Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1286

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2018        09          11                                   2018/ШЦТ/1286

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1806060591408 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 64-919-3 тоот хашаанд амьдрах иргэн О.Хулангийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, Финлукс маркийн 49 инчийн зурагтыг хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Халиуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой дотогш ортол цоож эвдрэлгүй хаалга онгорхой байдалтай гэрийн 2 бүслүүр хоёулаа тайлагдсан байдалтай байсан юм. Ингээд дотогш ороод хартал манай гэрийн хойморт байсан 49 инчийн Финлукс маркийн зурагт удирдлагын хамтаар байхгүй болсон байхаар нь 102 дуудлага өгсөн. Тухайн үед ойр орчмын айлуудаас асуухад хойд айлын эхнэр нөхөр хоёр хашааны эзэн болох Эрка ирээд хураалттай гэрээсээ юм авна цуг авалцаад өгөөч гэж байсан гэж хэлсэн. Ингээд маргааш нь гудамжны хүмүүсээс асуутал зурагт тэвэрсэн намхан эрэгтэй хүн эхнэртэйгээ маргалдаад зурагтаа аваад явж байна ломбардад тавиад хоол хүнс авна гээд явж байсан гэсний дагуу миний бие ойр орчмын хэд хэдэн ломбардад асуугаад Шархадны 2-ын буудал дээр байдаг ломбардад орж Э гэдэг хүн зурагт тавьсан байна уу? гэж асуутал Э гэдэг нэрээр манай зурагтыг дээрх ломбардад тавьсан байсан.

Эаас манай гэр бүлийн зүгээс нэхэмжлэх эд зүйлс байхгүй. Мөн ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 41/

 

Гэрч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд манай ломбард хаах гэж байтал 40 гаран насны эрэгтэй зурагт тавина гэж орж ирсэн. 63 инчийн гэж анх хэлсэн. Эхлээд удирдлага байхгүй байхаар нь авахгүй гэж хэлтэл тэр эрэгтэй гэрт удирдлага байгаа гээд 20 минутын дараа удирдлага бариад ирсэн тул миний бие тэр хүнтэй тохиролцож 400,000 төгрөгөөр авсан юм. Энэ хүн өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулгаар тавьсан. Дашдэндэв овогтой Э, РД:НВ80112529; 88016760 гэсэн дугаар тэмдэглэж авсан юм. Энэ залуу анх удаа манай ломбардад тавьж байгаа архи үнэртсэн зүйл байхгүй эрүүл байсан. Зурагтыг ганцаараа өргөж орж ирсэн 14 хоногийн хугацаатай тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 7/

 

Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 18/ЦХ-300 дугаартай:

49 инчийн Финлукс загварын зурагт нь 850.000 төгрөгний үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 19/

 

Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө ажлынхаа Ганаад мөнгө өгөх ёстой байсан. Ингээд би хашаандаа хураалттай байсан гэрээсээ хөргөгчөө авч ломбардад тавих санаатай очсон юм. Гэтэл хөргөгч маань гэрийн дунд хэсэгт байхаар нь 3 ширхэг хивсээ авч Шархадны эцэст явуулын хүнд 90,000 төгрөгөөр зарсан. Би жаахан архи уугаад буцаж хөргөгчөө авах гэж ирээд хөргөгчөө авч чадаагүй юм. Ингээд би хашаанд байдаг айлын хүмүүсийг ирчих байх гээд хэсэг хүлээсэн. Ирэхээр нь зурагтыг нь ломбардад тавиад 2-3 хоногоос эргүүлж авч өгье гэж гуйх гэж байсан. Хэсэг хүлээж байгаад очоод хаалгыг нь татаж үзтэл онгойсон тул зурагтыг нь авч гараад засмал замын тойрог дээрээс такси барьж Шархадны 2-ын буудал дээр байдаг ломбардад аваачиж өгтөл удирдлага нь алга байна гэхээр нь нөгөө такситай дахин очиж удирдлагыг нь авч ирж өгөөд нөгөө зурагтаа 400,000 төгрөгөөр өгч улмаар таксийгаар найзындаа хүргүүлж 2 хоног архи ууж өнжөөд хордлогод орж хэвтээд гэрийн эзэнтэй уулзах санаатай байсан ч очиж чадаагүй. Би зурагтыг нь ломбардаас аваад өгсөн. Хохирогч бид хоёрын хооронд өр авлага байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5/

-барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 9/

-зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 31-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 12/, Д.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 16-18/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь бусдын өмчлөлийн хүн байнга амьдардаг гэрт хууль бусаар буюу эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хаалга цоожыг эвдлэн нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдууллаа.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Д.Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ