| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1215/Э |
| Дугаар | 1279 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1279
2018 09 10 2018/ШЦТ/1279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Н.Б, Ж.Э, тэдний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Э, Н.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 170603061308 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Н.Б, Ж.Э нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Скай баарны гадна Б.Ууганбаяр, Б.Батбаатар нарын зүй бус үйлдлээс үүдэлтэйгээр тэднийг зодож, Б.Батбаатарын эрүүл мэндэд хөнгөн, Б.Ууганбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 10 сарын 31-ний шөнийн 02 цагийн орчим найз Мөнхбаяр, Ууганбаяр нарын хамт Скай бааранд орж нэг хүний 2 лааз пиво уучихаад шөнийн 03:55 цагийн орчим гарахад үүдэнд байсан 6-7 залуучуудтай манай найз Ууганбаяр маргасан. Учир нь тэр их согтуу байсан тул хүмүүс рүү агсраад байсан. Би очоод ахын дүү нар больцгоо юу болсон гэсэн чинь улаан куртиктай залуу болох Ж.Э нь чи том биетэй болохоороо дээрэлхэнэ гэж бодоо юу гээд бөөнөөрөө дайрсан. Би нүүрээ хамгаалсан боловч олуулаа байсан учир бүрэн хамгаалж чадалгүй газар унасан. Намайг тал талаас цохиж өшиглөж байгаад тэр залуус баарны үүдэнд байсан приүс 30 маркийн машинд суугаад зугтаасан. Тэд нартай нэг эмэгтэй хамт явж байсныг манай найз Мөнхбаяр бариад үлдсэн байсан. Цагдаа дуудчаад хүлээгэд зогсож байхад хашааны хаалгаар 3-4 залуу буцаж орж ирэхээр нь би “та нар намайг зодоод миний утсыг авчихсан байна. зүгээр ахдаа гаргаад өгчих” гэхэд уучлаарай ахаа гэж ирэхээр нь утас буцааж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон чинь дахиад тал талаас цохьсон. Яасан овоо цагдаа дууддаг пизда вэ гээд нүүр рүү цохиод байсан. Газар гараараа тулсан байхад зүүн талаас нэг нь их хүчтэй цохьсон. Тэр үед миний нүд бүлтэрч гарж ирсэнийг гараараа дараад баар руу цусаа гойжуулаад зүтгэж орсон гэх мэдүүлэг. /XX- ийн 26-34/
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:
Э намайг мөргөсөн. Тэгээд хамраас цус гараад тонгойход өшиглөсөн. Тэгэхэд миний нүд бүлтрээд гараад ирэхээр нь алгаараа дараад хийсэн. Ж.Эаас 5 сая төгрөг авсан. Цаашид гомдол нэхэмжлэх зүлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 140/
Хохирогч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 10 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Скай баарнаас гарч яваад гадна байсан залуучуудын нэгэнтэй санамсаргүй байдлаар би мөргөлдөөд маргаан эхэлсэн. Гэнэт нэг нь миний зүүн шанаа руу цохиод авсан. Цохиулаад би нүүрэндээ 2 гараа наагаад хамгаалаад доошоо тонгойтол нүүр нүдгүй өшиглөөд цохьсон. Бөөнөөрөө өшиглөөд зодоод байсан. Газар унаад босож ирээд дахин унаад зодуулаад байсан гэх мэдүүлэг. /ХХ-ийн 35-41/
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:
Бын эхний цохилт нүүр рүү орж ирэхэд нь би ямарч хөдөлгөөнгүй нүүрээ дараад доошоо тонгойгоод зодуулсан. Бын цохилт яг нүүрэнд орж ирснийг мэдэж байна. Надад Боос нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед газар унаж босч байхад миний баруун гарын сарвуунд гэмтэл учирсан юм шиг байсан. Энэ гэмтлүүдийг Б учруулсан. Миний хувьд өөрийн буруугаа ойлгож, зөвшөөрч байна. Хийсэн зүйлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 140/
Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 10 сарын 30-ний орой 23 цагийн үед уулзаад машиндаа сууж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад Sky бааранд орсон. Бааранд ороод хүний 1,1 шил пиво захиалж уугаад бүжиглэж байгаад гарцгаасан.Ингээд бид нар баарнаас гарч явсан чинь манай эмэгтэй найз Одонцэцгийг гачин гичий дагуулчихсан явж байна. Залуучуудыг нь зодчихоод хүүхнийг нь дагуулаад явъя гэж туранхайвтар залуу нь эхэлж хэлсэн. Тэгсэн хажууд нь зогсож байсан арай том биетэй барилддаг залуу нь та нарыг зодсон байхад яах юм бэ гээд басамжилсан байдалтай ярьж байсан. Тэгхээр нь бид нар зодолдохгүй, асуудал үүсэгмээргүй байна гэсэн чинь туранхайвтар залуу нь гартаа пивоны шил бариад Быг цохих гэж оролдоод оноогүй. Дараа нь цаашаа Эгын духанд нь цохьсон чинь манай найз Даваа голоор нь ороод пивоных нь шилийг авч хаясан. Тэгээд намжаад байж байтал нөгөө талын 2 залуу ахиж зодоон эхлүүлээд Эг шилээр цохьсон залуу хагарсан пивоны шил барьж дайрсан. Тэгэхээр нь манай талаас одоо болъё гэж гуйсан. Нөгөө талаас бас 1 залуу нь манай 2 найз согтуу байна болъё гэж хэлсэн. Ингээд зодоон болоод манай Б Э 2 нөгөө талын 2 залуутай зодолдоод байсан. Яг хэн нь хэнийгээ цохьсоныг мэдэхгүй байна. Энэ зодоон болохын өмнө Б Э 2 та нараас зөндөө гуйсан шүү гэж хэлээд зодолдсон. Нөгөө том биетэй залуу та нарыг шоронгын хадаас болгоно гээд орилоод байсан. Нөгөө талаас зодоонд оролцоогүй залуу том биетэй залуугаа манай энэ найз гайгүй ээ нөгөө залуу нь яаж ч мэдэх гар шүү гээд байсан. Эсрэг талын 2 согтуу залуу энэ маргааныг эхлүүлсэн бөгөөд тэр 2 залуу нилээн муудсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 45/
Гэрч Г.Даваагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би тэр өдөр найз Б, Э, Мөнхбат, Даваажаргал, Одонцэцэг нарын хамт Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах SKY бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Бааранд орхоосоо өмнө 1, 1 пиво уусан. Одонцэцэг бид 2 огт уугаагүй. Ингээд бааранд ороод 1 шил 0.5л архи 1, 1 пивотой захиалж уугаад гарсан. Б, Одонцэцэг, Даваажаргал бид 3 тамхи татаж үлдээд Э Мөнхбат 2 такси дуудахаар замруу явсан байсан. Э Мөнхбат 2 такси зогсоочихлоо бид нарыг явъя гээд буцаад хүрээд ирсэн чинь баарнаас 3 залуу гарч ирж таарсан. Ингээд гарч ирэхдээ сүүлд нэрийг нь мэдсэн Батбаатар гэх залуу Одонцэцэгийг хараад юу ч дуугарахгүйгээр инээсэн. Тэгсэн хажууд нь байсан Ууганбаяр гэх залуу Батбаатартаа хандаж бид нарын хажууд гөлөгнүүдийг нь зодчихоод гичийг нь аваад явчихъя гэж хэлсэн. Тэгсэн манай хүмүүс сонсоод Б тийм юм байдаггүй байхаа. Эмэгтэй хүнийг тэгэж хэлж болохгүй гэсэн чинь хэсэг хугацааны дараа хүн гардаг хаалганы тийшээ баарнаас сүүлд гарч ирсэн 3 залуу алхаад хааганы хажууд очоод та нар хүрээд ир ийшээ гараад уулзая гэж хэлсэн. Ингээд Э за болъёо хөгшөөн бид нар такси хүлээлгэчихсэн явлаа гээд машин гардаг хаалганы тийшээ алхаж явсан чинь араас ирээд Батбаатар нь дээрэлхэсэн байдалтай та нар дуудхаар ирдэггүй юм уу дүү нар гэж хэлсэн. Ууганбаяр Батбаатарыг манай найз аймгийн харцага цолтой гэж байсан санаж байна. Ингээд сүртэй маргалдалгүйгээр юм яриад зогсож байсан чинь Ууганбаяр нь Быг гарт барьсан байсан пивоны шилээр цохих гэж далайгаад цохьсон чинь Б хойшоо ухраад хажууд нь байсан Эгын толгойг оносон. Тэгсэн чинь Э цохиулчихлаа гээд хойшоо ухрахдаа би та нарт хэлсэн шүү зүгээр салъя гэж гээд орилсон чинь Ууганбаяр Быг хөөгөөд өшиглөөд бүгд ийш тийшээ тарсан. Тэгээд бөөн зодоон болсон. Батбаатар Бын бөгсрүү нь амбаардаж өшиглөж байгаа харагдсан. Ууганбаяр гартаа хагархай пивоны шил барьсан байсан. Би Ууганбаярын гарыг араас нь бариад пивоны шилийг нь аваад газар хаяуулчихаад Ууганбаяр, Батбаатар хоёртой хамт явж байсан залуу дээр очоод чи найзуудыгаа аваад яв наад 2 чинь хүн аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд найз нь Батбаатар, Ууганбаяр хоёрыг аваад салсан. Ингээд бид нар такси бариад явсан чинь удалгүй Одонцэцэг залгаад энэ 2 залуу чинь намайг явуулахгүй байна ш дээ гэж хэлхээр нь буцаж очсон. Буцаж очиход Батбаатар нөгөө нэрийг нь мэдэхгүй найзтайгаа, Одонцэцгийн хамт зогсож байхаар нь би Одонцэцгийг явъя гэж хэлсэн чинь цүнх байхгүй байна гэж Одонцэцэг хэлсэн бөгөөд Одонцэцгийн цүнхийг нэрийг нь мэдэхгүй найз нь бариад зогсож байсан. Тэгхээр нь би цүнхийг нь татаж авсан чинь Одонцэцэг та нар ингээд хаяаад явчихдаг юм уу гээд түрүүлээд яваад өгсөн. Мөнхбат бид 2 Одонцэцгийг аргадах гээд явсан. Ингээд Одонцэцэгтэй уулзчихаад буцаад ирсэн чинь бүгд баарны гадаа байхгүй цагдаад баригдаад ирсэн байсан. Одонцэцгийн араас явсанаас хойш юу болсоныг мэдэхгүй байна. Батбаатартай Э зодолдсон бөгөөд яг хаана нь яаж цохьсоныг хараагүй. Харин тэр Ууганбаяр нь орилоод гүйгээд байсан болохоор би очиж шилийг хаяуулсан. Ууганбаяртай Б хөөцөлдөөд тэр 2 зодолдсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 28-ний өдрийн 1262 дугаартай:
Б.Батбаатарын бие дэх зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Батбаатарын биед зүүн нүдний алимны доргилт гэмтэлтэй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 68-69/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 13684 дугаартай:
Б.Ууганбаярын биед баруун сарвууны 5-р хурууны хугарал, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75/
-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9-13/
-хохирол 2.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 14/
-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 78-98/
Шүүгдэгч Ж.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... Баарнаас гараад найз болох Одонцэцэгийн хамт такси барих гээд явж байхад хажуугаар 2-3 залуу үг хэлээд байсан. Манай найз нар бөөгнөрсөн байхаар нь би буцаад очоод юу болоод байгаа талаар асуугаад зогсож байтал Ууганбаяр үгийн зөрүүгүй миний духан дээр пивоны шил хагалаад Бын араас хагархай шилээ бариад хөөсөн. Би босоод ирхэд Мөнхбаяр гэх залуу манай найз нарын буруу уучилаарай гэхээр нь би за найз нараа аваад яв гэхэд Батбаатар намайг барьж аваад над руу гар далайхаар нь би өмнө нь шилээр цохиулсан байсан болохоор биеэ хамгаалаад өөдөөс нь нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиход Батбаатар унасан. Тэгээд Мөнхбаяр гэх залуу цагдаа дуудсан. Би Ууганбаяр гэх залууд бол огт хүрээгүй. Ууганбаяр манай найз Бтой хөөцөлдөөд цаашаагаа явсан. Яг юу болсоныг бол хараагүй. Би Батбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа Батбаатартай эвлэрч хохирол гомдол саналгүй болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 155/
Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
Тухайн үед баарнаас гараад найзуудтайгаа тамхи татаад зогсож байхад үл таних 3 залуу гарч ирээд банди нарыг нь зодчихоод гичийг нь аваад явчихая гэсэн. Тэрнээс болж маргаан үүссэн. Ууганбаяр гэх залуу намайг цохих гээд байсан. Эг пивоны шилээр толгойг нь цохьсон. Тэгээд би бариад авахад пивоны хагархай шилээр цохих гээд хөөсөн. Цаашаагаа гүйж байгаад би Ууганбаяртай зодолдсон. Толгой нүүр хэсгүүд рүү нь цохьсон. Намайг ч мөн цохьсон. Тэгээд Ууганбаяр надтай ноцолдож байгаад газарт унасан. Намайг манай найзууд салгаж авсан. Ууганбаярт надаас өөр гар хүрсэн хүн байхгүй. Би л зодсон. Ууганбаяр бид хоёрыг зодолдож байх үед Э Батбаатар гэх залуутай зодолдоод байх шиг байсан над руу бол ойртоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 157/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Н.Б, Ж.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 108-109/, Баянзүрх дүүргийн 17 болон 22 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 125-126/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167, 175/, Н.Б, Ж.Э нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 162-175/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ж.Э нарыг холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй байна.
Хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгүүдээр шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Ууганбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Батбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож тухайн гэмт хэргүүд нь тус тусдаа үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг нь нэг үйл байдлаас үүсэж тодорхой хүрээлэлд, мөн тодорхой этгээдүүдийг хамарч өрнөсөн байх ба энэ байдлыг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Батбаатарын биед, шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Ууганбаярын биед хүрч зодолдоогүй нь мэдүүлэгүүдээр тогтоогдсон болно.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Ж.Э, Н.Б нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2017 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Скай баарны гадна шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Ууганбаяртай зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Батбаатартай зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогч нарын бусдыг басамжилсан үйлдэл нөлөөлсөн байгаа оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй.
Хохирогч Б.Батбаатар, Б.Ууганбаяр нарт учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйгээ илэрхийлж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Б, Ж.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Э, Н.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож , шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Адуучин Иш овогт Жамъянсүрэнгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч Ж.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Э, Н.Б нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Ж.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ