

С.Б нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ