Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2026/00486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Х*******н Ц******* /РД:*******/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Д******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Х*******ын бодын хэсэгт саальчнаар ажилласан. Сангийн аж ахуй 1992 оны 01 дүгээр сарын 01-нд нэрээ өөрчилж, Х******* компани болсон бөгөөд би тус компанид 1993 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Х******* компанийн баримт бичгийг шүүлгэн үзэхэд миний ажиллаж байсантай холбоотой ямар ч баримт олдоогүй. Одоо тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сар хүртэл ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 272 тоот тодорхойлолт, Б.Н*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.А*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 248 тоот Ажилд авах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1992 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б.Н*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Тангад овогт Х*******н Ц******* /РД:*******/-ийн анх ХААТР-1, хаягийн хуудас №7 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн талаарх холбогдох баримтыг, Сэлэнгэ аймгийн Төрийн архиваас тус архивт Номгон сангийн аж ахуй, Х******* ХК-ийн баримт байгаа эсэх лавлагааг, хэрэв байгаа бол хүсэлт гаргагч Тангад овогт Х*******н Ц******* /РД:*******/-ийн мал маллаж байсантай холбоотой бүх баримтуудыг гаргуулж, Б.Н*******оос гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

2. Хүсэлт гаргагч Х.Ц******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хүсэлт гаргагч Х.Ц******* нь Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Х*******ын бодын хэсэгт саальчнаар ажиллаж эхэлсэн. Сангийн аж ахуй 1992 оны 01 дүгээр сарын 01-нд нэрээ өөрчилж, Х******* компани болсон бөгөөд би тус компанид 1993 оны 12 дугаар сар хүртэл ажилласан боловч архивт тушаал хадгалагдаагүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тухайн хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа учраас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

4. Хүсэлт гаргагч Х.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг оршин суугаа газрынхаа шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Х.Ц******* нь Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 248 тоот тушаалаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар томилогдож, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Х******* ХК-д саальчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 248 тоот тушаал, Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1992 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот тушаал, хүсэлт гаргагч Х.Ц*******гийн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, гэрч Б.Н*******ийн ...Миний бие 1990 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд мал дээр гарч байсан. Сайхан сумын Х******* хэсэгт амьдардаг хэдэн малчид 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х******* ББХК-д малчнаар орж ажилласан. Миний бие 1993 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1 жилийн хугацаанд цэргийн алба хаагаад 1994 оны 5 дугаар сард халагдаж, буцаад нутагтаа очоод одоог хүртэл мал маллаж байна. Намайг цэрэгт байх хугацаанд Х******* ББХК татан буугдаад малчдад малаа хувьчлалаар тарааж байсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

6. Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай Журам батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам-ын 2.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын 2.2 дахь заалтуудад тус тус зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнө ажилласан хугацааг тооцохдоо хөдөлмөрийн дэвтрийг үндэслэх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт тухайн хүний овог, нэр, төрсөн он, эрхэлж байсан ажил, албан тушаал, ажилд орсон, ажлаас ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаарыг засваргүй, үнэн зөв бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулах шаардлагыг хангаагүй тохиолдолд архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн тооцохоор заасан байна.

Сэлэнгэ аймгийн Төрийн архивын сан хөмрөгт Х******* ББХК-ийн баримт хадгалагдаагүй болох нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 272 тоот албан бичгээр тогтоогдсон тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Х.Ц*******г 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* ХК-д саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Ц******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан гэж хүсэлтэд дурдсан боловч Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 248 тоот тушаалаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар томилсон байх тул хүсэлтээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Түүнчлэн, хүсэлт гаргагч Х.Ц******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сар хүртэл Х******* ХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч 1993 оны 6 дугаар сараас 1993 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул гэрч Б.Н*******ийн мэдүүлэгт үндэслэн 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тангад овогт Х*******н Ц******* /РД:*******/-г 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* ХК-д саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01, 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Ц*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ