Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2017/0002

 

  

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

             Нэхэмжлэгч:  Иргэн Д овогтой Мын нэхэмжлэлээр 

             Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн

              Тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 тоот “Газрын маргаан шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан  хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын тасгийн дарга О, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга  Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах эзэмших эрх бүхий 400м2 талбай бүхий газрыг Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаартай захирамжаар иргэн Д.Мт эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн. 
Гэтэл дээрх газарт иргэн Г.Г нь хууль бусаар манай эзэмшлийн газарт 45.6м2 оруулж барилга барьж улмаар энэ талаар тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргаж одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Уг газрын маргаан дээр нэхэмжлэгч талаас  000421675 дугаар бүхий гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэгийг дахин тогтоолгохоор хүсэлт гаргаж хэмжүүлээд албан ёсоор баталгаажуулсан боловч Сайншанд сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 дугаартай газрын маргаан шийдвэрлэх тухай хууль бус захирамжаар дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно. 
Уг захирамжийг хүчингүй болгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч аймгийн Засаг даргаас дээрх маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Сайншанд сумын Засаг даргын 2015.10.21-ний өдрийн А/305 тоот газрын маргаан шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Гол үндэслэл нь захиргааны зүгээс иргэн М, Г нарын хооронд үүссэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа боловч Мын эзэмшил газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн актуудыг хүчингүй болгосон байгаагаар нэхэмжлэгч М уг газраа эзэмших боломжгүй болоод байгаа юм. А/305 дугаар захирамжаар эргэлтийн цэг тогтоосон актыг хүчингүй болгосон нь дараагийн хүнтэй буюу иргэн Этэй газрын маргаан гаргах асуудлыг үүсгэх үндэслэлийг бий болгож байгаа учраас энэхүү захирамжийг хууль бус гэж үзэж түүнийг хүчингүй болгуулахаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын шүүхэд бичгээр гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Мын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч талаас дараах тайлбарыг хүргүүлж байна. 
    Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь /газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга/ гэж заасны дагуу сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар тус сумын 6 дугаар багийн Дампилын 16 дугаар хэсэгт иргэн Г.Г, Д.М нарт холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, тухайн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний А/305 дугаартай “Газрын маргаан шийдвэрлэх тухай” захирамжийг гаргасан байна. 
    Дээрх захирамжаар сумын Засаг даргын 2013 оны А/172 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.Мт олгосон газар эзэмших эрхийн 000421675 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр биш юм.
    Тухайн шийдвэр нь сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.Мт эзэмшүүлсэн 20*20 метр харьцаатай 400 м2  газрын эхлэл цэгийг тогтоох, иргэн А.
Ц, У.У нарын илүү ашиглаж байгаа газрыг татуулах, иргэн Д.Мын орц гарцны асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэн Т.Дын эзэмшил газрын тодорхой хэсгийг нийтийн эзэмшлийн зам талбайд авч газрын маргааныг шийдвэрлэх арга хэмжээний тухай юм гэсэн тайлбарыг бичгээр гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа: 
Иргэн Д.Мт анх эзэмшүүлсэн 20х20 харьцаатай, 400 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсныг 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар дээрх хэмжээний газрыг эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлсэн. Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 296 дугаар захирамжаар иргэн Г. Гын өмгөөлөгч Ж.Жны гаргасан гомдлын дагуу Г.Г, Д.М нарын газрын маргаантай асуудлыг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан ба ажлын хэсгийн явуулсан үйл ажиллагааны үр дүнд хийсэн дүгнэлтийг үндэслэж сумын Засаг даргын зүгээс газрын маргааныг шийдвэрлэх тухай 2015 оны А/305 тоот захирамжийг гаргасан. 
Ажлын хэсгийн зүгээс тухайн газар дээр очиж үзэж танилцахад Э, Д. М нар нь тэдэнд анх газар эзэмшүүлсэн шийдвэр болох 2003 оны 60 дугаар захирамжийн дагуу 20х20 харьцаатай, 400 мкв газрыг тус тус эзэмшүүлсний дагуу зэрэгцээ айлууд байх ёстой байтал Э нь 806 мкв газраар хашаажуулаад өөрийн эзэмшвэл зохих газраасаа нэг дахин илүү газар эзэмшсэн байсан. Үүнээс болоод хил залгаа орших Мын газар зүүн тийш шилжсэн байсан.  
Иймд гол нь Э буюу одоо түүний газрыг шилжүүлэн авснаар эзэмшиж буй иргэн Ц, М нарын эзэмшлийн газрыг анхны газар эзэмшүүлсэн шийдвэр болох 2003 оны 60 дугаар захирамж түүний хавсралтад заасан хэмжээ, байрлалд нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж иргэн А.Цгийн болон газраа хойшоо, урагшаа тэлсэн байгаагаас Мын газрын орох гарцыг хааж байгаа иргэн Уртбаяр нарын хууль бусаар эзэмшиж байгаа илүү газрыг татуулах, мөн иргэн Мын орц, гарцны асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэн Т.Дын эзэмшил газрын тодорхой хэсгийг нийтийн эзэмшилд авах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзсэн юм.
Ингээд тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б.Ггийн иргэн Д.Мт 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” нь холбогдох хууль, журам, захирамжид нийцэхгүй байна, мөн 2015 оны 08 дугаар сард сумын газрын даамлаас өгсөн мэдэгдлийн дагуу 2015 оны 08 сарын 27-ны өдөр аймгийн Газрын албанаас хийсэн “Эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт”-ыг Сайншанд сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжинд нийцэхгүй байна гэж тус тус үзсэн бөгөөд дээрх хоёр актыг хүчингүй болгож иргэн Д.Мын эзэмшил газарт сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын эргэлтийн цэгийн эхлэл цэгийг тогтоох нь зүйтэй гэж үзсэний дагуу А/305 тоот захирамж гарсан юм.
Иймд Сайншанд сумын Засаг даргын А/305 тоот захирамж нь газрыг анх эзэмшүүлсэн шийдвэр болох 2003 оны 60 тоот захирамжаар тогтоосон хэмжээ, байршилын дагуу газрыг эзэмшигчдэд нь олгоё гэсэн агуулгатай шийдвэр тул иргэн Д.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд иргэн Д.Мт газар эзэмшүүлсэн захирамж, гэрээ, гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон шийдвэр биш юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

          Шүүх нэхэмжлэгч иргэн Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хариуцагч Сайншанд сумын Засаг даргын 2015 оны А/305 тоот захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газарт тогтоосон нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр тухайн газрыг эзэмших эрхгүй болгож, газар эзэмших эрхийг зөрчсөн гэж маргаж буй үндэслэлээр дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
           1. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын “Газрын маргаан шийдвэрлэх тухай” 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 тоот захирамжаар нэхэмжлэгч иргэн Д.Мын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэх тухайд:
            Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 60 тоот  “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын 1,2,3,4 дүгээр багийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний болон амины орон сууц барих зориулалтаар газар эзэмшүүлж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч иргэн Д.Мт Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 20х20 харьцаатай хэмжээ бүхий газрыг хоёр давхар амины орон сууц барих зориулалтаар анх эзэмшүүлж, 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0020425 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн сумын Засаг даргаас олгож /хх-ийн 31-33-р хуудас/ шийдвэрлэсэн байх ба гэтэл “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” Сайншанд сумын Засаг даргын 2011 оны А/128 тоот захирамжаар /хх-ийн 34-р хуудас/ нэхэмжлэгчийн тус сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт эзэмшиж байсан дээрх газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
     Нэхэмжлэгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааныг шийдвэрлүүлснээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон дээрх А/128 тоот захирамжийн иргэн Д.Мт холбогдох хэсэг хүчингүй болсон бөгөөд  шүүхийн уг шийдвэрийг үндэслэн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн “Захирамжинд өөрчлөлт оруулж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/172 тоот захирамжаар иргэн Д.Мын 400 мкв газрын эзэмших эрхийг сэргээж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр тус сумын Засаг даргын 2003 оны “Газар эзэмшүүлэх тухай” 60 тоот захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.Мт тухайн газрыг анх эзэмшүүлсэн газар эзэмших эрх сэргээгдэж улмаар эрх сэргээсэн А/172 тоот захирамжийг үндэслэн захиргааны зүгээс 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, мөн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000421675 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон /хх-ийн 42-45-р хуудас/ байх ба дээрх захирамж, гэрээ, гэрчилгээ зэргийг эрх бүхий этгээдийн зүгээс хүчингүй болгосон шийдвэр байхгүй байх тул Газрын тухай хууль дахь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, ... –т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, мөн хууль дахь гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай журмыг зохицуулсан 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба  тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.М нь Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16-р хэсэгт байрлалтай, 400 мкв газрын хууль ёсны эзэмшигч байна. 
   Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр /хх-ийн 64-68-р хуудас/ шүүх Сайншанд сумын Засаг даргын 2003 оны “Газар эзэмшүүлэх тухай” 60 дугаар захирамж, түүний хавсралтаар иргэн Ж.Эд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай, хоёр давхар амины орон сууц барих зориулалт бүхий 20х20 хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг /хх-ийн 31, 32-р хуудас/ үндэслэн Ж.Эгийн анх эзэмшсэн 400 мкв хэмжээтэй газраас цэг авч хэмжилт хийж үзэхэд Сайншанд сумын Засаг даргын 2013 оны А/172 дугаар захирамжаар сэргээгдсэн  тус сумын засаг даргын 2003 оны 60 дугаар захирамж, түүний хавсралтын дагуу нэхэмжлэгч Д.Мт мөн 20х20 харьцаагаар буюу 400 мкв хэмжээгээр анх эзэмшүүлсэн газрын зүүн талын хэсэг буюу түүний 1-2, 4-1 дүгээр цэгүүд нь Ж.Эгээс газар эзэмших эрхээ шилжүүлснээр /хх-ийн 107-109-р хуудас/ уг газрын одоогийн эзэмшигч болох А.Цгийн амьдарч буй хашааны дотор хэсэгт буюу уг айлын орон сууцны байшинтай залгаа баригдсан байгаа машины граж байгаа хэсгээр орж давхцсан байх /хх-ийн 67-р хуудас дахь Зураг №01/ ба мөн шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох А/305 тоот захирамжаар хүчингүй болгосон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн “Эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт”-ыг үндэслэн тус актад тэмдэглэгдсэн координатын цэгүүдээр хэмжилтийг хийж үзэхэд нэхэмжлэгч Д.Мын эзэмшил газрын баруун талын хэсэг буюу түүний 2-3, 3-4 дүгээр цэгүүд нь иргэн Г.Гын эзэмшил газартай  мөн Г.Гын орон сууцны байшингийн машины граж байгаа хэсгээр давхцаж байгаа нь /хх-ийн 68-р хуудас дахь Зураг №02/ тус тус тогтоогдож байна.
   Нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй 400 мкв газрын зүүн ба баруун талын хэсэг нь  дээрх байдлаар хоёр талынхаа айлын газартай тус тус давхцаж буй байдал болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэн Г.Г болон иргэн Д.М нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсгийн “хуралдааны тэмдэглэл”-д /хх-ийн 18-21-р хуудас/ тусгагдсан байгаагаар маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан тус ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдал болох нэхэмжлэгчийн эзэмшил газрын зүүн талд одоо эзэмшиж байгаа иргэн А.Цгийн эзэмшил газар нь анхны газар олгосон шийдвэр болох 2003 оны 60 дугаар захирамж, түүний хавсралт болон уг газрын анхны эзэмшигч Ж.Эд олгож байсан 2003 оны 0019112 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнчлэн иргэн А.Цд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлснээр түүнд олгосон 2012 оны 0361964 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 31,32,103,109-р хуудас/ зэрэгт Сайншанд сумын Дампилын 16-8 тоот хаягт  20х20 харьцаатай, 400 мкв газрыг эзэмших эрхтэй атал уг газрын хэмжээг 806 мкв хэмжээгээр хууль бусаар нэмэгдүүлснээс нэхэмжлэгчийн газартай давхцсан ба гэтэл захиргааны зүгээс нэхэмжлэгчийн эзэмшил газарт түүний нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгөх актыг үйлдэхдээ иргэн А.Цгийн хууль бусаар нэмэгдүүлснээр нэхэмжлэгчийн эзэмшил газар луу оруулж баригдсан хашааны газраас эргэлтийн цэгийг тогтоосноор /хх-ийн 46-48-р хуудас/ нэхэмжлэгчийн эзэмшил газар нь баруун тийш сунаж, улмаар иргэн Г.Гын эзэмшил газартай давхцал үүсгэсэн нөхцөл байдлыг бий болгосноос үүдэн газар эзэмшихтэй холбогдсон маргаан үүссэн байх үндэслэлтэй байна.
    Мөн нөгөө талаар ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/ болох нотлох баримтаас үзэхэд иргэн С.Уын эзэмшиж байгаа газрын одоо байгаа 652 мкв хэмжээ болон иргэн Т.Дт эзэмшүүлсэн газрын хэмжээ зэргээс шалтгаалан нэхэмжлэгч иргэн Д.Мын эзэмшил газрын орц, гарц хаагдсан нөхцөл байдал тогтоогдож  байх ба иймд дээрх байдлуудаас буюу газар эзэмшигч иргэдийн болон захиргааны өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч иргэн Д.Мын хувьд өөрийн хууль ёсны эзэмшил газраа түүнтэй байгуулсан  “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хоёрдугаарт заасан зориулалт болох уг газрыг амины орон сууц барих зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүйд хүргэснээр Газрын тухай хууль дахь “Газар эзэмшигчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт  заасан “ гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах ...” эрх зөрчигджээ.
    Хариуцагч Сайншанд сумын Засаг дарга нь иргэн Г.Г, Д.М нарын хооронд үүссэн газартай холбоотой маргааныг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргуулахаар томилсон ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдал болон түүний үр дүнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан дүгнэлтийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 тоот захирамжийг гаргасан байх ба тэрээр уг захиргааны актаар дээрх иргэдийн хооронд газрын маргааныг үүсгэсэн гол үндэслэл болох иргэн Д.Мын эзэмшил газарт хийгдсэн тухайн газрын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн актуудыг хүчингүй болгож, улмаар иргэн Д.Мын эзэмшил газрын нэгж талбарын эргэлтийн эхлэл цэгийг түүнд тухайн газрыг анх эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу буюу Сайншанд сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжинд заасан хэмжээ, байрлалыг үндэслэн тогтоох, ийнхүү тогтоосноор мөн нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарцын асуудлыг давхар шийдвэрлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч иргэн Д.Мын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх зүйлд зааснаар хэрэгжүүлэх газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг сэргээх, мөн захиргаа өөрийн алдааг зөвтгөх зорилгоор гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна.
             Хариуцагч Сайншанд сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг зохицуулсан 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь зүйлийн “ж”-д “газар эзэмших, ашиглахтай холбооотой маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэж заасан нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хууль дахь “Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх” тухай асуудлыг зохицуулсан 60 дугаар зүйлийн 60.1.2-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан ... ыг зохих шатны Засаг дарга” шийдвэрлэхээр заасан байгааг үндэслэн дээрх иргэдийн хооронд газар эзэмших талаар үүссэн маргааныг уг захирамжинд заасан арга хэмжээний дагуу хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулиудад заасантай болон мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасантай тус тус нийцэж байна. 
             2. Дээр тогтоогдож буй байдлаас үндэслэн дүгнэхэд хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 тоот захирамж нь сумын Засаг даргын тухайн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг зохицуулсан холбогдох хуулиудын заалтад нийцэж байгаагаар хууль, тогтоомж зөрчөөгүй, мөн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг бусдын хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж буюу түүний захиргаатай байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу уг газраа эзэмших, ашиглах эрхийг сэргээх зорилготой байгаагаар нэхэмжлэгч Д.Мын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байдал тус тус тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 тоот “Газрын маргаан шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “ж”, 29.2 дахь зүйл, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Д овогтой Мын Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 тоот “Газрын маргаан шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЦЭНД