Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0024/З |
Дугаар | 221/МА2018/0494 |
Огноо | 2018-09-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2018/0494
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Я.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц давж заалдах гомдолдоо: “... 1. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ зөрчөөгүй байхад цуцлах захирамж гаргасан, нутгийн захиргааны байгууллагаас санал, дүгнэлт гараагүй байсан, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу бичгээр мэдэгдэл өгч байгаагүй гэж тодорхойлсон.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн захирамжлах хэсэгт Нийслэлийн байгаль орчны газраас дүгнэлт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-уул дүүргийн Засаг даргаас санал гаргаж, түүнийг үндэслэсэн талаар огт дурдаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэнэт гарч ирсэн. Дүгнэлт, саналуудын талаар огт тайлбар өгч, нотлох баримтаар ирүүлээгүй байсан боловч гэнэт нотлох баримтаар гарч ирсэн.
Үүний дараа шүүхэд хүсэлт гаргаж, Байгаль орчны газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын архивт үзлэг хийхэд Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийн хавсралт архивт хадгалагдаагүй байсан ба уг дүгнэлтийн хавсралтыг нотлох баримтаар хариуцагч ирүүлсэн боловч хавсралт гэж үзэх ямар ч үндэслэлгүй байсан. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болон нийт жагсаалт гэх аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл байсан ба 02/959 дугаар дүгнэлтийн хавсралт гэх тэмдэглэл, гарын үсэг болон Байгаль орчны газрын тамга, тэмдэг огт байхгүй. Иймээс Нийслэлийн байгаль орчны газраас дүгнэлт гарсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байхад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргаас цуцалсан нь үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль бус гэж үзэж байна.
2. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газраас Хан-уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/176 дугаар санал хүргүүлэх тухай албан бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг албан бичгийн хавсралт гэх аж ахуйн нэгжүүдийн нэрс бүхий бичгийг гаргаж өгсөн ба уг албан бичгийн хавсралт гэж үзэх үндэслэлгүй, ямар агуулга бүхий бичиг гэдэг нь ойлгомжгүй байсан.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нараас уг хавсралт гэх бичигт Нийслэлийн байгаль орчны газрын хуулбар үнэн тэмдэг дарж, нотлох баримтаар ирүүлсэн ба шүүх хуралдааны явцад энэ бичгийг хавсралт гэж үзэх ямар ч үндэслэлгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтгүй гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын 01/176 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлсний дотор “Б” ХХК-ийн нэр багтсан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчихөөс гадна манай компанийн эрх, ашиг сонирхлын эсрэг үйлдэл болсон гэж үзэж байна.
3. Хэргийг хянан шийдвэрлэсний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, лавлагаа авахад Тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05/1271 дүгээр албан бичгээр “Тус дүүргийн Засаг даргаас Нийслэлийн Байгаль орчны газарт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/176 дугаартай албан бичиг хүргүүлсэн нь хавсралтгүй болно, дээрх албан бичгээр аль нэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нэр дурдаж цуцлуулах тухай санал хүргүүлээгүй баина” гэж хариуг өгсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргаас “Б” ХХК-иин тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь худал байхаас гадна саналын хавсралт гэх” баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хэрэгт нотлох баримтаар өгсөн асуудлыг шүүх онцгойлон авч үзэхийг хүсч байна.
4. Анхан шатны шүүх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн нэрс, холбогдох зөрчлийг Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлсний дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдахаар орсон гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол цуцлахаар заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргаас “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг огт гаргаагүй болох нь шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Т.А-ын гаргасан би байгууллагыг төлөөлж санал явуулаагүй, энэ нь шалгалтын нэгдсэн дүн, түүнээс Засаг даргад тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар явуулсан санал биш гэх тайлбараар нотлогдсон. Үүгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал өгөөгүй нь нотлогддог. Эдгээр үндэслэлээр Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гарах эрх зүйн үндэслэл огт байхгүй тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа ба байгаль орчны нөхөн сэргээх үүргээ хэрхэн зөрчсөн, энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар ч огт байхгүй.
5. Манай компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй нь 2016, 2017 онд гүйцэтгэх захирал өвчтэй байсан, нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагын дагуу Байгаль орны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд батлуулах гэж өгсөн, удахгүй батлагдаж гарна гэж хариу хүргүүлсэн боловч ямар ч тайлбар, мэдүүлэг, нотлох баримт авалгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан Засаг даргын захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн байгаль орчны газраас дуудсаны дагуу очиж авсан.
Үүнээс өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналтын газраас явуулсан мэдээ, мэдээллийг олж үзээгүй бөгөөд анхан шатны шүүхийн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 37.3-д “Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ” гэж заасныг илтэд зөрчсөн ба энэ маргааныг шийдвэрлэхэд зөвхөн нарийвчилсан энэ зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.
Манай компанид мэдэгдсэн бол үндэслэлийг зөвшөөрөхгүй үндэслэл, түүнийг нотлох баримтуудаа гаргаж өгөх болон Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрсөн гомдлоо гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ эрх зөрчсөн хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөсөнд гомдолтой байна.
6. Хариуцагчийн төлөөлөгчид манай компанийн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан ба байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийг хэзээ, хэрхэн хийгдэх талаар огт тусгагдаж, батлагдаагүй байхад нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд огт үндэслэгдээгүй болно. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гэх зөрчлийн дагуу захиргааны шийтгэл ногдуулсан байх ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй бол цуцлахаар заагаагүй болно. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлээ “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
7. Хариуцагчийн төлөөлөгчид манай компанийг байгаль орчныг сүйтгэж байна, ойр орчимд амьдарч байгаа иргэдэд ноцтой хохирол учруулж байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй ба манай талбай туул голоос 1.5 км-ийн зайтай. Хариуцагчийн энэ тайлбарын талаар ямар ч нотлох баримт байдаггүй бөгөөд бусад зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд хамааруулан ялгаж, салгахгүйгээр нэг захирамжаар цуцалсан гэж үзэж байна. Манай компанид олон залуучууд ажиллаж, тодорхой хэмжээний өрхүүдийг ажилтай, орлоготой байлгаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр Захиргааны байгууллагын хууль зөрчиж гарсан шийдвэрийг шүүх зөвтгөсөнд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0341 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг эргэлзээгүй нэг мөр цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “... байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэн ажиллаж байсан ..., байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй, захирамжид ч энэ талаар дурдаагүй ... байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй ...” гэх үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/192 дугаар албан бичгээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... хяналт шалгалтаар тус аж ахуйн нэгжийн МҮ-........ дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, хариу тайлагнаагүй зэрэг зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон. Тус зөрчлийг зөвшөөрч Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-219/195 тоот албан шаардлагыг компанийн захирал Г.Ц гардаж авсан ...Хамтарсан хяналт шалгалт хийж, хэвлэлийн бага хурал, улсын байцаагчийн албан шаардлага өгөх зэрэг удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн ... А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсэг нь хууль, тогтоомж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй ... “ гэх тайлбарыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан “... Уг дүгнэлтийг урьд өмнө нь Нийслэлийн Байгаль орчны газраас манай компанид танилцуулж байгаагүй, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж болон шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарт энэ талаар дурдагдаагүй ... уг дүгнэлтийн хавсралтын 81 дүгээрт “Б” ХХК улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэх үндэслэл заасан байх ба нутгийн захиргааны байгууллагаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар санал гаргаагүй байхад шууд цуцлуулах дүгнэлт гаргасан нь хууль бус ...” гэх үндэслэлээр “Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:”, 21.2.2-т “хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг “Нийслэлийн Байгаль орчны газар” гэж тодорхой заасан байхад хариуцагчаар тус газрыг татан оролцуулаагүй нь хууль бус байна.
Хавтаст хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/4412 дугаар албан бичгээр “хариу тайлбар гаргах, хариу тайлбарт гарын үсэг зурах эрхийг ”Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгад, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/515, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/792 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Б, тус газрын мэргэжилтэн Ж.Б, Я.Ц... нарыг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-20.1.6, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.3, 28.2.1-28.2.6-д заасан бүрэн эрхтэйгээр оролцуулах итгэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх маргааны үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүйгээр тогтоох, улмаар үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргах, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх хуулиар тогтоосон шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, маргаж буй захиргааны актыг хариуцах захиргааны байгууллага, албан тушаалтныг шүүх зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай.
Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Байгаль орчны газрын даргыг, мөн газрын хэлтсийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж оролцуулсан байх боловч 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлттэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга хариуцах хууль зүйн боломжгүй, тус дүгнэлтийг гаргасан буюу захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгууллага нь Нийслэлийн Байгаль орчны газар байх тул тус газрыг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүх хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ...шүүх Мэргэжлийн хяналтын байгууллага, Засаг даргаас санал өгч, түүнийг нь үндэслэж, Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт гаргасан гэж дүгнэсэн ... Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгч ... Нийслэлийн Байгаль орчны газар Хан-Уул дүүргийн Засаг даргаас манайд санал хүргүүлсэн гэж хуурамч албан бичигт хуулбар үнэн тамга дарж нотлох баримт гаргаж өгсөн ...шүүх хуралдааны дараа “Б” ХХК хүсэлт гаргахад Хан-Уул дүүргийн Засаг дарга санал хүргүүлэх албан бичиг хавсралтгүй, аль нэг аж ахуйн нэгжийн нэрийг зааж, цуцлуулах санал гаргаагүй гэдэг ... шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын газарт санал хүргүүлсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байгаа ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ ... төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол ...” гэж заасан ... дүүргийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын газарт санал хүргүүлээгүй байхад Нийслэлийн Байгаль орчны газар дүгнэлт гаргасан “зөрчил гаргасан ... албан шаардлага биелүүлээгүй” гэх хариуцагчийн үндэслэл ... баримтаар үгүйсгэгдэж байгаа ... менежментийн төлөвлөгөө батлуулаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчид захиргааны шийтгэл ногдуулсан хэрнээ дахин цуцлах шийтгэл ногдуулсан ... түүнчлэн нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэнд хамаарах хуулийн заалтыг баримталж “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус, үндэслэлгүй ... “ гэх давж заалдах гомдол, тайлбарыг гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбоотой зөрүүтэй, эргэлзээтэй нотлох баримтууд авагдсан байхад тэдгээрийг үнэн зөв эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус, тус алдааг давж заалдах шатны шүүх засаж зөвтгөх боломжгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 62 аж ахуй нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор 47 дугаарт “Б” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах, 44 га талбай, МҮ-...... дугаар тусгай зөвшөөрөл багтжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны маргаан бүхий 609 дүгээр захирамжид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6 дахь хэсгийн зүйл, заалтуудыг баримталсан байх бөгөөд тус захирамжийн 1 дэх заалтаар “Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй ... аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэжээ. Хариуцагч тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...”Б” ХХК Улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй хариу тайлагнаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон...” гэж маргажээ.
Хавтаст хэрэгт Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хариу тайлбар, шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газрын архивт хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлийн хавсралт, Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хүргүүлсэн “... хамтарсан шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн нэрс, холбогдох зөрчлийг тэмдэглэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ... цахимаар ирүүлснийг ... хүргүүлсэн“ гэх 02/309 дүгээр албан бичиг түүний хавсралт, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн “...тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, байгаль орчныг ихээхэн хэмжээний доройтолд оруулсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн, малын бэлчээр ихээр хомсдуулсан, хатуу хучилттай авто замыг эвдэж гэмтээх зэрэг нөхцөл байдал үүссэн байх тул “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу зөрчил бүхий аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналтай байна” гэх агуулга бүхий “Санал хүргүүлэх тухай” 01/176 дугаар албан бичиг, түүний хавсралт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа болон хайгуулын Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн жагсаалт гэх бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээр дурдагдсан шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын архивт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр албан бичгийн хавсралт нь архивт байхгүй, хадгалагдаагүй байна ...” гэж тэмдэглэгджээ.
Хавтаст хэрэгт Нийслэлийн Байгаль орчны газраас шүүхэд ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “... хамтарсан шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжийн нэрс, холбогдох зөрчлийг тэмдэглэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газар цахимаар ирүүлснийг... шүүхэд хүргүүлж байна” гэх 02/309 дүгээр албан бичгийн хавсралт “Хан-Уул дүүрэг дэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн судалгаа” гэх баримт авагдсан байна. Тус хавсралт нь ямар албан бичгийн хавсралт болох нь тодорхойгүйн дээр “47 дугаарт ... “Б” ХХК ... АШ “ гэж тэмдэглэгдсэн нь ойлгомжгүй, мөн хэрэгт Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлтийн хавсралт гэх “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, үндэслэл жагсаалт” /81 дүгээрт “Б” ХХК Улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй” гэж тэмдэглэгдсэн/ баримтууд тус тус авагдсан байна.
Шүүх маргаан бүхий 02/959 дүгээр албан бичиг хавсралттай эсэх, уг хавсралтад заасан ахуйн нэгжүүдэд нэхэмжлэгч багтсан эсэх, ямар зөрчил гаргасан гэж тэмдэглэгдсэн эсэх, өөрөөр хэлбэл, 02/959 дүгээр албан бичиг шүүхийн үзлэгээр хавсралтгүй гэж тэмдэглэгдсэн атал тус албан бичгийн хавсралт гэх баримт хэрэгт авагдсан нь ойлгомжгүй, тодорхой бус нөхцөлд буюу тус нотлох баримтыг хэргийн оролцогчид үнэн зөв баримт эсэх талаар маргасан байхад эргэлзээгүйгээр тодруулж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.
Давж заалдах шатны шүүх шүүхийн үзлэгээр хийсэн дүгнэлт үндэслэлтэй эсэх, хэрэгт авагдсан баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв баримт мөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас “...албан тушаалтнаас “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар бичгээр захиргааны акт гаргаж, санал хүргүүлсэн зүйл байдаггүй. Нийслэлийн Байгаль орчны газраас Хан-Уул дүүргийн Засаг даргаас манайд санал хүргүүлсэн гэж хуурамч албан бичигт хуулбар үнэн гэж тамга дарж, нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн хавсралт хэрэгт хамааралгүй, энэ баримт бичгийн хавсралт биш гэдэг тайлбарыг шүүх хуралдааны явцад удаа дараа гаргаж байсан. Шүүх хуралдааны дараа “Б” ХХК хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг даргаас тодруулга авахад энэ албан бичиг хавсралтгүй, аль нэг аж ахуйн нэрийг зааж, цуцлуулах санал гаргаагүй гэсэн ...” гэх давж заалдах гомдол, тайлбарыг гаргажээ.
Маргаан бүхий актуудаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргахдаа мөн нэр бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах талаар шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан, тийнхүү буруутгасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх хуулиар тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт дурдагдаж буй Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Санал хүргүүлэх тухай” 01/176 дугаар албан бичиг хавсралттай эсэх, хавсралтад нэхэмжлэгч “Б” ХХК багтсан эсэхийг эргэлзээгүйгээр тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул энэ талаар тодруулах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүртэй холбогдуулан хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан журмын дагуу татан оролцуулж, нэхэмжлэлийг гардуулах, тайлбарыг авч хэрэгт хавсаргах ажиллагааг хийхээс гадна хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж, маргааны үйл баримтад тал бүрээс нь хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ