Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/00870

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2026/00046/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, Т.Б-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1992-1995 онд Анагаахын Ухааны Дунд сургуулийг Бага эмч, сувилагч мэргэжлээр суралцаж, 1995 оны 07 дугаар сард төгсөөд, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Эрүүлжүүлэх баривчлах байрны дадлагажигч эмчээр ажилд орсон. Уг хугацаанаас хойш 2006 он хүртэл буюу Цагдаагийн ахмад цол авах хүртлээ ажилласан. 2006 оны 07 сараас дутагдлаар ажлаас халагдсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил тогтоогдохгүй байх тул шүүхэд хандсан. Цагдаагийн байгууллагад ажилласан 13 жил, 04 сар, 17 хоногийн хугацааг сэргээн тогтоолгож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрч асуулгах хүсэлт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхийн журмаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, З.Э, Р.Г, Ц.Д нараас гэрчийн мэдүүлэг, Цагдаагийн Ерөнхий газрын төв архиваас Дархан-Уул айгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 1995 оны 07 сарын 17-ны өдрийн 112 дугаартай тушаал, 1996 оны 03 сарын 18-ны өдрийн 45 дугаартай тушаал, 1996 оны 07 сарын 14-ний өдрийн 142 дугаартай тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 06 сарын 27-ны өдрийн 282 дугаартай тушаал зэргийг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч Т.Бын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.   Хүсэлт гаргагч Т.Б нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, Баривчлах байрны эмчээр 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.

 

4. Хүсэлт гаргагч Т.Б нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, Баривчлах байрны эмчээр дадлагажигч эмчээр ажиллаж байсан хугацааны ажилд орсон гарсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 1995 оны 07 сарын 17-ны өдрийн №112 дугаартай тушаалд ... Төрбадрах овогтой Басбаяр нарыг 1995 оны 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Эрүүлжүүлэх баривчлах байрны эмчийн дадлагажих ажилтнаар 3 сарын хугацаатай томилсугай ... гэх бичилт, 1996 оны 03 сарын 18-ны өдрийн 45 дугаартай Т.Быг эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр томилох тухай тушаал, 1996 оны 07 сарын 14-ний өдрийн 142 дугаартай Зарим алба хаагч нарыг сайшаан баяр хүргэх тухай тушаалд ... үлгэр жишээ сайн хийж ажилласан ... а/ч Т.Б ... нарыг цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн А-д заасны дагуу тушаалаар баяр хүргэж сайшаан хувийн хэрэгт нь тэмдэглэсүгэй ... гэх бичилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 06 сарын 27-ны өдрийн 282 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох, сахилгын шийтгэл оногдуулах, цол бууруулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоох, буцалтгүй тусламж олгох тухай тушаалд ... цагдаагийн ахмад Т.Б .... энэ оны 06 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас дутагдлаар халж ... гэх бичилт, гэрч З.Э өгсөн ....Т.Б гэдэг залуутай Дархан хотын Цагдаагийн газарт хамт ажиллаж байсан. Т.Б нь 1995 оны 08 дугаар сард Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны цагдаагийн туслах ажилтнаар ажилд орж байсан... гэх мэдүүлэг, гэрч Р.Гантулгын өгсөн ..1995 оноос 2006 оны 07 дугаар сар хүртэл Т.Б нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчээр надтай хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Д ... Т.Бтай 1995 оны 07 сараас эхлэн Дархан хотын Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмчээр хамт ажиллаж эхэлсэн. ... Би тухайн үед эрүүлжүүлэх байрны даргаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Т.Быг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт Эрүүлжүүлэх баривчлах байрны дадлагажигч ажилтнаар 1995 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт Эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоож, түүний гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Бнь Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт Эрүүлжүүлэх баривчлах байрны дадлагажигч ажилтнаар 1995 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА