| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/0305/Э |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хилчинбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2521000000302 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хэрлэн сумын ******* сургуульд нярав ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
мөн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ХМШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 01 хоногийн ялыг хорих ялаар сольж, тус ялаа эдэлж байгаа. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 19 дүгээр эгнээгээр өөрийн эзэмшлийн Toyota prius-20 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******д өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 19 хоногийн хорих ял, 1 жил 08 сар 21 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сар 19 хоногийн хорих ялаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 жил 8 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 8 сар 21 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие үйлдсэн гэмт хэрэг, зүйлчлэлд огт маргаагүй, оногдуулсан ялыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс надад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сар 20 хоногийн ялаар тооцсугай гэсэн. Миний хувьд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусд нь эдлүүлж өгөөч гэж гуйж, хүсэж гомдол гаргаж байна.
Би төрийн байгууллагад ажилладаг 5-17 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Том охин МУБИС-н ******* дамжааны оюутан бусад нь сургууль цэцэрлэгт суралцдаг. Шүүхээс шийдвэр гарах үед хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй, миний аав ******* гэртээ асрамжилж байна.
Би урьд хорих ял эдэлж байгаагүй. Анх удаа хоригдож байгаадаа маш их балмагдаж, ичиж, айж, сандарч хүүхдүүдээсээ санаа зовж харамссаар байна. Хүн ийм нөхцөлд орохоороо хоног тоолон суудаг юм байна. Хэд хоногийн дараа үр хүүхэд, аав, ээж дээрээ очно гээд тоолж байтал нэмээд 90 хоног хоригдох шийдвэр авсандаа үнэхээр гэмшиж байна. 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусд нь эдлүүлж өгнө үү гэж хүсэж байгаа. Би өөрийнхөө хийсэн гэмт хэрэг мөн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэргээ аав, ээж, үр хүүхэд, хамт олондоо хэлээгүй хоригдох болсон нь тэдэнд гэнэтийн шийдвэр болж бүгд сандарсан. Аав ээж 2 маань одоо 69 настай хоёулаа сахарын өвчтэй. Ээж маань хөл дээрээ явж чадахгүй, даралт ихэсдэг. Тэжээж байгаа хүн нь би байсан. Цаашид би өөрийн буруугаа гүнээ ухамсарлаж байгаа учраас дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодохгүй байж чадна.
Иймд эрхэм шүүгч нар минь миний сүүлийн хүлээж буй 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусд нь эдлүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж оролцож байгаа бөгөөд шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг удаа дараа согтуугаар жолоодсон үйлдэл гаргасантай маргах зүйлгүй. 198 тоот шийтгэх тогтоолоор 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн. Энэ ялыг эдэлж байх хугацаандаа буюу 03 сар 01 хоног дутуу байх үед дэглэм зөрчиж энэ хүний ялыг солих шаардлагатай болсон. Харин сүүлд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа ялыг нэмж нэгтгэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд тухайн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тус тусд нь эдлүүлэх боломжтой талаар дурдсан байдаг. ... Энэ хүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй болж байна. Өрх толгойлсон эмэгтэй байгаа. Ард нь 4-ийн 4 хүүхэд байгаа. Хамгийн том охин нь МУБИС-ийн 1 дүгээр курст суралцдаг. Хамгийн бага хүүхэд нь цэцэрлэгт суралцдаг. Тиймээс дээрх хүүхдүүдийг хаана хэний асрамжинд үлдээх ёстойг шүүх зааж өгөөгүй. Арга ядаад өвчтэй эмээ өвөө нь гэртээ авч асрамжилж байгаа юм байна. Ээж нь чихрийн шижин өвчний 4 дүгээр зэрэгтэй байгаа. Ард нь үлдсэн амьдрал үнэхээр хүнд байдалтай байгаа тул түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж хуульд оногдуулсан ялыг тусд нь эдлүүлэх боломжийг олгосон гэдгийг анхаарч үзээч гэж хүсч байна. ...” гэв.
7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “*******гийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг удаа дараа үйлдсэн. ... өмнөх шийтгэх тогтоолоор эдлэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч дахин нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хорих ялаар сольж нэмж нэгтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэргийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 19 дүгээр эгнээгээр өөрийн эзэмшлийн Toyota prius-20 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 09-10, 115/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.
5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.
6. Түүнчлэн шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх ба түүний уг тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын ялыг нэмж нэгтгэн нэмэгдэл ялын нийт хугацааг 01 жил 11 сараар тогтоон, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял болон дээрх 198 дугаар тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 55-60/
Гэвч ******* нь дээрх 198 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөний улмаас Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ХМШЗ/22 дугаартай захирамжаар *******гийн дээрх ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар 01 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 93-97/
Мөн ******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас 3 сар 9 хоногийн ялыг эдэлж, 1 жил 8 сар 21 хоногийн, 3 сар 01 хоногийн хорих ялаас 1 сар 12 хоногийг эдэлж, 1 сар 19 хоногийн хорих ялын тус тус эдлээгүй үлдсэн байна. /хх-ийн 108-109/
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч *******д өмнөх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 21 хоногийн ял, 01 сар 19 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сар 19 хоногийн хорих ялаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жил 8 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасантай нийцсэн байна.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэх байдлаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд анхан шатны шүүх энэ журмаар шүүгдэгч *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхийг шүүх сонгож болох бөгөөд анхан шатны шүүх ял нэгтгэх ердийн журмыг баримтлан хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг удаа дараа үйлдсэн зэргийг харгалзан үзэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх ч мөн дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч *******д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
8. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар түүнд оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******гийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН