| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0325/Э |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогч *******
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /цахимаар/
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2421003150305 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1974 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Дорнод аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 17 километр зайд байх “Чулуут” гэх газарт А0502 замд Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Исузу” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 63 846 787 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч д 123 600 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 2 013 147 төгрөг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******од 61 710 640 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******ын өмгөөлөгчийн зардал 4,133,784 төгрөг, иргэний нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлээс 394,330 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний нэхэмжлэгч , нар нь олох ёстой байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин орлого, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* нь журмын хашааны төлбөр болон ачилтын зардалд нийт 14,300,000 төгрөг, “Монгол даатгал” ХК нь 204,613,360 төгрөгийн нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 16 750 830 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Найр наадамд явсан болохоор нөхөр согтууруулах ундаа хэрэглэж эхнэр болох би машин барьсан юм. Өөрийн ур чадваргүй, сандарсан үед зөв арга хэмжээ авч чадаагүйгээс бусдад гэмтэл учруулж, ханиа үхэлд хүргэсэн буруутай. Гэнэт учирсан энэ осол гай бидэнд маш хүндээр тусч, яах ч учраа мэдэхгүй байсан. Өмгөөлөгч маань хот шилжчихсэн сайн ярилцаж чадаагүй. Хуралд юу юу ч үгүй орсон. Би юу хэлэхээ ч мэдэхгүй байсан. Хохирол төлбөр хэнд ямар мөнгө өгөхөө ч мэдэхгүй байсан. Их л хохирол гэхээс өөр юм толгойд орж ирээгүй.
Шүүхээс хорих ял оногдуулсан, миний ар гэрт өндөр настай ээж минь хүүхдүүдтэй минь хоцорлоо. Ээж минь бие муутай, бараа болохоос цаашгүй. Нэг охин хотод сурдаг оюутан, 8 настай хүү, 7 настай охин нар минь миний гар дээр үлдсэн. Аймагт хүүхдүүд сургуульд орсон. Төв газар байвал мөнгө олох нь дээр юм уу гэж бодож энд байр түрээслэн суудаг. Ажил олдохгүй такси үйлчилгээнд явж хоолоо залгуулдаг. Ханийхаа амь насаа алдахад хүргэсэн буруутайдаа өөрийгөө буруутгаж үр хүүхдийнхээ өмнө буруутан болсон би учраа олохгүй л байна.
Өмгөөлөгчийн хэлснээр хохирогч иргэдэд болон Эрүүл мэндийн даатгалд хохирол төлсөн, гэхдээ дутуу байгаа. “Сүү” ХК-д их хэмжээний хохиролтой цаашид ч их хэмжээний хохирол гарч ирнэ гэдгийг ойлгож байгаа.
... Хамгийн хэцүү юм бол учир мэдэхгүй 2 жаахан охин, хүү 2 минь гэнэт аавгүй болж, ээж нь шоронд явж дэргэд нь байхгүй болсон явдал хүндээр тусч байгааг сонсоод зүрх минь шимширч байна.
Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Бараг бүтэн өнчирч буй 2 хүүхдээ сэтгэлийн гансрал өнчрөлд оруулахгүй дэргэд нь харагдаж байхыг бодож байна. Хохирсон компанийн хохирлыг олсон бүх орлого мөнгөөрөө төлж барагдуулна. Хагас өнчин үлдсэн 2 хүүхдийг минь бодож хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би сандарсан үедээ зөв арга хэмжээ авч чадахгүй осол гаргасандаа харамсаж байна. Би ослын дараа хэдэн сар дараалан эмчилгээ хийлгэж хэвтсэн. Нөхрөөсөө 50 гаруй сая төгрөгийн зээлтэй, өртэй үлдсэн. Би ямар ч байсан ажил хийж, нэмэлт орлого олж хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна.” гэв.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би *******ийн хүү нь байгаа юм. Авто ослоос болж аавыгаа алдсан. Ээж минь хүртэл хоригдох болсон. Надад гомдол санал байхгүй. Та бүхнээс уучлалт гуйж байна. Ээжийг минь уучилж өгөөч. Энэ хугацаанд дүү нар минь аав, ээжийгээ нэхээд их хэцүү байлаа. Би ч гэсэн ээжийнхээ нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүй хохирол мөнгөнөөс төлж чадахгүй ийм байдалд хүргэчихлээ. Ээжид минь тэнсэн харгалзах ял оноож өгнө үү гэж хүсч байна.” гэв.
8. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би *******ийн найз нь байгаа юм. Тэр аймшигт ослоос болж миний найз өрх толгойлсон эх болж үлдсэн. Шүүх хуралдаан дээрээс шууд цагдан хоригдсон. Гэрт нь бага насны хоёр хүүхэд үлдсэн. Тиймээс оюутан эгч нь хичээлдээ явж чадахгүй хоёр дүүгээ харж үлдсэн. Хоригдож байх хугацаандаа ар гэртээ маш их санаа зовсон. Даралт нь 200-аас буухгүй байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
9. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 61 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1 сая гаруй төгрөгийг л төлж барагдуулсан байгаа. ... Одоо байгууллагад нийт 60 000 000 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэв.
10. Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын мөнгийг л өгчих юм бол өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
11. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс *******т 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Яагаад гэхээр тухайн үед хохирол, төлбөр огт төлөөгүй байсан. Тиймээс хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Түүнд оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалтай тохирч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Дорнод аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 17 километр зайд байх “Чулуут” гэх газарт А0502 замд Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Исузу” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч , , иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, гэрч , , , нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8879 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9005 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9006 дугаартай, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 476 дугаартай, техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08/06 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
7. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас түүний гэр бүлийн хүн нь нас барсан, бага насны 2 хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлоо төлсөн, цаашид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “... Надад гомдол санал байхгүй. Та бүхнээс уучлалт гуйж байна. Ээжийг минь уучилж өгөөч ...” гэх, хохирогч *******ийн “... Би *******ийн найз нь байгаа юм. ... тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү ...” гэх, иргэний нэхэмжлэгч “Сүү” ХК-ийн төлөөлөгч *******ын “... Хохирлын мөнгийг л өгчих юм бол өөр нэхэмжлэх зүйлгүй ...” гэх тайлбарууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг өөрчлөн түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас “Сүү” ХК-ийн эд хөрөнгө буюу УАВ улсын дугаартай Исүзү маркийн тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэн хохирол учирсны улмаас тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1309 дугаартай албан бичгээр *******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. /1хх 66/
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох байтал байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байгааг зөвтгөх нь зүйтэй.
9. Иргэний нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгохдоо тооцооны алдаа гаргасныг залруулах шаардлагатай байна. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд 2 500 000 төгрөг, замын зардал 136 800 төгрөг, 1 сарын цалин хөлс 1 687 000 төгрөг, нийт 4 323 800 төгрөг, иргэний нэхэмжлэгч нь замын зардал 136 800 төгрөг, 2 сарын цалин хөлс 6 200 000 төгрөг, нийт 6 336 800 төгрөг тус тус нэхэмжилжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ийн нэхэмжилсэн хохирлоос 2 013 147 төгрөг, ийн нэхэмжилсэн хохирлоос 123 600 төгрөг тус тус гаргуулахаар, мөн цалин хөлс, олох байсан орлоготой холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэвч иргэний нэхэмжлэгч нарын хохирлоос зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооны алдаа гаргасныг зөвтгөж, иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжлэлээс 622 653 төгрөг, ийн нэхэмжлэлээс 13 200 төгрөг, нийт 636 853 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
10. Анхан шатны шүүх нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахдаа уг ялыг хэдий үеэс эхлэн тоолохыг шийтгэх тогтоолд тусгаагүй байх тул мөн нэмж оруулах нь зүйтэй байна.
11. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө “Сүү” ХК-д 1 710 640 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1 892 036 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 123 600 төгрөг, т 2 013 147 төгрөг, нийт 5 739 423 төгрөгийг төлснийг дурьдах нь зүйтэй.
12. Шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг өөрчилж, тэнсэж хянан харгалзсан тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
4 дэх заалтын “...иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******од...” гэснийг “...Сүү ХК-д ...” гэж, “ ... 394 330 ...” гэснийг “... 636 853 ...” гэж тус тус өөрчилж,
3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн заалтыг тогтоолд нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 77 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч “Сүү” ХК-д 1 710 640 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1 892 036 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 123 600 төгрөг, т 2 013 147 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ