Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01217

 

 

 

.....-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00788 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ....-д холбогдох түрээсийн төлбөрт 700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .....-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- нь ....-ыг гэр оронгүй үед нь сэтгэл гаргаж өрөөгөө хөлсөлсөн боловч төлбөрийг төлөөгүй. Сард 100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон 7 сарын төлбөр 700,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.....- нь 2019 онд Туркийн компанид ажиллаж байхад манайд амьдар, гэртээ ганцаараа амьдардаг гэсэн санал тавьсан тул гэрт нь амьдарсан. Хамт амьдрахад таарамжгүй харилцаа үүсч дуугарсангүй гээд цохьсон тул гэрнээс нь явсан. 2-3 сарын хугацаанд амьдарсан. Тухайн үед охин төрөх гээд гэрээс нь явсан. 2019 оны 03 дугаар сард очоод мөн оны 07 дугаар сард явсан. Нэг өрөөг 100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцоогүй. .....-ы гэрээс хувцасаа авч чадаагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар ....-аас 700,000 төгрөг гаргуулах тухай .....-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч .....-ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ....-ыг өөрийн гэрт сарын 100,000 төгрөгөөр амьдруулахаар тохирсон боловч төлбөрийг төлөөгүй. Манай гэрт ....- хэдэн сар амьдарсан, түрээсийн төлбөрт хэдэн төгрөг өгөхөөр тохирсныг мэдэх гэрчүүд байгаа тул гэрчээр оролцуулмаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

.....-ы гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Түүний гэрт 2-3 сарын хугацаанд амьдарсан. Миний хувцас түүний гэр байгаа тул хувцасаа авмаар байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч ....-д холбогдуулан түрээсийн төлбөрт 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч .....-д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, хариуцагч ....-д мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн талаар баримт хэрэгт авагдсан байна. (хх-ийн 12)

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч .....-аас энэ талаар тодруулахад ...эрх үүргээ сайн ойлгоогүй, баримтад гарын үсэг зуруулсан... гэж тайлбарласан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулах ажиллагааг шүүх хийхдээ хэргийн оролцогчийн нас, эрүүл мэндийн байдал зэргийг анхаарч эцэст нь ойлгосон эсэхийг тодруулах шаардлагатай. Хэдийгээр хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан талаар баримт авагдсан хэрэгт хэдий ч талууд эрх үүргээ хэрэгжүүлж бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 21,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ