Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

*******од холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Хилчинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Ө.Батболд

Шүүгдэгч                                                                   *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2521002430316 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байр, “Хас банк”-тай 204 дүгээр байрны голд байрлах авто зам дээр Тоёота Приус-30 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийг мөргөж, хохирогч *******ийн биед хүнд хохирол учруулсан,

мөн хохирогч *******ийг Тоёота приус-30 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,300,396 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх 4,500,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,840,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогчид 10,734,600 төгрөгийн хохирлыг төлсөн ба хохирогч ******* нь үлдэгдэл хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

5. Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

6. Прокурор Э.Хилчинбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол тодорхойгүй байна. Яг шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн гаргаж өгсөн гомдол нь тодорхойгүй гэдгийг дурдахыг хүсч байна. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохиролоос 3 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг төлсөн байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрээс энэ хэсэгт нь өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

3. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

-Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байр, “Хас банк”-тай 204 дүгээр байрны голд байрлах авто зам дээр Тоёота Приус-30 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийг мөргөж, хохирогч *******ийн биед хүнд хохирол учруулсан, мөн хохирогч *******ийг Тоёота приус-30 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн;  “ ...Тэгээд ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж байгаад Хас банктай байрны баруун талын замаар баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлж тэр доороо ухаан алдсан байсан. Би 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06-07 цагийн үед ухаан орсон бөгөөд одоог хүртэл БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг асуудлын улмаас толгойн баруун хэсэг, нүүр, аарцаг, нуруу, баруун хөлөнд гэмтэл учирсан. Би зам хөндлөн гарахаасаа өмнө зам 2 чиглэлд автомашин ирж байгаа эсэхийг шалгаад 2-3 алхах тэр үед осол болсон. Би шүүгдэгчээс 8,9 дүгээр сарын ор хоногийн мөнгө 1,140,000 төгрөг, эм тарианы 2,494,00 төгрөг, нөхөр ын Дорнод аймгаас Улаанбаатар хот руу ирж, очих замын зардалд 1,000,000 төгрөг, эгч гийн цалингийн зөрүү 2,150,000 төгрөг, 2 ширхэг судас тодосгогч 270,000 төгрөг, 15 хоногийн хоол худалдаж авсан зардалд 450,000 төгрөг, 90 хоног 59,000 төгрөгөөр боолт хийлгэсэн гэж тооцож 5,310,000 төгрөг, 5 эмчид баярласан сэтгэлээ илэрхийлж өгсөн тус бүр 500,000 төгрөг буюу 2,500,000 төгрөг нийт 15,322,900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэн/ 18,216,000 төгрөг бүгд 33,538,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн миний хагалгаа болон эмчилгээ хийлгэхэд 10,734,600 төгрөгийн эм, тариа болон бусад зүйлийг авч өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн; “ ...2025 оны 4 дүгээр сарын 11-ний 00 цаг 50 минутад төрсөн ах маань над руу залгаад “ээж машинд мөргүүлсэн гэнэ ээ, эмээ сая над руу залгаад хэллээ” гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг рүү очиход ээж маань БОЭТ-ийн хүлээн авах тасгийн өрөөнд ухаангүй байдалтай, дусал хийлгээд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-43х/,

-гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар эм тарианы, ийш тийш явах зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгө гээд нийт 4,054,000 төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Цаашид ч хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-45х/,

-Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 5,800,396 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн Оношилгоо эмчилгээний төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс тус тус даатгалын хөнгөлөлттэй авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хх-36х/,

-Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ДОР0725/224 дугаар дүгнэлт /хх-55-57х/,

-Шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар дүгнэлт /хх-47-48х/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-15х/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-20х/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-22х/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-23-25х/,

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-29х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

4. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч *******ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,300,396 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх 4,500,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, хохирогч *******д 10,734,600 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,840,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэл бүхий болжээ. 

7. Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд “ ...2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолд сэтгэл дундуур байна.” ...гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шаарджээ.

Хохирогч ******* нь гомдолдоо шийтгэх тогтоолын аль хэсгийг ямар үндэслэлээр, хэрхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой бичээгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага болон хохирол, төлбөрийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

8. Иймд хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч *******ийн сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.УРТНАСАН

       ШҮҮГЧИД                                                                  С.ГАНЧИМЭГ

                                                                                          Ц.ЭРДЭНЭЗУУ