| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/0295/Э |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Өлзийбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр
Хохирогч, иргэний хариуцагч *******
Хохирогч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2521004970307 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*******” дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 4, ээж, ах, хүүхдийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: /
2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой 1900 цагийн үед Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Ар хоолой” гэх газарт Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.4б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.9з-д “өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил, 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнсэж хянан харгалзах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******гээс оршуулгын зардалд 821,513 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролд 237,600,000 төгрөг, нийт 238,421,513 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.
5. Иргэний хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс ******* намайг өөрийн тээврийн хэрэгслээ бусдад дамжуулснаас зам тээврийн осол гарч улмаар хохирогч нас барсан учир сэтгэл санааны хохирлын 50 хувийг хариуцах ёстой гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би тэр үед архи уучихсан байсан болохоор ******* машин бариад явсан. Ямар шалтгаанаар аваар, осол болсныг тэр үедээ мэдээгүй. Сүүлд мэдэхэд хохирогч нь *******гийн жолооноос татаад аваар болсон гэдгийг мэдсэн.
Ажил явдлын үеэр би хохирогчийн ар гэрт оршуулганд зориулж мөнгө өгсөн. Мөн *******гээр дамжуулж мөнгө өгсөн. Аваар осол болоход би юу ч мэдээгүй, ямар нэгэн буруу зүйл хийгээгүй учраас би сэтгэл санааны хохиролд мөнгө төлөх ёсгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн “... Иймд амь хохирогч ийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг ... шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэв...” гэсэн дүгнэлтийг иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т заасан хэм хэмжээнээс харахад “Сэтгэцэд учирсан гэм хор”-ын хохирлыг тухайн хохирогчид гэм хор учруулсан этгээд хариуцах ёстой байна. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т тус тус зааснаас харахад гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцан төлөх үүрэггүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, *******од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний хариуцагчийн хариуцах хэсгийн талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд анхан шатны шүүхээс иргэний хариуцагчийн хариуцах хэсгийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Ерөнхий агуулга зарчмын хувьд гэм хор учруулсан этгээдээс хариуцлага нэхэхээр хуульчилсан байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахаар зааж өгсөн. Мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт эзэмшигч буюу өмчлөгч хариуцахаар тодорхой заасан байдаг. Гэхдээ яг ямар хохирол гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. “Бусдын амь нас хохирсон бол” гэж тодорхой заасан. Үүнээс харахад амь нас хохирсон бол оршуулгын зардал, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн хэсгийг хариуцахаар зааж өгсөн. Сэтгэцэд учирсан хохирлын талаар хуульд сүүлд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн хэсэг. Яг хэн энэ хэсгийг хариуцах талаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Ингэхдээ шууд гэм хор учруулсан этгээд хариуцахаар хуульчилсан. Тэрнээс биш иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээд тухайн сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах талаар хуульд тусгаагүй байна. Иргэний хариуцагчийн хувьд оршуулгыг зардалд тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Гэхдээ 100 хувь хариуцахад бэлэн гэдгээ илэрхийлдэг. Гэсэн ч сэтгэцэд учирсан хохирлыг төлөх шаардлагагүй гэдэг. Тиймээс хувь тэнцүүлэн хариуцуулж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Гантогтоход холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ер нь бол энэ хэрэгт одоо ч гэсэн гомдолтой байна. 8 настай охин нь над дээр үлдсэн. Өөр хэлэх зүйл алга.” гэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуульд гэмт хэргийн улмаас бүтэн өнчин үлдсэн бол сэтгэцэд учирсан хохирлыг хоёр дахин ихэсгэж төлүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу шүүгдэгч, иргэний хариуцагч нараар төлүүлсэн. Энэ нөхцөл байдлыг манай талаас хүлээн зөвшөөрч байгаа. Харин давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг дурдсан байсан. Гэм хор учруулсан этгээд гэдгийг зөвхөн гэм буруутай этгээдээр хязгаарлаж ойлгох нь буруу гэж үзэж байна. ... Гэм хор учруулсан этгээд гэдэгт гэм буруутай *******гээс гадна гэм буруугүй боловч хор уршгийг хууль ёсоор хариуцах ёстой этгээд хамаарч байна гэж харж байгаа. Бусдын эрх ашиг, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй хор уршиг учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй гэж хуульчилсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй талаар дурдсан. Яг өөрөө гэмт хэргийг үйлдээгүй хэдий ч хуулиар гэм буруутайд тооцохоор тогтоосон. ... Гэм буруугүй боловч хуулиар заасан хариуцагч нар сэтгэцийн гэм хорыг нэгэн адил хамаарч төлөхөөр ойлгож болохоор байна. Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь тухайн эд зүйлийн онцлогоос хамаарна. Яагаад гэхээр тээврийн хэрэгсэл нь өөрөө бусдын амь насанд халдах өндөр эрсдэлтэй зүйл юм. Гантогтохын хувьд өөрийн үүрэг хариуцлагаа зохих ёсоор гүйцэтгээгүй. Өндөр эрсдэлтэй тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд хариуцуулсан. Жолоочийн цусанд шинжилгээг тухайн цаг хугацаанд хийгээгүй учраас ямар зэргийн согтолттой байсан нь мэдэгдэхгүй хэвээр үлдсэн. Гэхдээ өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ илэрхийлсэн. ... Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
9. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн үйл баримтын хувьд маргасан зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Гантогтохын өмч болох нь бүрэн нотлогддог. Мөн иргэний хариуцагч өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас *******гээр машинаа бариулсан талаараа өөрөө мэдүүлдэг. Энэ нь осол гарах болсон шалтгааны нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хохирол 237 сая төгрөгийг иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүрээнд хэргийг хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
4. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ийн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийсэн байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6. Иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг зөвхөн гэм хор учруулсан этгээд хариуцах ёстой байтал гэм хорын 50 хувийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч болох иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас амь хохирсон хохирогчийг оршуулахтай холбоотой зардал болон амь хохирогчийн бүтэн өнчин үлдсэн хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоож, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Гэвч шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт амь хохирогчийн оршуулгын зардалд 821 513 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох 237 600 000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн хариуцуулахаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт утга агуулгын хувьд зөрүүтэй байдлаар бичсэнээс гадна хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн тухай тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй болохыг тус тус зохицуулсан.
Иргэний хуульд заасан гэм хорын эрх зүйн зохицуулалтууд нь гэм буруутай, хууль бус үйлдлийн улмаас хариуцлага хүлээх асуудлыг зохицуулахаас гадна бусдад аюултай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан бол үйлдэл хууль бус эсэхээс, мөн гэм буруутайгаас үл хамааран хариуцлага тооцох, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг агуулж байдаг.
Тухайлбал, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг зорчигч болон ачаа тээврийн автомашин, галт тэрэг, агаарын тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлд хэрэглэх ба замын хөдөлгөөний бусад оролцогсдын эрх ашгийг холбогдох этгээдийн гэм буруугаас үл хамааран хамгаалахад чиглэсэн байдаг бөгөөд эрхийн зөрчил нь тээврийн хэрэгсэл ашиглаж буй үйл явцтай орон зай, цаг хугацааны хувьд шууд шалтгаант холбоотой байдаг.
Дээрх байдлаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилсон, шилжүүлэн өгснөөр тухайн этгээд ашиглах боломжийг нээн өгсөн гэм буруутай бол уг гэм хорыг өөрөө хариуцах үүргийг хүлээлгэсэн зохицуулалт юм.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-т тус тус зааснаар зөвхөн гэм хор учруулагчаар хязгаарлахгүйгээр иргэний хариуцагч ******* тухайн нөхцөл байдалд гэм буруутай эсэхээс үл хамааран гэмт хэргийн улмаас бүтэн өнчин үлдсэн хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчийн нэгэн адил хариуцах үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
9. Дээрх үндэслэлээр иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад хууль хэрэглээний болон утга найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг
“6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс оршуулгын зардалд 821 513 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 118 800 000 төгрөг буюу нийт 119 621 513 төгрөгийг, иргэний хариуцагч *******оос сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 118 800 000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН