Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Хилчинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч                                                                   *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2421002700164 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн ******* суманд 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын орлогч бөгөөд “******* хөгжил” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/

 2. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын орлогч, “******* хөгжил” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэгт дараах зүйлийг хориглоно: “Төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7 албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өөрөө санхүүжүүлснээс бусад хэлбэрээр төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэх байгуулах зардал, хувь оролцоо, дүрмийн санд оруулсан хөрөнгө, түүнтэй холбогдсон бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна, 24.4. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж Дорнод аймгийн ******* сумын орон нутгийн хөгжлийн сангаас Цэвэр орчин төслийн нэмэлт гэрээний дагуу санхүүжсэн 20 000 000 төгрөгөөс ******* хөгжил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчлөлийн 47-85УН улсын дугаартай ковшийн моторыг шинээр худалдан авахдаа хөдөлгүүрийн хүчин чадал 36.8 кw/2400г/ min, хөдөлгүүрийн төрөл A498BT1, А498BT114192679 серийн дугаартай зах зээлийн үнэлгээ нь 5 560 896 төгрөгийн үнэлгээ бүхий моторыг "******* " ХХК-ийн гүйцэтгэх захирал д давуу байдал бий болгох зорилгоор техникийн тодорхойлолтыг гаргах үнийн судалгаа хийлгүйгээр шууд худалдан авах гэрээг байгуулж тус ковшийн моторын үнийг 12 700 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр тогтоож тоног төхөөрөмж хүлээн авах комисс байгуулж комиссын дүгнэлт гаргалгүй түүнд 7 139 104 төгрөгийн давуу байдал бий болгосон,

“******* хөгжил” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох санаа зорилгоор " " ХХК-ийн ХААН банкны харилцах дугаарын данс руу үнийн судалгаа хийлгүйгээр тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулалгүй шууд худалдан авалт хийж 6 114 500 төгрөгийг шилжүүлж тухайн мөнгөнөөс 1 072 800 төгрөгийг тус компанитай хамааралтай иргэн болох ын ХААН банкны харилцах дугаарын дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулах байдлаар өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон,

“ ” ХХК-аас худалдан авч Дорнод аймгийн ******* сумын ******* хөгжил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орлогод 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр авсан бараа материалаас 1.7 метрийн уртай 18 ширхэг шон, 6 ширхэг бэлчээрийн торыг эрх бүхий байгууллагаас актлах, бусдад худалдан борлуулах шийдвэр гараагүй байхад эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө санхүүгийн давуу байдал бий болгох зорилгоор Дорнод хээрийн төслийн зохицуулагч т 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зарж борлуулан өөрийн ХААН банкны харилцах дугаарын дансаар 1 374 000 төгрөгийг шилжүүлэн авч тухайн мөнгийг Lend mn банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлөх хувийн хэрэгцээндээ зарцуулах байдлаар өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 646 800 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын “******* хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгохоор тогтоож, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 

5.1. Гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг нь илэрхий худал буюу хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар худал болох нь эргэлзээгүй нотлогдсон.

-Гэрч ын мэдүүлэг нь ... бусад гэрч нарын мэдүүлэг, ИТХ-ын тэмдэглэл зэргээр няцаагдсан.

-Гэрч гийн мэдүүлэг "... ахаа 1 500 000 төгрөг өгчих гэж олон удаа мессэж бичсэн. Би ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм гэхэд би моторыг чинь асуудалгүй авсаэ. Энэ мөнгийг би хувьдаа хэрэглэхгүй албаны байраа засмаар байна гэж 40-50 удаа мессэж бичсэн. Гэхдээ энэ мессэж одоо надад байхгүй” гэх мэдүүлгийг үнэн зөв гэж итгэх бусад эх сурвалж байхгүй байхад дээрх мэдүүлгийг *******д эрүүгийн хариуцлага ногдуулах үндэслэл болгосон. Гэрч худал мэдүүлэг өгсөн байх магадлал өндөртэй бөгөөд дээрх нөхцөл байдлыг нотлох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй.

-Иргэний нэхэмжлэгч нийн “Үнийн судалгаа хийгээгүй, өөр аж ахуйн нэгж рүү үнийн санал явуулаагүй, мотор хүлээн авах ажлын хэсэг байгуулсан боловч ******* өөрөө гарын үсэг зурж авсан... нягтлангаа их л албадаж гүйлгээг нь хийлгэсэн байна. Нягтлан тухайн үед би Архангай аймагт явж байсан над руу залгаад байсан" гэх мэдүүлэг нь гэрч нягтлан ын би амралттай байсан бөгөөд миний утас холбогдохгүй байсан, сумын Засаг даргад л өөрийн Жи мобайлын дугаарыг өгсөн бөгөөд Засаг дарга моторын мөнгийг нь шилжүүлчих гэсэн үүрэг өгсөн гэх мэдүүлгээр худал мэдүүлсэн нь, мөн худалдан авах ажиллагааны хуулиар бараа ажил үйлчилгээ худалдан авах гэж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүд рүү үнийн санал явуулах хуулийн боломжгүй гэдгийг мэдсээр байж худал мэдүүлсэн нь, үнийн санал авах нийтэд ил мэдээлэл байршуулсан байсан бөгөөд үүнийг нь Засаг дарга болмогцоо ******* мэдээллийн ажилтан гэсэн албан ёсны хаягаас устгуулж нотлох баримтыг санаатай устгаж үнийн санал аваагүй мэтээр худал мэдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн нь, мотор хүлээн авах ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулдаг бөгөөд ажлын хэсэг байгуулах захирамж гараагүй байхад гарсан мэтээр худал мэдүүлсэн нь, сумын Засаг даргын шийдвэрээр тухайн барааг хүлээн авах ажиллагааг нэр бүхий хүмүүсийг байлцуулан хийсэн нь хууль бус мэтээр илэрхий худал, гүтгэсэн тайлбаруудад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

-Гэрч , , , нарын мэдүүлэг нь дээрх гэрч нарын мэдүүлэгтэй илэрхий зөрүүтэй. ... Зүйлчлэлийн хувьд хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй юу, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй юу гэдгийг мөн тал бүрээс нь үнэн зөв хянаж өгнө үү.

5.2. Хохирол, хор уршгийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй эргэлзээтэй:

-Ковшийн моторын үнэлгээний хувьд үнийн санал авахгүйгээр давуу байдал үүсгэсэн гэсэн боловч хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэсэн. Гэтэл моторын үнэлгээг гаргасан шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шинжээчээр ажиллах эрх авсан этгээд биш байгаа нь шүүх шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн шинжилгээг хийх этгээд хуульд заасан шинжээчийн эрхтэй байх хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх дээрх үнэлгээний дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 -Моторын үнэлгээг Дорнод аймаг дахь санхүү, дотоод аудитын газар нь 2300 ам доллар гэж үнэлсэн байх бөгөөд үүн дээр тээврийн зардлуудыг болон хуулийн этгээдийн ашгийг нэмэхэд худалдан авсан үнэлгээнд нийцэж байна. Шинжээч нар болон аудитын байгууллага бүгд БНХАУ-ын нэг худалдааны сайтаас үнийн харьцуулсан судалгааг авсан байх ба дээрх сайтад 1399-2399 ам долларын ханштай байна. Үүнээс шинжээч нар хамгийн доод үнийг, аудит дээд үнэлгээг авсан нь шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий, хууль ёсны гэж үзэх боломжгүй байгаа нь нотлогдоно ...
 -Хашаа худалдан авсан гэх хохирлын үнэлгээний талаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн үнэлгээ байхгүй, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заагдаагүй ажиллагааг хийж дүгнэлт гаргасан, гэрч нарын дансны гүйлгээг нотлох баримтаар цуглуулсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдалд прокурор хуульд заасан хяналт тавиагүй, анхан шатны шүүх дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт өгөөгүй.
 Хохирлыг 912 000 төгрөг, 572 000 төгрөг, 1 072 000 төгрөг гэх мэтээр  эргэлзээ бүхий дүнгээр тооцоог хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зарчим хангагдаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй буюу эргэлзээтэй нөхцөл байдал байгаад дүгнэлт хийж өгнө үү. Аудитын дүгнэлтэд уг хашааг хуурай хээрийн төсөлд хэрэгжүүлснээс хувийн сэдлээр зарж борлуулсан зүйл байхгүй гэсэн өгүүлэмжтэй болохыг зориуд дурьдсан нь хашааг биет байдлаар эргүүлэн авах санаа зорилго нь албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал олгох гэсэн санаа зорилгогүй гэдгийг бодитоор дүгнэсэн гэж үзэхээр бна.
 5.3. ... Гэрч нь шүүгдэгчийн авга эгч бөгөөд Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн болно. Гэтэл гэрчид гэр бүлийн гишүүн, төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулахгүйгээр гэрчээр мэдүүлэг авсан нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Дээрх хууль зөрчиж авсан гэрчийн мэдүүлгийг прокурор яллах талын нотлох баримтаар үнэлж, анхан шатны шүүхээс дээрх хуулийн зөрчлийг арилгахгүйгээр мөн шийтгэх тогтоолд гэм бурууг нотолсон нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмаас хазайж байна.
 5.4. Шийтгэх тогтоолын 19 дүгээр талд шүүгдэгч *******ыг техникийн тодорхойлолт хийгээгүй гэж буруутгасан. Техникийн тодорхойлолт нь 4-р хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан байх бөгөөд шүүх дээрх нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, хэрэгт хуульд заасан үндэслэлээр цуглуулж  бэхжүүлсэн техникийн тодорхойлолт нь *******ы эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд онцгой ач холбогдолтой нотлох баримтуудын нэг юм. 
 5.5. Шүүгдэгч *******ы ажил байдлын тодорхойлолт, хуулиар хүлээлгэсэн эрх мэдлийн талаар анхан шатны шүүхээс бодит дүгнэлт гаргаж чадаагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу  ... комисс буюу ажлын хэсгийг тухайн нэгжийн Засаг дарга захирамж гаргаж байгуулдаг. *******ыг түүнд хуулиар олгоогүй эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцох нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. 
 5.6. *******ыг анхан шатны шүүхээс дүгнэлт гаргаагүй гэж буруутгасан. Гэхдээ ямар дүгнэлт гаргах ёстой байснаа гаргаагүй эс үйлдэхүй хийсэн бэ гэдгийг нотлох баримтаар, үндэслэл бүхий тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчжээ. 
 5.7. ******* нь ковшны моторын худалдан авах ажиллагааг ******* мэдээллийн ажилтан гэх сумын ЗДТГ-ын албан хаягаар үнийн санал ирүүлэх тухай зарлалыг нийтэлсэн байна. Энэ талаар нотлох баримтыг иргэний нэхэмжлэгч нь Засаг дарга болсноос хойш мэдээллийн баазаас устгасан байгаа нөхцөл байдлыг шүүхэд тайлбарлаж дээрх зарлалын видеог хуулж авсан баримтыг шүүхэд эд мөрийн баримтаар гаргаж өгсөн боловч хүлээн аваагүй. Энэ талаар бичгийн хуулбар хэрэгт авагдсан. Үнийн санал ирүүлэх 2 сар гаруй хугацаанд зөвхөн Эрхэтийн нандин бүрд гэх компани үнийн санал ирүүлсэн бөгөөд үнийн санал ирэхээс өмнө техникийн тодорхойлолтыг үйлдэж төсвийг сумын ИТХурал баталсан. 
 5.8. Хашааг т худалдаагүй, тухайн төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд тодорхой цаг хугацааны дараа биет байдлаар буцааж авахаар тохирч төслийн үйл ажиллагаанд ашиглуулсан нь өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй. нь хугацаандаа хашаагаа өгөөгүй, өөрөө шүүхээс гэм буруутай тооцогдож ял эдлэх болсонтой холбоотой хашааны үнийг шилжүүлсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй, мөн сумын Засаг даргаас Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд аймгаас шалгалт ирэх болсон тул яаралтай хашаа худалдан авах чиглэл өгснөөр мөн нэг эх үүсвэрээс хашааг худалдан авсан байх ба худалдагч этгээдээс хэлцлийн дагуу хашааг тээвэрлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тээврийн зардлыг *******ы хувийн данс руу шилжүүлсэн үйл баримт нь өөртөө давуу байдал үүсгэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй. 
 ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 36 дугаар зүйлд "Нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг" хуулиар хүлээн зөвшөөрсөн. Түүн дотроо энэ хуулийн 36.1.6 "төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах үед үйлдвэрлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах нөхцөлд тухайн бараа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс худалдан авах бол" -д шууд худалдан авалтыг нэг эх үүсвэрээс орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд хийх нь хуульд нийцэхээр хууль тогтоогчоос хэм хэмжээг баталсан байхад анхан шатны шүүх *******ыг гэрээ хийхгүйгээр нэг эх үүсвэрээс бараа худалдан авч давуу байдал олгосон гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлаж улмаар *******ыг гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
 ... Хэрэгт дараах эргэлзээ бухий олон нөхцөл байдлыг эцэслэн нотлон тогтоогоогүй. Тухайлбал: моторын талаар 5 дугаар хавтаст хэргийн  95 дугаар талд шинжээчийн гаргасан дүгнэлтэд моторын 39кв хүчин чадалтай моторт дүгнэлт гаргасан. Хуучин мотор нь 30кв бол нийлүүлсэн мотор 36.8 кв байна. Ашид билгүүн ХХК-ийн авсан зах зээлийн үнийн судалгаа нь 1399-2399 ам доллар, тэгвэл 3 өөр хүчин чадал бүхий мотор нэг бүрийн үнэлгээг гаргаагүй байгаа нь хохирол хор уршгийн хувьд эргэлзээ үүсгэж байна. 

... Моторыг худалдах асуудлыг, үнэлгээг шүүгдэгчийн оролцоогүйгээр сумын Засаг даргатай урьдчилан тохирсон үйл баримтыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой гэрчилсэн ба үүгээр моторыг худалдан авах үйл ажиллагаанд шийдвэр гаргаж, үнэлгээг тогтоож оролцоогүй, д давуу байдал олгох талаар ямар нэгэн амлалт үйлдэл гаргаагүй нь нотлогдоно.

Гэмт хэргийн зорилго нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг хүссэн үр дүн байх ёстой. Улсын яллагч хашааг анхнаасаа зарж борлуулаад өөртөө давуу байдал үүсгэх гэж зорилгыг дүгнэсэн. 1 374 000 төгрөгийг ******* бүрэн өөртөө ашигласнаар үр дүн нь хангагдана. Гэтэл энэ хүн дагалдах харилцах данснаасаа хашаа авахаар төлбөрийг бусдад шилжүүлээд хашаагаа авсан. Энэ тохиолдолд ******* нь өөртөө санхүүгийн давуу байдал олж авах гэмт хэргийн субьектив талын нэмэгдэл шинж үр дүн үгүйсгэгдэж байгааг харгалзан үзнэ үү.

... Хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч санаа зорилго нь шууд санаатай байдаг. Гэтэл шүүгдэгчид хашааны мөнгийг аваад өөртөө ашиглаад өрөө төлье гэсэн санаа зорилго байгаа нь нотлогдоогүй байна. Шүүгдэгчийн хувьд аас авсан мөнгөөр нийт 2 удаагийн таталтаар нийт 9 тор авчирсан байдаг. Гэтэл нийт торны хэмжээг тоолох, нотолгоожуулах ажлыг огт хийгээгүйгээс эхний 6 торны мөнгийг хасаад байгаа учир дутагдалтай буюу нотлох баримтын хүрэлцэхүйц нөхцөл бүрдээгүйг харуулж байна.

... Мөрдөгчөөс 919 000 хувьдаа ашигласан гэж дүгнэсэн байхад прокурор 1 374 000 төгрөгийг хувьдаа завшсан гэж дүгнэж байгаа нь хохирол, хор уршгийн талаар мөрдөгч, прокурор өөр, өөр байр суурьтайгаар нотлох баримтыг үнэлсэн байна.

 ... Мөрдөгчийн гаргасан дүгнэлтээр 1 072 000 төгрөгөөс ажлын хөлс гүйлгээний утгатай 500 000 төгрөгийг шилжүүлж 572 800 ашигласан гэсэн атлаа яллах дүгнэлтэд 1 072 000 төгрөгийг хувьдаа зарцуулж давуу байдал үүсгэсэн гэсэн нь хохирол, хор уршгийн талаарх нотолбол зохих байдал эргэлзээгүй бодитой тогтоогдсон гэхэд эргэлзээтэй. Дансны бусад орлого, зарлагын гүйлгээг гүйцэд тогтоож шалгаагүй орхигдуулсан ба зөвхөн яллах талын гүйлгээнд шалгалт хийжээ. Энэ үйлдлийн хувьд яг хэдэн төгрөгийн хохирол учирч, ******* нь өөртөө хэдэн төгрөгийн давуу байдал үүсгэсэн бэ гэдэг дээр мөрдөгч, улсын яллагч, шүүх бүгд байр суурь өөр, өөр байгаа гэж харагдана.

... Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байгаа нь УДШ- ийн 2023 оны 05 дугаар сарын 08 өдрийн 24 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолоор “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээ” гарсан гэж үзэхээр байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү... ” гэжээ.  

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна.  ... Хэрэгт цугларсан баримтууд нь хангалттай цугласан гэж прокурор үзэж байгаа. Гэтэл энэ баримтууд чинь бүгд хоорондоо зөрчилдөж, үгүйсгэгдэж байна. ... Улс төрийн байдлаар энэ хүний үйлдэлд хандаж байгаа гэдгийг тогтмол илэрхийлж ирсэн. Энэ хэрэгт хоёр хүн шалгагдсан. Гэтэл тухайн хүний хувьд хохирлоо төлж барагдуулсан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл *******ы хувьд илүү зүйлийг хүлээлгэж өгөөд байхад яллагдаж байгаа нь харамсалтай байна. Дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхаарч өгнө үү гэж хүсч байна. Гэмт хэргийн субьектив талын шинжийг үнэхээр нотлон тогтоож чадаагүй байна. Ганц буруутгаад байгаа зүйл нь мөнгө шилжүүлж аваад зээл төлсөн гэж яриад байдаг. Гэтэл *******ы бусад дансанд тухайн шилжүүлсэн мөнгөнөөс 6 дахин их мөнгө хувийн хэрэглээнд нь байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Цаг хугацаа нь тэгж таараад зээл татсан харагдаж байгаа. Энэ хүний хувьд өөртөө давуу байдал бий болгосон гэхээс илүү ажил албан үүрэгтээ хайнга хандсан байх боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна.

... Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийг прокурор өөрөө сайн ойлгохгүй байна. ... Сая тайлбарлахдаа зөвхөн гамшгийн үед л шууд худалдан авалт хийх боломжтой гэж яриад байна. Ганцхан заалтыг нь уншаад гацдаг зохицуулалт тухайн хуулинд байхгүй. Бүхий л хуудсыг эргүүлж үзэх хэрэгтэй байдаг юм. ... Энэ хүний хийсэн худалдан авалт нь хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна. Тээвэрлэлтийн зардлыг өөрийн данс руу аваад эгчийнхээ данс руу шилжүүлсэн байдаг. Тэрнээс биш идэж уугаад шамшигдуулсан зүйл байхгүй. Гэрч гээс “суурилуулах асуудлаа шийдвэрлэж өг” гэж гэрээний үүргээ шаардсан. Гэтэл “чи худалдагчтай холбогдсон байна” гэж буруутгаад байх юм. Авилгатай тэмцэх газраас чинь бүр баримт авахгүй гэж хэлсэн.

... Мөн хашаа гэдэг чинь үндсэн хэрэглэгдэхүүн. Үүнийг ойлгох хэрэгтэй. Орон нутагт төсвийн хомсдол хоолойгоор давсан асуудал. ... Засаг даргын хувьд “чи ахла” гээд *******ыг томилсон. Ингээд цаг хугацаа тулгарсан байсан учраас урд хормойгоор хойд хормойгоо нөхсөн л үйлдэл гаргасан.

... гэрээнд заасны дагуу дүгнэлт гаргаагүй гэж одоо ч яриад байх юм. Яг ямар дүгнэлт гаргах ёстой байсан юм бэ. Одоо ч тухайн мотор нь хэвийн ажиллаж л байгаа шүү дээ. Талууд аль хэдийн үнийн санал дээр хэлцэл хийгдээд хүлээлгэж өгөх л ажил хийгдсэн байгаа. Үүнд ******* оролцсон. Комисст байсан хүмүүс нь мэргэжлийн хүмүүс байсан эсэхийг та бүхэн өөрөө нотлох ёстой байсан. Үнийн санал ирэхдээ 12,7 сая төгрөг гэдэг дүн л ирсэн энэ үнэ нь ашигтай байна гэж үзээд сумын Засаг дарга худалдаж аваад гэрээ байгуул гэдэг үүргийг өгсөн. Прокурор өөрөө субектив байдлаар хандаад байгаа юм. Бодит байдлыг ойлгохгүй байна. Тухайн тээврийн зардлыг төсөв рүү хийсэн бол хугацаа алдах л нөхцөл байдал үүсэхээр байсан. Тиймээс хурдан шаламгай ажиллахын тулд хувийн данс руугаа авсан байдаг... ” гэв.

7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг гэх хүнд давуу байдал үүсгэсэн гэж яриад байх юм. Гэтэл би тухайн мотор хүлээж авах үед л анх удаа гэх хүнийг харсан. Тухайн хүн ч гэсэн намайг анх удаа харсан гэдгээ илэрхийлсэн. Мөн би гэрээнд заасны дагуу суурилуулалтын зардал нэхсэн. ... өөрөө суурилуулж өгөх ёстой байсан. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс суурилуулалтын зардлыг нэхэж авсан.

... Дараагийн дугаарт хашааны тухай яригдаж байна. Засаг дарга өөрөө намайг гэх хүнтэй хамтарч ажилла гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Би гэх хүнээс энэ асуултыг асууж өгөөч гэж хүссэн боловч үл биелүүлсэн байсан. Зөвхөн намайг харлуулах талын асуултыг л асууж тодруулсан байна лээ. гэдэг хүн миний авга эгч. Гэтэл байцаагчаас залгаад “заавал мэдүүлэг өг. *******тай битгий холбогд” гэж хэлсэн байсан. Би юу ярьсан юм бэ гэж их гайхсан. Бид хоёр чинь санхүүгийн хамаарал бүхий этгээдүүд. Жилдээ бид хоёр хэдэн зуун сая төгрөгийг бие бие рүүгээ шилжүүлдэг. Мөн тэр хашааг шалгахаар ирсэн хүн чинь складад байгаа шонг ч үзэлгүйгээр явсан байсан. Төр ямар ч хохиролгүй болсон. Би итгэлтэй хэлж чадна. Миний утсан дээр зар байршуулсан талаар баримт нь байсаар байтал намайг “явдаг газраараа яв” гэж хэлж байсан. Би Засаг даргад загнуулаад сандраад тэр оройдоо өөрийнхөө унаагаар Улаанбаатар хот руу очиж хашаа сонгож авсан. Дээд шатны албан хаагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаад гэмт хэрэгтэн болох гээд байх юм. ... Нөхцөл байдал чинь амьдрал дээр өөр байдаг шүү. Иргэдийн хэл ам, ажлын нөхцөл байдлыг хурдан шуурхай гүйцэтгэх нөхцөл байдал үүсдэг. Би ингэж буруутаж зогсох ёсгүй хүн гэж үзэж байна ...” гэв.

8. Прокурор Э.Хилчинбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нотолвол зохих зүйлсийг бүрэн шалгаагүй, дутуу хийсэн гэж үзэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй. Хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу нотлох баримтыг бүрэн цуглуулсан. Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. ... *******ы хувьд тухайн үед нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан нь тогтоогддог. Гэм буруутай хүний хувьд хийх ёстой зүйлийг албаны эрх ашгийн эсрэг хийхгүй байхыг хэлнэ. Моторыг худалдах худалдан авах ажиллагааг гэрээнд заасны дагуу хийгээгүй. Хэрэв гэрээнд заасны дагуу хийсэн бол ажлын хэсэг байгуулаад дүгнэлтийн дагуу хүлээж авах ёстой байсан. Гэтэл ингэж ажиллаагүй нь тодорхой байна. Мөн дараагийн дугаарт үнийн судалгаа хийлгүйгээр хашааг худалдаж авсан үйлдэл гаргасан. Тендер ч зарлахгүй, үнийн судалгаа ч хийхгүй шууд худалдан авах ажиллагаа хийсэн. Шууд худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу онц байдал зарласан, онцгой давагдашгүй хүчин зүйл бүрдсэн үед хийхээр заасан байдаг. Гэтэл тийм нөхцөл байдал үүсээгүй болох нь тодорхой харагддаг. Акт тогтоогоогүй байхад хүртэл хувийн дансаараа 1 374 000 төгрөг авсан үйлдэл гаргасан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын орлогч, “******* хөгжил” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байхдаа Монгол Улсын хуулийг зөрчиж;

Дорнод аймгийн ******* сумын орон нутгийн хөгжлийн сангаас Цэвэр орчин төслийн нэмэлт гэрээний дагуу санхүүжилтээр орж ирсэн 20 000 000 төгрөгөөс “******* хөгжил” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчлөлийн 47-85УН улсын дугаартай ковшийн моторыг худалдан авахдаа техникийн тодорхойлолтыг хийлгүй, үнийн судалгаа гаргалгүйгээр шууд худалдан авах гэрээг байгуулж, тоног төхөөрөмж хүлээн авах комисс байгуулж, комиссын дүгнэлт гаргаагүй байхад "******* " ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12 700 000 төгрөгийн үнэ бүхий моторыг худалдан авч давуу байдал бий болгосон,

мөн үнийн судалгаа хийлгүйгээр тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулалгүй “ ” ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шууд худалдан авалт хийж бараа эд материалын үнэд 6 114 500 төгрөгийг шилжүүлж комисс байгуулж дүгнэлт гаргалгүйгээр эд хөрөнгийг худалдан авч,    улмаар уг мөнгөнөөс 1 072 800 төгрөгийг өөрийн нэр дээрх харилцах дансаар дамжуулан авч өөртөө болон бусдад санхүүгийн давуу байдал бий болгосон,

мөн “ ” ХХК-аас худалдан авч “******* хөгжил” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орлогод орсон бараа материалаас 1.7 метрийн уртай 18 ширхэг шон, 6 ширхэг бэлчээрийн торыг эрх бүхий этгээдээс худалдан борлуулах шийдвэр гараагүй байхад төслийн зохицуулагч т 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зарж борлуулан өөрийн дансаар 1 374 000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийнхөө Lend mn банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг төлөх зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулах байдлаар өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* хөгжил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас баримтыг нь татаж авч үзэхэд “******* бүрд” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. ...Үнийн судалгаа хийгээгүй өөр аж ахуйн нэгж рүү үнийн санал явуулаагүй байсан. Мотор хүлээж авах ажлын комисс байгуулсан боловч ******* өөрөө гарын үсэг зурж авсан байдаг юм байна лээ. ...******* хөгжил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үнийн судалгаа хийгээгүй дур мэдэн 12 700 000 төгрөгөөр тооцсон байсан. ...нягтлан “намайг орлогч дарга ******* энэ гүйлгээг яаралтай хий гээд шаардаад байсан. Би тухайн үед Архангай аймагт явж байхад над руу залгаад байсан” гэж хэлж байсан. ...Худалдан авах ажиллагааны хувьд гэрээ байгуулаагүй, хүлээн авсан комисс томилоогүй. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нь өөрөө шууд худалдан авалт хийх эрхгүй. Гэрээ байгуулаад бусдаар худалдан авах нийлүүлэх зэргээр худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэх ёстой. Тэгтэл харин өөрөө Улаанбаатар хот руу яваад энэ данс руу шилжүүл гэж хэлээд шилжүүлээд худалдаж аваад ирсэн байдаг юм байна лээ. ...Мөн илүү гарсан хашааг манай төслийн ажилтан т зарсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 37-40, 5-р хх-ийн 79-80/,

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Моторын үнийг манай компани буюу би тогтоосон. ...******* гэж нөхөр чинь ахаа 1 500

000 төгрөг өгчих гэж маш олон удаа миний 99261038 дугаар луу мессеж бичсэн. ...******* надаас мөнгө нэхээд би өгч чадахгүй гэсний дараа бараг 10 дугаар сард тэрээр миний нийлүүлсэн моторын тоочикны боолт таарахгүй байна гэж дарамталж шантаачилж эхэлсэн. ...Гэтэл ******* сумын ИТХ-ын төлөөлөгч Ганчимэг нар нь энэ асуудлыг АТГ-д өгсөн гэсэн сураг гарсны дараа ковш нь зүгээр ажиллаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-43/,

- гэрч Б.жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Моторыг хүлээж авах үед нь байлцсан. Мөн моторыг угсарч байхад нь тусалж байсан. Мотор таарахгүй байхад нь хоорондоо ярилцаж байгаад тааруулж тавьж байсан. ... Моторын хувьд цоо шинэ модон хайрцагтай байсан. Моторыг захиргааны урд буулгачихсан байсан. аймаг явж моторыг тааруулахад хэрэгтэй төмөр авч байсан. Моторын хувьд тавиад 1 жил орчим болж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 49-50/,

- гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* хөгжил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нь тус газрын универсал ковшийг над дээр чирч ирээд “Моторыг нь жаргал гэж хүнээр тайлуулсан, шинэ авсан моторыг нь тавьж чадахгүй байна, чи тавиад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь их ажил болно гэж хэлээд эхэндээ зөвшөөрөхгүй байж байгаад сүүлд нь зөвшөөрөөд ковшийн шинэ моторыг нь тавьж өгсөн. Тэгэхдээ “******* хөгжил” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас 420 000 төгрөгийн үнэ бүхий 1 см зузаан лист төмрийг аймгийн төв дээр токардуулж тааруулж моторыг суурилуулж тавьж өгсөн. Түүний хариуд надад ******* хөгжлөөс ажлын хөлс өгөөгүй. Одоо тухайн универсал ковш манай хашаанд байгаа. Нийлүүлсэн мотор нь өөрийнх нь мотороос шал ондоо мотор байсан. Мотор хроп нийлэх хэсэг ямар ч тохирох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63, 5-р хх-ийн 51-53/,

- гэрч ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* хөгжил орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга ******* бага оврын ковшийн моторын 12 700 000 төгрөгийг “******* бүрд” ХХК-д шилжүүлсэн. Тухайн мөнгийг дур мэдэн иргэдийн цэвэр орчин төслөөс зарцуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлах ёстой байсан боловч цэвэр орчин төслөөс дур мэдэн зарцуулсан. ...Дараагийн асуудал нь орлогч дарга ******* нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг ба ногоон байгууламж төслийн 13 000 000 төгрөгөөс 6 114 500 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй хашаа Улаанбаатар хотоос авсан. Илүү гарсан материалыг орлогч дарга ******* зарж хувийн дансаар мөнгийг авч зарцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/,

- гэрч  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... мөнх цацраг ХХК нь Сүхбаатар дүүрэгт барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ******* гэх хүнд өгөх өр авлага надад байхгүй. ...Манай компанид зарагдаж байгаа бараа материалын үнэ мөн байна. Яг таарч байна. Тээвэр болон ачааны мөнгийг буцаагаад өгсөн байна. Дансаар ******* гэх хүнд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 83-86/,

- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дөрвөлжин нүхтэй ногооны талбай хамгаалдаг 60 метрийн урттай өндөр 1 м 20 см хэмжээтэй 6 ширхэг тор, 18 шон зэргийг ******* сумын засаг даргын орлогч *******аас худалдаж авсан. Засаг даргын тамгын газрын байрны гадна байж байхаар нь Засаг даргын орлогч *******аас асуусан чинь “Илүү гарсан шон тор байгаа юм. Та авбал ав. Би дараа нь Улаанбаатар хотоос захиад авч болно” гэж хэлсэн. 6 ширхэг тор 18 шон зэргийг 1 174 000 төгрөг, зардлын мөнгө 200 000 төгрөг нийт 1 374 000 төгрөг болно гэж хэлэхээр нь *******ы хэлж өгсөн данс руу эхнэр М.Энхцэцэгийн данснаас шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/,

- гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******, т хашаа зарж дансаараа мөнгийг нь авсан гэх асуудалд нь Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн хүрээнд ногоон байгууламжийн хашаа барьж байх үедээ хашаа нь дутаад “******* хөгжил” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хашаанаас тодорхой тооны хашаа аваад буцаагаад хашааг нь хашаагаар нь өгөхөөр тохиролцсон юм байна лээ. Тэр үед  нь ******* хөгжил нь хашаагаа барьж байсан бөгөөд хашаагаа нэхсэн чинь мөнгийг нь ******* дансаараа авч тухайн үйлдэлд бид сануулах арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг        /1-р хх-ийн 37-38, 5-р хх-ийн 63-64/,

- гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хашааны материал илүү гарч түүнийг зарж борлуулан хувийн дансаараа мөнгө авсан *******ы асуудал манай байгууллагын асуудал биш байсан. Дээрх асуудлуудыг дүнгийн хурлаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

- гэрч Ч.гийн “...дараа нь 1 325 000 төгрөг шилжүүлээд нэмж хашааны материал авахаар боллоо гээд мөнгө шилжүүлсэн. Өмнө хашааны материал авсан дэлгүүрээс нэмж хашааны 5 боодол тор, 20 ширхэг төмөр шон, төмөр утас 2 боодол авч явуулсан. Нийт 680 000-700 000 төгрөгийн хооронд хашааны материал авсан. 50 000 төгрөгийг 100 айлаас Нарантуул зах хүртэл хашааны материал тээвэрлэхэд унаанд өгсөн. Нарантуул захаас ******* сум хүртэлх тээврийн хөлсөнд 100 000 төгрөг өгсөн шиг санаж байна. ******* нь надад өглөгтэй байсан үлдсэн мөнгийг би авсан. ******* нь надад өгөх өглөгийг хашааны мөнгөний хамт шилжүүллээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/, 

- Цахим хуудсанд үзлэг хийсэн “...2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус цахим хуудсанд “******* хөгжил” ОНӨААТҮГ-ын универсал ковш машинд бүтэн мотор нийлүүлэх хувь хүн, ААН, байгууллага байвал 99160368 утсанд холбогдож үнийн саналаа дугтуйнд хийж илгээнэ үү гэсэн зар мэдээллийг хуулбарлах зорилгоор үзлэг хийхэд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус бичигдсэн мэдээлэл байхгүй байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 81-83/,

- Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт дотоод аудитын албаны “******* хөгжил” ОНӨААТҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн санхүүгийн ажлын тайлан  /1-р хх-ийн 146-152/,

-  “******* хөгжил” ОНӨААТҮГ болон “******* нандин бүрд” ХХК нарын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 01 тоот “Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” гэрээ /2-р хх-ийн 33-35/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн “... нь Дорнод аймгийн ******* хөгжил Орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас 6 114 000 төгрөгийн санхүүжилт орж ирэхээс өмнө *******д 1 072 800 төгрөгийг шилжүүлсэн” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 142/,

- *******ы ХААН банкин дахь тоот дансанд үзлэг хийсэн “...*******ы ХААН банкны дугаарын харилцах данс руу 2023.05.23-ны өдөр дугаарын данснаас 1 374 000 төгрөг шилжин орж тухайн үеийн дансны үлдэгдэл болох 33 347 төгрөгийн үлдэгдэлтэй нийлж 1 407 347.60 төгрөгөөс 455 000 төгрөгийг хашаа авах болон түүний зардалд зарцуулсан байна. Харин өөртөө 919 000 төгрөгийг зарцуулсан байна...” гэх мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 101-103/,

- *******ы ХААН банкин дахь дансанд үзлэг хийсэн “... 1 072 000 төгрөгөөс ажлын хөлс гэсэн гүйлгээний утгатай 500 000 төгрөгийг шилжүүлж, ... 572 800 төгрөгийг хувьдаа зарцуулсан...” гэх мөрдөгчийн тэмдэглэл  /2-р хх-ийн 90/,

- “******* хөгжил” ОНӨААТҮГ-ын “Ногоон байгууламж” хашаажуулалтын тайлан /3-р хх-ийн 23*******39/,

- Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай “*******ыг ажилд томилох тухай” захирамж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/25 дугаартай “*******ыг албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” захирамж зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 646 800 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын “******* хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдоогүй, ... нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байх тул Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08 өдрийн 24 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолыг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.

... Шүүгдэгчийн үйлдэл нь ажил албан үүрэгтээ хайнга хандсан байх боломжтой ...” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

8. Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэрэг нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албаны чиг үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй үйлдлээр илэрдэг.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн заавал байх объектив шинж нь хууль тогтоомжоор өөрт олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээн дэх үйлдлийг хийж, үүний улмаас их хэмжээний хохирол бий болсон байхыг шаарддаг.

Харин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй нь шууд санаатай, идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хайнга хандах гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы 5 560 869 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 36.8 кw/2400г/ min хүчин чадалтай, A498BT1, А498BT114192679 серийн дугаартай ковшийн моторыг "******* " ХХК-ийн гүйцэтгэх захирал гээс 12 700 000 төгрөгөөр худалдан авч, түүнд 7 139 104 төгрөгийн давуу байдал бий болгосон,

“ ” ХХК-ийн ХААН банкны харилцах дугаарын данс руу үнийн судалгаа хийлгүйгээр тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулалгүй шууд худалдан авалт хийж 6 114 500 төгрөгийг шилжүүлж тухайн мөнгөнөөс 1 072 800 төгрөгийг тус компанитай хамааралтай иргэн болох ын ХААН банкны харилцах дугаарын дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулах байдлаар өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон,

1.7 метрийн уртай 18 ширхэг шон, 6 ширхэг бэлчээрийн торыг эрх бүхий байгууллагаас актлах бусдад худалдан борлуулах шийдвэр гараагүй байхад Дорнод хээрийн төслийн зохицуулагч т зарж борлуулан өөрийн ХААН банкны харилцах дугаарын дансаар 1 374 000 төгрөгөөр шилжүүлэн авч тухайн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлөх хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө давуу байдал болгосон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хууль болон холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байна.

Иймд давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/335 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЗУУ

 ШҮҮГЧИД                                                   Г.УРТНАСАН

                                                                  С.ГАНЧИМЭГ