Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 311

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар

аймгийн Санхүүгийн хяналт, аудитын

албаны улсын ахлах байцаагч У.Э,

улсын байцаагч Д.О нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актуудыг тус тус хүчингүй болгуулах,

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0009 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 286 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Э,

Хариуцагч Д.О нар,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0009 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/81 тоот актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчид даалгаж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/81 тоот актууд хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 286 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 дугаар актаар тогтоосон төлбөрийг 6,649,674 төгрөгөөр багасгасугай” гэж, 2 дахь заалтыг хасаж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч Ч.Э-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч нар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг үндэслэн 2018 оны 31-03/54 тоот актаар 41,730,623 төгрөг, 2019 оны 31-01/60 тоот актаар 105,840,125 төгрөг, 2019 оны 31-01/81 тоот актаар 12,233,672 төгрөг нийт 159,804,420 төгрөгийн төлбөрийг надад хариуцуулан акт тавьсан. Эхний акт буюу 2018 оны 31-03/54 тоот актаар тавигдсан 41,730,623 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн эцсийн шийдвэр гарсан бөгөөд одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

4. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчаас дахин “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 2019 оны 31-01/60, 31-01/81” тоот актууд гаргасныг хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд “... анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж”, “31-01/81 дүгээр актыг хүчингүй болгож, ...төлбөрийн хэмжээг 6,649,674 төгрөгөөр багасгаж...” шийдвэрлэжээ.

5. Одоо 2 дахь акт буюу 2019 оны 31-01/60 тоот актаар тавьсан 105,840,125 төгрөгийн төлбөр, шүүхийн өгсөн үнэлэлт дүгнэлт, шийдвэрлэсэн байдал нь үндэслэлтэй эсэх, хууль зөрчсөн эсэх талаар гомдол гаргах юм.

6. Маргааны үндэслэл нь актаар тавигдсан төлбөр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөр, Тамгын газраас гаргасан төлбөр хоорондоо зөрүүтэй, Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нарын хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт нь хууль тогтоомжид нийцээгүй, акт гаргахдаа сонсох мэдэгдэх ажиллагаа явуулах журмыг зөрчсөнөөс эрх ашиг зөрчигдсөн хэмээн маргадаг.

7. Актаар тавигдсан төлбөр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөр, Тамгын газраас гаргасан төлбөр хоорондоо зөрүүтэй учраас шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх дахин акт гаргахыг даалгасан бол давж заалдах шатны шүүх “31-01/81 дүгээр актыг хүчингүй болгож”, “нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцсон нь буруу гэж дүгнээд байгууллагад учирсан хохиролд бусдын улсын тэмдэгтийн хураамж 227,464 төгрөг, байгууллагаас гараагүй хөрөнгө 1,745,934 төгрөг, Болдхүүд олгосон нөхөн олговор 4,676,276 төгрөгийг 31-01/60 тоот актаас хасах”-аар шийдвэрлэсэн.

8. Мөн магадлалын Хянавал хэсгийн 3 дахь заалтад \хэрэгт авагдсан цалингийн тооцооны хүснэгтэд уг дүн дээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцсон нь буруу байна хх 7\, “шүүхийн шийдвэрүүдээр нөхөн олговор 114,294,557 төгрөг, Ж.Батсуурьд шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн олговор 4,014,509 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,385,569 төгрөг, нийт 119,694,635 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжуудад заасан уг дүнгээс эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон хасаж нөхөн олговрыг олгох ёстой байтал Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дүнгээс бус ажлаас халагдаж эгүүлэн тогтоогдсон тухайн ажилтнуудын авах ёстой байсан цалин хөлснөөс уг шимтгэлүүдийг тооцсон нь буруу байна” \хх 9\ гэж тус тус дүгнэсэн

9. Тэгсэн атлаа 2019 оны 31-01/60 тоот актаар тавигдсан нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд төлсөн 11,128,880 төгрөгийг шийдвэрлээгүй орхисон нь шүүхийн дүгнэлт, шүүхийн шийдвэр хоорондоо зөрчилдөж байна.

10. Шат шатны шүүхийн энэхүү дүгнэлт, шийдвэрээр Санхүүгийн хяналт. аудитын албаны байцаагч нарын акт хууль бус бөгөөд надад хариуцах ёсгүй төлбөрийг хариуцуулж, миний эрх ашгийг зөрчсөн нь тогтоогдож, хүлээн зөвшөөрсөн юм. Энэ тохиолдолд “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх. хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу уг актыг хүчингүй болгох үндэслэлтэй байтал шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

11. Тамгын газрын даргын А/10 тоот тушаал 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гарч, шүүхийн шийдвэрүүд нь 2017 оны 6 сарын 5-наас 2018 оны 12 сарын 19 хүртэлх хугацаанд гарсан байдаг. Энэ хугацаанд Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...төрийн албан хаагчийн эрх зүйн байдал ... зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж заасан. Энэ заалтад “ажиллаж байгаа этгээд” гэснээс биш “ажиллаж байсан этгээд” гэж заагаагүй. Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халагдаж, 2018 оны 08 дугаар 01-ний өдрөөс бүрэн эрх минь дуусгавар болсон. Энэ өдрөөс миний бие Төрийн албаны тухай хуулийн харилцаанд хамаарах этгээд биш болсон. Гэтэл шүүх төрийн албанд хамааралгүй этгээдэд шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг нялзаан хэрэглэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн гэж үзэж байна.

12. Хэрэг хянан шийдвэрлэх шатанд миний бие ажлаас халагдсан төрийн албан хаагчдын ажилгүй байх хугацаандаа цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхийг шалгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүлээн аваагүй. Гэтэл С.Баянмөнх, А.Чулуунбат, Д.Ариунжаргал, У.Болдхүү нар ажлаас халагдсан хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэн, цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаархи нотлох баримт буюу Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018.06.27-ны өдрийн 01/176 тоот албан бичиг, хавсралтын хамт олдлоо.

13. Хэдийгээр анхан шатны шүүхэд шинжлэн судлаагүй нотлох баримтыг үнэлэхгүй ч бодит байдлыг ойлгуулах зорилгын үүднээс уг бичгийн хуулбарыг хавсаргаж хүргүүлэв. Шүүх хүсэлтийг хангаж, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

14. Ямар ч боловсролтой, мэдлэгтэй, чадалтай хүн байлаа ч ямар ч ажлыг хийж гүйцэтгэх явцад алдаа гаргадаг. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Би ч төрийн алба хашиж байхдаа алдаа гаргасан. Түүнээс биш актаар төлбөр тавиад байгаа мөнгөнөөс нэг төгрөг ч өөртөө аваагүй. Завшиж, хулгайлах, хууран мэхлэх, зувчуулах замаар хохирол учруулаагүй. Нэг удаагийн гаргасан алдаанаасаа болж л төлбөрт ороод байгаа. 159,8 сая төгрөг гэдэг нь бүтэн жил ажиллаад 9,6 сая төгрөгийн цалин авч байсан миний 16 жил 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний төлбөр юм. Өмсөж зүүхгүй, идэж уухгүй хураалгаад ч насаараа төлж баршгүй төлбөр. Миний нас хүрэх эсэхийг ч мэдэхгүй.

15. Харин ажлаас халагдсан хүмүүс төрөөс цалин авч, цаашлаад шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин давхардуулан авч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бол уу. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно” гэж заасан байхад шүүхийн шийдвэрээр эдгээр хүмүүст “ажилтай байсан хугацаанд нь” давхардуулан цалин олгосон байна.

16. Тэгэхээр Санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагч нар болон шүүх хяналт шалгалт болон хэрэг шалгах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, бодит байдлыг бүрэн шалгаж төлбөр хариуцвал зохих этгээдийг зөв тогтоогоогүйгээс зарим этгээд нь давхар цалин авч төрд хохирол учруулан завшиж, зарим этгээд нь бусдын өмнөөс төлбөр төлж хохирох нөхцөл үүсээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

17. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Нэхэмжлэгч Ч.Э-ээс шүүхэд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/81 тоот актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

19. Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/20 СБА-2019/126/СТА-ТШЗ албан шаардлага,  албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн удирдамж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/901 тоот хүсэлт болон албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй адилтгах зарцуулалтад  санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Эрдэнэчимэг, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Д.О нар шалгалт хийсэн; уг шалгалтаар 2017 онд бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаал нь шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсоны улмаас А.Чулуунбат, Х.Энхцэцэг, С.Баянмөнх, Д.Ариунжаргал, У.Болдхүү, Б.Мөнх-Учрал, Д.Улаанхүүхэн, Ж.Батсуурь нарын албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил олгогчоос олгох тэтгэмж урамшууллын зардлаас 79,776,547 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 11,128,880 төгрөг, хувь хүний орлогын албан татварын зардалд 13,258,873 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,675,825 төгрөг, нийт 105,840,125 төгрөг олгогдсон; мөн 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2019 оны 4 дүгээр сарын 1 хүртэл цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварт нийт 12,233,672 төгрөг олгогдсон; эдгээр нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж заасантай нийцэхгүй байна гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх бүх төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан Ч.Э-ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актууд гарчээ.

Нэг. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

20. Нэхэмжлэгч Ч.Э- нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар уг ажлаас чөлөөлөгдсөн; нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон дээрх нэр бүхий иргэдийг ажилд томилоогүй хугацааны цалин, түүнтэй адилтгах зардалд 12,233,672 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан; энэхүү төлбөрийг нэхэмжлэгчийн хойш үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан этгээдээр төлүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 31-01/61, 31-01/62 дугаар актуудыг гаргасан боловч тус этгээдийн гомдлын дагуу дээрх актуудыг Сангийн сайд хүчингүй болгосон учир 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд хамаарах 12,233,672 төгрөгийг Ч.Э-ээс төлүүлэхээр маргаан бүхий 2019 оны 31-01/81 тоот акт гарсан; нэхэмжлэгчээс “... шийдвэр гаргах, ажилтныг томилох эрх бүхий, ажилд нь томилоогүй албан тушаалтан хариуцах ёстой” гэж маргажээ.

21. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “103.2.Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халж, чөлөөлснийг шүүх тогтоовол учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх учиртай.

22. Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 дүгээр актаар төлбөр тогтоохдоо энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш хугацааны ажилд томилоогүйтэй холбоотой нөхөх олговрын хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

23. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “нэхэмжлэгчийн тухайн албан хаагчдыг томилох эрхгүй, уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон байхад тэдгээр албан хаагчдыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны нөхөн олговрыг Ч.Э-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу” байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, ингэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцжээ. 

Хоёр. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

24. Нэхэмжлэгчээс энэхүү актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон цалин хөлсний нөхөн олговор, ажил олгогчоос олгосон цалин хөлсний олговор хоорондоо эрс зөрүүтэй буюу шүүхийн шийдвэрээр тогтоосноос илүү цалин хөлсний олговор олгосон, цалин хөлсний олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг буруу бодсон, хууль эрх зүйн хэлтсийн дарга У.Болдхүүгийн оронд томилогдсон О.Одхүү нь 2018 оны 03 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлөгдсөн түүний оронд өөр хүн томилоогүй учраас 2018 оны 3-10 сар хүртэлх хугацааны цалин аймгийн Засаг даргын Тамгын газарт хэмнэлт болон үлдсэн мөнгийг болон Б.Эрдэнэтуяа, Х.Төмөрхуяг нарын улсын тэмдэгтийн хураамжийн 227,464 төгрөгийг төлбөрт оруулж тооцсон нь үндэслэлгүй ...” гэж тайлбарласан бол хариуцагчаас “... Б.Эрдэнэтуяа, Х.Төмөрхуяг нарын улсын тэмдэгтийн хураамжийн 227,464 төгрөгийг төлбөрөөс хасахыг зөвшөөрнө..., ... У.Болдхүүгийн оронд ажилд томилогдсон О.Одхүү нь 2018 оны 03 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлөгдсөн түүний оронд хүн томилоогүй учраас 2018 оны 3-10 сар хүртэлх хугацааны цалинг төлбөрт оруулж тооцсон нь үндэслэлгүй гэсэн асуудлыг эргэж судлаж үзье ...” гэж тухайн актаар тогтоосон төлбөр зарим талаар алдаатай болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

25. Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтыг судлаад шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, маргаан бүхий актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн; шүүхийн энэхүү шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа “... (шүүх) захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн алдааг засах, залруулах үүрэг хүлээхгүй ...” буюу “зардлыг үндэслэлгүй нэмэгдүүлж, төлбөр тогтоосон хууль бус акт тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар гаргасан; давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг хүлээн авч хянаад зарим төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн тул хасах нь зүйтэй гэж үзээд “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д ... заасны дагуу нийт 6,649,674 төгрөгөөр багасгаж ...”, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг үндсэндээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй”, 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүйн дээр хэргийн нэг оролцогч дангаар давж заалдах гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүх зөвхөн гомдлын хүрээнд хянах үүрэгтэй бөгөөд энэ нь “гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимтай холбоотой.

27. Энэхүү маргааны хувьд, давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар дүгнээгүй байхын зэрэгцээ зөвхөн хэргийн нэг оролцогч гомдол гаргасан; мөн нэхэмжлэгчээс “маргаан бүхий актуудыг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ уг актуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, актаар тогтоосон төлбөрөөс зарим хэсгийг хассан боловч үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон буюу гомдол гаргагчийн хувьд эрх зүйн байдлыг дордуулжээ.    

28. Үүний зэрэгцээ давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Шүүхийн шийдвэрүүдээр нөхөн олговор 114,294,557 төгрөг мөн, Ж.Батсуурьд шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн олговор 4,014,509 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,385,569 төгрөг, нийт 119,694,635 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжуудад заасан уг дүнгээс эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон хасаж нөхөн олговрыг олгох ёстой байтал Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа шүүхийн шийдвэрээр тогтоосон дүнгээс бус ажлаас халагдаж эгүүлэн тогтоогдсон тухайн ажилтнуудын авах ёстой байсан цалин хөлснөөс уг шимтгэлүүдийг тооцсон нь буруу байна ...” гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт уг дүнг хасч тооцоогүй зэрэг алдаа гаргасан, энэ талаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан “... 2019 оны 31-01\60 тоот актаар тавигдсан нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд төлсөн 11,128,880 төгрөгийг шийдвэрлээгүй орхисон нь шүүхийн дүгнэлт, шүүхийн шийдвэр хоорондоо зөрчилдөж байна” гэсэн гомдол үндэслэл бүхий байна. 

29. Анхан шатны шүүх энэ талаар “... төлбөр тогтоосон 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актад аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил олгогчоос олгох тэтгэмж урамшууллын зардлаас цалин хөлсний нөхөн олговорт дээрх албан хаагчдад нийт 157,327,107 төгрөгийг олгосон гэж, мөн хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хариу тайлбарт  аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад шүүхийн шийдвэрээр нийт 145,539,435 төгрөг олгогдсон ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018-10-08-ны өдрийн 31-03/54 тоот актаар 39,553,308 төгрөг тогтоогдсон ба үлдэх 105,840,127 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон, 2019-12-10-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад шүүхийн шийдвэрээр нийт 145,539,435 төгрөг олгогдсон ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018-10-08-ны өдрийн 31-03/54 тоот актаар 39,553,308 төгрөгийн, 2019-06-28-ны өдрийн 31-01/60 тоот актаар 105,840,127 төгрөгийн тус тус тогтоогдсон, үлдсэн 12,233,672 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон гэж нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас төсөвт учирсан хохирлыг зөрүүтэй дүгнэсэн байна. Сүүлд ирүүлсэн хариу тайлбарт дурдсан шүүхийн шийдвэрээр нийт 145,539,435 төгрөг олгогдсон ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018-10-08-ны өдрийн 31-03/54 тоот актын 39,553,308 төгрөг, 2019-06-28-ны өдрийн 31-01/60 тоот актын 105,840,127 төгрөгийг тус тус хасаж тооцвол, 12,233,672 төгрөг үлдэхээргүй байхын зэрэгцээ актын үндэслэл болсон аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж, цалин хөлсний нөхөн олговрын жагсаалт-д нийт дүн 158,513,694 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын шүүхийн шийдвэрийн нэгтгэлд цалингийн дүн 143,811,361 төгрөг гэж дүгнэгдсэн ...” хэмээн төлбөр тогтоосон актын дүн зөрүүтэй байгааг зөв тогтоожээ. 

30. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж зааснаар хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтын явцад илэрсэн зөрчлийг зөв тогтоох, акт тогтоосон тоо баримтын үндэслэл, төлбөрийг нотлох үүргээ бүрэн хариуцах бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас албан хаагчдад ажил олгогчоос цалин хөлсний нөхөн олговорт нийт хэдэн төгрөг олгосон нь зөрүүтэй тогтоогдсон учраас шүүх маргааны үйл баримт, тооцоололд үндэслэлтэй зөв дүгнэлт хийх боломжгүй байхын зэрэгцээ зарим төлбөрийг нэхэмжлэгч хариуцах ёсгүй, алдаатай болсон талаар хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч буй нөхцөл байдлыг харгалзан маргаан бүхий энэхүү актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэл бүхий байна.

31. Тиймээс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот актыг түдгэлзүүлэх нь зүйтэй байх бөгөөд хариуцагчид анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан асуудлаар нэмж тодруулж, дүгнэлт хийж, дахин акт гаргах шаардлагатай.

32. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 286 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-01/60 тоот актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж; Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2020/0009 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот акт” гэснийг хасч, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                        М.БАТСУУРЬ